7/26/2009

БАНТАН


БАНТАН 
Бантан сайхан, сайхан л гэх юм ер нь юу нь сайхан байгаа юм бэ? хэмээн заримдаа асуумаар санагдах үе танд гардаг уу? Хийхэд амархан юм уу, аль эсвэл шар сайхан тайлдагтаа сайхан нь байгаа юм уу? Бантан гэдэг нэр үгээс бантагнах, бантагнуулах гэх мэт муу болох, муу хийх, чанар муухан гэсэн тааруухан утгатай хэлц үг үүссэнийг харахад бантан угаасаа олигтой биш шиг. Гэтэл хоол нэрэндээ биш хийсэндээ байдаг аж. Гэхдээ хийсэн болгон сайхан болохгүй нь хяслантай. Бантанг сайхан ч хийж болно, ёстой бантагнасан бантан ч хийж болно. Бантанг яг тэгэж ингэж хийнэ гэж бичиж барисан юм би лав хараагүй. Тийм болохоор сайхан бантан хийх бичмэл жор байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэгээд бодохоор бид бичигдээгүй дүрэм журмаар бантангаа хийж идсээр байгаа байх. Жишээ нь ээж нь охиндоо бантанг ингэж ингэж хийнэ ээ гэж зааж өгдөг ч үгүй байх. Өөрт нь хүн заагаагүй юм чинь тэр хүнд заахгүй ш тээ. Харж байгаад л аандаа сурдаг гэж бодож байгаа. Харин япончууд бол сооба юм уу, удооноо (манайхаар бол гурилтай шөл) яг ингэж хийнэ ээ гэдгээ нэгд нэгэнгүй зааж нийт олноороо сурдаг юм байна. Үүнд нэг их зардал чирэгдэл болохгүй. Жишээ нь, хоолны газар аялалаар яваа хүмүүс нэг ороод гарахад л зааж сургаад хийсэн гурилыг нь савлаад өөрт нь зараад, “дурсгаад” явуулчих юм. Үүнээс санаа аваад бид бантан болон гурилтай шөлөө яаж сайхан хийх талаар санамаар, хүүхэд залууст заах арга ухаан бодмоор санагдлаа. Яг үнэндээ маш цэвэрхэн, яаралгүй бүх гурилаа жигд, жижиг алгадаж хийсэн бантан сайхан болдог, мэдээж шөлний амт чухал. Бантанг бидэнд хэн ч заадаггүй гэхдээ бантан шиг бантан хийдэг хүн ч байдаг, ёстой бантагнасан бантан ч хийсэн хүн байдаг. Бантангаа сайхан хийж сурцгаая охидууд ядаж. Шартсан хүнд сайхан бантан хийж өгөхөд их баярладаг. Амьдралд бантан хийх хэрэг зөндөө гарна шүү. 
27.06.2009

No comments: