АЛТАН ДОЛОО ХОНОГИЙН ХАВРЫН БАЯР
Япон Улсад тавдугаар сарын эхний долоо хоногийг алтан долоо хоног хэмээх амралтын цогц өдөр болгож улс орон даяар сайхан амардаг ёстой. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд өмнөх эзэн хааны төрсөн өдрөөр эхлэдэг энэ өдрүүдээр япончууд дотооддоо болон гадаадад гарч гэр орноороо сайхан амарч алжаал юугаа тайлдаг. Энэ жил арай хагас бүтэн сайн таарсангүй гэхдээ олон хоног амарч байна.
Энэ амралтын өдрүүдийг тохиолдуулан Япон дахь Монгол оюутны холбооноос 1998 оноос эхлэн “Монголчуудын хаврын баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай болж энэ баяр олон мянган япон, монгол хүний хүсэн хүлээдэг том баяр болсон байна. Энэ жил 5 дугаар сарын 2-3 нд Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монголчууд харумацури буюу хаврын баяраа хийлээ.
Япон оронд дөрөв таван сар хамгийн сайхан цаг улирал байдаг. Тэнгэр хангай ивээж, нар хур тэгширсэн энэ жилийн таван сарын эхний өдрүүд тун ч таатай байлаа. Токиогийн тэнгэр дор эхлэсэн хаврын баяр буюу монголчуудын наадаан алтан соёмбот төрийн далбаа өндөрт мандаж төрийн дуулал эгшиглэхүй Монгол Улсаас Япон Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид цугласан олонд хандан нээлтийн үг хэлснээр, баярын ажиллагааг эхэллээ.
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хэлсэн үгэндээ “... Япон дахь Монголын оюутны холбооны санаачилсан энэ хаврын баяр япон монголчуудын хүсэн хүлээдэг баяр болоод удаагүй боловч жил ирэх бүр түүний хамрах хүрээ нь өргөжиж, агуулга нь улам бүр гүнзгийрч буйд сэтгэл их хөдлөж байна. Монгол Улс 1990 оноос улс төр, эдийн засгийн тогтолцоогоо үндсээр нь өөрчилж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгон, хөгжлийн шинэ замаар алхаж эхлэсэн билээ. Бидний сонгосон зам дардан шулуун байгаагүй. Шилжилтийн үед бидэнд тохиолдсон нийгмийн болоод эдийн засгийн элдэв бэрхшээл хүндрэлийг Япон улс тэргүүлсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцааны үрээр гэтлэн давж чадсан юм. Өнөөдөр Монгол Улсад ардчилал эргэлт буцалтгүй төлөвшин тогтоод байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн хамгийн том амжилт юм. Энэхүү гайхамшигт үнэт зүйлийг, монголын ардчилсан үйл явцыг эхнээс нь тууштай дэмжсэн Япон Улсын засгийн газар, японы ард түмэнтэй хуваалцах хүсэлтэй байна.
Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал байдаг. Эдүгээ манай хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмаар амжилттай хөгжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч байна. Цаашид бид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлэн, шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзлэл дүүрэн байна. Манай улсын засгийн газар Монголд 30 хоногийн хугацаагаар зорчих Япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаад байна. Энэхүү шийдвэр өнгөрсөн 4 сарын нэгнээс хүчин төгөлдөр болж амжилттай хэрэгжиж эхлээд байна. Ингэснээр хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа болон хүмүүний хоорондын солилцоо өргөжин, олон тооны япон иргэд Монгол оронд дуртай цагтаа чөлөөтэй зочилно гэдэгт найдаж байна...” хэмээн дурдлаа.
Энэ жилийн хаврын баярыг “Хөх тэнгэрийн оронд 20 жил салхилсан салхи” хэмээх жаахан урт боловч бас ч аятайхан нэрийн дор зохион байгуулж байгаа бөгөөд хүүхэд залуучуудын дунд зохион бичлэгийн болон гэрэл зургийн уралдаан зарлаж бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж дүгнэлээ.
Тус баяр наадмыг зохион байгуулсан Япон дахь Монгол оюутны холбооны тэргүүн, Хаврын баяр 2010-ыг зохион байгуулах хорооны дарга А.Дөлгөөнөөс наадмын урианы утга учрыг асуувал, тэрбээр “ Энэхүү сэдвийг сонгох болсон нь хоёр үндсэн учиртай. Нэгдүгээрт, дэлхий нийт Монгол орныг Чингис хаан, нум сум агссан морьтон баатрууд, талын малчид, уртын дуу, хөөмий, морин хуураар илүү мэддэг бөгөөд одоо ч монголчууд тал нутагтаа нүүдэллэн амьдран суугаа гэх төсөөлөлтэй хүмүүс олонтой. Монгол оронд “АРДЧИЛАЛ” -ын салхи салхилсан 20 жилийн түүх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж байгаа орчин цагийн Монгол орны бодит төрхийг танилцуулахыг зорьсон юм. Хоёрдугаарт, Монгол түмэн мөнх хөх тэнгэртээ залбиран, цайныхаа дээжийг өргөн, сүслэн биширч ирсэн өнө эртний уламжлалт ёс заншилтай билээ. “Дэлхийд хаа ч үгүй цэлмэг хөх тэнгэр манай оронд бий” хэмээн бардамнанхан үгүүлж байсан цаг ч саяхан... Гэвч өнөөдөр улсын маань нийслэл Улаанбаатар хотын тэнгэр, өвлийн улиралд ямар болоод байгааг Хүн бүхэн мэдэж байгаа. Үүгээр бид Улаанбаатар хотын агаарын бохирдол төдийгүй, монгол орны байгаль орчны бохирдлын тухай асуудлыг хөндөж, түүний төлөө цаашдаа багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьсон учиртай” гэлээ.
Баяр наадмын хөтөлбөрт монгол болон япон хувцасны моод үзүүлэх, монгол ардын дуу бүжиг, хөөмий, хөгжим тоглох, хүүхдийн гар зургийн уралдааныг дүгнэх, шагнах, орчин цагийн дуу, хөгжмийн дээжисээс толилуулах, монгол сумочид мэндчилгээ дэвшүүлэх гээд олон төрлийн үйл ажиллагаа тайзан дээр болсноос гадна талбай дээр монгол гэртээ морин хуур, монгол бичиг, уран бичлэгээ зааж, монгол соёл, түүхээ сурталчлан, японы монголч эрдэмтэд, монголыг сонирхогчид тусгай сэдвээр олон түмэнд лекц таниулга хийлээ.
Мөн монгол бууз хуушуур, айраг цагаа, ааруул өрөм, чацаргана шүүс, давс хужир гээд идэж уух юм нь элбэг дэлбэг байсан нь монгол цай хоолоосоо холдож, цагаан будаатай голдуу хоолонд ойртсон хүмүүст эх орон, ээж аавынхаа гарын хоолыг санаж зооглох сайхан боломж байлаа. Наадмын хуушуур идэхгүй бол наадамдсан болдоггүй гэх бараг хэлц болсон хэллэгийг хүн бүрийн амнаас сонсож болохоор байв.
Хаврын баярын хамгийн их үздэг нэг спорт бол монгол бөхийн барилдаан. Энэ жилийн хаврын баярын барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас аймгийн арслан нэг, аймгийн заан нэг, аймгийн арслан нэг, сумын заан хоёр ирсэн байлаа. Өнгөрсөн жилийн баяраар үзүүр түрүүнд үлдэж байсан залуу бөх Төмөрбаатар бахтай сайхан барилдаж түрүүлж, аймгийн арслан Б.Дамба уран мэхийг уралдуулан хийсэн ч үзүүрлэлээ. Монгол бөхийн барилдаанд монгол, япон, франц бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдав. Монгол бөхийн бай мөрийг Монгол сумочдын холбоо хариуцан байлж түрүүлсэн бөхийг 50 мянган йэн, үзүүрлсэн бөхийг 30 мянган йэнээр шагнасан бол шөвгийн дөрвөн бөхийг их аварга Хакүхо Даваажаргал, өвөр монголын сумоч Соүкокурай Энхтөвшин нар байлж өөрсдийн гарын бэлэг, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. Бөхийн барилдааныг бөх судлаач Бат-Очирын Болд япон, монгол хэлээр уран сайхан тайлбарлаж олны хүртээл болгов.
Орой нь дэлхийн олон орноор айлчлан тоглож байгаа орчин үеийн рок, попын алдарт дуучин Би Экс, Кюуза, Агиймаа, Эгшиглэн нар ая дуугаа өргөн концерт тоглолоо. Үзэгчдийн бараг 80 хувь дан залуучууд байлаа. Эрхбиш дөрвөн өөр хүн ээлжлэн дуулсан учир нас тогтож, намба суусан хүмүүст харицангуй уйдах нь бага байсан ч, харин орчин үеийн хоёр хүний театр ч гэж хэлж болох Чаапий, Суурь нар олон хүний төлөөллийг энэ баяраар авчирсанаа зарлаж чимэг нэмж, хачир боллоо. Тэд алтан үеийн гэгдэх дуучин Норовбанзадаас авахуулаад өнөөдрийн нэртэй дуучин Баясгаланг хүртэлх хоолойн чадалтай дуучдыг орлож, Монгол улсын их хурал, засгийн газрын сайд, гадаад орны тэргүүн нарын дэвшүүлсэн мэндчилгээг тэдний дуу хоолой, эх хэлээр яриж, 17 удаагийн Оскарын шагнал хүртсэн “Титаник” кинон дээр яаж “хогийн зан” гаргасныг түмэнд ил болгов.
Наадмын тайзны үзүүлбэрүүд болон концертыг Ардын жүжигчин Н.Жанцанноровын хүү Токиогийн Урлагийн Их Сургуулийн оюутан Дамдинцэрэн тун чадварлаг сайхан найруулан тависан байна.
Ийнхүү алтан долоо хоногийн хаврын баяраар монголчууд хүй олноороо цуглаж хоёр өдөр сайхан баярлалаа. Энэ жилийн хаврын баярт барагцаагаар тавин мянган хүн цуглах шиг боллоо.
Дараа жилийн баяр хүртэл хол байна даа, хол байна.
Ж.Ирээдүй, 2010.05.04
No comments:
Post a Comment