1/26/2010

Ниргэсэн хойно нь хашгирах вий!



   Хүмүн төрөлхтөн гээч оюунтай ч бай, харанхуй ч бай, баян ч бай, ядуу ч бай, хар ч бай цагаан ч бай, байгалийн гэнэтийн аюулын өмнө бүгдээрээ өчүүхэн төдий өт аж. Шинэ оны эхний сарын 12 нд Карибын тэнгисийн Хайти (дуудлага нь Гайти биш Хайти шүү) хэмээх арван сая хүнтэй, өдөртөө хоёр долларын орлоготой, ядуухан орны, багашаархан арлын газар эх догширон сэгсэрсэн 7.00 баллын газар хөдлөлт 200 мянган хүний аминд хүрч, 1 сая 500 мянган хүнийг орох оронгүй, оочих аягагүй үлдээлээ. Үүний хажуугаар газар газрын энхийг сахиулагчид болон олон улсын байгууллага тэр дундаа НҮБ-ын олон арван албан хаагч, жуулчид, гадаадынхан амь энджээ. Энэ улс дөнгөж саяхан л 2008 оны айхтар хүчтэй Харикан далайн шуурганаар мянга шахам хүнээ алдаж байж.
   Хайтигийн нийслэл Порт-о-Принц-ээс 15 км орчим зайтай орон нутгийн цагаар 16 цаг 53 минутад хүчтэй газар хөдөлсний дараахан 15-20 минутын зайтай 5.9-5.5 баллын хүчтэй хэд хэдэн удаа айхтар хөдлөсөн байна. Бөөн цус нөж, орилоон хашгираан, хүмүүс айн мэгдэж орилож хашгирч, тэвдэн сандарч яах учираа олохгүй ийшээ тийшээ гүйлдэж байж. Цахилгаан, утсан харилцаа тэр дорхноо улс даяар тасарсан байна. Гэр орон, байшин барилгууд нь мянга мянгаар нурж, зам хаагдаж бүх хөдөлгөөн зогсжээ. Ийм л аймшигт дүр зураг тэндэ хэдэн хоног үргэлжиллээ.
   Нурж унасан байшин савны нурангин доор хоёр зуу, гурван зуу бүр хэчнээн мянган хүн байгааг тоолж мэдэхийн арга алга. Энэ тоо хэд ч хүрч мэдэхээр байгаа аж. Хааны ордон, их хурал, сургуулиуд, эмнэлгүүд, татварын газар нураагүй, унаагүй, хэмхрээгүй байшин гэж алга. Нас барсан хүүхдүүдийн тоо найгаа алдлаа. Учир нь өдрийн цагаар хичээл хийж байхад байшин барилга нурсан тул маш олон хүүхдүүд дарагджээ. Зөвхөн цуглуулж бөөгнүүлсэн хүмүүсийн шарилаар л тоог хэмжиж байна. Хүмүүс цогцосуудыг цуглуулан шатаасаар байна. Үүнээс өөр арга алга. Байшин, барилгын нуранги дороос цухуйх хүний бие, толгой, хөл гарыг харахаас аймаар нүд халтирам. Ой гутам үнэр танар хотоор нэг. Төрөл бүрийн өвчин үүсэх нөхцөл бүрдэж байна. Энэ аймшигт үзэгдэл бол сүүлийн хэдэн жил дэлхий дээр болоогүй хамгийн гамшигт сүйрэл эндэл болохыг дэлхийн хэвлэлүүд гаслан бичиж байна.
   Далан уулын цаагуур өнгөрөм ийм гай зовлон учирсан үед дэлхийн улс орнууд хурдан шуурхай арга хэмжээ авч, хэнд юу байна түүгээрээ туслаж дэмжиж байна. АНУ-ын 2000 далайн цэрэг, 1000 явган замын цэргийг газар хөдөлсөнөөс хойш 7 хоногийн дараа хурдан шуурхай орууллаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс нийт 35000 цэрэг оруулахаар төлөвлөж, зохион байгуулж байна. Ард түмэн яахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж эрхбиш дулаан орон тулдаа гудамжиндаа хоног өнгөрөөж, уух ус идэх хоолгүй эхнээсээ өлбөрч үхэж байна. АНУ-ын Элчин Сайдын Яамны гадаа мянга мянган хүн Америк дахь хамаатан саднаа бараадахаар тус улсын визэнд дугаарлажээ.
   Харин олон улсын аврагч нарын хүчээр амид гарсан хүний тоо нэмэгдсээр байна. Хүний амид явах хоногийн тоо дуусаагүй бол ямар ч газраас амид гардагыг 11 өдөр нуранги дор амид байсан 24 настай залуу Висмонд Эксантус, 10 өдөр тэссэн 21 настай, Еммануел Бусо, 10 хоног ухаантай байсан 84 настай Мариа Карида , 8 өдрийн дараа ухаж гаргасан 11 настай Меджи Бахина нарын алтан нартай амид золгосон хүмүүсийн хувь заяа нотлох шиг. Өнөөдөр гэхэд л 35 настай, дотуур хувцастай баагий 14 хоноод нурангин дундаас амид мэнд гарч ирж байх жишээтэй. Одоогоор аврах ангийнхан нийтдээ 150 орчим хүн нурангин дороос гаргаж аваад байна.
   Угаасаа ч дээрэм тонуул ихтэй, учир замбараа муутай эмх замбараагүй хот оронд байдал дийлэхийн аргагүй болж. Чоно борооноор гэгчээр хүний згай овлон үүнийг далимдуулагч нар улам олширсон байна.
   Энэ их гайг эдгээж, улс орноо сэргээн босгоход дор хаяж 10 жил хэрэгтэй гэж Ерөнхий сайд нь мэдэгдэж байна. Дэлхийн улсууд түүний дотроос мөнгө зоостой орнуудаас одоогийн байдлаар Америк 100 сая ам. доллар, Англи 32 сая ам доллар, Норвеги 17.6 сая ам. доллар, Франц 14.4 сая ам. доллар, Дэлхийн банк 100 сая доллар, Европын Холбоо 604 сая ам доллар буюу 420 сая еврогоор туслаж дэмжихээр болоод байна. Харин Япон айхтар мөнгө амлаагүй байна, аврах баг, эмнэлгийн тусламж илгээсэн. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар зовлонг нь хуваалцахаар халуун цэг газар дээр нь өөрсдийн биеэр очиж танилцлаа.
   Английн хандивын байгууллага Оксфарм Хайти-гийн олон улсын өрийг цуцлахыг дэлхий нийтэд уриаллаа. Дэлхийн банк ирэх таван жилийн өр төлбөрөөс хөнгөлөхөө мэдэгдчихлээ.
   Ийнхүү дэлхийн нөгөө бөөрөнд газар хөдлөж сүйрэл болж байхад манайхныг зуд гээч бас нэг байгалийн гамшиг зүдрээж, хүн ардын төдийгүй улс орны хүч тэнхээг барж байх шиг байна. Энэ том нутаг орны 98 хувь нь цастай, зудтай байна. Ард түмэн арав таван малын төлөө амиа биеэ гаргуунд нь гаргаж байна. Түлэх түлээгүй, унах унаагүй, унтах гэргүй болж байгаа айл захаас аван болж байна. Энэ бол бас л нэг аймшигт аюул. Хүйгээр нь хяргаад хаячихгүй ч хүч тэнхээг нь барж, үйл тамыг нь үзэж байгаа байгалийн бас нэг сүйрэл  юм Дайны хажуугаар дажин гэж өвлийн хүйтнээр айхтар газар хөдлөвөл ядарсан улсад улам л хэцүү болно. 
   Саяхан болсон Дундговийн Дэрэн, Өмнөговийн Цогт-Овоо сумын  газар хөдлөлт, Улаанбаатарын чичирхийлэл, Хайтигийн аймшигт газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурвуулаа зэрэгцэж суугаад “Хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг бууруулах чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх тухай танилцуулга” гээчийг сонсох шиг боллоо. Чухам хэр бодитой үнэн юм яригдсан юм бол. Ниргэсэн хойно нь хашгирах гэгч болохгүйн тул эл асуудлыг ямар ч байсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэхээр шийдэх шиг боллоо.
   Ази тивийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдгаараа манай улс бараг байнга газар хөдлөж байдаг Японоос ч дутахгүй юм шиг байна. Жилд 300-500 удаа их, бага чичирхийлэлт бүртгэгдэж байдаг гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үздэг юм байна. Энэ бол бас аюулын дохио. Ийм байхад бүгдээрээ газар хөдлөх гэдэг  бидэнд хамаагүй юм шиг, биднээс холуур юм шиг амар жимэр сууж таарахгүй. Учирч болох аюулаас ядаж хохирол багатай гарах арга замыг бодож, бэлтгэлтэй байх нь том яривал үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал, бага яривал хүний амид мэнд үлдэх нөхцөл юмаа.  Хамгийн аймаар нь шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээнд явж байгаа Япон улс хэзээ, хаана, хэчнээн хүчээр газар хөдлөхийг мэдэхгүй байгаа нөхцөлд манайд бол ярихын ч хэрэггүй биз дээ. Саяхан нэгэн өдөр тутмын сонинд гурван тэрбум төгрөг байвал тоног төхөөрөмж аваад бид бараг  бүгдийг  нь мэдээд хэлээд өгч болно гэх ухааны юм  Одон орон, гео физик судлалын төвийн эрдэмтэд бичүүлсэн байна билээ. Энэ шиг худлаа юм байхгүй дээ. Бас л  далимдуулж нэг мөнгөтэй болох, юм туух гэсэн арга байх гэж бодогдсон.  Газар хөдлөлтийн үед яах ийх, тэр үед авах наад захын арга хэмжээг том, багагүй бүгдээрээ мэдэхгүй байна. Үүнийг л мэдэх нь сэргийлж болох хамгийн зөв арга юм. Магадгүй муу юм боллоо гэхэд байшин савнаасаа гарч зугтаагаад юманд даруулчих хүмүүс ихэнхи нь байгаа болов уу. Гэтэл үүнийг яагаад зурагт, радиог хэвлэлээр сурталдан таниулж ойлгуулж мэдүүлж болохгүй гэж. Энэ бол муу ёрын асуудал биш өнөөдрийн бодит байдлаас урган гарч байгаа шаардлага юм. Хүмүүсийг ямар ч ойлголтгүй харанхуй байлгаснаас үнэнийг хэлж, хамгийн энгийн аргуудыг ойлгуулж, сургах хэрэгтэй юм.
   Хамгийн наад зах нь шөнө сайн зайтай бэлэн гар чийдэн ойр авч унтах, сандарч тэвдэлгүй ширээн доор эсвэл жорлонгийн өрөөндөө орох (ямар ч байрны жорлонг дөрвөн талыг нь цутгаж хийдэг гэнэ.), хаалга үүдээ онгойлгох, өндөр сав суулганаас хол байх, боломжтой бол хана туурганд нь үхлүүт бэхлэх гээд л хамгийн энгийн, мөнгө зоос зарахгүйгээр өөрсдөөс шалтгаалахаар зүйлийг гэр орондоо хийж болох юмыг сануулж ойлгуулж байх нь ганц төр засгийн биш иргэний нийгэм, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үүрэг гэлтэй. Дэлхийн улс орнууд ч ингэж л байшин баридаг нь чанар стандартын дагуу бариж, шалгадаг нь ёс журмаар нь шалгаж, ард түмнээ сэтгэлзүйн болоод зохион байгуулалтын байнгын бэлтгэлтэй байлгаж байж байгалийн янз бүрийн аюулаас сэргийлж, хохирол сүйтгэлийг багасгаж, эрдэнэт хүний амь биеийг элдэв төрлийн эрсдэлээс хамгаалж байдаг.
   Манайхны хувьд бол миний төсөөлж байгаагаар байдал их л өөр байгаа даа. Нийгэм, нийтээрээ  худлаа хуурамч юм ихтэй. Том дарга нарын өмнөх цаасан дээр бичсэн юм, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй байхаа ч тоохгүй. Амидрал дээр сүүлийн жилүүдэд барисан байшин нь хэр байгаа бол? Миний хувьд өнөөдрийнх шиг ийм замбараагүй, бүх асуудал бие биенээ хуурсан байдалтай, өнөө маргаашийн ашиг хонжоо харсан, хахууль авилгал нь бүх салбарт газар авчихсан, жимснээс аваад барилгын материал хүртэл чанаргүй бараа таваараар дүүрчихсэн үед үнэхээр итгэхэд бэрх. Найман баллд найгаад л байж байна гэж рекламдаад байгаа ч бодит байдал ямар байгааг бараг хэн ч мэдэхгүй байгаа байх. Өнөөдөр дурын зургаар, хятад цементээр, стандарын бус арматураар, мэргэжлийн бус хужаа нараар нэг юм бариулж өгөөд хэдэн цаасыг нь аваад алга болж, ам хааж л байвал маргааш тэр хэдэн баллдаа нурна уу, байна уу падлийгүй гэсэн мэргэжлийн бус , архиний үйлдвэртэй “хэнэггүй гөлгөрүүд"-ийн барисан  байшин зөндөө байгаа. Ганц хоёрхон жилийн өмнө барилгын бизнесээр асар их ашиг олдог байлаа. Харин хямрал гэдэг нэг юм гарч ирж бараг энэ бизнесийг зогсоох шиг боллоо шүү дээ явж явж. Энэ бол нэг хүн нөгөөгөө маллаад мадлаад өнгөрч байгаа хэрэг биш улс орны хэмжээнд, цаашилбал үндэсний хэмжээнд хүний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хииж байгаа зүйл гэж үзүүштэй байна.
   Нөгөө талаас харвал улс орон дампуурсаны л бас нэг том илрэл. Бид аливаа байгалийн аюулын дараа  биднийг сайхан шалгалаа гэж их ярих дуртай улс. Тэрэн шиг үүний үнэн мөнийг шалгах ганцхан үнэнч шалгуур байгаа энэ бол байгаль өөрөө байж магад. Тэрнээс биш би үнэхээр баараагүй юм хийсэн гээд, нөгөөх нь баараагүй юм байна билээ гээд хоёулаа хахуулдаа цадчаад суугаад байхад барисан, шалгасан хоёроос үнэнийг олох үнэхээр хэцүү л дээ.
   Тийм учраас ажилдаа, амидралдаа, бизнестээ жаахан үнэнч байж хийх ёстой журам дүрэм, стандарт, хүчин чадлаар нь хийж бүтээх нь зөвхөн өөрийнхөө төлөө биш нийгмийн төлөө хүлээх хүнлэг сэтгэл, ёстой нөгөө өндөр хариуцлага гээч байх ёстой гэж бодном. Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд бүгд үүнийг ойлгож бага боловч юм хийж эхлэх цаг болсон баймаар.Манайхан ихэнхи юманд л орсон борооны хойноос эсгий нөмөргөхийн үлгэр үзүүлэх юм даа тэгээд.
2010.01.26

No comments: