1/30/2010

Шаравын СҮРЭНЖАВ, "ДОЛООГИЙН ДУУЛЬ"

    

"Мянга есөн зуун хорин дөрвөн оны   наймдугаар сарын гучны цаазын өмнөх шөнийн бодол"

Авидын шанхад зүүчихээд
Алах ялтай байхдаа би
Алдаа оноо хоёроо
Аминдаа тунгааж сууна аа.
Үргэсэн адуу шиг бодлыг
Бут үсэргэн сарниаж
Үүр шөнийн заагаар
Буун дуу тасхийхэд
Золгүй хэрэгтэн миний бие
Галгүй зуух шиг хөрч
Зогсож царцсан зүрх минь
Агшиж тэлэхээ болино.
Хүйтэн шороо үмхэж,
Хөсөр унахын цагт
Хүний биеийг алдаж
Хүсэл зоригийг мартана.
Авралгүй хар үхэл
Арзгар савраа сарвайж
Амин голыг тэмтрэхээр
Айсуй яваа нь үзэгдэнэ.
Хар муу санаа
Хаашдаа намайг отож
Цаазын бууны аманд
Цаашдаа барьж өгөв үү?
Алсын од шиг Москвад
Алхаж явсан нь бодогдоно
Улсын тэргүүн Ленинтэй нь
Учирч байсан нь санагдана.
Ардын намын долоо гэж
Алдар олсон нь бодогдоно
Алтанбулагийн гудамжаар
Алхаж явсан нь санагдана.
Цэргийн жанжин Данзан гээд
Сүрхий байсан нь дурсагдана
Цэргийн нөхдөө дагуулаад
Сүртэй явсан нь дүрслэгдэнэ.
Шашин төрийг сэргээнэ гээд
Шаралхаж байсан Бодоог
Санаа бодол нь эргээд
Шалчийж унасан Бодоог
Тэнэг мууг нь дуулаад
Тэгэхэд ингэж суусан би.
Тэрсүү санаатай өөрийгөө
Тэнгэрээс ах бодож дээ.
Хөөрхий жанжин Сүхийг
Хөдөөлүүлсний хойно
Хөрөнгөт ёсоор замнахын
Хөөргөн санаа сэдэж
Цэргийн хэргийг огоорч
Эдийн хэргээр хөөцөлдсөн
Жанжны албыг завхруулж
Завсрын юмаар оролдсон гэж
Эдүгээ намайг ялын тавцанд
Элбэгдорж Ринчено барьж өглөө
Сан бэйсийн цоохор Чойбалсан
Хүн алах сургуулиа надаар хийлээ.
Өндөр өндөр байшинг
Үүлтэй тэнгэрт арсайлгаад
Үйлдвэр заводын янданг
Өргөс адил арзайлгаад
Зуу зуун ажилчинг
Зулган дороо гишгиж
Зузаан зузаан лантууг
Цурам хийлгүй далайлгаж
Тэмээ тэмээ ачааг
Тэнд эндгүй хөдөлгөөд
Тэрэг тэрэг барааг
Тив тивд хүргээд
Япон, хятадын банкинд
Сая саяын хөрөнгөтэй
Европ азийн зээл дээр
Садан төрлийн хэлхээтэй
Америк виск шимж,
Франц янжуур шилж,
Энэтхэгийн бурхан цутгуулж,
Италийн зураг цуглуулж,
Хятадын янхан дуулуулж,
Японы торго цуулуулж,
Амины машин онгоцоороо
Аль ч газар хүрчихдэг
Азиас сунгасан гар нь
Алсын далайд хүрчихдэг
Эрхэмсэг ноён Данзанд гээд
Айлтгал захидал тасардаггүй,
Эдийн хэлэлцээр хийнэ гээд
Айлчин гийчин тасалддаггүй.
Лондон Парисаар явахдаа
Лордууд сенатчидтай түншилдэг,
Токио, Бээжингээр дайрахдаа
Томхон пүүстэй нь ханшладаг,
Ийм л хүн болох гэж
Ийш нь Монголыг дагуулах гэж
Эргэж хувьсгалдаа тэрсэлсэн
Эсэргүү Данзан боллоо гэж үү.
Сүүжинд хувилсан чөтгөр биш
Сүүдэр дагуулж яваа хүн болохоороо би чинь
Буян нүглийн аль алиныг нь үйлдсэн ч
Буруу зөвөө дуулалгүй цаазлуулах хэрэг хийгээгүй.
Засгийн газарын санал Богд хааны зарлигаар
Зоригт баатар бэйс хэргэмээс Сүх бид цааргалсан
Завсарын энэ хутгуур Ринченоог бодох юм бол
Заяагаар учирсан монголынхоо төлөө цохилох зүрхтэй явсан.
Оросоос суулгасан төрийн хутгуур
Олныг дарангуйлагч харгис этгээд
Өсөрхөж дээрээс минь зайдлаж байна
Өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг устгана.
Элбэгдорж Ринченог би ингэж л хэлсэн.
Энэ өдрийн зангыг тэгэхэд л бэлджээ.
Зөвлөлт улстай би найрамдалтай байхыг хүснэ,
Зөвхөн бялдуучилсан байдлыг зөвшөөрөхгүй.
Үгүй ээ, үгүй шүү, үгүй үнэн ялах цаг ирнэ.
Үйлсийн цагааныг хараар будсан,
Үүлсийг сарниах салхи хөдөлнө.
Гагцхүү тэр цагийг хэзээ иртэл,
Газар доор бие минь ч дараастай, нэр минь ч дараастай.
Хогийн шарилжанд баглуулан,
Хохирч хэвтэх юм бол доо.
Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу
Сайжин овогт Солийн Данзан би
Сайн эр болж хазаарын солио гүйлгэж ч явлаа
Самуун цагийг жигшиж
Харгисын саврыг мушгилцаж ч явлаа.
Төрийн нохой тахруудаас даажиж,
Төдөлгүй арга ядан нүхэнд шургахад,
Утаа май тавин бүгшээж алах гэхэд нь
Ухаан сийлэн оргож хүрээнд анх ирсэн юм.
Яриад байвал намтар их бий.
Яасан ч гэсэн Сүхбаатар минь байсансан бол,
Ялтан болгох нь байтугай харин над руу
Яргын илдийг биш нөхрийн гараа сунгах байсан юм.
Богд хаант улсын үед алхам бүрдээ
Болшгүй явдлыг тэвчиж Оросыг талархаж байсан.
Тэгээд ч Оросын хааны түшмэд дамын худалдаачид
Дээрэнгүй зантай болж байсныг санахад гэмгүй.
Онцын хэрэггүйгээр найрамдлыг давтан дурсах нь
Олны сонорт төвөгтэй мэт санагдаж болно.
Оосорлож авах ялын төлөвлөгөөгөө би энэ үгээрээ бичжээ.
Овтой улс энүүгээр далимыг олж далайх илдийг зэхжээ.
Гэхдээ надад бас гэм бий.
Гэнэн залуусыг дэвэргэхээс хаширлаж
Бошгыг халах гэдэг үгнээс татгалзсан
Болгоомжилж бас хувьсгалыг түргэтгэхээс түтгэлзсэн
Байз, байз, чихэнд минь одоо ч
Баруунтыг ялласан Элбэг Ринченогийн
Бачимдуу хорлонт үг сонсогдож байна.
Балартсан оюуны минь дунд
Балт дөш харшиж байна
“Данзан бас хулгайч, урвагч
Данзан дээр байгаа цагт энэ улс хэзээ ч амар байхгүй
Даруй энэ хулгайчийг устгах хэрэгтэй”
Дайсагнасан энэ үг одоо ч дотрыг минь мэрж байна.
Улс төрийн энэ булхайг хэзээ тайлах бол
Ургаа мод, хад, чулуу л лав хэвээр үлдэнэ дээ.
Угаас заяасан бие минь газарт илжирч, яс минь яйрна даа
Улс төр, үүсгэсэн ажил минь
Үүнчлэн бас үгүй болох болов уу?
Дотоодыг хамгаалахын дарга Бадруун гэгч
Дорхноо намайг баривчилж өчиггүй хорилоо.
Довтлон ирсэн барсыг улаан гараараа номхроодоггүй шиг
Дошгирон өсөрхсөн аюулыг угтаж түрэх завдал өгсөнгүй.
Хүмүүс минь, ах дүү нар минь
Хүн өөрөө засгаа байгуулалцаад
Хүнд хорлуулж засагтаа хилсээр яллуулах шиг
Хүлээшгүй бэрх юм орчлонд байдаггүй юм байна.
Хэчнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол,
Хэдийд нэг үнэний наранд нэр минь гарах бол,
Хэнз балчир засаг төр минь ямар хүний гарт орох бол,
Хэрвээ болдогсон бол Сүхбаатартайгаа цуг
Хальчих минь яалаа ийлээ.
Бодсон бодлыг минь сарниулж
Бор зүрхийг минь чичрүүлж
Үүрийн шөнийн цоож дуугарлаа.
Үүд онгойж цаг ирлээ.
Үхэл намайг аваачихаар иржээ
Мөчийн дараа буу тасхийж
Мөгөөрсөн хоолой хяхтнах боллоо
Мөнөөхөн бодол минь надтай цуг
Мөхлийн суманд хороолгох боллоо.
Сүүлчийн удаа амьсгалахад
Салхи гэдэг рашаан,
Саруул сайхан ертөнцөөс
Сална гэдэг аймшиг.
Шар хадны минь дээхнүүр нь
Шар солонго татаад байна,
Шар махаа хаттал зүтгэсэн
Засгаа бодоход дэн дунаа хө
Улаан хадны минь дээхнүүр
Улаан солонго татаад байна
Улаан голоо тасартал зүтгэсэн
Засгаа бодоход дэн дунаа хө.
Хэчнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол,
Хэдийд нэг үнэний наранд нэр минь гарах бол,
Хэнз балчир засаг төр минь ямар хүний гарт орох бол.

No comments: