10/29/2011

BOSTON

 ХАРВАРД ХАВИЙН ЗУРГУУД

22-25 October 2011

(c) J.Bat-Ireedui

Харвардын Их Сургуулийн метроны буудал
Harvard Graduate School

Харвардын төв талбай

Dursgaliin ho'shoo

Harvardiin namriin o'ngo



Харвардын бэлгэ тэмдэг Н үсэг

Su'miin barilga

Harvardiin uuguul ho'gjimch

Harvardiin bat negen tulguur

Harvard University Library

Founder of Harvard University
 Harvard caps

 Харвардын Их Сургуулийн дэргэдэх номын дэлгүүр

Харардын ИС-ийн байгалийн түүхийн музей

Профессор С.Төмөр-Очир Харвардын Их Сургуулийн удирдлагатай уулзав

Харвардын ИС-ийн оюутны хоолны газар

Manai yo'ronhiilogchiin sursan ХИС-ийн ЖКЗКоллеж


Профессор С.Төмөр-Очир ХИС-ийн Жон Кеннеди Засаглалын коллежид лекц уншлаа

 ХИС-ийн Маршалын өрөөнд

 Харвардын ИС-ийн Төв Ази Судлалын Хүрээлэнд лекц уншив

 Ф В Кливиз болон Харвардын бусад монголчдын дисертацийг нүдээрээ харж, 
гараараа барьж, тоосыг нь хүртэж үзлээ.

 Эрдэнийн эрхийн судалгаа

Харвардын ИС-ийн оюутны хоолны газар


















10/02/2011

Ж.Бат-Ирээдүй: "ТАМГАНЫ ХИШИГ"


ТАМГАНЫ ХИШИГ

(c) J.Bat-Ireedui
Монгол нутагт намрын сэрүүн орж, зарим нутгаар цас хэдийн орж, оройдоо жиндүү сэрүүхэн болжээ. Өнөөдөр намрын дунд сарын шинийн таван, цагаан бар өдөр байлаа. Энэ би өдөр нутгийн найзын урилгаар Баянчандмань сумын адуучин Ганзоригийн унага тамгалах ёслолд оролцоод ирлээ. Нүүдэлчин монголчуудын дээр үеэс уламжилж ирсэн бас нэгэн ардын ёслол бол мал тамгалах ёсонд хамаарах унага тамгалах ёс юм. Монголчууд ихэнхи нь нохой өдөр гүүгээ барьж, бар өдөр тамгалж тавьдаг уламжлалтай. 


Мал амьтны тамга гэдэг бол бүр эртнээсээ ерөөсөө нэгийг нөгөөгөөс ялгах зорилготой л эд аж. Археологи, эртний дурсгалууд монголчууд лав МЭӨ нэг мянган жилийн тэртээгээс мал сүрэгтээ овгийн тамга хэрэглэж ирсэнийг тодорхойлдог аж. Малд дарах энэхүү тэмдгийг тамга, тэмдэг, тамга тэмдэг, дүрэм, хайрлага, хайрсан гэгчлэн нутаг нутагт янз бүрээр хэлдэг аж. Манай нутагт бол тамга гэж хэлж нэгэнт заншжээ. Монголчууд ихэнхи нь адуу, тэмээнд л тамга дардаг. Бог малд тамга дарах нь маш ховор аж. Манай нутагт хонийг бол чихэнд нь тамгалахад барьж өгч байсан нь би биеэрээ байж байна.


Ерөнхийдөө монголчууд малын тамгыг үсэн тамга, хөрсөн тамга, махан тамга гэж ялгаж байж. Энэ бол цэвэр тамганы даралтаар нэрийдсэн нэр аж. Зуны халуунд шарх нь анихгүй өтөхөөс сэргийлж, эсвэл хэтэрхий хүйтэнд үс ургахгүй удахаас шалтгаалж үсэн тамга дарж байж. Харин намар цагт махан тамга дардаг ёстой. Өнөөдрийн махан  тамга дараж байхыг харахад үсэн ч бай, махан ч бай тамганы халаалт, даралт хоёрт их учир байна. Муу халаасан тамга малыг дутуу тамгалаж зовоож тарчлааж дахин дарах ажил уддаг байна, эсвэл тамганы талбайд жигд хүчээр дарахгүй бол мал дутуу тамгалагдаж яваандаа тамга нь алга болох юм байна, бүр хэтэрхий хүчтэй дарвал махандаа шигдэж малыг тамгалах биш тамлах ажил болох бололтой. Өнөөдрийн дарсан улсаас хамгийн сурмаг бөгөөд сайн нь адуучин Ганзориг байлаа. Зарим нутагт дааган насанд нь дардаг бол ихэнхи нутагт унаган насанд нь тамгалж байна. 


Унаган насанд тамгалж байгаа учраас унага өсөж том болоход тамга мөн өсөж 2-3 дахин томордог аж. Тийм учраас дарах цэг бас их тодорхой зөв байхгүй бол эсвэл дээшээ яваад өгөх, эсвэл бүр доошоо орчих явдал байдаг гэнэ.  Унагыг барихдаа тамга даруулж байгаа талын хоёр хөлийг базаж татаад газраас хөндийрүүлдэг юм байна. Тэгвэл унага хөдөлж чадахгүй бөгөөд тамгыг нүүлгэхгүй, хөдөлгөхгүйгээр баттай сайн дарж авдаг юм байна. Тийм учраас нэг унага тамгалахад 2-3 хүн заавал барьж өгөх ёстой. Би бас эр хүншүү юм болохоор хүн дууриаж ганц нэг унага татаж тамгалуулж, “тамлуулахад” тус хүргэв. Энэ жилийн унага тарга тэвээрэг сайтай, хүч тамир ихтэй учраас бяр тэнхээ муутай хүнд хүчрэгдэхээргүй байна. 


Төв халхууд голдуу намрын дунд адаг сарын бар өдөр унагаа тамгалж, гүүгээ тавих бөгөөд энэ үеэр “тавилганы найр”, “тамганы найр” гэх мэт ёслол хийдэг аж.  Өнөөдөр Ганзоригийнх морин цагийн хэрд гүүн зэлнийхээ гадсанд идээ будаа хүртээж, сан тавьлаа. 

Зэлний дэргэд зууханд галаа түлж адуутай аавын хөвгүүд тамгаа улайтган унагануудаа тамгаллаа. Тамгалж дууссаны дараа тамгаа сөнтэй айраганд дүрж, “тамганы хишиг” хэмээн ирсэн зочин гийчиний алган дээр хишиг хүртээж ёсловол хиншүүний амттай айраг “хэвийн бус” санагдав.
Унагаа тамгалсан Ганзориг ухаант ардынхаа ёсыг дагаж униндаа тамгаа хадганд боож хавчуулаад уригдсан олныг урин залж, хөгжөөн баясгаж хөгжилдөн цэнгэв. 


Отрын гэр оготор ч орж багтахгүйн зовлонгүй, монгол гэрийн гайхамшиг нь энэ. Тамгалах ёсны дараа идээ будаа болж, хорхог хийн айраг архиар шахаж эхлэв. Унага тамганы гурав хэмээн нэг хүнийг гурван хул айргаар шахсан ч намрын айраг наашаа биш цаашаа явах нь сайхан ядах юмгүй тогтоочихлоо. Дараа нь дуу хуур эхэлж “адуучин аавын хүү билээ”-гээс эхлээд “алтан шар зам дээшээ байна” хүртэл бүгдээрээ цангинатал  дуулж уул усыг баясган, айраг найрыг үргэлжлүүлэн жаргаав аа.


Хот хүрээнээс ирсэн хүүхэд шуухад, хүүхэн залуучууд тамганы найрыг гайхан шагширч, монголчуудын бэлгэдэл ухааныг шүтэж, адуу малаа адгуулж, амь амьдралаа залгуулж, ёсоо дагаж, журмаа сахидаг ухааныг биширч тамгыг газар тавих, хаа хамаагүй газар дарахыг цээрлэх, өөр хүний гарт дамжуулвал мал буянаа барна хэмээх бэлгэдлийн ухааныг олж, учрыг ухаж, хүүхэд багачууддаа зааж сургаж, тайлбарлан таниулж байгаа харагдана.


Тамганы тухай дахиж таван үг бичмээр. Монголчуудын дунд “тамга бодын үнэтэй” гэж үг бий. Энэ нь малын тамгыг хэчнээн үнэ цэнээр тооцож байсны гэрч. Тамга урлаж өгсөн хүнд халуун хушуут мал хонь өгөх бөгөөд дархан хүн ч бурхан ухаанаа гаргаж, “мянган адуу тамгалахад хайлахааргүй” юм хийж өгөх гэж хичээдэг байсан байна. Орчин үед техник технологи хөгжөөд маш гоё хийцтэй хэд хэд угсардаг авч явахад авсаархан, ажиглаж үзвэл эвсээрхаэн гоё тамга хийдэг болсон юм байна. Тамганы нэр газар газар өөр өөр саран тамга, зуузай тамга, чандмань тамга, хас тамга, гал тамга гэж байхаас саран тамга нь дотроо нүцгэн сар, өргөстэй сар, тотготой сар гэхчилэн, гал тамга шулдан гал, сартай гал, сэнжтэй гал, хөндлөнтэй гал, ширээтэй гал, хастай гал гээд барагтай хүн тогтоохооргүй баялаг нэртэй юм байна.


Тамганы хишиг хүртсэн энэ өдөр агаар айраг сэнгэнэсэн, адуу унага нь “тарчилсан”, айл хунараараа найрласан, ах дүү олон цугласан, хүүхэд шуухад нь хөөрсөн, хорхог хоол үнэртсэн, хөгшид өвгөд хуучилсан, цасны ус шавхайлсан, цагийн салхи жиндүүлсэн намрын налгар өдөр  тамганы найр тансаг сайхан боллоо. Тамга нь тод, тамгалсан нь түм хүрэх болтугай.
Ж.Бат-Ирээдүй, (Монгол судлалын хүрээлэн), 2011/10/02