1/30/2010

Пунцагийн БАДАРЧ, "ЭХИЙН СЭТГЭЛ"

Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч,
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа.
Сайхан шүлэг бичиж гэнээ миний хүү,
Амьтан хүн уншиж байна.
Сайхан дуу зохиож гэнээ миний хүү,
Араажваар дуулж байна лээ
Сайн явна гэнээ, миний хүү
Аян замын хүн хэлж байна.
Муу явна гэнээ, миний хүү
Амны зугаа ярьж байна.
Аль нь ч ижийд нь ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Aлдар чинь юм биш үү дээ.
Ижий нь хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёроо зөрүүлэн байж бодох юм.
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм.
Алгаа, миний хүү алга.
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа.
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнээ,
Гол усаар л нэг найр наадам.
Минийх болохоор шоронд орж гэнэ,
Голыг минь гогодон хэлж байна.
Аа яадгийн ороо л биз,
Гадагшаа гэж би хүүгээ өмөөрлөө.
Ам нь цангаж байгаа даа,
Дотогшоо би өмөлзлөө.
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад
Үсэрсэн оч минь юм шүү дээ.
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц үр минь юмсан.
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан даа.
Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ дээ,
Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир.
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, ижийдээ ирээ.
Хөхөөрөө чамайг даллая,
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ.
Ухаантайдаа миний хүү хурай, хурай, хурай.
Унага шиг ижийдээ давхиад ир, миний хүү, гурий, гурий, гурий.

No comments: