7/26/2009

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НОМ


Би сүүлийн үед "Эх хэл эрдэнэсийн сан" хэмээх Монгол хэлний цогц бүтээл хийж байгаа учир шинэ содон үг, хэллэгийн эрэлд хатаж гарч байгаа монголын уран зохиол бараг бүгдийг дээр нь өдөр тутмын сонинд гарч байгаа үгүүлэл, шүлэг бүрийг алгасахгүй уншиж байна. Шинэ үеийнхнээс үнэхээр сайн бичиж байгаа хүн ховор л байх шиг санагдана. Уншаад ч нэмэр алга. Санаа муутай, үг хэл болхи модон, зүгээр л нэг нойр хүргэсэн дардан цагаан зам. Машин барьж явахад зам ч гэсэн тийм байдаг шүү дээ. Цагаан замд орохоор л нойр хүрдэг гэж жолооч нар ярьдаг даа. Харин энхэл донхолтой, овон товонтой, даваатай гүвээтэй, бас гэрэлтэй сүүдэртэй зам бол сонирхолтой.
Уран зохиол үүнтэй эгээ адил. Харин хуучны уран зохиолуудаа дахин дахин "мөлжиж суухад" мөлжүүртэй гэж юухэв. Миний дахин дахин уншдаг зохиолууд гэвэл Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Бааст, С.Дашдооров, С.Эрдэнэ, Б.Догмид, Д.Батбаяр, Д.Норов, Д.Урианхай, Ж.Лхагва, Ц.Түмэнбаяр, Д.Төрбат, Н.Өлзийбат, Б.Лхагвасүрэнгийн үгүүлэл, тууж, шүлэг, найраг гээд хөвөрч өгнө дөө. Харин С.Анударь, Г.Аюурзана, Г.Бадамсамбуу гээд залуучуудын зохиолыг сайн ойлгохгүй юм. Толгойд нэг л буухгүй, үлдэцгүй. Аваад ашиглачихмаар сонин содон дүрслэл, монгол гэчихээр үг хэллэг хомс. Нэг түг таг, хэг ёг гэсэн үгүүлбэр, найруулгатай, санаа нь тасраад тасраад хийсээд явчих шиг. Тэр нь миний тэнэгийнх ч байж болох. Бичдэг арга найруулга нь өөр, бас уншиж ойлгодог нь ч өөр бололтой дог оо. Ойлгодог нэг нь ойлгодог л байлгүй дээ.
Харин саяхан зохиолч Шүүдэрцэцэгийн “Сэтгэлийн анир” шилмэл үгүүллэгийн номыг зориуд нэгд нэгэнгүй уншиж, бүр улаан балаар засаж үзлээ. Номыг уншихын учир нь Шүүдэрцэцэг буюу Тогтохбаярыг би шавиа гэж хэлэх үндэстэй юм. Одоогоос 20-иод жилийн өмнө Лувсанжав багш маань нэг өдөр тэр үеийн Техникийн Их Сургуулийн геологийн нэг багшийг танилцуулж байсан нь Тогтохбаярын ээж байсан юм. Тэрбээр охиноо конкурсдүүлэх санаатай бэлтгэж өгөх багш олж өгөөч гэж багштанаас гуйсан нь надад тохоогдож билээ. Тэр үеэс Тогтохбаярыг Эрхүү, Улаанбаатарт оюутан, магистрант байхыг мэдэх юм. Харин зохиол үгүүллэг бичдэг болсныг нь сүүлд мэдэж билээ. Саяханаас Лондонд англи хэлээр хэвлүүлэх гэж байгаа Монголын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс эмхэтгэсэн “Элбэрэл” номд оруулах ажлаар бид овоо холбоо харьцаатай байгаа юм. Үүний ялдар надад й-мэйл бичихдээ “Та миний зохиолыг нэг сайн уншиж өгөөрэй. Би дөрөв таван тууж, хорь гаруй үгүүллэг биччихлээ. Бас нэг кино, бас нэг ди ви ди, өөр нэг сонсдог ном хийчихлээ, би одоо шүүмж л сонсмоор байна” гэсний дагуу эрхбиш монгол хэл, уран зохиолын багш, судлаач нэр зүүсний хувиар уншиж суугаа нь тэр. Харин тэр зохиолыг уншиж байсан чинь манай бага охин, - Ааваа та яагаад эмэгтэй хүний ном уншаад байгаа юм бэ? гэж байна. Юун эмэгтэй хүний ном билээ гэж гайхсан миний царайг харангуутаа наад номыг чинь эмэгтэй хүн л унших ёстой биз дээ гэж “Сэтгэлийн анир”-ыг заалаа. “Үгүй энэ чинь эр, эм хүмүүс хамаагүй уншиж болно шүү дээ, миний охин” гэсэн чинь итгэдэггүй. Худлаа яриад л гэж байна. Нээрээ харахнээ нүүрэн дээрээ зохиогчийн сайхан зурагтай үнэхээр л эмэгтэй хүний гоо сайхны ном байж ч болохоор хавтастай байгааг нь би анзаарав. Нээрээ бас энэ чинь эмэгтэй хүний л бичсэн ном доо гэж би давхар бодлоо. Охин минь сонин талаас нь харж байна шүү. Номоо уншиж дууслаа. Хэд хэдэн аятайхан үгүүллэг байна, санаа нь хөөрхөн юм. Хэл нь бас муугүй. Гэхдээ цаашаа бодмоор, үзмээр юм байна билээ. Тэрийг өөрт нь жич хэлье. Эмэгтэй хүний ертөнцийг үзэх үзэл, бодол санаа, бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, ээж, аав, эмээ, өвөө, эр нөхрөө, үр хүүхдээ гэсэн сайхан халуун сэтгэл, хүний мөс, хүн чанарыг дээдэлсэн санал бодлууд энэ бүхэн энд нэг дор хуржээ.
Эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний хараагүйг харж, хэлээгүйг хэлж, бичээгүйг бичиж, арга билгээр энэ ертөнцийг адил тэнцүү бүтээх ёстой ажээ. Миний охины хэлсэн шиг “эмэгтэй хүний ном” гээд ганцхан эмэгтэй хүн унших учиргүй ээ. Эмэгтэй хүний ном гэдэг үгийг эмэгтэй хүн бичсэн юм ч гэж ойлгож болно, эмэгтэйчүүдэд зориулсан ном ч гэж ойлгож болно. Харин энэ бол эмэгтэй хүний бичсэн эрчүүдэд хэрэгтэй ном шүү. Эрчүүд минь бас уншаарай.

No comments: