1/29/2010

Жанчивын ДАШЗЭГВЭ, "ЦЭЦЭГ НЯЛХАРСАН ЗУН"


 Дэнсмаагийн нойр хулжжээ. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсан, саалийн исгэлэн үнэр сэнгэнэж бүгчим халуунд ялаа дүнгэнэлдэнэ.  Тэр дунд шумуул жингэнэн тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол щээлээ.
Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ. Цэргээс ирээд шинэхэн дээл нь  хэвд орж амжаагүй, ханхар цээжтэй Гүнсэн Дэнсмааг шохоорхон хоргооход бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн  ширвээтэж барааг нь харуутаа зугтаж нуугддаг байлаа.
Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж өвсөн дотор зүү гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гүнсэнг явсан хойно хөгшин төгцөгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь далидчан бадамлах болжээ.
Тэдний хурим намар боллоо. Хурим хөлтэй өнгөрч амьдрал буулгаа хүзүүнд углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд шиг байсангүй ээ.
Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нөхөр нь наргиж хэсээд явдаггүй ч эзгүйд нь Дэнсмаагийн  ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи өрх хөвсөлзүүлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. 
Хуримын өмнө тэднийд саахалтынх нь хархүү ирж билээ. Дэнсмаа Гүнсэнд хавтага шаглаж суулаа. Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж,  "-За за чи чинь Гүнсэнд очих болоо юу? Цаадахыг чинь нүд ирмэхэд л  хүүхнүүд хөлөө хугалчих алддаг юм даа." гэж гоочиллоо. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй аальгүй зангаар жуумганаад  - Чи юугаар дутаав? Эхнэр чинь чамд өвдгөө тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгүй байна уу" гэж голыг нь зурж, гомдмоор хэлжээ.
Хархүүгийн хор буцалж, "-За за чи хүнийг хэлэлтгүй. Би цаадахыг чинь мэднэ ээ. Хормойноосоо уячихаад байхад чинь унтаагаар чинь тасдаад явчих бий вий дээ." гэж шарыг нь малтлаа.
Дэнсмаа хархүүг тонгорог шиг харцаар эсгэж - "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм даа, мнх. Чамтай суусан бол өдийд тогооны бариул л болох байсан биз" гэж шаралхан дайрчээ.
Дэнсмаа холбоо сүлбээгүй хүнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангүй. Харин ч амаа асуулгах шиг санагдсан нь нөлөөлж нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад Гүнсэнгийн царай барс хийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ.
Хадмууд нь бэрээ өмгөөлсөнгүй.  Шөнө нь Гүнсэн эхнэрийнхээ дал мөрийг даган гүрийсэн улаан горвийг хараад  "нх муу хүүхнээ арай л хэтрүүлчихэж үү дээ. За ахиж гар хүрэхгүй, цухлын мунхагаар л" гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгүй энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нүүрээ цээж рүү нь наажээ.
Маргааш нь энэ тухай ор тас мартлаа.  Хавар нь Дэнсмаа нярайлж ганцаардах, уйдах зав зайгүй боллоо.  Гүнсэнгийн хэзээний тэнэмэл хүүхэмсэг зан, өрх толгойлсон  эрийн дороос ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ өөд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ.
Ингэж Гүнсэнгийнх гэдэг айл нэр цөвгүй голомтынх нь утаа боргилсоор.
... Нохой боргоод чимээгүй боллоо. Дэнсмаа нар шингэхийн алдад нөхрөө дээд хотонд найрлаж явна амны салхиар сонсжээ.  Үнэндээ бол нөхөр чинь Алтанцэцэгийнд байна аа гэж ховлож шивгэнэсэн хэрэг. 
Морьтой хүн ирээд гадаа зогслоо. Дэнсмаа нөхрийнхөө унаж явсан хээр алагыг туригах чимээнээр тань дээлээ эгэлдэргэлэн бослоо.  Гүнсэнг ирэхэд цай хоолыг нь асаахаар зууханд зээглэсэн зомголоо асаалаа. Үүд рүү харж чимээ чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр шөргөөхөд нь гайхаад гарлаа.
Тэгтэл хүргэнийхээ хаяаг бараадан айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нөмөрчихсөн ирж яваа харагдана. Тэгсэн нөхрийнх нь морь аргамжааныхаа чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ.
Эх нь замдаа зогсоод - Гүнсэн ирээ юү?  - Аан ирсэн гэж хэлэхдээ Дэнсмаагийн хоолой зангирлаа. Эх нь бөгшүүлсээр цаашаа явлаа.
Дэнсмаагийн зүрх рүү зангууны ясан өргөс шивэх шиг болж шимшрэн харанхуйлаад нүдний нь аяганд нулимс бүрхэн эхийнхээ барааг ч харж чадахаа болилоо.
Гэртээ орсон хойноо ямар ч зорилгогүй хүүгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа.  Тэгээд нулимсаа арчихаар орны толгойг тэмтрэн гартаа тааралдсан даавууг авч нүүрэндээ наахад  нөхрийнх нь угааж амжаагүй цамц таарчээ.
Танил дотно хөлсний үнэрт сэтгэл нь улам уярч удтал шуналтай нь аргагүй энхрийлэн үнэрлэлээ.
Нөхрөө бусдын эхнэртэй хоноглож байгаад нь гомдовч өглөө улс амьтны нүдэн дээр айлаас эмээлээ үүрэн гарч шившигээ гутгахыг нь сэхээрээд бусдын өмнө нүүр нь түлэгдэх шиг халуу оргилоо.
Хүү нь бөх бат унтжээ. Дэнсмаа ханы толгойноос бүтэн чөдөр аваад  морио ногтлон зайдан унаад сартай хөндийг зүсэн Алтанцэцэгийнхий хотыг чиглэн цогиуллаа.   Шөнө дөл өнгөрчээ. Зуны шөнө богинохон аж.
Дэнсмаа нөхрийнхөө морийг аргамжчихаад  их хэрэг бүтээсэндээ сэтгэл амарч ардаа хоцрох айлын  барааг тасартал хэсэн газар амьсгаадталаа гүйлээ.  Хүүхэн айлын аргамжийг олох гэж хайгаагүй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад морио аргамжиж орхижээ.
Цэцэг нялхарсан шөнө санж. Дэнсмаа буцах замдаа хүүхэд шиг дүрсгүйтэн, салаалж сүлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгнэцэн, замд таарсан шүүдэр шимэх цэцэгсийн дэлбээнд  Алтанцэцэг ээ нохой хорь хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг ч анзаарсангүй.
Сар сүүн гэрлээ самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд сая үүр шарлалаа. Хүүгээ нойрмогоор  нь хөхүүлж, үс гэзгээ янзлаад далгилж хөөрсөн цайныхаа дээжийг авч цацал өргөхөөр гарвал сацал мялаасан сүүн замаар Гүнсэн нь ирж яваа харагджээ.
Дэнсмаа нөхрөө танингуутаа анх танилцсан үеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин түгшиж орхилоо. 
Гүнсэн морио тавьчихаад эмээлээ гэрийнхээ  баруун хөлийн хананд шондож босголоо. Унинд хавчиулсан тасархай чөдөр Гүнсэнгийн нүдэн дээр могой шиг атирч харагдана.
Дэнсмаа цай аягалж барьлаа. Хоёулаа гадны таньж мэдэхгүй улс шиг бишүүрхүүхэн сууж, уруулаа нээж болохгүй юм шиг дуугүй цайлаад  дараа нь Гүнсэн гарч шар чөрхлөөд тэрэг хөллөө.
Дэнсмаа нөхрөө түлээнд явах нь гэж бодоод  дуртай нь шарвинг нь өрөмтэй хавсарч боогоод гарлаа.
Түлээнд явах нь уу? гэхэд Гүнсэн Дэнсмаагийн гараас замын хүнсээ авч шанх руу нь сул унасан үсийг зориг муутайхан илээд "Энэ айл гал алдвал Гүнсэнтэй, унд цайгүй бол чамтай холбоотой биз дээ" гэлээ.  Тэрэг хөдөлж дугуй чахран эргэлээ.

No comments: