Монгол наадам зөвхөн Монголд биш дэлхий даяарт болж байна. Монгол Улсын 21 аймаг, 360 сумаас хальж гадаад дөрвөн далай, таван тив алгасан хийдэг болсоор хорь шахам жил болжээ. Энэ бол ардчилсан нийгэм байгуулсан Монголчуудын бас нэгэн сүр хүч, эрх чөлөөний бэлгэдэл болж байгаа билээ. Наадам хийх нь байтугай өөрсдөө очиж болдоггүй байсан дэлхийн томоохон, хөгжилтэй улс орнуудад таран суусан монголчууд өөрийн суугаа суугаа газарт өнөөдөр монгол наадмаа аль болох жаяг дүрээр нь ихэрлүүлэн өргөжүүлж жилээс жилд олширсоор байгаагийн нэг нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Япон дах Монголчуудын “Фүжи наадам” билээ. Энэ жил Монгол Ардын хувьсгалын 89 жил, Монголын Нэгдсэн Улс байгуулагдсаны 804 жилийн ойг “Макиано Тэмүжин” компаниас өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа.
Наадмыг нээж “Макайно Тэмүжин” тосгоны захирал Макайно сан хэлсэн үгэндээ, “Бид энэ тосгоныг 2006 онд Чингас хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан зориуд нээсэн юм. Энэ тосгонд байгаа зүйлүүд бол та бүхний бүгдийн хайртай Монгол улсаас худалдаж авсан юмс байгаа. Энэ бол тэгэхээр монголчуудын өөрсдийн гараар бүтсэн жинхэнэ монгол тосгон шүү. Та бүхнийг өнөөдрийн Фүжи наадам 2010-д хүрэлцэн ирж нүүр тулан уулзаж байгаад туйлын их баяртай байна. Өнөөдөр Асашёрюу Дагвадоржийн урилгаар хорь орчим япон хүн Монголд жинхэнэ монгол наадам үзэхээр явсан. Энэ бол Монгол-Японы харилцааны бас нэг чухал зүйл болно гэж би бодож байна. Та бүхэнд их сайхан баярлаж, монгол наадмаа сайхан тэмдэглээд, нутаг орноо дурсаад, найз нөхөдтэйгээ уулзаж учираад, сэтгэл дүүрэн буцахыг ерөөе.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Ийнхүү нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан цагаар 7 дугаар сарын 10-11 нд Япон орны аймаг аймагт таран суугаа 200 шахам ар, өвөр монголчууд нэгэн гал дор цуглаж эрийн гурван наадмаа тэгш төгөлдөр сайхан хийлээ.
Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын алдар цолтой 32 бөх барилдаж, аймгийн арслан Болдын Дамба гурав дах удаагаа уг наадмын түрүүг авлаа. Өвөр Монголын Улаан хадын уугуул, Токио хотын суугуул Нарантунгалаг уран сайхан барилдаж үзүүр түрүү булаалдлаа. Түрүүлсэн бөхийг дээрх компаниас өргөмжлөл, 30 мянган йэн (450,000Т) -ээр, үзүүрлэсэн бөхийг 20 мянган йэн (300,000Т)-ээр тус тус байллаа.
Морины уралдааныг 5-13 насны хүүхдүүдийн дунд зохиож 11 настай Гантулгын Урангоо охин түрүүлж өргөмжлөл, монгол судлалын ном бүтээлийн дээжээр шагнууллаа.
Халх сурын харваанд эрэгтэй, эмэгтэй ангиллаар 40 орчим хүн оролцож эрэгтэйд Токиогийн Батсайхан, эмэгтэйд Осакагийн Мөнхтуяа нар түрүүлэв. Тэмцээн уралдаанд түрүүлсэн хүмүүсийг тус амралтын тосгонд гэр бүл, найз нөхдийн хамт ирж үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнаж байлаа.
Наадмын үйл ажиллагааг Япон Улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа “Гэрэг” студи сурвалжлан бичиж, Монгол Улсын телевизүүдээр гаргаж өргөн олон түмэнд хүргэх боллоо.
бичлэг болон гэрэл зургийг Ж.Ирээдүй, Токио, 2010.07.12,
No comments:
Post a Comment