1/26/2010

Утсан Монгол


    Өнөөдрийн “Өнөөдөр” сонин дээр “Утаат Монгол” гэсэн хөөрхөн фельетон нийтлэгдэж. Өчигдөр би Нарита ороод буцаж явахдаа яг энэ сэдвээр нэг юм бичих санаа бодож явлаа. Хотод суугаа аав, ээж, амитан ах дүү, найз нөхөд хотын “хорт утаа” хэрээс хэтэрч байгааг бичиж, ярихын сацуу сонин сэтгүүл, хэвлэл мэдээллээр ч ёстой нэг хангалттай бичиж л байна л даа уг нь. Гэхдээ харид суугаа бид харин тийм эээ хэмээн хий хоосон гаслаж, шогширохоос юуны хэтрэх.
   Харин бичих санаа төрөхийн учир нь Улаанбаатараас ирж байгаа монголчуудын үнэрээс болсон хэрэг. Хүн тосох гээд хүлээнгээ монгол хүнийг таних бас нэг сайхан арга нь утаа болж байгаа юм байна даа гэж бодож зогслоо. Хажуугаар өнгөрсөн ямар ч монгол хүн нэг “сайхан үнэр” сэнгэнүүлээд л ёстой би “нүүдэлчин монгол хэдий ч нүүрсний утаанаас ирлээ” гэх шиг тансаг аа. Үсээ гелдэж, өмдөө индүүдсэн залуугийн ч, байдгаараа гоёж, багаа өмссөн хүүхнүүдийн ч үнэтэй усыг давж байгааг өөрсдөө мэдэхгүй байгаа нь хөөрхий.
   Ийнхүү долоо хоногийн Даваа, Баасанд Наритагийн онгоцны буудалд нэг л сонин үнэртэй хүмүүс явдаг болчихоод хэдэн сар болж байна. Хилийн байцаагч нар хачин юм үнэртүүлсэн хүмүүсээс хурдан салахын түүс болж байж мэдэхээр. Харин азаар H1N1 ханиадаас болоод маасктай ажиллаж байгаа болохоор арай огилгүй, муужралгүй тамгаа дараад байх шиг байна. Энэ нь харин ч зөрчил дутагдал ихтэй бидэнд сайнаар нөлөөлж байгаа ч юм бил үү.
   Гадаад орчиноос хамгаалсан нүдэнд харагдаж үзэгддэггүй бүрхүүл хийчээгүй бол манай муу сайн дарга нар ч гэсэн “ард түмнийхээ төлөө” утаагаа үнэртүүлээд л энэ дэлхийн хаа нэгтээ “Утаа багасгах төсөл”-өө барчихсан манаргаж яваа байхдаа зайлуул гэж бодохоос бас өрөвдөнө. Утааг бүр мөсөн юм уу ихэнхийг арилгаж үгүй хийж болохгүй тэгэх юм бол гадныхнаас цохидог мөнгө нь үгүй болчих учир, хэзээ ч бүтэхгүй хэдэн тэр бумын коксжсон нүүрсний үйлдвэр яриж, хэдэн зуун саяын цахилгааны халаагуур хийсэн болж, сая сая долларын бүрээс мүрээсхэн тараасан шиг өвлийг өнгөрөөх нь ашигтай.
   Салхин дээр бараалан сүүмийх гэр хорооллын бүхэл бүтэн хэдэн хороололыг  нүүлгээгүй цагт хэзээ ч арилахгүй нь тодорхойг мэдэхгүй биш мэдэж л байгаа. Гэтэл манай гишүүн сайд  үүнийг уншаад юу гэж бодож байгаа гээч ... “Утаа бүр мөсөн арилгачих төсөл” боловсруулчихвал харин ёстой насаараа гэмшээд барахгүй тэнэг юм болох учраас харин ч яаж биелэхгүй юм бичих гэдэг чинь үнэн төсөл бичихээс хэд дахин хэцүү хөө, энэний чинь төлөө бид өдөр шөнөгүй сууж, бодож сэтгэж  толгойгоо гашилгана. Эрхбиш цаг хугацаатай юм болохоор хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цагт мартамхай монголчууд мартамхай юм болохоороо мартаж л таараа. Нөгөө Монголын аялал жуулчлал улирлын чанартай гэдэг шиг, утаа бас улирлын чанартай бизнес шүү дээ. Улсын жилийн төсөвт 4-5 тэрбум, дээрээс энд тэндээс овоо жаахан мөнгө олоод тоншчихно. Жишээ нь  энэ жил гэхэд л Мянганы сорилтын корпорациас 47 сая ам. доллар туучина, бага мөнгө биш байгаа биз дээ.  Дараа өвөл бүр "ухаалаг"  төсөл бичиж өшөө  илүү цохихыг бодно шүү  хө. Харин  нээрээ дараагийн төсөл дээрээ үнэрийг нь багасгах талаас нь бодоё байз. Санаанд ороогүй юм байна шүү. Хүн чинь тэгээд өөрийнхөө үнэрийг мэдэх биш, Оросууд хулмасаа, харууд нэг хачин үнэрээ, арабууд нялуун хурц үнэрээ, хятадууд өмхий амаа мэддэггүйтэй адилхан. гэж ...
Нээрээ, утсан хиам гэдэг шиг нүүрсний утаагаар утуулсан сонин үнэртэй  манай монгол чууд энд тэндэхийн онгоцны буудлаар нэг хөлхөнө. Тэр дотор нөгөө утаатай байлгах сонирхолтой нөхөр ч өөрөө үнэртүүлээд л давхиж яваа. Харин үнэр яах вэ хор нь.
2010.01.26

No comments: