8/27/2010

Notebook


Notebook

Энэ сарын дундуур миний нэг их сайн Солонгос найз Монгол  Улсад жуулчлахаар бүр Хөвсгөл далай дээр амрахаар бас нэг хоёр сайн нөхрөө дагуулаад Буянт-Ухаад буулаа. Нөхөр хүний төлөө их сайхан сэтгэлтэй, ядарч зүдэрсэн амьтанд байнга туслах гэж явдаг хүний дээд байдаг юм. Ирэхээсээ өмнө "би Хөвсгөлийн аль нэг сумын сургуулийн хүүхдүүдэд дэвтэр ном, үзэг харандаа бэлэглэхээр авч очиж байгаа, харин хаана аль сургуульд өгөх талаар та судлаж байгаарай" гэж захисны дагуу Хөвсгөлийн алслагдсан нэгэн сургууль олоод байсан юм. Онгоц буулаа, хүмүүс гараад байдаг нөгөө гурав байдаггүй. Нэлээн сүүл рүү нэг харсан чинь нөгөө гурвын ачааг бүгдийг нь задалчихсан баахан гаалийн хувцастай нөхөд тойроод зогсчихсон үзэж байна. Гэтэл манай нөхөр утсаараа Бат ороод ирээч гэж дуудлаа. Очсон нэг гаалийн байцаагч хижээл авгай энэ нөхдүүд нөөтбүүк (note-book) гээд биччихсэн мөртлөө баахан дэвтэр оруулаад ирсэн байна гэчихсэн нэлээд сүрхий юм илрүүлсэн бололтой, ууртай байна аа янз нь. Би бүр гайхаад үгүй наад нөөтбүүк гэдэг үг чинь ганц гар компьютерийг хэлдэггүй шүү дээ, дэвтрийг ч англиар нөөтбүүк гэдэг юм шүү дээ, тэгээд ч компьютер авчираад дэвтэр гэж бичээгүй, дэвтэр авчираад компьютер гэж бичдэг ямар тэнэг амьтан байх вэ дээ гэсэн чинь юм мэддэггүй дээ ичсэн үү, яасан нэг юм арай зөөлрөөд ирлээ. "За тэгвэл энд хэдэн дэвтэр, хэдэн харандаа, шугам, баллуур байгаан гаалийн татвар төлнөө хө" гэлээ. Би тоог нь гаргаад хэлтэл хар захын ханшаар үржүүлж татвар авна, яахаараа бараг ийм хэрэггүй юм авчирдаг байна, мөнгөө авчираад захаас аваад өгчихгүй энэ тэр гээд баахан бууж гарлаа. Нөгөө найздаа орчуулан хэлтэл, "үгүй яахав дээ танайд дандаа л хятадын бараа байдаг биздээ, би Солонгосын нэг номерын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн л танай хүүхдүүдэд өгөе гэж бодсон юм, угаасаа наадхыг чинь үйлдвэр нь үнэгүй бэлэглэсэн юм" гэснийг нь буцааж орчууллаа.
За тэгээд нэг юм салбарын дарга маргагүй гүйж байж гаалийн татвар хэдэн цаас төлөөд салах гэтэл тээврийн зардалын татвар төл гэлээ. Тэр нь хэд юм бэ гэтэл, хэдийг төлж ирсэн тэрнээс чинь татвар авна гэнэ. Нөгөө найзаасаа асуусан чинь ачаанд  2000 ам. доллар төлж ирсэн гээд мөнгөний баримтаа үзүүлж байна. Онгоцоор ийм хүнд ачаа тээж 2000 доллар төлснийхөө төлөө дахиад торгуулж байгаа юм шиг татвар нэмж төлдөг хуультай юм гэнэ. Та нар чинь ямар тэнэг юм зохиодог улс вэ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Бид нар зохиогоогүй дээрээсээ л тийм гээд халгаадаггүй. Монголын хүүхдүүдийн төлөө сайхан сэтгэл өвөрлөж 2000-3000 дэвтэр, харандаа, шугам, баллуур тээж "шатаж" ирсэн найзынхаа өмнө буруутай юм шиг л би ичиж үхэхээ шахаж дахиж хэдэн цаас төллөө. Хамгийн их гадаадынхан буудаг "Чингис хаан" онгоцны буудлын гаалийн газарт Нөөтбүүкүүдээ ялгах нь байтугай, ойрын зуурын англи хэлтэй нэг ч амьтан алга. Нөгөө хэлгий байтлаа ярих дуртай, дүлий байтлаа хэрэгтэй дуртай гэдэг шиг хэлгүй мөртлөө  шалгах байцаах дуртайг нь яана. Тэнд байцаагдаж байсан бас нэг шүдний эмч залуугийн цүнхнээс баахан тариа, тариур гарсныг нь байцаасан авгай бас намайг дуудаж хэлмэрчлүүлэв. Манай гаалийнхан иймэрхүү л, түүгээр явсан хэл мэддэг болов уу гэсэн амьтан хүн дуудаж хэл залгуулж ажлаа хийсэн болдог бололтой. Нээрээ манай энэ улсын ажил гэж хил дээрээсээ эхлээд ордон хүртэлээ замарсан юм байдаг бололтой юмаа.

8/25/2010

МӨНГӨ ОЛОХ УХААН


Хүн хүний мөнгө олох арга өөр өөр. Зарим хүн биеийн хар хүчээрээ шороо хүрздэж махан биеэ зовоож мөнгө олдог бол зарим нь оюун ухаанаараа хүн амьтанд хэрэгтэй зүйл бүтээж мөнгө олох. Сая манай бага охин бас нэг мөнгө олох шинэ арга "нээжээ".
Тэр нь аавыгаа 22 цагаас хойш ирвэл 1000 төг, 12 цагаас хойш ирвэл 5000 төг, шөнийн 02 цагаас хойш ирвэл 10,000 төг, хоновол (өөр газар гээд байгаа юм шүү бас) 20000 төгрөгөөр торгох гэнэ. Бас 10 цагаас хойш согтуу ирэх юм бол 5000 төг гэнэ. Хүн хүний мөнгө олох ухаан гэж өөрөөр ажээ.

8/21/2010

ДАЛАЙ ЭЭЖ

Photos by J.Bat-Ireedui, 2010

Манай завьчин Бороо ирлээ

Замд гарлаа

Хоцрох дөхсөн жуулчин

"Далай ээж, Уран дөш хайрхан"

Хөвсгөл нуурын гурван арлын нэг Хадан хүй арал

Далайн дунд Хадан хүй арал руу

Далай ээж биднийгээ намуухан дөлгөөхөн угтлаа
Маш сайхан нутаг бaйна аа!
Хадан хүй арлын шувууд жаргалтай
Нисэх мөч

Хорвоо хар цагааны туйл
Хишиг өдөр


Манай онгоц өндрөө алдаж эхлэлээ


Саяхан Солонгос, Японы найзуудтайгаа Хөвсгөл далайд очиж амрахаар Улаанбаатараас Изнис айр (eznis  гэдэг нь easy fly гэсэн утгатай юм гэнэ.) компаний Сааб гэдэг онгоцоор нисэв ээ. Тэнгэр хангай ч ивээж цаг агаар сайхан тогтуун цэлмэг байлаа. Мөрөнд дөхөж очоод онгоцны үйлчлэгч залуу зарлаж байна. "Эрхэм хүндэт зорчигчид оо, манай онгоц 15 минутын дараа Мөрөн хотын онгоцны буудалд буухаар өндрөө алдаж эхэллээ. Та бүх суудлын бэхэлгээ, бүсээ дахин нэг шалгана уу?" гэж байна. Өндрөө алдаж эхлэлээ гэхээр монгол хүний сэтгэхүйд бол сонин л сонсогдож байна. Изнис бүгдээрээ тэгж ярьдаг бол эвгүй л юм. Буух гэж байна, буухаар сууж эхэллээ, ядаж доошилж байна гэвэл дээр шиг санагдлаа.