1/30/2010

Зундуйн ДОРЖ, "ҮХЭР МОНГОЛЫН УУР ХИЛЭН"





 Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлчих юм бол
Толгой цусдаж мэдэх үхэр монгол.
Ялагдахаараа чангардаг,
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү монгол.
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол нь
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг монгол.
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаа алдсан
Найман шаргал морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаал алуулахаа алдсан.
Тэвэрч, энхрийлж өсгөсөн бол  нь
Тэмүжин Чингис болохгүй байсан.
Тэрсэлж, дайрч, доромжилсоны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсон.
Цагаантан, гамингууд цадиггүйтэж байгаад
Сүхбаатар жанжны цэрэгт хяргуулсан.
Далайн чанадаас Квантуны японууд өнгөлзөөд
Дандар баатарын хорооныхонд талхлуулагдаад буцсан.
Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан, хэлмэгдэж байхад
Ганцхан Монголын хазгар Гэндэн
Гаансыг нь Кремльд хуга цохисон.
Орос Америк  Хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй.
Немц, Франц, Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхий дээлтэнгүүд шиг  эрэлхэг хөдлөөгүй.
Ардтай, цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар Монголыг басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих юм бол
Дэлхий ертөнцөд л муу юм болно шүү.
Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцнаа гэж үгүй,
Дээлээ хөөргөсөн номхон Монгол
Дэврээд нэг босох юм буцнаа гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм
Жолоо татахыг огтхон ч мэддэггүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүд Монголоос аюутугай, эмээтүгэй.
Газар дэлхийд буун дуу гарч л байна
Тэр унтарнаа,
Тив дэлхийд галт бөмбөг тэслэж л байна
Тэд шантарна аа
Үхэхийг унтахын чинээ  ч боддоггүй
Үзэлцээд нэг эхлэх юм бол
Үхэхээс нааш салдаггүй
Үхэр монголын уур хилэнг л
Үеийн үед дахиж битгий хөдөлгөөрэй.
Ум базар мани хум пад.

No comments: