7/15/2011

Ж.Бат-Ирээдүй: "ТВИТТЭР БА МОНГОЛ ТВИТТЭРЧИД"


ТВИТТЭР БА МОНГОЛ ТВИТТЭРЧИД


Дэлхий даяарт твиттэр буюу жиргээ гэгч нэг интернетийн сүлжээ үүсээд өнөөдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 15 нд яг таван жилийн нүүр үзэж байна. Энэ бол бие даасан хувийн вэб сайт буюу микро маягийн блогрхуу юм. Энэ сүлжээнд нэгдэж өөрийн дансаа нээсэн хэрэглэгчийг твиттэрч буюу жиргээчин гэж дуудна. Ердөө 140 тэмдэгтэд багтааж бичдэг энэ жижигхэн дөрвөлжинд аль болох товч тодорхой бичихгүй бол тэгэсхийгээд дүүрчихнэ. Заримдаа үүнийг интернетийн мессеж гэж нэрлэх нь ч бий. Энэ сүлжээ дэлхий даяар хэн, хаана байхаас үл шалтгаалан хэдхэн секундэд мэдээ хүргэдэг, үнэ төлбөргүй хэрэгсэл юм. Үүний үр шимийг мэдэж хүртсэн хүмүүс твиттэрээс салахаа байдаг
Учир нь хүн гэдэг амьтан байнга л аливааг эргэцүүлэн бодож оюун дүгнэлт хийж, санал шийдэл гаргах гэж явдаг бөгөөд үүнийгээ хэн нэгэнтэй хуваалцахад ялангуяа хаана байгаагаас үл шалтгаалан суугаа газар орноосоо санал бодлоо хэдэн секундэд солилцоход энэ твиттэр гэдэг юм ямар гээч их ач тустай болохыг твиттэрт орж үзсэн хүн бүхэн мэдэх байх.
Твиттэр хэмээх энэ бичил Вэбсайтын толгой компани нь АНУ-ын Сан Францискод байрлах бөгөөд 2006 оны 7 сарын 15 нд нийтэд дэлгэрсэнээс хойш өнөөдөр 200 сая хэрэглэгчтэй болж, дэлхийн хэмжээнд өдөртөө 195 сая твит хийж байна. Энэ компани ердөө 450 ажилтантай, хөдөлгөөнт холбоо харилцааны хамгийн өргөн үйлчилгээ явуулдаг, англи, франц, герман, итали, япон, солонгос, орос, испани гээд олон хэлээр явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг.
Твиттэрийн уг үндсийг Одео гэгч подкастинг явуулдаг компаний захирлуудын зөвлөл өдөржин хамт сууж янз бүрийн санаа оноо гаргасны эцэст олжээ. Ноён Жек Дорси анх жижиг бүлэг хамт олны хүрээнд мессежээр зэрэг холбогдох санааг гаргажээ. Төслийн анхны нэр нь Твттр байсан бөгөөд Фликр болон Америкийн текст мессэжнийүсэгтэй кодоос санаа авсан байна. Зохион бүтээгчид анх 10958 гэсэн богино кодыг зохиосон боловч дараа нь тогтооход амар хэмээн 40404 болгож сольжээ. Төслийн ажил анх 2006 оны 3 сарын 21 нд Дорси Пасификийн Стандарт цагаар 9.50 минутаддөнгөж твттрээ янзалж байнагэх анхны твиттерийн мессэжээ бичсэнээр эхлэжээ.
Жек ДорсиБид анх Твиттер гэдэг үгийг санаачлаад байж байв. Бодоод үзэхэд энэ нь утга агуулгадаа яг л яв цав таарсан үг байлаа. Энэ үгийн албан ёсны тодорхойлолт ньөөр хоорондоо учир шалтгааны хамааралгүй мэдээллүүдийн тэсрэлт мөн"  гэх буюушувуудын жив жив гэх дуугэж байсан бөгөөд энэ нь Твиттэр гэгч энэхүү бүтээгдэхүүнтэйгээ яг л таарсан тодорхойлолт болсон юм.” гэж бичжээ.
АмерикийнАмерикан Лайф Прожектфирмээс Америк, Англи, Франц, Испаний хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар фээсбүүк болон твиттэрчидийн ихэнхи нь өөртөө их итгэлтэй, улс төрд ихээхэн сонирхолтой байдаг нь тодорхой болжээ. Нөгөөтэйгүүр эдгээр нийгмийн виртуал сүлжээ нь хүмүүсийг ойр дотно, харилцаа руу түлхэж, улс төр нийгмийн идэвхийг сэргээдэг болох нь тодорхой болсон байна
Дэлхий нийтээрээ твиттэрийг хэрэглэгчид асар хурдтай өсөж байгаа бөгөөд 2007 оны эхний хагаст 400 мянган твит хийж байсан бол 2008 оны эхний хагаст 100 сая болтолоо хурдтай өссөн байна. 2010 оны 3 сарын байдлаар твиттерт 70,000 шинэ хэрэглэгч бүртгүүлжээ. Ингээд 2010 оны 6 сарын байдлаар өдөрт 65 сая твит хийгдэж байсан бөгөөд энэ нь секунд тутамд 750 твит хийгдэнэ гэсэн үг. Энэ эрчээрээ твиттэр нийгмийн бусад виртуал сүлжээний дунд эзлэж байсан 22 дугаар байрнаасаа 3 дугаар байр хүртэл урагшаа үсэрсэн байна. Ялангуяа олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээний үеэр твитийн тоо асар хурдтай нэмэгддэг бөгөөд жишээ нь, 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Япон, Камероон хоёр гурав дахь удаагийн тоглолт хийхэд секундэд 2940 твит хийгдэж байсан байна. Энэ рекорд 2010 оны 6 сарын 17 ны өдрийн Эн Би Эй (NBA)-ийн шувтаргын тоглолтын Лос Анжелэсийн ялалтын үеэр секундэд 3085 твит хийгдэж эвдэгдсэн бол, дэлхийн аваргын  Япон, Дэнмаркын тоглолтын үеэр секундэд 3283 твит хийж байжээ. 2009 оны 6 сарын 25 нд АНУ-ын алдарт дуучин Майкл Жексон нас барахад компаний сервер ачааллаа даахгүй эвдэрсэн бөгөөд энэ өдөр цагт 100 мянган твит хийгдэж байжээ.
2010 оны 4 сарын 11 нд аппликейшн зохион бүтээгч Атебитсыг худалдаж авсан юм.  Энэхүү компани нь Мак болон Айфонд зориулсан Аппле Дизайны Шагналын эзэн Твиттерын үйлчлүүлэгч Твитийг зохион бүтээгээд байжээ. Энэ аппликейшныг одооТвиттергэдэг бөгөөд хэрэглэхэд үнэ төлбөргүй, Айфон, Айпад болон Макд зориулсан Твиттерын албан ёсны клиент юм. Ая-фон, ая-падад зориулсан энэ аппликейшн гарсанаар хэрэглэгч зөвхөн гэртээ юм уу ажлын компьютерээс биш хаа явсан дуртай газраасаа твиттэрдэх боломжтой болсон нь маш том дэвшил авчирлаа.
Твиттэр бол хувийн биш олон нийтэд зориулсан нээлттэй мессэж юм. Илгээгчийн бичсэн мессэжийг зөвхөн түүний дагагчид л уншина. Харин түүнийг дагагч дахин дамжуулах буюу RT хийсэн тохиолдолд тухайн бичигчийг дагаагүй хүмүүс унших бололцоотой. Харин тусгай тэмдэг буюу @ (ат тэмдэг) хэрэглэснээр хоёр твиттэрч зөвхөн хоорондоо хувийн чанартай мессэж солилцож болно, хаш тааг (#) хэрэглэснээр тодорхой сэдвийг твиттэрт бичиж болно. АНУ-д гэхэд 30 сая хүн твиттэр хэрэглэж байгаа бол Монголд хэчнээн хүн хэрэглэж байгаа тодорхой тоо баримт алга, харин анзаарахад гадаад  орнуудад суугаа монголчууд их хэрэглэж байгаа нь харагддаг.
Твиттерийн онцлог бол өөрөө нэг данс нээлгээд өөрийн сонирхсон хүмүүсээ эрж хайгаад хэрэв твиттерт байвал дагах боломжтой бөгөөд жиргэж эхлэсэн мөчөөс твиттэрчид анхааралдаа авч сонирхвол өөрийг нь дагах маягаар өөрийн гэсэн фентэй болдог явдал юм. Хэнийг хэдий чинээ олон хүн дагаж байна төдий чинээ анхаарлын төвд байна гэж үзнэ. Зарим монгол хүн бол 200-аас дээш твит хийсэн хүнийг дагаж байх зарчим ч тогтоосон нь бий. Гадаад орнуудын одуудын дагагч нар сая саяар тоологддог бол монгол одоохондоо нэг түмээс хэтрээгүй байна.
Бүр ерөөсөө нэг ч хүн дагадаггүй, бүгдийг дагуулдаг хүн ч цөөн боловч байгаа. Ийм хүмүүс бол ихэнхидээ Монголын агуу соён гэгээрүүлэгчид бөгөөд ийм хэмжээнд санал бодол солилцохгүй зөвхөн өөрийнхөө санаа оноог шидчихээд хараад сууж байна гэдэг бол бас мөн их тэвчээр.
Монголоос хамгийн түрүүнд твиттерд орсон хүнийг эрэн сурвалжилсан боловч тодорхой эзэн олдсонгүй. Харин Ногоон намын дарга Д.Энхбат нэлээд эрт твиттэрт орсон сураг байна. Ер нь багцаагаар бодоход хамгийн олон хүн дагуулсан хүн нэлээд дээгүүр байх магадлалтай ч дарга даамал, ерөнхийлөгч, сайд байвал маш хурдтай олон дагагчтай болдог нь монголчуудахмадууд,  дарга даамал хүнээ хүндэлдэг сайхан уламжлалтайгэж тайлбарладагтай холбоотой ч улс төрийг хэтэрхий их сонирхдог нь бараг твиттерт орсон бүх хүн ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, экс ерөнхийлөгчид, их хурлын гишүүд, сайд, томоохон албан тушаалтан нарыг дагасан байдгаар тодорхойлж болох боломжтой гэж үзэлтэйТвиттэр нэгэнт дэлхий даяарын зүйл учир твиттэрт хүн дагасан ч гэсэн өөрөө нэг ч юм бичдэггүй зөвхөн өөрийнхөө фений бичсэн зүйлийг уншаад яваад байдаг монголчууд, мөн гадаадын монгол хэлтэй, хэлгүй фенүүд нэлээд байдаг.
Твиттерт нэгэнт өөр хүний нэр хаягаар данс нээлгэж, зургийг нь тавьж болох бололцоотой учир улс төрийн томоохон албан тушаалтан, урлаг соёлын одуудыгтөлөөлөнтвиттерт бүртгүүлсэн байх тохиолдол цөөн боловч Монголд бий. Жишээ нь одоогийн байдлаар, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Гүндалай нарын данс нь өөрсдөө мөн эсэх нь батлагдаагүй байна. Учир нь энэ дансаар гарч байгаа мэдээллүүд нь тухайн хүний яриа хөөрөө, бичлэгийн хэв маягийг дууриах гэж хэчээдэг ч аль нэг талаар учир дутагдалтай болж баригдах явдал байна. Тухайлбал, саяхан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн твиттэрээс УИХ-ын гишүүн Гантөмөрийг өдөөн хатгах, доромжлох маягтай мессэж шидсэн боловч тэд түүгээрээ уулзаж худлаа болохыг магадласан байх жишээтэй. Ерөнхийлөгч бөлгөө Н.Энхбаяр өөрийгөө мөн болохыг батлаж хэвлэлийн бага хурал хийнэ гэж твиттэрээрээ зарласан боловч одоо болтол хийгээгүй л байна. Сүүлийн үед бүр таг болов.
Миний бодлоор твиттерт англи болон ханз үсэгтэй хэлнүүд болох хятад, япон хэл хамгийн их тохиромжтой юм, харин монгол твиттэрчид дунд дан англи хэлээр твиттэрддэг цөөн боловч дээгүүр албаны сайд дарга, ганц хоёр америк, англид суралцагч болон төгсөгчид бий. Тэд зориуд өөрсдийн төвшиний хүмүүст зориулан англи, япон хэлээр жиргэх бөгөөд зарим үед жаахан модон монголоор ганц хоёр тайлбар жиргэх нь бий.
Монгол твиттэрчид ихэнхи нь цаг үеийн асуудлаар өөрийн санаа бодол, үзэл онолоо илэрхийлж, бусадтай хуваалцдаг бөгөөд дан ганц сайтын мэдээлэл тараахаас өөр юм явуулдаггүй хүмүүс ч нэлээд хэд байна. Дарга нарын ихэнхи нь тийм хурлыг нээж үг хэллээ, ийм хүнтэй уулзлаа гэх бараг хэнд ч хэрэггүй шахам өөрийнхөө өдөр тутмын үндсэн ажлыг их бичнэ
Твиттэрт хэрхэн идэвхитэй байгааг хийсэн твитийн тоо, чанар, түүнийг followers буюу дагагчийн тоогоор үнэлж болох юм. Одоогийн байдлаар твиттэрт нэлээд эрт орсон гэх ИЗ-Ногоон намын дарга Дангаасүрэнгийн Энхбат 2673 твит хийж, 3862 дагагчтай болсон бол твитийн тоогоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нэлээд дээгүүр явна. Тэрбээр 2196 хүн дагуулж, 5186 твит хийжээ. Ё.Отгонбаяр, Г.Занданшатар, Ламбаа сайд нар бол твитийг албан ажлаа ард түмэнд ойлгуулах, мэдүүлэх, мэдээлэл дамжуулах зорилгоор маш сайн ашигладаг, твиттэрээ яг өөрөө гардаж бичдэг улс. Харин өндөр дээд албан тушаалын хүмүүст твитэр хариуцсан тусгай хүн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ердөө 108 твит хийж, 2681 дагагчтай, Ерөнхий сайд С.Батболд 425 твит хийж, 3117 дагагчтай, байгаа бол Сангийн дэд сайд чонын гэх Ганхуяг 3223 твит хийж, 3009 дагагчтай, ХАҮТанхимын Ерөнхийлөгч С.Дэмбэрэл бээр 8902 твит хийж 2062 хүн дагуулсан байхад Японд сурдаг О.Лхагвасүрэн 11279 твит хийсэн ч 1247 хүн дагуулжээ.УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин, Б.Сүхбаатар, З.Энхболд нар твиттэрийг сайн ашигладаг бөгөөд улс орны өнөөгийн улс төрийн болон эдийн засгийн байдал, цаг үеийн асуудлаар шуурхай санал солилцоход твиттэрийг ашигладаг бөгөөд энэ нь ч үр нөлөөгөө өгдөг байх гэж бодож байна. Угаасаа хүн ам цөөтэй тэр дундаа твиттэр хэрэглэгч харьцангуй бага орны хувьд 3-5000 дагагч гэдэг муу тоо биш бололтой. Зарим хүмүүс дагагчийнхаа тоог нэмэх янз бүрийн арга хэрэглэдэг бөгөөд бэлтэй нь өдөр, оройн хоолонд дагуулж, виски хувааж уух бол энүүхэнд болой.
Монголын нийгэм болон дэлхий дахинаа нэгэнт монгол твиттэрчидийн нэгэн давхарга бараг үүсээд байгаа учир миний мэдэхээр Улаанбаатар хотын твиттэрчдийн твитфест, твит энд твист, summertweet-ийг хоёр гурван удаа лав зохион байгуулсан бөгөөд ХАҮТанхимийн ерөнхийлөгч, твитэрчин С.Дэмбэрэл, Баянгол дүүргийн засаг дарга, твитэрчин  Амгалан нар үүнийг санаачлан зүтгэж хөөрхөн зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн.
Монгол твиттэрчид ихэнхи нь ажлын цагаар албаны компьютэраас твит хийдэг бөгөөд  энэ нь амралтын өдрөөр твитэрчдийн бараг 70 хувь нь алга болдогоор батлагдана. Их ажлын хажуугаар өглөөнөөс үдэш унтах хүртэлээ твит хийдэг нөхөд хэд хэд бийБүр өглөө босуут компьютерийн ард сууж твиттерддэг айлын авгай, хүүхдийн ээжүүд ч цөөнгүй бий. Мэдээж юм хэтрэхээр өвчин болдог шиг өглөөний мэндээс сайхан унтаарай хүртэл тасралтгүй твит хийдэг "донтой" болсон нөхөд ч байгаа гэдэгт итгэнэмЗасгийн газрын гишүүд, мөнгөтэй зоостой улс ая-фон, ая-падаас арга эвийг нь олоод зурагтай фототой хүртэл твиттэрдээд байх нь их буй. Гадаад, дотоодын зочид гийчдийн хаагуур нь твиттэрдээд байгааг гайхаад олохгүй үе ч гарна. Сүүлийн үед цаг үеийн нарийн ширийн зураг хөрөг твитэрт хавсаргаж үзүүлэх нь моод болж эхлэж байна
Монгол твиттэрт гадна дотно суугаа монголоо гэсэн сэтгэлтэй энэ Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зовниж явдаг толгой тархи нь эрдмээр дүүрсэн, дотор сэтгэл нь бахархалаар дүүрсэн  сайхан залуучууд олон бий, санаа авмаар шинэ сэргэг юм шидэж суудаг шид нь бүрдсэн "ухаантнууд" ч их бий, хийж байгаа ажлаа олон түмэнд мэдүүлэнгээ өргөн түмэнд өөрийгөө сурталчлах гэсэн PR хийгч ч байгаа, улс төрийн тулаанд улаан, цагаан, хөх, ногооноо үзэх "баатар, бат, баяр, болд, дорж, хуягтангууд" ч нэлээд бий, ард олныг зогсоо чөлөөгүй хувьсгалд уриалан дуудагч "ардын баатарууд" ч байгаа, хийх юмаа олж ядсан дарга цэрэг ч хэд хэд бий, хэн ч юу бичээд тоохгүй хэдэр ёдор хэдэн хөгшин ч бий, хүний үгээр үг, хүзүү шийрээр хоол хийгч ч байгаа, даль даль гэж  хэлээ хазсанайлын авгай, хүний эхнэр, хүүхдийн ээжүүд ч цөөнгүй бий байхТөр засгийн тогтоол шийдвэр, гадаад дотоодын сонин мэдээний үеэр галзуурсан юм шиг ширүүхэн биччихээд таг чиг болдог нөхдүүд ч бийТвиттер дээр  дагагч охид хүүхнүүдээ эргүүлж мэр сэр битүү хатуу үг унагаж, ам нь халахаараа араа мартаж аальгүйтдэг  дарга сайд нар ч бас бий. Тэд заримдаа твиттерийг чат биш нийтийн нээлттэй мэдээллийн хэрэгсэл гэдгийг мартсан байхаа ч тоохгүй.Эд бүгдээрээ нийлээд энэ зууны монгол твиттэрчидийн арми бөлгөө
Ингэхэд эсэн бусын хүн оролцож болдог энэ твиттэрийн ач холбогдол ер нь юу юм бэ? хэмээн бодвол твиттэрийг ямар ч зорилгоор ашиглаж болох боловч нэгэнт нийтийн дундах хэрэглээнд зориулсан учраас хамгийн түрүүнд өөрийн хувийн санаа бодлоо өөр бусадтай хил хязгаар, цаг хугацаа үл хамааран хуваалцах явдал гэж би ойлгодог. Бас нэг сайн тал бол нийт нийгмийг хамарсан шинжтэй олныг уриалан дуудсан хандлагатай зүйл дээр олон хүнийг "уруу татаж" болох сайн талтай.  Жишээлбэл 2011 оны Египетийн босогчид, 2010-2011 оны Тунисийн босогчид, 2009-2010 оны Ираны сонгуулийн босогчид, 2009 оны Молдовын иргэний хөдөлгөөнийхнийг нэгдэхэд твиттэр чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд "твиттэрийн хувьсгал" гэх нэр томьёо ч гараад амжсан байна.  2012 оны Монголын Их Хурлын сонгуулийн PR -д твиттэр хувьсгал хийдэггүй юм аа гэхэд хошуу нэлээд дүрэх байх гэж ажиглагчид үзэж байгаа
Өөр нэг зүйл бол ямарваа нэгэн байгалийн аюултай үзэгдэл, үер ус, газар хөдлөлт, далайн шуурга зэргээс болж гэрийн болон гар утсан холбоо тодорхой шалтгааны улмаас гацаж ажиллахгүй болоход бусдаас үл хамааран  холбоо барих нэг сайн тал бий. Тухайлбал, миний бие 2011 оны 3 дугаар сарын 11 ны Японы аймшигт газар хөдлөлтийн үеэр гэрийнхэнтэйгээ гэрийн болон гар утасаар ярих боломжгүй болж холбоо тасрахад твитэрээр охинтойгоо холбогдож байлаа. Ганц би биш маш олон хүн энэ үеэр хөдөлгөөнт холбооны энэ хэрэгсэл маш чухал зүйл болохыг мэдэрсэн тухай Японы хэвлэлүүдээр бичиж  байлаа.
Твиттэрт чухам ямар мэргэжлийн, хэдэн насныхан голдуу байдаг талаар тоо баримт цөөн байна. Ямар ч байсан 2009 оны 3 сарын байдлаар АНУ-ын 27 сая твиттэрчний 60 хувь нь 35-аас дээш насныхан байсан гэнэ. Үүнээс үзвэл дундаас дээш насныхан их хэрэглэдэг бөгөөд твиттэр хэрэглэгчдийн ердөө 7 хувь нь 12-17 насныхан байдаг байна. Хүйсийн ялгаагаар харин эмэгтэйчүүд 53 хувь, эрэгтэйчүүд 47 хувь байдаг гэнэ. Манай нэг найзын бичсэнээр лав твитэрд эрдэмтэд ховор, бараг байдаггүй гэнэ, учир нь тэд завгүй байдаг бололтой
Монголын твиттэрчдтийн дундажийг авч үзвэл нээрээ л гучаас дээш насныхан голдуу байх бөгөөд нийгэмд ямар нэгэн хэмжээгээр байр сууриа олсон, бодол саналаа бусадтай хуваалцах хэмжээнд хүрсэн, өнөөдрийн Монголын нийгэм, улс төр, хүмүүсийн амьдрал, улс гэрээ өнгөтэй өөдтэй байгаасай гэдэгт санаа зовж явдаг бусад улс орон, гадаад орчинтой харьцуулж, оюун дүгнэлт хийх чадвартай ийм хүмүүс олонхи юм шиг ажиглагддаг.
Өнөөдөр твиттэр бол мэдээллийг асар хурдтай дамжуулах хамгийн хурдан түүчээ болж байгаа учир твиттэртэй холбогдоогүй вэб сайт, байгууллага, хамт олон, компани, хувь хүн бараг үгүй болж байна. Тийм учраас Монголчууддаа твиттэрийг алба, аминдаа өргөн хэрэглэж, мэдээллийн энэ эрин зуунд мэдээллийг урсгалыг аль болох цаг алдалгүй хурдан авч, өөрийн санаа бодлоо хил хязгааргүй энэ орчлон дээр бусадтай хуваалцах энэ их боломжийг ашиглацгаая гэж уриалмаар байна. Шинээр данс нээлгэх хэн хаанаас боловч www.twitter.com  руу ороход хэзээд нээлттэй байх буй.
  (Үргэлжлэнэ)

Ж.Бат-Ирээдүй
Улаанбаатараас


2011 оны 7 дугаар сарын 15
"Жигжидийн зуслан"-д 
"зүгээр суухаар зүлгэж суу" 
хэмээн бичив

5 comments:

Unknown said...

:)

Ш. Баатар said...

Твиттерт эрдэмтэд ховор байдаг ажээ. Бодвол тэд завгүй байдаг байх. Бас нарийн мэргэжлийн юм бичээд байвал нийтэд сонирхолгүй байх талтай. Твиттер нь их л нийтч хүний мэдээлэл сололцох хэрэгсэл юм даа.

tungaa said...

Òâèòòåðèéí òýìäýãëýëä áàÿðëàìààð áàéíà

Anonymous said...

Гоё бичжээ таалагдав. Жаахан нуршуу ч дэлгэрэнгүй болж. Хэн нэгэнийг бас хөөрхөн чимхээд авч. Бичээд байгаарай бичээд байгаарай

metamorphoser said...

Хантулга эхний 5 д бараг орох байх, baya dorj хэмээх хамаатан маань 2008 онд урилга илгээснээр бүртгүүлэн орсон билээ би :)