8/03/2009

БУЯНТ УХААД БУУХ САЙХАН, ХАРИН ...


Буянт ухаад буух сайхан хэмээн нэгэн яруу найрагч дуу алдан шүлэглэсэн санагдана. Нээрээ л Буянт Ухаад буух сайхан, агаар нь цэнгэг, амисгал уужим тэнүүн. Энэ буянтай сайхан нэр алга болох вий. Хүмүүсийн аман яриа хэлэнд байгаасай, үлдээсэй гэж дотроо би залбирна. Онгоцонд олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа гээд л зарладаг болоод хэдэн жил болчихлоо. Эх орондоо ирэх сайхан л даа. Харин энэ удаа хилээр алхаж орохын хооронд муухай ааштай хилийн байцаагч, танил талаа дагуулж гүйсэн хилийн офицероос болж тэр сайхан сэтгэгдэл салхинд хийсэх мэт алга болж бас л нэг юм бичмээр санагдлаа.
Гадна дотны хүмүүс дугаарлан зогсож Монгол Улсын сүр хүч, хил, гааль, журам дүрмийг сэтгэлдээ хүндэтгэн журамтай зогсож байтал хамгийн сүүлд зогсож байсан хүү дээр нэг царайлаг байрын хүүхэн дагуулсан дунд эргэм насны офицер бандаганан гүйж очсоноо дагуулан явж “оочергүй” үйлчлэн хилээр гаргаж байгаа хоёрын хооронд хогийн занг хараад ой гутах шиг болоод зогсож байлаа. Тэр залууг тэгж гаргасан ч, гаргаагүй ч яалаа ийлээ. Ямар шоронгоос хүн гаргаж байгаа биш. Гадныхан гайхасхийгээд л харж зогсоно. Тэдний нүдэнд бол тэр хүн гэмт хэрэг хийсэн хулгайч ч юм уу, нэг л өөдгүй дүр төрхтэй харагдах шиг боллоо. Харин би бол монгол хүн юм болохоороо ингээд улсын ариун дархан хил дээрээсээ эхлээд л ийм хоёрын хооронд юм хийж заваарах юм даа манайхан гэж дургүй хүрэн бодож зогслоо. Тав арван минут зогсоод гарахын хооронд тэгэж заваараад ч яахын билээ.
Тэгж байтал миний оочер дугаар ч болж нэг залуухан бүсгүй дээр очиж таарлаа. Мэнд ус ч алга, царай нь гөлгөр, нүдний харц хүйтэн зэвүүн. Хулгайч харсан шиг л байна. Би паспорт, орох мэдүүлэг, эрүүл мэндийн мэдүүлэг гурваа өгвөл миний паспорт, мэдүүлгийг булаах шахам аваад цагаан цаасыг буцаагаад шидчихлээ. Энэ эрүүл мэндийн хуудсыг хаана өгөх юм бэ гэвэл дуугарсангүй. Дүлий хүн энд суумааргүй юм. Хоёрдахаа асуувал тэр үүдэнд өгнө ш тээ гээд нэг их ёозгүй муухай харлаа. Тэгэнгээ намайг их л сэжигтэй зэвүүн харснаа тамгаа дарж паспортыг минь урдаас чулуудлаа.
Ингээд л эх орондоо ирсэн миний сайхан сэтгэл хилийн байцаагчийн лангууны дэргэд алга болох нь тэр. Ой гутах шиг. Энэ жижиг юм шиг мөртлөө маш том зүйл. Үүнийг манай хил хязгаар манаж, хүн амитан шалгаж гаргаж оруулдаг нөхөд анхаараасай. Мэдээж халгиж цалгиж далдаганах нь юу юм бэ гэхдээ хүйтэн зэвүүн биш төв төвшин сайхан байх нь аль ч газрын хил гаалийн албаныханд байдаг ёс байхаа... Харин гадаа гарч цээж дүүртэл нэг сайхан амисгаа аваад гэрийн зүг мориндоо мордлоо.
Улаанбаатар, 03.08.2009

2 comments:

Amgaa said...

Tanii heldeg unen shuu
Neeree manaikhan bodmoor yum
Ailiin ongo uudneesee gedeg biz dee
Manai khil gaali gedeg bol Mongol gedeg negen ailiin uud gej bi boddog
Uudneesee l oroson garsan khun bolgontoi tegj haritsaad baival nogoo ailal juuchlalaar kholoo olj iddeg dotoodiin kheden company ni yakh bolj bna.

ЖАНЦАНГИЙН БАТ-ИРЭЭДҮЙ said...

сайн байна уу?