1/29/2010

Цэндийн ДОРЖГОТОВ, "НОХОЙ ГЭРТ ХҮН УРДАГГҮЙ"





Газар тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулан байна. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойх руу яралзуулахад ухаа зээрд морь нь  оройн хурц наранд гал адил цоролзож байна.
Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхлана. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайр чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнуулж явахад нар шингэж байна.
Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд бэдэртэх долгионоо сааруулан мэлтэлзэх нь нойрсохоор яарав уу даа гэлтэй.
... Тэгтэл Түгжавын бараанаар зэлүүд талын ганц гэрийн тэндээс  даага шиг том хар нохой дүүлэн гарч ирлээ. Донойн энэ нохой чоно барьдгийн гадна Түгжавыг үзэн ядна гэж жигтэйхэн. Хар нохой морины хоёр талаар сэлгэн Түгжавын нүүр өөд үсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан хан хийж, аймшигт араа соёо нь ярзалзаж байна гэж юухэв. Тэнзэн ташуураараа Түгжав нохойны сарьсан хамар дээр дэлсмээр хорхойтсон боловч зорьсон хэргээ бодож биеэ барилаа. Тэгээд нохойд өвдөг, хөлөө хазуулчихгүйн тулд урт ташуураараа хий  занган айлгаж явна.
Уур нь дэлбэрэх шахсан нохой урилгагүй зочныг гэртээ ойртох тусам улам их хилэгнэж, ухаа морийг зогсоохоор сүүлнээс нь чаргууцалдсанаа хүч хүрэлгүй Түгжавын ган дөрөөг тан янхийтэл хазаллаа.
Донойн гэргий Хандмаа гэрээсээ гарч нохойгоо хорихоор гүйх замдаа үс гэзэг, дээл хувцсаа янзалж явна. Тэгээд нохой руугаа дөхөж очоод "Хол яв чи! Үгүй байтлаа гэрт хүн буулгахгүй нь уу чи" гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ үгэнд орж газар гаслан хэвтээд хүлцэнгүйгээр гийнан мөлхөх боловч үзэн ядсан хорсол нь багтаж ядан хахаж цацна.
Түгжавыг уяанаас морио уяад гэр өөд явахад хар нохой хүзүүвчнээсээ зуурсан Хандмааг чирч, хоолой хяхтнуулан зүтгэхэд эзнийх нь хормой ярагдаж хоёр урт цагаан гуя гялалзаад урагш хөвчлөн жийгээд нойтон газар онгилон улдлаа.
Хар нохойг турьхан эзнийхээ гараас мултарч ирээд толгой дээрээ мордчих вий гэж айсан Түгжав гэрт орохоор яарч, ичсэндээ бол хажуугийн хүн харахад нударга хаялан хаахалзаж, ачир дээрээ бол явган явж үзээгүй хоёр богинохон хөлийнхөө хар хурдаар гүйж байлаа.
Тэгээд  үүдээр шургангуут нуруу хотос хийлгэн, хаалга хавхийтэл хаагаад тулганы хойно гарч зогслоо. Хар нохой гэрт орж, Түгжавтай үзэлцэхээр Хандмаатай уралдан дайрч хаалганд хоншоороо тас хавчуулаад өвдсөндөө биш уурандаа гаслан ориллоо.
Түгжав бага зэрэг уужирч, - Ээ мөн ч ширүүн байх чинь вэ? гэхэд Хандмаа: - Үгүй ер чамд ширүүлэхгүй бол өөр хэнд ширүүлэх вэ дээ гэж ирээд зургар хар нүдээ маяглууллаа.
-                   Доной догь хүн, авгайдаа хатуухан шиг манаач тавьжээ. Хар нохой байхад Донойн сэтгэл өдийд амар яваа биз. Даан ч гээд хөөрхий,  адгуус юм даа гэж хэлээд Түгжав хоймрыг шилбүүрдвэл зургийн жаазнаас гэрийн эзний том хөрөг яг өөрийг нь ширтэж байгаа таарахад тэрүүхэндээ ялимгүй займарч суулаа.
-                   Хандмаа алтан ээмгээ санжигнатал гунхалзсанаа: - Адгуус ч гэж басаж болохгүй шүү. Манай энэ хар нохой Донойтой бол ярьдаг юм гэлээ. Түгжав "ээ ээ ха ха" хэмээн худлаа хөхрөөд тухлахаар сүүжилдэн хэвттэл гадаа хар нохой нэгийг харав бололтой дахин боргоод эхэллээ.
-                   Түгжавын дотор аягүй сэжиг ургаж өндийнгүүт газраас малгайгаа авч хааш яаш өмсөөд их  хүнийрхүү цомцойн суулаа. Тэгээд "хөөе нөгөө Доной нь ирэх юу болж байгаа билээ" гэж асуух гэтэл, Түгжаваас дутуугүй цочиж айсан Хандмаа ухасхийн хаалгаар шагайж хараад: - Хүүе ээ яана аа,  гээд чимээ тасарлаа. Яадаг билээ, за Доной Доной ирэв үү гэж цочирдтол Хандмаа сая ам нээж - Манай энэ нээрэн муухай гударга шүү. Уяан дээр очоод, чиний морийг боргоод уналаа гээд урьхнаар аальгүйтэн инээв. Түгжав битүүхэн ёх гэж амьсгал авлаа.
Хандмаа идээ цай амсуулсны дараа нэг лонх шимийн архи гаргаж өгөөд өөрөө эртхэн шиг үнээгээ саахаар гарлаа. Түгжав архинаас нэг аяга уугаад цааш уусан ч үгүй, өдрийн уусандаа нозоорч хоёр гутлаа тайлж орхиод гэрийн баруугаар хажууллаа.
Гадаа хар нохой  морийг нь ээрсээр уур хилэн нь нэлээн буурсан бололтой. Эцэстээ тэр хаа нэгэнтээ пөн пөн пөн пөн үглэснээ Түгжавын моринд дасав уу, аль эсвэл ерөөс залхав уу нэг хэсэгтээ эрүү хамхилаа. Түгжав үс болсон хоёр панцгар хөл жийж, авдар шиг зузаан цээж түхэлзүүлэн зүүрмэглэлээ.
... Тэгтэл хаалга гэнэт тор хийлээ. Цочин харвал хаалганы завсраар хар нохойны сарьсан хамар орж ирээд ийш тийшээ шиншилж гарлаа. Түгжавын дотор палхийж, өндийх гэснээ болиод огт хөдлөхгүй нам хэвтэхээр шийдлээ. Хар нохой сэтэрхий  хамраа сартагануулан баахан шиншилснээ хошуугаараа хаалганы самбарыг сөхөн түлхтэл, түрхийх чимээ гарч цээжин бие нь гэрт ороод ирлээ. Түгжав баруун орон дээр үсрэн гарах гээд амжсангүй.
Хар нохой баримжаа муутайхан түлхэж гэрт толгойгоо лав оруулсандаа гэмшсэн байдалтай хулчгар царайлан хойш ухарсаар дөнгөж хоншоороо хаалгаар цухуйлгасны эцэст сая санаа нь амарч, бүрий орж байгаа гэрийн доторхийг ажиглан гэмшингүй шар нүдээ гөлөгнүүллээ.
- Түгжав "Ха Хандмаа" гэж нэг хашхирах гэснээ ээ хэрэг бүр ч бишдэх байх гэж бодоод үхсэн мэт амьсгал хураалаа. Хар нохой гэр доторхийг сайн гэгч ажиглаад хар нь бага зэрэг арилсан янзтай зүүн хатавчнаас эхлээд өөх тосны өвдөл цөвдөл, шороо пургиулан шиншилсээр босго алхлаа. Түгжавын цогцосноос зөвхөн хар нүд нь аяган дотроо хөдөлж, гартаа барьчихмаар юм ойр хавиасаа хайн тэмтчинэ. Хар нохой эргэнэгийн урдуур нүүгэлтэн орж ирэхэд сүүл нь хөвөрсөөр хаалганаас мултарч хаалга хап гээд хаагдлаа. Түгжавын дотор өрхийг нь бүтээсэн гэр шиг пад харлалаа.
Донойн чоно барьдаг хар нохой бүрэнхий гэрт орж ирээд зогсож байгаа нь баавгай шиг сүртэй гэж юүхэв. Үгүй тэгсэн тэр баавгай шиг амьтан гэрийн зүүн талаар шиншлэн өөдөө ахисаар  хоймор дөхөж ирлээ. Нохойны хамар Түгжавын нүүрний нь дэргэд шахуу ирж, сахал салмайгий нь сэрвэлзтэл шуугичинахад хар нүд ч хөдлөхөө болиод Түгжав айсандаа бүр хөлдөж орхилоо.
Тэгтэл хар нохой дун цагаан араа соёогоо ярсхийтэл эвшээж, урт улаан хэлээр амаа гаслантайяа долоосноо тулганы хойгуур баруун тийш тойрохоор дээш ахилаа. Түгжав амьсгалахаа ч болилоо. Тэгтэл хар нохой гэнэт хаалга руу зүүн талаар буцлаа. Түгжав дотроо залбирч цээжиндээ түгжсэн амьсгалаа сэмхнээр цувруулан гаргалаа.
???
Тэгэхнээ хар нохой ёсыг хүндэтгэж тулганы хойгуур, бурханы урдуур, эрлээ баруун хатавчнаас өөд нь үргэлжлүүлэв. Энэ удаа ч хар нохой Түгжав хоёр золгох нь ч зайлбаргүй болжээ. Зугтаасан хүнд нохой өстэй байдгийг мань хүн мэдэх юм болохлоор ерөөсөө гуалин шиг хэвтэж байгаад азаа шодохоор шийдлээ. Тэгтэл хар нохой Түгжавын нүцгэн хөлд сайран хамраа хүргэчихээд давхийн цочлоо. Түгжав цочсон ч үгүй, үгүй цочсон ч үгүй гэж дээ, цочихтой манатай, бүх л ухаанаа бясалган дайчлаж мод болон хөшлөө. Тэр ерөөсөө л үхсэн хүн болъё гэсэндээ бараг үхжээ, үхэж. Хамаг бие нь цэл хөрж, зүрх нь зогсоод цус нь зөвхөн айснаасаа болоод гүйж байлаа. Түгжавыг амьд гэдгийг юу хар нохой битгий хэл Түгжав өөрөө ч мэдэхээ больжээ. Хар нохой хэсэг гайхан зогсоод Түгжавын хөлийг "Энэ ер нь юу вэ" гэсэн шиг дахин шохоорхож, өөд нь ахиулан шилбэ, өвдөг гуя, тэр ч битгий хэл  тэрнээс дээх нь хэсэгхэн газрыг  бүр ичгүүр сонжуургүй үнэртэж үзлээ.
Түгжавыг тэр амьгүй бодос гэж санасан байдалтай дээгүүр нь алхаад нүцгэн гэдэс хэнхдэгийг нь шиншллээ. Түгжав хар нохойг нэг багалзуурдаад авах уу гэснээ ямар ч байсан эхэлж өдөхөө болъё гэж шийдээд ирээдүйн тулаанд битүүхэн бэлтгэлээ.
Тэгтэл хар нохойны харц Түгжавын харцтай яг тулгарав. Түгжавыг амьд гэдгийг нохой түүний хөлдүү харцнаас нь мэдлээ. Нохойны гэрт орж ирсэндээ гэмшсэн хулчгар нүдний цаад өнгөнд түрүүчийн хонзон гялалзаж байгааг Түгжав харлаа. Хар нохой Түгжавын нүдний амьд галыг хэсэг гайхан ажигласнаа гэнэт ухаангүй дальдарч ухасхийн гарч одлоо. Гарч явахдаа аварга хар нохой сүүлээ арчаагүй тас хавчсаныг Түгжав анзаарчээ.
Хар нохой гадаа гарангуут Түгжавын морийг хилэнтэйеэ ээрч гарлаа. Түгжав нохойд багалзуураа тас хазуулаагүйдээ баярласан боловч дотор нь нэг л хачин болж орхилоо. Тэгээд босож суулаа. Айлын эзгүй гэр цаанаа л  нэг тааламжгүй, хоймрын жаазнаас ширтэх гэрийн эзэн Донойн харц өөд Түгжав харах гээд чадсангүй.

No comments: