1/29/2010

Дамбадаржаагийн НАМСРАЙ, "ЖАМУХЫН ӨЧИЛ"

Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, их нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. (xөгжим)
Тэр газрын цээжийг аниртан чагнаваас, монгол эрсийн нөхөрлөл гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг үгүүлнэ.
Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүжиний ялалтаар төгсөж байсан тэр жил . Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирлээ. Богд эзэндээ халдсан боол иргэдийг нь Чингис хаан өвс ногоог хүрэнттэл цаазалж, Жамухыг суллаад үгүүлрүүн, "Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь, эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэж явтугай чи" хэмээн өршөөл үзүүллээ.
Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь: "Өндөр их хаан суудалдаа чи заларч өрлөг есөн жанжины чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз ээ анд минь, чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн сагалгар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан, үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаасаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь төөрөгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж, гал шатна, Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оройлон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад, чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй.
Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудадаа тэтгэдсэн Чингис хаан, би чамтай зэрэгцэж өргөгдсөн Хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух.
Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийдлээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо.
Дээр тэнгэрт нар нэгэн байг,
Дэлүүн болдогийг гийгүүлэх сар бас нэгэн байг,
Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг.
Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё анд минь. Хаан Жамухын суу алдарыг даяар монгол мэднэ ээ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдарыг өндөрт өргөөд өөрөө би амиа тэвчие. Олны санаа бүү хоёрдог , өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивэж өгье хаан анд минь чиний нэр улам агуу болог.
Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол дөрвөн зүг найман зовхист хаан анд чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацая. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь. Чи намайг өршөө. Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе, нөхөрлөхдөө үхэж нөхөрлье.
Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия. Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг дээр тэнгэр мэднэ.
Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй болжээ. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг нумлан хэмжихтүн. Дорно зүгт нар хаанаас манддагыг очиж үзэгтүн, Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн.
Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутган зөвшигч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог."
Өчих өчил минь гүйцлээ хаан анд минь
Өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч
Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж,
Цус гаргалгүйгээр намайг алуулахтун.
Үтэр түргэн тонилгогтун,
Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг" гэлээ.

Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж, шадар хүмүүсээ дуудан зарлиг болголоо.
"Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай.
Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж, цус гаргалгүйгээр үхүүлэгтүн.
Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж,
Армаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж,
Агсах зэвсэг, хуяг дуулгыг нь асаан
Хүлэг баатарын ёсоор оршуулагтун.
Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг
Эр хүн эвдэрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдогийг түмэн үед санатугай."
Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтаганалаа.
Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв.
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж, нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.


No comments: