7/26/2009

ЦАГ БОЛ АЛТ

Би нэг удаа “Sony” төвөөс нэг дотно андынхаа баярт ханын том цаг бэлэглэхээр Сейко хэмээх сайхан цаг худалдаж авсан юм. Би ер нь хүнд цаг өгөх дуртай л даа. Өөрөө ч муугаа мэдэхгүй гайгүй, брэндийн цагаар гангарах ч санаатай. Хүмүүст цаг бэлэглэх дуртай нь давхар давхар санаатай бас. Нэгдүгээрт цаг хэрэггүй хүн гэж байх биш. Хоёрдугаарт, цаг хугацаа гэдэг хэмжээ хязгаартай шүү гэдгийг ямар нэгэн байдлаар ойлгоосой гэж боддог юм. Энэ нь алиг шалиг юманд цагаа битгий урсгаасай, хий дэмий битгий байгаасай, алт шиг амьдралыг хог шиг бүү үрж дуусгаасай гэсэн санааг л хэлэх гээд байгаа ухаантай юм л даа. Тэгээд яагаад ч билээ тэр цагийг өгөхөө ямар ч байсан болисон юм. Өөр тэр хүнд таарч зохирох аятайхан бэлэг олсон байхаа. Цагийн үнэ цэнийг аль хэдийн мэдсэн хүн ч байсан байж мэднэ. Уг нь тэр цагийг нээгээд нүүрэн дээр нь гоёмсог алтан үсгээр “н... Танаа дурсгав” ч билүү нэг сайн сайхан үг л бичсэн байсан юм. Өгөхөө болисон болохоор ямар тэр чигээр нь өөр хүнд өгөлтэй нь биш, нөгөө бичсэн дээр нь “ЦАГ БОЛ АЛТ” гэж компьютерээр бичиж хэвлэж наагаад номын өрөөнийхөө хананд хадчихлаа. Үнэндээ тухайн үед л орж ирсэн “хамгийн мэргэн” санаа нь тэр л дээ. Тэгсэн чинь манай дөрвөн настай охин орж ирж харж байснаа аав аа та цаган дээрээ “Цаг бол алт” гэж биччихээд л гайхуулаад байх юм. Наад цаг чинь ямар алт юм уу” гэж билээ. Эхнэр бид хоёр үхтэлээ инээлээ. Бид охиныгоо манай гэрийн Х-Түц гэж нэрлэдэг юм. Нээрээ энэ чинь алт биш ш тээ аав нь андуурчихаж гэж би жаахан охиноо жаал явуулж билээ. Удахгүй миний охин “цаг бол алт” гэхийн цаад утга учрыг ойлгодог болно доо.

No comments: