7/07/2010

Бодитой, нэр төртэй шагнал хүртсэндээ баяртай байна.

Шилдэг судлаачаар шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
Нийгмийн ухаан, хүмүүнлигийн салбарт шилдэг судлаач гэдэг номинацид шалгарсандаа баяртай. Дашрамд хэлэхэд энэ шагнал тун бодитой бөгөөд нэр төртэй шагнал шиг санагддаг шүү. Хүний тодорхой хугацаанд хийсэн бүтээснийг ил тод шүүж шалгаруулах шударга шагнал гэж ойлгодог.
Миний бие 2006-2007 онд нийт 11 ном хэвлүүлсэн. Ер нь хүч хөдөлмөр их гаргасан, үүнийхээ үр дүнг үзэж байгаа даа ч сэтгэл таатай байна. Үүнд сурах бичиг 2, толь бичиг 4, бусад гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн 5-ыг бичиж хэвлүүллээ. Нийт хэвлүүлсэн номын хэвлэлийн хуудас 115 болсон гэхээр манай багш нар ойлгох байхаа. Эдгээрээс “Монгол хэлний үг, утгын сан”, “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн утга хэрэглээ” хэмээх хоёр сурах бичиг Японы Токио, Германы Мюнхэн, Австрийн Берн, Английн Лийдс, Кембриж, АНУ-ын Индианы Их Сургуулиудын оюутан нарын гарын болон хэрэглэгдэж байгаад мөн бахархаж л сууна.
Ямар ямар толь бичиг хэвлүүлэв?
Монгол хэлний утгын судалгаанд түшиглэсэн “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг, хэллэгийн толь бичиг”, “Монгол-Англи, Англи-Монгол товчилсон үгийн толь бичиг”, “Монгол-Англи хэлц үг, хэвшмэл хэллэгийн дүймэн”, “Монгол хэлний ойролцоо, эсрэг утга хэлц үгийн сан”, “Монгол хэлний хоршоо үгийг толь бичиг” зэрэг таван толь бичиг гарсан.
Гадаад хүнд монгол хэл заах аргын судалгаа нэлээд хийсэн юм уу?
Энэ чиглэл бол их сургуулийн бас нэг чухал судалгааны чиглэл байх ёстой. Энэ чиглэлээр нэг төсөл хэрэгжүүлж эрдэм шинжилгээний хэд хэдэн үгүүлэл бичсэн, гол ажлууд ийшээ чиглэсэн мөн “Таны CV англи хэлээр” 2006, “CV хэрхэн бичих вэ” 2007, “Монгол хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга” 2007, “Traveller’s language guide Mongolian” 2007 зэрэг оюутнууд болоод бусад хүмүүст зориулсан гарын авлага, номууд гарсан.
Эрдэм шинжилгээний ямар төсөл дээр ажиллаж байна?
Сүүлийн хоёр жилд Кембрижийн Их Сургуулиас хэрэгжүүлж байгаа “Кембриж, Оксфорд, Британий номын сангийн монгол номын каталоги хийх” эрдэм шинжилгээний төсөл дээр 2005-2006 онд Британы номын санд ажиллалаа.
Мөн Оксфордын Их Сургуулийн хэвлэлийн газар, Мон Судар хэвлэлийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Англи-Монгол толь бичиг”-ийн 2 дахь удаагийн хэвлэлийн ерөнхий редактороор ажиллаж хэвлэлд бэлэн болголоо. Одоо “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, “Монгол хэл ба нийгэм хэл шинжлэл судалгаа” төслийн удирдагчаар ажиллаж байгаа.

Таныг томилолтоор явах гэж байгаа гэж сонссон?
Манай монгол судлалын багш нарт гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад уригдан ажиллах нэг завшаантай хэрэг байдаг юм аа. 2008 оны 3 сараас Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд урилгын профессороор тодорхой хугацаагаар ажиллах урилга ирснийг баяртай хүлээн авсан. Судлаач хүний хувьд эрдэм шинжилгээ, судалгааний ажил хийх сайхан боломж гарлаа гэж дотроо их баяртай байна.

"МУИС-ийн Мэдээ" сонины 2008 оны №87 (126), 10 x.
(Энэ файлыг хуучин юмаа ухаж байгаад гэнэт олдсон дээр нь нөөцлөж хадгалах маягаар хийлээ. Өнгөрсөн юмаа тавьж өөрийгөө рекламдаж байна гэж битгий бодоорой,  та минь ээ)

No comments: