11/30/2009

ГАР УТАС


Гар утас гээч дэлгэрч эхэлсэн цаг саяхан. Дөнгөж саяхан л ерээд оны эхээр Лондонд гар утас анх гарч Моторолла-гийн хүн цохиод унагачихмаар хүнд хар утсаар найзыгаа таксинаас Монголтой яриулж "гайхуулж" явж билээ. Монголд буцаж ирсний дараа Мобиком компани монголчуудыг гар утасжуулж эхлэхэд анх утас авахад атаархаж үхэх гэж байсан хүмүүс ч “гар утас аягүй хэрэгтэй” гэчиxсэн ганганаас ганган утас баричихсан гар газар тавихгүй яриад давхиж л явах. Харин өнөөдөр арван нэгтэй дугаар барихгүй бол амид явж болохгүй юм шиг бас нэг сонин үзэгдэл Монголд бий болоод нэлээд удчихлаа. Арван нэгтэй дугаарын хар захын дамын үнэ одоо 1 сая 500 мянга аль хэдийн хүрээд байгаа бөгөөд дунд тушаалын албан тушаалтнуудын "дунд гарын бизнес" ч байж магадгүй сураг дуулдлаа. Арван нэгтэй дугаар дууссан гэдэг боловч ийм дугаар барих хүмүүсийн "хүсэл тачаалыг" далимдуулан дамлаж мөнгө олдог байж болох хар сэр байна. Үнэн худлыг бүү мэд. Сүүлийн арван жилд дэлхийд төдийгүй Монголд гар утас шиг хурдтай хөгжсөн юм юу л бол. Харин Монголын нөхцөлд тэр дундаа манайх шиг өргөн уудам нутагтай, талаар нэг тарсан оронд нэг талаас шинэ техник, технологи нэвтрүүлж, хүний амин чухал хэрэгцээ, харилцаа холбооны хэрэглээг хангаж байгаа нь хэлэхийн аргагүй сайхан боловч нөгөө талаас амар сул ахиухан мөнгө олох зорилгоор дэндүү өндөр үнэтэй байлгаж бизнес тал руу нь анхаараад байгаа нь харамсалтай санагддаг. Ядарсан монголчуудад Мобикомын үнэ бол яг үнэндээ ахадсан үнэ. "Мобикомын утас барих нь нэр төрийн хэрэг" гэдэг зохиомол уриа лоозунг гаргасан нь цаанаа их учир утгатай даг аа. Бие биедээ гайхуулах, бусдыг атаархуулах дуртай манайхны өчүүхэн сэтгэлгээг нь ашиглан энэхүү уриа лоозунг ард түмний дунд яс болгон хаяснаар өнөөдөр зах зээлийн жам ёсоор өрсөлдөөн гараад байгаа хэрнээ үнэ нь олигтой буухгүй байгаагийн учир энд бий гэж би боддог. Би бол үүний эсрэг “Мобикомд шатах нь нэр төрийн хэрэг мөн” гэдэг лоозун таарна гэж бодож байна. Эхний үед ганц байсан гар утасны компани монголчуудыг юм мэдэхгүйгээр нь далимдуулж монополдож баахан шулсан. Утасдсан хүний дугаарыг хүртэл мөнгө төлж хардаг байсан нь саяхан. Дэлхийн аль ч оронд ийм ёс журам бүр гар утас дэлгэрсэн цагаасаа ч байгаагүй юм. Сүүлдээ аргагүй эрхэнд зах зээлийн хуулид баригдаж нэг юм зарим зүйлийг чөлөөлсөн ч хуучинаа тавихгүй бууж өгөхгүй л байна. Өнгөрсөн зун Жи-мобайл компани дэлхийн хаана ч байдаг зах зээлийн жишгээр бусад олон компанитай хямдхан тэр байтугай үнэгүй ярих боломж монголчуудад олгоход бүгдээрээ боож үхэнгээ алдан мэдэгдэл хийж байхыг нь би зурагтаар хараад бүр гайхсан. Сүүлд дуулахнаа сар бүр Япон руу шилжүүлдэг 2 сая америк доллараа алдана гэхээс ухаанаа алдаж байгаа юм гэж худлаа хэлэхгүй нэртэй бизнесмэнээс сонсоод би тэгнэ ээ тэр гэж бодсон. Үнэгүй юм гэж энэ дэлхий дээр байхгүй гээд дарга нь улайн цайм зүтгээд байгааг хэвлэлийн бага хурал дээрээс хараад өрөвдөж л байлаа. Үнэгүй юм гэж байхгүй ч гэсэн хямдхан юм гэж байх ёстой ш тээ уг нь. Японд Софт банк хэмээх өөрийн сүлжээндээ өдөржин үнэгүй ярих ийм компани байгаа бөгөөд үүнийг эд мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч монголчуудыг шулж мөлжих аргаа олсоор л байх шиг байна. Харин ч харилцаа холбооныхонтой харилцан тохироод идэж эхлэх шиг болох юм. Уг нь хүний хамгийн чухал хэрэгцээ, ажил бүтээх амин чухал харилцаа утсан харилцаа болон гар утасаар л биелэж байна. Өнөөдөр Токиод ирсэн миний аав, ээж хоёр хаа байсан Баянхонгор аймгийн Заг сумын Баян хөндийд уулаар цастай ч тэнгэр хангай аятай байгааг дуулж, мал сүрэгээ бүрэн бүтэн байгааг шууд яриж, хуц ухнаа тавих болоогүйг хүүдээ зөвлөж сууна гэдэг бол хэдхэн жилийн өмнө бүтэшгүй, төсөөлөшгүй зүйл байлаа. Ерээд оны эхээр Лондонгоос Улаанбаатарт ярих гэж яаж зовж элчингийн аташше царайчилж гуйж гувшин байж яридаг байлаа. Өнөөдөр гэрээсээ бараг дүрстэй ярихад ч бэлэн байгаа нь л сайхан юм. Гэхдээ дэлхийн гар утасны компаниуд харилцагчид аль болох хямдхан үйлчилгээ үзүүлэхийн төлөө л ажиллаж байгаа боловч манайхан бараг үүний эсрэг байна. За уучлаарай би уг нь тодорхой нэгэн гар утасны компаний тухай бичие гэж бодоогүй юм, хамгийн гол нь манай хүмүүс гар утасыг зөв зохистой, соёлтой хэрэглэх талаар ганц хоёр санал хэлэе гэж бодсон боловч өөрийн мэдэлгүй санаа зовдог зүйлдээ хадуурлаа. Сая монголдоо очоод амрангаа анзаарч байхад гар утасаар ярихад маш бүдүүлэг нэг зүйл байна. Монголд гар утсаар яриж болдоггүй газар гэж алга. Төрийн ордон, түргэн тусламж, эмнэлэг, баар, банк, сургууль, анги танхим, автобус унаа, такси үгүй ер нь хаа л бол хаа дуртай газраа дуртай дуу, хоолойгоороо яриж байна. Тэр байтугай албан ажлаа хийж байхдаа гар утсаараа алба, амины ажил ярихыг яана. Жишээлбэл, эмч хүн үзэнгээ, бариач хүн барингаа, нярав мөнгө тоолонгоо, лам ном айлдангаа, гаальч ачаа шалгангаа, багш хичээл заангаа, оюутан лекц сонсонгоо ярьж л байна. Хүний хойтохыг уншиж байхад л гар утас нь тачигнаад ламд амар заяа үзүүлэхгүй байх жишээтэй. Ийм үед хүмүүс гар утасаа унтраах юм уу, аль эсвэл чичрэх байдалд болгож болно оо доо. Үүнийг хүмүүс өөрийнхөө сэтгэлээр бусдад саад болохгүйн үүднээс аятай зөөлөн дуугаргах, мэдэгдэхгүй байх, ажилдаа саад төвөг учруулахгүй байхыг бодож байх нь ёс зүйн нэгэн хэм хэмжээ болгох ёстой байна. Олон улсын чанартай нэгэн томоохон эрдэм шинжилгээний хурал дээр нэг их сургуулийн захирал нөхөр хурал удирдаж байхдаа бүр микрофоноо хаахгүй заалаар нэг авгайтайгаа хэрэлдэж онигоонд орж байхав. Манайхан ч яахав гэхэд гадаадныханы өмнөөс ичиж яс хавтайж л байлаа. Эрх биш гадны элчин сайдын яамдын дотор гар утсаар ярихыг хориглож байна. Баруунд бол олон нийт, үйлчилгээний газар гар утсаар ярихыг нэгэнт хориглочихсон байгаа. Гар утас хэрэглэх, эс хэрэглэх нь тэр хүний хувийн хэрэг боловч соёлтой, журамтай бусдад саад болохгүй хэрэглэх нь соёл хүний бас нэгэн хэм хэмжүүр болж байна. Хамгийн түрүүнд ажил дээрээ, ажлын цагаар хувийн гар утас хэрэглэдэггүй болох ийм журам дүрмийг хуви, хувисгалгүй бий болгомоор санагдлаа. Хэрэглэсэн ч ажилдаа болон бусдад саад болохооргүй нөхцөлд хэрэглэж байх нь соёл юм. Нутаг орондоо замбараагүй юманд сурчихаараа замбараатай газар ирэхээрээ өөрсдөө эвгүй байдалд орж, тэрнээсээ болж гайхаад, үглээд, стрестээд суух нь бүр төвөгтэй. Гар утсаар гайхуулдаг цаг гадна доторгүй өнгөрчихсөн гэдгийг манайхан ойлгоосой. Хэрэглээний соёлд суралцаасай. 
2009.10.01

11/29/2009

ХИРОШИМА БА НАЙМ АРВАН ТАВ



Саяхан Окаяама хотод болох Японы Монгол судлалын холбооны намрын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор бидний хэдэн нөхөд хоёр хоногийн хугацаатай явах зуур далимд нь нөгөө атомын бөмбөг хаясан Хирошима хотод ойртсон дээрээ очиж үзье гэж бодоод зүтгэв ээ. Хирошима, Нагасаки гэхээр бид дунд сургуулийн түүхийн хичээлээр л үзэж байснаар атомын бөмбөг хаясан аймшигт хот хэмээх там тум төсөөлөлтэй. Атом нь шинжлэх ухаан, технологийн нэг томоохон ололт боловч үүнийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглахын оронд, АНУ-ын эрх баригчид Хирошима, Нагасакад атомын бөмбөг болгон хаяж олон зуун мянган хүнийг аймшигт цөмийн дайны золиос болгосон нь хүн төрөлхтөний өмнө хийсэн аймшиггүй гэмт хэрэг, хэзээ ч уучлашгүй ял байхаа.

Хирошима хот бол Окаяамагаас бас хөөрхөн хол бараг 150 гаруй км боловч хурдан галт тэргээр гучхан минут “нисээд” буучих газар юм. Хирошима бол Хирошима аймгийн нийслэл бөгөөд Хоншу арал орчмын Чуугоку бүс нутгийн хамгийн томоохон хот. Дэлхийн хоёрдугаар дайн дуусдагийн даваан дээр 1945 оны 8 дугаар сарын 6 ны өглөөний 8 цаг 15 минутад дэлхийн түүхэнд цөмийн бөмбөгөөр бөмбөгдүүлсэн ганц хот болсон бөлгөө.

Одоогийн хүн ам нэг сая нэг зуун жаран мянга бараг Улаанбаатартай адилхан гэсэн үг. Энэ хот Эдо-гийн үед хааны эрхэнд байгаад 1871 онд хаан буусны дараа Хирошима аймгийн нийслэл хот болжээ. 1870-аад оны үед засгийн газрын санхүүжилттэй англи хэлний 7 сургууль энд байгуулж байж. 1880-аад оноос усан замын чухал боомт хот болжээ. 1894 оноос төмөр зам тавигдаж дайны зорилгоор ашиглаж байсан байна. Сүүлд Орос-Японы дайны үеэс үйлдвэр хөгжиж, цэргийн зориулалттай үйлдвэр голлох болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн ба атомын бөмбөг. Дайны үед Японы тавдугаар дивизийн удирдлага, Фиелд маршал Шүнроку Хатагийн хоёрдугаар арми, Чуугокугийн орон нутгийн арми, усан цэргийн флотууд энэ хот болон Ужина боомтод төвлөрч байж. Мөн дээр бичсэнээр цэрэг армийн маш том үйлдвэрлэгч, нийлүүлэгчид болон тээвэрлэгчид энд бөөгнөрч байлаа. Ер нь цэргийн шинжээчид бөмбөгдүүлсэн шалтгааны нэг гол учир нь цэрэг армийн төвлөрсөн боомт хот байсанд оршино ч гэж тайлбарладаг юм билээ.

Дайны жилүүдэд Токио болон бусад хотуудыг бөмбөгдөж, дэлбэлэснээс болж олон зуун мянган хүн түүний дотор энгийн ард иргэд олноор амь үрэгдсэн билээ. Тухайлбал Тояамад 12800 хүн, Токиогийн дайралтад 90 мянган оршин суугч амь насаа алджээ. Гэвч энэ дайны явцад Хирошима шиг аймшигт дайралт үзсэн нь үгүй. 1945 оны 8 дугаар сарын 6 ны Даваа гарагийн өглөөний 8 цаг 15 минутанд Америкийн бөмбөгдөгч В-29 буюу Enola Gay онгоцноос Литтле бой буюу “жижигхээн хүү” хэмээх кодтой, бууны сумны хэлбэртэй, 60 кг жинтэй цөмийн бөмбөгийн гох Хирошимагийн тэнгэрт 600 метрийн өндрөөс мултарч газар дээрээ 80 мянган хүн нас барж, жилийн эцэст нийт хохирогчийн тоо 90-140 мянганд хүрч байжээ. Хирошимо хотын хэдхэн цутгамал байшингийн орон суурин үлдэж бараг 70 хувь нь үнсэн товрого болсон байна. Энэ нь музейд хийж тависан бөмбөг хаяхаас өмнө ба хаясны дараах хоёр моделоос харицуулан үзэхэд тодорхой байна. Энэ үед Хирошимагийн хүн ам 140 орчим мянгад хүрч байсан гэж үздэг. Энэ бөмбөгийг хаясан нисэгч Пол Варфейлд Тиббетс бөгөөд тэрбээр 1915 оны 2 сарын 23 нд төрж 2007 оны 11 сарын 1 нд зүрхний өвчнөөр 92 насандаа өөд болжээ. Биднийг сурагч байхад тэр бөмбөг хаясан нөхөр атомын бөмбөг хаяснаасаа болоод галзуурч үхсэн юм гэнэ лээ гэж цуурч байсан санагдана. Тэрбээр дэлхийн анхны атомын бөмбөг хаяж, олон зуун мянган хүнийг золиослох гэмт хэрэг хийж явахдаа 30 настай байжээ.

Одоогоос 52 жилийн тэртээ Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн агсан Токио хотод “Атом ус төрөгчийн бөмбөгийг эсэргүүцэх, зэвсэглэл хураах, дэлхий дахины гуравдугаар хурал”-д оролцохын ялдар 1957 оны 8 дугаар сарын 18 ны өглөөний 8 цаг хагаст энэ хотод зочилж байжээ. Тэрбээр дурсамждаа “Атомын бөмбөгөнд амь үрэгдсэн 60 мянган хүний нэрийг оршуулсан, эмээлийн бүүрэг хэлбэртэй дурсгалын хөшөөний өмнө гадаадын төлөөлөгчид цэцэг тавьж мэхийн ёслов. Нэрийг оршуулсан учир бол атомын бөмбөгөнд үрэгдсэн хүний олонхийн хүүр олдсонгүй, бүр мөсөн хайлж үрэгдсэн байна. Атомын бөмбөг дэлбэрэх үед чулуун байшингийн дэргэд зогсож байсан хүмүүс агшин зуур хайлсан учир зөвхөн гозгор хэлбэртэй сүүдэр мэт бараан толбо чулуун байшингийн хананд үлдсэн байна. Дурсгалын хөшөөний дотор хадгалсан 60 мянган хүний нэр бол амь сүйдсэн хүний нэр биш, зөвхөн нэрийг нь олж бүртгэсэн хүний нэр болно. Чухамдаа Хиросимад атомын бөмбөгнөөс болж 240 мянган илүү хүн үхсэн, 51 мянган хүн хүнд шархадсан, 105 мянган хүн хөнгөн шархадсан, 6 мянган хүн яасныг мэдэхгүй алга болсон гэж тайлбарлагч хэллээ.” хэмээн бичиж байсан нь өнөөдөр бидний үзсэнтэй эгээ л таарч байгаа тул энд иш татан оруулмаар санагдлаа. Тэртээ тавь гаруй жилийн өмнө Монгол Улсаас бараг нэг ч хүн ирдэггүй байсан үед Ц.Дамдинсүрэн гуай Хирошиматай холбоотой ийм учраар Японд айлчилж энэ тухайгаа “Японд очсон замын тэмдэглэл” хэмээн бичиж үлдээсэн нь өнөө эргүүлэн уншихад их л сонин.

Ийнхүү тухайн үеийн энэ хотын хүн амын 30% нас барж, 70 мянган хүн шархаджээ. Хирошимагийн эмч нарын 90%, сувилагчдын 93% үхэж, бэртжээ. Энэ нь олон мянган хүн нас барахад нөлөөлсөн гэж мөн үздэг юм байна.

Дайны хажуугаар дажин гэж Хирошима Шовагийн үед 1945 оны 9 дүгээр сарын 17 нд Макуразаки Тайпуун хэмээх далайн хар шуурганд дайрагдаж баахан хохирол амсаж 3000 орчим хүн үхэж, үрэгдэв. Хотын бараг ихэнхи зам, гүүр маш их нурж эвдэрч, ингээд дайны дараах Хирошимаг сэргээн босгох ажил улс орны хэмжээнд тусгайлан яригдаж, Хирошима Энх Тайвны дурсгалын хот болгох бүтээн байгуулалтын төслийг 1949 онд засгийн газар дэмжжээ. Ийнхүү Хирошимагийн Энх тайвны Дурсгалын Цэцэрлэгт Хүрээлэн төсөл шалгарч Хирошима аймгийн Худалдаа Үйлчилгээний Танхим-ын байшинг Генбаку Доме буюу Атомын бөмбөгийн байшин хэмээн зарлаж Хирошима Энх Тайваны Дурсгалын Цэцэрлэгт Хүрээлэнгийн нэг хэсэг болгожээ. Тухайн үед Айой гүүр, Хонкавагийн бага сургууль зэрэг хэдхэн цутгамал байшин босоо үлдсэн бөгөөд бусад нь ихэнхидээ модон байшин байсан тул газрын хөрснөөс арчигдан модны зомгол болсон байлаа.

Хирошимагийн Энх тайвны Дурсгалын Музейг 1955 онд Энх тайвны Цэцэрлэгт хүрээлэнд нээжээ. Уг музей үзэж явахад олон зүйл бодогдохын хажуугаар нүд халтирам аймаар үзмэрүүд ч зөндөө. Японууд нямбай юм болохоор тэр газраас олдсон юухэн хээхнийг боловч цуглуулж чаджээ. Тав, зургаа болов гэмээр настай хоёр америк охин үзэж “ямар аймаар юм бэ хэмээн үзэж чадахгүй цаасаар нүдээ таглан тагласаар гарч одов. Бөмбөгдсөн хүмүүсийн үр сад үзэж яваа нь тэр шүү дээ. Юм гэдэг сонин.

Гучаад жилийн өмнө үзэж байхад музей үзсэн хүмүүсийг гэрэл гэгээтэй тайвшруулах өрөөнд оруулж, цай уулгаж түр байзнуулж байгаад гаргадаг байсан гэж бидэнтэй хамт явсан багш хуучлав.

Ийнхүү Хирошимагийн Атомын бөмбөгийн дурсгалыг үзэж, зүрх шимшрэн, сэтгэл өвдөж хүн төрөлхтөнд дайны аюул тэр дундаа цөмийн дайны аюул нүүрлэвэл ямар аймшигтай болохын үйл лайг бие дээрээ үүрсэн Хирошимагийн хүмүүсийн хувь заяаг өрөвдөн, амь үрэгдсэн бүх хүний тул хөшөөний өмнө мэхийн ёслобай. Хирошимагийн хүмүүсийн амьд явах хувь заяа гэрэлт өглөөний нарнаар найм арван тавд дууссаныг энд бүх юм гэрчилнэ, сануулна.

Сонирхсон хүмүүс доорх хаягаар орж Хирошимагийн цөмийн бөмбөгийн талаарх видео үзэж болох юм. http://www.youtube.com/watch?v=PB-atl3YBSQ&feature=related