1/30/2010

Гомбожавын МЭНД-ООЁО, "ХҮЛЭЭЖ БУЙ ЭЭЖ"

 
Өлөн бор хамхуул
Үүрийн хяраанаас бөмбөрсөөр
Өглөөн хөхвөр туяанд бөн бөн хөвөхийг үзлээ.
Танил гар шиг салхинд чинь хацраа алгадуулж зогслоо.
Тал ээж хоёртоо ирэлгүй он уджээ би.
Төө тэндэхийн барааг дурандаж суух ахуйд
Сөөг дэрстэй намаржаанд ганц гэр торойх нь
Өтгөн хөх мананг сөхөн саравчилж,
Өөрийн минь зүг эмгэн хүн бөгцийх нь
Аяа хөөрхий миний ээж мөнхийн наян насандаа
Адилхан бас л ингээд саравчилж зогссоныг сануулж
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Өчүүхэн жолоотой биднүүсийг үлгэрлэж зэмлэх мэт ээ.
Цаст уул шиг царцаж мөстсөөр ээж л хүлээдэг ээ,
Цайныхаа галд түлэгдэн дээл хөөргөдөж
Дөрвөн цагийн харгуйг сэтэртэл ээж л харуулдаж,
Дөрөөн чимээ ханхийхийг анирлаж суудаг аа.
Дэлхийд үгүй  ээж минь дандаа бодогдох боллоо
Дээлийнхээ хормойг харганы өргөсөнд сэмэлсээр
Навчтай цуг зулгарч, намайгаа хүлээсээр,
Насныхаа хөтөл дээгүүр нүүж одсон ээж минь.
Амрах гэж нутагтаа хааяа л нэг ирдэг ээ бид
Асрах гэж ээждээ зорьсон минь юусан билээ
Ануухан гэж бодож анзааргагүй явсаар,
Ажил гэж албархан араадаа бид яарсаар,
Хөлдүү өвлийн үүрээр ээжийгээ нэгэн ачлаж
Хөрзөн хормойлж галыг нь өрдөхийн оронд
Өдөн хөнжлийн өег халуун жаргалд
Өлгийтэй хүүхэд шиг нозоорч хэвтсээр
Ая тухын олбог сэнтийд авирч,
Ар араасаа биднүүс орон хот руу нүүцгээсээр.
Ахин ирж гийгүүлэх гэгээн өдрүүдийн чинь тулд
Амьд явахаар ээжүүд нь үлдсээр.
Онгойсон нүх шиг гэрийн буурь харлаж
Он цагийн салхин нь  цууямбууг хүүршүүлэх
Чөтгөр тогтомгүй гангын галт шил шиг наран дор
Чөдөртэй морь шиг ээж л байсан
Суварга түүхийн чандаас нааш тэлхэсэн малаа
Сулд нь орхиж хот руу нүүгээгүй буурлууд минь
Тэнхлэгт хорвоон хорол дугуйт арал дээр
Тэнгэр дээдсийн эсгий туургыг ачаалаад
Замын нугачаа гарган
Зангын муруйг засах
Замбуу тивийн хос чавхдас хуураа дээр нь залаад
Магадын амраг уртын дуутай талдаа
Машидын хутаг олж хөх чулуунд оршсоор.
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж,
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнхөрсөөр.
Цөлхөрч мэнэрсэн тал нь эзгүйрч,
Цөмөөрөө бараг нь хотод арагтай аргал шиг чихэлдэж
Цөхрөн бармаар энэ бэрх зааг дээр
Хөхөртлөө хүлээсэн ээж минь хөөрхий.
Ирж байгаа цагаас ээж минь тосохгүй болохлоор
Эргэж хэндээ ч гэж ирэх билээ би.
Эгээ гэвч эмтэрч хүлээсэн ээжийгээ бодохоор
Элгэн нутагтаа эргэж ирмээр санагдах юм аа.
Буцаад талдаа ир гэж чинэрсэн хөхөөр даллаад ч
Бурхан галавын гандирс энд байна гэж зарлаад ч
Өргөө хотоо орхих сачийтай хүмүн олдох уу
Өдрийн од нь харин илүү олон буюу.
Сэлхэртал уйлсан нүд шиг талын зовхис
Сэлдэн хөх униар дунд мэнэрчээ.
Хэн хэний маань орхисон үүр юм бэ,
Хэдэн бор гэр л хотын зүг саравчилжээ.

No comments: