7/29/2009

МОНГОЛЧУУДЫГ ЭРҮҮЛ ЭСЭН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛААРАЙ


Миний бие шинэ ерөнхийлөгчийг тангараг өргөхийнх нь өмнөхөн ийм нэг ил захидалрхуу юм бичсэн юмаа. Тэгээд эхийг EMS буухиа шуудангаар явуулсаныг яана. Тэр очсон л байж таараа. Монгол үндэстний эрүүл энхийн төлөө санаа зовсондоо бичсэн ухаантай юм л даа. Гэвч надад нэг тийм юм авлаа энэ тэр гэсэн хариу таг л байна. Юу ч болсон уншигч Танаа толилуулж л байя.
Даяар монгол, Цахим өртөө-ний вэб сайт дээр гарсан олон хүн дэмжсэн байсанд урамшсан. Харин зарим нь их буруу ойлгосон юм шиг байна билээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа


Та сонгуулийн насны нэг сая ерэн долоон мянган хүнээс таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөчин есөн хүний буюу тавин нэг зууны хорин дөрвөн хувийн санал авч Монгол улсын хойморт лав дөрвөн жил залрах эрх оллоо. Төрийн гурван өндөрлөг суухад Ерөнхийлөгч голд нь заларч харагдана. Таны хоёр талд Ерөнхий сайд, Их Хурлын дарга тухална. Айлаар бол аав нь. Аав алсын хараатай, буурь суурьтай, эрдэм ухаан төгөлдөр болуужин айл гэр амар амгалан, үр хүүхэд бие эрүүл, сэтгэл тайван бус уу. Ерөнхийлөгч болохоос эхлээд байх хүртэл өөрөө асар их оюун ухаан, эрдэм боловсрол, хүч хөдөлмөр, тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ, тархины даац шаардсан ажил байх. Тэр их ачаа тан руу яг одоо ирж явна.
Төрийн тэргүүн бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмэнд хэрэгтэй үндэсний хэмжээний томоохон ажлуудыг санаачлан бүтээдэг тийм уламжлал бараг тогтож байна. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган “Бид Ерөнхийлөгчийг насаар нь биш хийж бүтээснээр нь дүгнэх ёстой гэж Томас Жеферсон нэгэнтээ хэлснээс хойш би санаа зовохоо болисон” гэж хэлсэн байдаг юм байна билээ. Таныг ч бас наснаасаа ахиад ухаан гаргаж, их юм бүтээж хийхийг тань ард түмэн хүлээж суугаа.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Эзний албаа өгч байгаа Намбарын Энхбаяр мөн үндэсний хэмжээнд хэд хэдэн чухал ажил амжуулж олны саналыг татаж чадсан хүн. Тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогыг санаачилан УИХ-аар батлуулж зүг чигтэй болгож, нийт монголчуудын нуруун дээр байсан хүнд ачаанаас хэд хэдийг сугалаж, суллаж өглөө. Өрийн дарамтыг хөнгөлсөн, сургуулийн хүүхдүүдийг үдэд цай ууж, хоол иддэг болголоо, ядарсан ард түмний хүүхдүүдэд хэчнээн хэрэгтэй зүйл байсан. Нэг хүүхэд нэг компьютер төсөл хэрэгжсэн нь мэдээллийн технологийн эрин зуунд том ач тус. Иймэрхүү ажлуудыг боломж нь байдаг юм бол цааш үргэжлүүлэх, улам сайн сайхан болгож ёстой л төгөлдөржүүлэх хэрэгтэй байх. Гэвч ийнхүү хүүхэд залуучуудын төлөө, малчдын төлөө, настангуудын төлөө, оюутны төлөө, гэх зэргээр олон ажил сэтгэж хийж болох боловч ганцхан чухал юм дутагдсан хэвээр л байна. Энэ бүх хүмүүсийн эрүүл мэнд гэж нэг юм гарзандаа гарч байх шиг байна даа. Эцсийн эцэст хүмүүс цээжний пангаар удирдах муу удирдагчдын улмаас амь нас, амьдралаараа нийгмийн золиос болсоор байна. Энэ хатуу боловч үнэн үг шүү ерөнхийлөгч минь.
Одоо миний бодлоор юу юунаас түрүүнд хийх ганц зүйл байна. Энэ бол Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийх том ажил байх. Наад ард түмэн тань элдэв дээдийн шинэ хуучин өвчин хуучинд баригдаж, дууслаа Ерөнхийлөгч минь. Та хоёр ч удаа ерөнхий сайд байлаа, хот, хөдөөгүй зөндөө л их явлаа, хүмүүсийн амьдрал ямар их хэцүү, хот хөдөө гэгч тэнгэр газар шиг ялгаатай байгааг бэлхэн харж, мэдэрч байгаа. Манайхан мэдээд байгаа мөртлөө мэдээгүй юм шиг дүр үзүүлж явдаг нь хамгийн харамсалтай санагддаг. Одоо энэ ард түмний эрүүл мэндэд анхаарах цаг нэгэнт болжээ. Харин ч оройтож байна. Та мэдээж олон сайхан ажил санаачлах байх гэхдээ Та үүнийг барьж аваад бас хийж чадах юм бол улс төрийн карерт тань ч сайнаар нөлөөлөх байх.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хэрэгжиж байгаа юм байна. Одоогийн байдлаар гэхэд л бараг 20-иод төсөл явж байна. 2006 онд Засгийн газрын тогтоолоор “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр батлагдаж 2007-2008 онд хэрэгжиж дуусах шиг боллоо. Миний бодлоор хүн ардыг бүрэн хамарч чадсангүй. Түүний үр дүн чухам юу болсныг мэдэхгүй байна. Мэдээж энэ хөтөлбөрүүд их бага хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа л байх. Гэхдээ ингэж хэсэглэж өм цөм энд тэндээс авч байснаас үндэсний хэмжээнд үүнийг бодлого болгож хууличилан хэрэгжүүлэхгүй бол нийт ардын эрүүл эсэн байх эсэхийн аюул нүүрлэж байна. Цаг биднийг хүлээхгүй нь.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бас ч муугүй ч дийлэхгүй байна. Тухайлбал 2006 онд 103 тэрбум, 2007 онд 157 тэрбум, 2008 онд 213 тэрбум болж өссөн бол хямралтай байгаа гэхэд энэ жил бараг түрүү жилтэй адил хэмжээнд байх юм байна. Үүн дээр Азийн хөгжлийн банк 60 сая, Жайка 50 сая доллар “хаях” гэнэ. Энэ мөнгөний ихэнхийг эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зараад явж байгаа гэж салбарын сайд нь мэдэгдэж байна. Мэдээж үүнийг хийлгүй яахав.
Гэвч хүмүүсийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй. Ард түмэн элдэв дээдийн өвчин тэр дундаа элэг, ходоод, уушиг, болон бусад олон төрлийн муу муухай өвчин зовлонгоор амь насаа алдсаар, монголчууд төрж, үржиж өсч байгаа ч дэндүү олноороо аюулт өвчиний золиос болж хорогдсоор л байна. Нэг өглөө босоход нэг шинэ өвчний нэр дуулж, хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хоног тоолж суугаа хүмүүс зөндөө боллоо. Хорон муухай өвчинөөр хорвоог орхиогүй хүнтэй айл олоход бэрх болж байна. Нэг дуулахнаа хайртай аав, ээжээ, амьдралын нэг насны ханиа, сайн үр хүүхэд, ах дүүгээ өвчинөөр алдсан хүн нэмэгдсээр л байна. Өвчин зовлондоо шаналж яаж ч чадахгүй яваа хүн хот, хөдөөгүй олон байна. Үүний учир шалтгаан зөндөө. Гэвч хамгийн гол нь уридчилан сэргийлэх үзлэгийг тэр бүр хүрч хийлгэж чадахгүй байгаад хэргийн гол нь оршиж байна гэж мунхаг би бодно. Яг үнэнийг хэлэхэд хүн ардын олонхи тэр дундаа хөдөөгийн хүмүүс ямар хүнд орчин нөхцөлд аж төрж байгаа билээ, хоол унд, эрүүл ахуйн наад захын нөхцөл бололцоо хэр байгаа билээ. Та бүхнийг мэдэж байгаа тул тайлбарлах нь илүүц бизээ.
Би танд нэг л чухал санаа хэлэх гэсэн юм. Чухал гэдэг нь би чухал юм хэлж байгаа даа биш асуудал нь өөрөө хурц, нэн чухал болж байгаадаа байгаа юм. Манай хүмүүс бүгдээрээ зөвшөөрөх байх гэж бодож байна. Та эрүүл монгол хүний төлөө жинхэнэ утгаар ажиллаач. Энэ бол дөчөөс дээш настай бүх хүнийг орон даяар жилд нэг удаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд заавал хамруулдаг нэг сайхан хууль хамгийн түрүүнд санаачилмаар байна Та. Хуультай болгохгүй бол энэ бүтэхгүй нь тодорхой байна. Дөчин нас хүртэл барагтай өвчин зовлон тусах магадлал бага байдаг анагаах ухааны судалгаа байдаг юм байна. Энэ ажлыг хийхэд амархан. Олон юм байхгүй. “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага манай анагаахынханд бэлээхэн байгаа. Өндөр нам, өргөн бүдүүн, хараа, сонсгол, зүрх, даралтыг нь шалгаж хэмжээд, цус, шээсийг нь шинжилж, чихрийн шижин, төрөл бүрийн хавдар, сүрьеэ, бэлгийн замын өвчин, дох-ыг шалгана, ингээд болно. Ингэвэл монгол хүн юу болж байгаагаа өөрөө мэдэж би юу болж байгаа бол гэж хий хоосон зовж шаналахгүй, ядаж нэг жилдээ амар тайван цаашдаа олон жил эрүүл энх, амар амгалан явж уг үндэсээрээ эрүүл саруул байх нөхцөл бүрдэхсэн. Үүнийг төр засгаас бүрэн дааж хариуцдаг тогтолцоонд шилжмээр байна. Мэдээж үүнд асар их мөнгө зоос орно.
Гэхдээ нас заачихаар бас хөнгөрнө. Үүнийг энэ ард түмний төлөө та ямар нэгэн аргаар олох хэрэгтэй байна. Алт эрдэнэсээ зарна уу, айл хунараас гуйна уу энэ таны мэргэн ухаан мэдэх ажил. Гаднаас орж ирж байгаа, орж ирэх гээд байгаа мөнгөнүүдээсээ ийш нь хандуулаач, ард түмнээ эрүүл болгоё гэж тэр хүмүүст ойлгуулаач, үгүй гэхгүй л байх даа. Анагаах ухаан асар их хөгжиж байна, явуулын хөөрхөн амбултори, эмнэлгүүд Японд гэхэд л төрөл төрлөөрөө зөндөө байдаг юм байна. Тэрнээс аваач, эмч, ажилтан нараа сургаач, бэлтгээч. Санаачилбал болно доо. Мөнгө олдоно, олж байна харин эрүүл мэнд эргүүлж олоход маш хэцүү, олдохгүй. Олдсон ч асар их үнээр олдоно. Хэчнээн төрлийн эрүүл мэндийн төрөлжсөн хөтөлбөрүүд боловсруулсан ч энэ нэг л ахиц үр дүн муутай байх шиг. Сайн байдаг байсан бол өдийд монголчууд ингэж олноороо аймшигт өвчинүүдээр хорвоог орхихгүйсэн.
Эцсийн эцэст эрүүл байвал юуг ч бүтээж болно. Хамгийн түрүүнд Монголчууд бүгдээрээ эрүүл саруул байх хэрэгтэй байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ардын сайхан үг бий. Эрүүл байж их юм хийж бүтээнэ.
Бид цөөхүүлэхнээ шүү дээ. Та бидний цөөхөөн Монголчуудыг эрүүл энх, амар амгалан байлгахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаарай. Танд эр биеийн эрүүл энх, эрхшээл бэрхшээлийг сөрж даах зүрх зориг, ихийг хийж бүтээхийн эрч хүч, танай гэр бүлд сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Үүний тул хүндэтгэн ёслосон,
Хэлшинжлэлийн Ухааны доктор Жанцангийн Бат-Ирээдүй
Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн
Зочин Профессор
Япон Улс, Токио
Токио, 2009 оны 6 дугаар сарын 15

ДУУ СОНСОХООР BBC, VOA СОНСОГТУН.


Миний блог үзэгч залуучууд яаж гадаад хэл хурдан сурах вэ тэр дундаа англи хэлээ хэрхэн богино хугацаанд сайжруулах вэ гэсэн асуулт их ирүүлж байна. Би нэг их сүрхий арга чарга мэддэг, тэрийгээ хүнд ч хэлэхгүй нуугаад байгаа хүн биш гэхдээ зөвлөе, санал бодол хуваалцая гэж бодлоо. Тус болж бас юуны магад. Хэл сурах, за ер нь аливаа шинэ зүйлийг сурахад хэд хэдэн чухал зарчимтай баймаар юм билээ.
Шуудхан хэлэхэд гадаад хэлийг тэр хэлнийх нь орчин нутагт нь сурах шиг сайн юм байхгүй. Гэхдээ хүн болгонд энэ завшаан олон учир шалтгаанаар олдоод байхгүй учир өөрийн сэтгэл, итгэл, хөдөлмөр гуравтаа шүтэхээс өөр замгүй. Миний дээр хэрэгтэй гэсэн тэр зарчим бол энэ гурав юм. Ийм гурван зүйл байхгүйгээр дан сайн сурах бичиг, ном дэвтэрээр сурна гэж хаана ч байхгүй. Унтаж байхад чинь гадаад хэл сургах ном си ди байна гэж байгаа хүн болж үлгэр яриж бизнес хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Дээр хэлсэн дээр бүтээлч байх үйлийг нэмбэл бүр сайн. Нэг үеэ бодвол манай дэлхийн гол гол хэл, тэр дундаа англи, орос, япон, хятад, солонгос хэл сурах боломж нэлээд нэмэгдсэн. Энэ нь тухайн хэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байнга ашиглах боломж юм.
Монголчуудыг ажиглаж байхад хэлний зүй буюу бичгийн хэлэнд овоо, ярианы хэлэнд ахиц муутай доороо эргэсэн аятай байдаг. Энэ нь ярих сонсох орчин бүрдэхгүй байгаатай холбоотой. Эхлээд сонсож ойлгож ёстой нөгөө чихнийхээ бөглөөг гаргаж байж дараа нь хариулах, ярих шат руугаа орно. Гэхдээ мэдээж гэнэт яриад унахгүй аль аль нь зэрэг хөгжиж байгаад ахих дэвших тал руугаа урагшилна. Хэдий чинээ уйгагүй их сонсох тусмаа дасаж дадаад ойлгоод эхлэнэ. Номын дасгал хийчихэээд суугаад байвал бүтэхгүй. Мэдээж сонсоход суурь мэдлэг, бас үгийн сангийн тодорхой нөөц хэрэгтэй л дээ. Үгийн сангийн нөөцийг бол алхам тутамдаа нэмэгдүүлэх хэрэгтэй, энэ бол хаана ч явсан нэмэж болдог, орчин нөхцөл шаарддаггүй ажил.
Зэ тэгээд дараа нь шууд сонсох чадвараа хөгжүүлэхийн төлөө байнга хичээллэх хэрэгтэй. Та дандаа хөгжим сонсож явдаг шигээ дандаа амид яриа сонсож явбал чихний чинь бөглөө арилна.
Залуучуудыг би хаа явсан газраа болсон болоогүй дуу сонсож толгой донхолзуулан данхалзуулан явснаас өдөрт ядаж нэгээс хоёр удаа ВВС юм уу Voice of America (VOA) радиог FM-ээр сонсож бай гэж зөвлөмөөр байдаг юм. Улаанбаатарт байгаа залуучуудад энэ маш том боломж. Учир энэ хоёр радио шинэ мэдээгээ цаг тутамд өдөртөө хэдэн арван удаа давтдаг учир нэг ёсны сайхан амид яриа, амид хичээл болох учиртай. Яг үнэндээ энэнээс илүү сургууль, сургалтын төв гэж Улаанбаатарт бараг байхгүй дээ. Ер нь залхуу бол хүний хамгийн том дайсан юм шүү дээ.
Токио, 21.05.2009

7/27/2009

БҮШИДО БОЛ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ


Бүшидо бол үндэстэний билэг тэмдэг болсон сакура цэцгийн адил Японы нэг чухал хэсэг билээ. Энэ бол тийм их хуучирч муудчихсан, гундаж хатчихсан зүйл, түүхийн зүгээр нэг буян өглөг биш юм. Гоо сайхан, хүч чадлаараа өдий хүртэл амидарсаар байгаа үнэт зүйл билээ. Энэ бол гарт баригдаж, нүдэнд харагдах хэлбэр дүрсгүй боловч ариун тансаг үнэр нь бидэнд мэдрэгдсээр байгаа зүйл. Түүнийг төрүүлж, төлөвшүүлсэн нийгэм нь аль хэдийн үгүй болжээ. Феодалын нийгмийн үр төл болсон бүшидо ёс зүйн дэг сургаалаараа одоо ч биднийг гэрэлтүүлэн гийгүүлсээр байна. Харамсалтай нь эрдэмтэн судлаачид хүртэл мэдэхгүйгээсээ болж ёс зүйн тогтолцоо хэзээ ч хаана ч байгаагүй хэмээн дутуу дулимаг дүгнэлт хийж байсан. Карл Маркс “Капитал” –даа “Одоо ч амид оршин буй Японы феодализмын улс төр, нийгмийн тогтолцоог судлан үзэхийг” уншигчдад сануулж байсан билээ. Би ч гэсэн миний уншигчид Японы ёс зүйн хэм хэмжээнээс суралцана гэдэгт найдаж байна. Би Европ болоод Японы феодализмыг харицуулах зорилго тавиагүй. Миний зорилго бол Бушидогийн уг гарал, эх үүсвэр, онцлог, номлолыг бичих хэрэг байлаа. Мөн түүний нийгэм олонд үзүүлэх нөлөө, цаашид хэрхэн нөлөөлж оршин тогтох чадварын талаар бичих хэрэгтэй байгаа юм. Бүшидо хэмээх уг япон үг нь ойролцоо утгаар нь хэрэглэж байгаа англи хэлний chivalry буюу ёс зүйн тогтолцоо гэдэг энэ үг, мөн horsemanship буюу морь унасан хүн гэдгээс ч өргөн дэлгэр утга агуулгатай юм. Бу-ши-до гэдэг бол Цэргийн зам мөр гэсэн утгатай үг. Энэ бол тэдний ажил төрөл, өдөр тутмын үг яриа, үйл хөдлөлдөө дагаж мөрдөх учиртай ёс журам аж. Тэдний ёс суртахууны хууль журам юм. Үүнээс үүдэн би бүшидо хэмээх япон үгийг нь хэрэглэмээр байна. Яагаад гэвэл юутай ч харицуулашгүй өөр бөгөөд өөрийн гэсэн зан төрх, сэтгэлгээтэй учраас тэр. Үндэсний өвөрмөц чанарыг өөртөө агуулж байдаг. Энэ бол гагц Япон хэлэнд биш бусад хэлэнд ч байдаг зүйл. Бушидо бол самуурай нарын дагаж мөрдөх ёстой ёсзүйн цогц дүрэм журам юм. Энэ нь эр хүний зүрхээр бичигдсэн хэлэлцэгдэж батлагдаагүй хууль юм. Бүшидо бол ганц хүний ухаан сэтгэлгээгээр биш ард түмний төр улсаа зэр зэвсгийн хүчээр төвхнүүлж эхлэснээс хойшхи хэдэн зуун жилийн үр дүнд бий болсон зүйл юм. Арван долдугаар зууны үеэр цэргийн хууль буюу бүкэ хатто гэж байлаа. Тэдэнд хэрхэн гэрлэх, цэргийн хуаранд хэрхэн амидрах зэрэгхэн байснаас биш ёс суртахууны талаар тэгнэ ингэнэ гэсэн юм бараг байсангүй. Ийм учир бүшидог тэнд, төдийгөөс эхлэжээ гэж тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй юм. Харин ямар ч байсан феодалын нийгмийн үед бий болсон нь тодорхой бөгөөд бүр нарийн цаг хугацаа хэлэх боломжгүй юм. Англид феодалын улс төрийн тогтолцоо Норманы эзлэн түрэмгийлэлийн үеэс (1066) тогтсон гэж үздэг. Японд 12 дугаар зуунд Ёритомогийн үеэс бий болсон гэж үздэг. Харин Английн феодал тогтолцооны нийгмийн хэлбэрүүд нь Вилияамын Хаант улсаас өмнөх үед хамаарна. Японд бол феодал тогтолцоо Ёоритомогийн үеэс бүр өмнө үр нь соёолж байжээ. Японд европийн адил феодалын тогтолцоо бүрэлдэн бий болоход бүши давхарга аяндаа нийгмийн хүч болон тодрон гарч ирсэн байна. Энэ нь харуул, хамгаалагч гэсэн утгатай самуурай хэмээх үг юм. Сино-Япон хэлний бүкэ буюу бүши-г Японд их хэрэглэх болжээ. Үгийн утга нь тусгай анги давхаргын хөлөг баатруудын тулаан гэсэн шиг утгатай аж. Уг удмаасаа байлдах дайтахыг өдөр тутмын үйл хэргээ болгосон бүдүүн бараг улс байж. Сүүлдээ тэд байгалийн шалгарлаар шигшигдэн үлдсэн улс юм. Урт удаан хугацааны дайн тулаан үргэлжлэх явцад хүч зоригоороо шалгаран үлджээ. Эмэрсоны үгээр хэлбэл тэд бол “жинхэнэ эрмэг адгуус адил бүдүүлэг, хүчит , хүний үнэргүй эрчүүд” байсан байна. Тэдэнд олон сайн тал, эрхэм хүндэтгэл, өндөр хариуцлага байсан. Удалгүй тэд хариуцлагаа ухамсарлаж, тухайлбал өөр өөрсдийн овог аймгийн өмнөөс тулалдах тул өөрсдийн нийтлэг шалгууртай болох ёстойг анзаарсан байна. Тэдэнд ёстой эр хүн шиг үзэх тулаан, хүүхдийнх шиг цэвэр ариун зан суртал алин болохыг шүүх хэмжүүр хэрэгтэй болжээ. Энэ бол цэрэг дайчин, энгийн ард иргэний ёс зүйн үндэс биш биз? Англи банди хоёр янзын бодолтой. Нэгдүгээрт жижиг хүүхдийг дээрэлхэхгүй, хоёрдугаарт том хүүхдэд бууж өгөхгүй, айж хулчийж зугтахгүй. Энэ бол Английн суут төрийг цогцлоох маш том тулгуур суурь болсон аж. Бушидо ч мөн адил үүнтэй эн тэнцүү юм. Зарим зоригтой эрчүүд мөн дайнд итгэдэг. Бусдын хувьд бүх урлагийн үндэс суурь, их ашиг, эр хүний чадал хүчийг харуулдаг гэж үздэг. Хүүхэд ахуй наснаасаа ийм үзэл бодлыг өвөрлөн өсөж өндийхийн зэрэгцээ аж амидрал нь өргөжин, хүмүүстэй түмэн зүйлийн утас учигаар холбогдож ирэхийн цагт хүүхэд ахуйнхаа итгэл үнэмшлийг залж, өөрийнхөөрөө улам гүнзгийрүүлэн хөгжүүлдэг. Өндөр дээд ёс суртахуунгүй дайн тулаан байсан бол бүшигийн мөрөөдөл болоод самуурай аль хэдийн үгүй болох байсан байх. Бас нэг нөхөр “дайн, шашин, нэр төр гурав бол Христосын гурван сүнс” гэсэн байдаг. Японд бол Бүшидогийн амин сүнс гэж хэлэх хэд хэдэн зүйл бий.

CHAPTER I
Bushido as an Ethical System

Chivalry is as much a part of Japan as its national flower, the cherry blossom. It is not an old, dry, historical virtue. It is still a living object of power an beauty. While it has no shape, we know that we are under its influence. The social conditions in which it was born have long disappeared. The light of chivalry, which was a child of feudalism, still shines upon us with its moral teaching. It is a pleasure for me to think about it, as it is for some English people to think about their past knights in shining armor. It is sad and disappointing to note, however, that even some scholars do not know that chivalry ever existed anywhere at any time. Carl Marx, in his Capital, however, urged his readers to study the social and political institutions of feudalism, as it then existed in Japan. I also hope my readers will study the chivalry of present day Japan. I do not intend to compare European and Japanese feudalism. My attempt is rather to write about the origin and sources of our chivalry, its character and teaching. I also write about its influence on the masses and the continuing permanence of that influence. The Japanese word which I have roughly call chivalry is more than just horsemanship. Bu-shi-do literally means Military-Knight-Ways. These are the ways which fighting nobles should observe in their daily lives and follow in their work. They are the moral rules of warrior class. From now on I would like to use the Japanese word because it is a teaching which is very unique and produces a distinct type of mind and character. So it is with some words. They are very expressive of national character. This is not just the case with some Japanese words but also other languages. Bushido, then, is a set of moral rules which the samurai had to follow. It is an unspoken law written only in the heart of man. It was founded not by one man alone but was the result of the natural growth of centuries of military careers. Early in the 17th century there were military laws (buke hatto). They had to do mostly with marriages, castles and so on, almost nothing about moral instruction. We cannot, therefore, point to a define time and say, “Here is where it began.” It was born in the feudal age but feudalism itself is hard to identify with a specific time. In England the political institutions of feudalism may be said to date from the Norman Conquest (1066). In Japan we may also say that its rise was at the same time Yoritomo came to power in the 12th century. But in England we find that the social previous to William the Conqueror. The seeds of feudalism in Japan also existed long before Yoritomo. Also, in Japan as in Europe, when feudalism formally started, the professional class of warriors naturally became widely known. These were known as samurai, meaning guards or attendants. The Sino-Japanese word buke or bushi came into common use in Japan. The words mean “fighting knights,” who were a privileged class. Originally they must have been a rough breed whose work was fighting. They were survived over periods of constant war. To borrow Emerson’s phrase, they were “a rude race, all masculine, with brutish strength.” They had many advantages, great honor and heavy responsibility. Soon they left the need of a common standard of behavior, especially since they were always fighting and belonged to different clans. They were in need of some measure by which to be judged such as fair play in fight, a primitive sense of childhood morality. Is this not the root of all military and civic virtue? The British boy had two ideals: 1) never bully a smaller boy and 2) never run away from a bigger one. This is the basis on which very strong morals can be built. This is the basis on which the greatness of England was built. The same was true of Bushido. Some of the most gentle-hearted of men also believe in war. For others it is the foundation of all the arts, high virtues and powers of men; war nourishes the great nations. Childhood begins with these ideas and so does knighthood, but this faith seeks its own justification, satisfaction and development. War without high moral support would fall far short of the ideals of knighthood and the samurai. One man said that religion, war and glory were the three souls of a perfect Christian knight. In Japan there were several sources of Bushido.

7/26/2009

НОМ БОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ОЮУНЫ ӨМЧ


НОМ БОЛ ЗӨВХӨН ТУХАЙН ҮНДЭСТНИЙ
ОЮУНЫ ӨМЧ БИШ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙХ

Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ ном судар бүтээж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж, сурч боловсордог жамтай. Ямар ч номын сангийн хамгийн энгийн ойлголт бол хүний оюун ухааны бүтээлийг уншигчид, ерөөсөө хүмүүст хүргэх эрхэм зорилготой.
Монголчууд хэдийгээр нүүдэлчин удмын улс боловч дэлхийд гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгүй хадгалж, уншиж ирсэн сайхан уламжлалтай, номын эрхэм соёлтой ард түмэн.
Өнгөрсөн хавар манай ерөнхийлөгч бөлгөө Н.Багабанди “эрдэм ухаан, авьяас, хөдөлмөрөө шингээж туурвисан оюуны үнэт өв болох ном” –оосоо сайн санаагаараа үндэснийхээ номын санд хандивлаж байхыг уриалсан зарлиг гаргасан нь оройтсон болохоос үндэснийхээ номын санг номтой болгох гэсэн хүний “мэргэн” санааны нэг болой.
Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж, номоор дүүргэх нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийн томоохон төвүүд болох Лондон, Вашингтон, Египит, Москва, Чех, Токио, Вена, Парис, Бээжингийн номын санд монгол хүний хийж бүтээсэн бүхнээс илгээж тэнд хадгалагдаж байх ёстойг мартаж болохгүй юм. Мэдээж дэлхийн бүх номын санд хүргэж чаддаггүй юмаа гэхэд гол хэдэн газарт нь хүргэж байгууштай юм хэмээн мунхаг би бодож байна.
Номын санг үйлчилгээний хүрээ, зориулалтаар нь үндэсний, нийтийн, академик буюу их сургуулийн гэж гурав ангилдаг аж. Аливаа байгууллага, салбарын үйл ажиллагаа, онцлогийг хэмжих нэгж өөр өөр байдаг. Номын сангийнх бас сонин юм. Орчин үеийн номын сангууд сая сая ном, уншигчын тоо, тоног төхөөрөмж, электрон цахим сүлжээний боломж, хэдэн сая мигабаттын дүрс, дууны бичлэгээрээ, хадгалж байгаа сая сая шуудангийн маркаараа, уран зургийн цуглуулга, фото зураг, гар бичмэл, газрын зураг, патентийн тоогоороо уралддаг юм байна.
АНУ-ын Конгрессийн, Английн Британий, Греекийн Үндэсний, Оросын улсын болон үндэсний, Хятадын үндэсний, Австралийн үндэсний, Канадын Үндэсний, Денмаркийн үндэсний номын сан зэрэг хүн төрөлхтөний оюун ухааны ховор нандин бүхнийг хуваагаад хураачихсан хэдхэн гол газар байх юм.
Өчүүхэн миний бие саяхнаас Кембрижийн Их Сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхимийн “Төвд Монгол ховор ном” төслийн хүрээнд Европын төдийгүй дэлхийн тэргүүний номын сан болох Их Британий номын санд ажиллаж номын сангийн нарийн ширийн зүйлтэй нь танилцах завшаан оллоо.
Уншигч авгайд сонин болгох үүднээс Британы номын сангийн тухайд хэдэн тоо баримт сонирхуулья. Британий номын сан бол 1753 онд Британы Музейн нэг хэсэг болон байгуулагдсан бөгөөд дэлхийн 10 аас дээш сая номтой 8 номын сангийн аман хүзүүнд бичигддэг аж. Дэлхийн дээр 30 саяас дээш номтой номын сан одоохондоо байхгүй байгаа юм байна. Энд дэлхийн гол гол хэлээрх 18 сая ном, 8 сая шуудангийн марк, дугтуй, манай эриний өмнөх 300 жилээс өнөөдрийг хүртэлх бүх сонин, эдгээр бүх сонины микрофиш (фотозураг), 310 мянган боть гар бичмэл, 59 сая патент, 4 сая газрын зураг, 260 мянган төрлийн сэтгүүл хадгалагдаж, ашиглагдаж байна. Шинэ ном материал авахад жилд 10 сая фунт стерлинг зарж 3 сая ном авч байгаагаас Азийн номд 130 мянган фунт стерлинг төсөвлөдөг ажээ.
Номын тавиарыг уртааш нь авч үзвэл 625 км хүрсэн бөгөөд өдөрт 44 метрээр, жил тутам 12 км-ээр уртасдаг гэнээ. 2004 онд 2 сая 500 мянган хүн веб сайтад нь хандсан нь урд жилийнхээс 36 хувиар ахисан аж. Цахим каталоги 30 сая болж, ажлын өдөр бүр 10 мянган шинэ эрдэм шинжилгээний үгүүлэл шинээр цахим аргаар (онлайн) хэрэглэх бололцоотой болдог аж. Британы номын сангийн номоос өдөрт 5 ном үзэхэд 80 мянган жил хэрэгтэй болох гэнэ.
Энд дэлхийн анхны газрын зураг, Магна карта, Леонардо да Винчийн тэмдэглэлийн дэвтэр, Таймс сонины 1788 оны 3 сарын 18 нд гарсан анхны дугаар, Бийтлзийн гар бичмэлүүд, Нелсон Манделагийн дуу хоолойн бичлэг зэрэг эхээрээ хадгалагдаж олон материал байна.
Британы номын сангийн барилга бол Британы уран барилгын 20 дугаар зууны нэг шилдэг шийдэл болсон бөгөөд газарт 25 метр гүн барьж, 112 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд газраас дээш 9 давхар, доош 5 давхар барьсан ажээ. Үүнд 180 мянган тонн шороо чулуу, 10 сая тоосго орсон гэнээ. (зураг дээрх байшин)
Дэлхийн бусад улсын номын сантай харьцуулбал 200 жилийн түүхтэй, 25 сая номтой АНУ-ын Вашингтон дахь Конгрессын номын сангийн дараа, 140 жилийн түүхтэй, 17 сая номтой Оросын Улсын номын сангийн өмнө орж , 13 сая номтой Францын Үндэсний номын сан, 11.8 сая номтой Оросны Үндэсний номын сан, Германы үндэсний номын сан, Канадын үндэсний номын сан удаалдаг ажээ. Азиас Японы Үндэсний номын сан 9.2 сая, Хятадын Үндэсний номын сан 9 сая номоороо дэлхийд эхний 10-д ордог аж. Эдгээр номын сангууд нь 800-4600 хүртэл ажилтантай бөгөөд жилийн төсөв нь 12-400 сая хүртэл ам. доллар байдаг аж. Дэлхийд хамгийн өндөр төсөвтэй номын санд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Албаны номын сан жилийн 900 сая ам. доллараараа толгой цохидог аж. Манай үндэсний номын сан 3 сая номтой гэдэг юм билээ. Үүний тал хувь нь монгол ном бөгөөд хамгийн их нь төвд ном 1 сая байдаг гэсэн. Бас ч муугүй тоо, учир нь дэлхийн ихэнхи үндэсний хэмжээний номын сангууд 2-4 сая номтой байх юм. Харин төсөв нь мэдээж.
Дэлхийд алдартай эдгээр номын сангуудад дэлхийн 460-аад хэлээрх бүтээл хадгалагддаг бөгөөд монголчуудын хийж бүтээсэн ном судар хаа сайгүй бий. Ер нь Монголоос дэлхий даяар хамгийн их тарсан зүйлийн нэг бол монгол ном юм гэж хэлж болно. Учир нь дэлхийн томоохон номын сангуудын монгол номын каталогийг тухайн орных нь болон бусад орны эрдэмтэд аль хэдийн хийж гаргасан байдлаас ийн хэлэх бүрэн үндэстэй юм. Тухайлбал Германы Дрезден, Лайпциг, Тюбэнгэн, Марбург, Берлин, Штуттгартын номын сан, музейн монгол номын каталогийг профессор В.Хайссиг, К. Сагастер нар, Токио, Сийтлийн номын сангийн каталогийг проф. Поппе, Окада нар, Шведийн Угсаатны музейн монгол номын каталогийг П.Аалто, Вашингтоны монгол номын каталогиийг судлаач Ф.Давид , Калифорны Беркелэгийн Их Сургуулийн Монгол номын каталогийг эрдэмтэн Л.Бэшэ, Чикагогийн каталогийг Ж.Крюгер, Ослогийн Их Сургуулийн Номын сангийн монгол номын каталогийг В.Хайссиг, Бельгийн монгол номын каталоги, Денмаркийн Копенгагны Хааны номын сангийн монгол номын каталогийг проф. В.Хайссиг, Ч.Бауден нар, Унгарын ШУА-ийн номын сангийн монгол номын бүртгэлийг проф. Ж.Кара (Хар Дорж), Ирландын Честер Бийтийн номын сангийн монгол номын каталогийг академич Ч.Бауден, Прагийн монгол номын каталогийг судлаач К.Марта, Орос дахь монгол номын каталогийг Б.Владимирцов, Л.Пучковский, А.Сазыкин нар аль хэдийн эмхэтгэн хэвлүүлж монголч эрдэмтдийн хүртээл болжээ.
Эдгээр номын каталогоос үзвэл монголчуудын бүтээсэн ном таван тив дөрвөн далайг гатлан тарсан бөгөөд, монголчууд оюун ухааны ямар арвин бүтээлтэй, ном бүтээх нандин уламжлал, туршлагатай болохыг харж болно.
Харин яагаад ч юм Британы номын сангийн монгол номын каталогийг өдий хүртэл хэн ч хийгээгүй нь сонин юм. 1954 онд Германы монголч эрдэмтэн В.Хайссиг (сая 9 дүгээр сарын 5 нд таалал боллоо) нэг удаа сууж ажиллаж байгаад цөөхөн сударын товч каталоги гар бичмэлийн эрхтэй хийгээд буцсан байна. Харин дэлхийн монголч эрдэмтэд ирж номуудыг нь үзэж, судалж байсан нь тэдний үлдээсэн зарим гар ноорог, зурвасаас ил байна. Японы монголч эрдэмтэн Шири Хаттори нар ирж сууж, үзэж судалж зарим гар бичмэлийн дунд нь дутуу хөтүү хуудас байгааг тэмдэглэж байжээ.
Британы номын санд монгол хэлээрх нэлээд судар, гар бичмэл, ном бүтээл хадгалагдаж байгаагаас “Очир дарь мэргэн даяанч ламын гэгээний зарлиг”, “Арван түмэн шүлэгт ном”, “Бодь мөрийн зэрэгт анх оюун судлах номын үүдэн нээгч хэмээгдэх оршибай”, “Ламрин ченбо”, “Сонсоод ихэд тонилгогч нэрт хөлгөн судар”, “Чухал хэрэглэгч төгс утгын шастир оршивой”, “Хутагт ихэд тонилгогч зүгүүдээр дэлгэрсэн гашуудан гэмшихээр хилэнцийг арилгаад, бурхан болгон бүтээх тийн бөгөөд зохиосон нэрт их хөлгөн судар” зэрэг буддийн шашны ном, “Авах гээхийг ялгасан судар”, “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж”, “Бигармижид хааны тууж“, “Цагаан өвгөн нэрт судар” “Гал тахих судар”, “Дууны аймаг”, “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь” зэрэг хэл, утга зохиол, соёл, түүх, шашин, эмнэлгийн сонин содон ном олон байгааг орчин үеийн ном хадгалах стандартын дагуу дээд зэргээр нандигнан хадгалж уншигч мэргэн түмэнд толилуулж байнаа. Маний хувьд өнөөдрийг хүртэл үзсэн нь ийм боловч цаашид ямар ховор нандин ном бүтээл гарахыг хэлж үл мэднэ.
Эдгээр ном судар ихэнх нь англиас монголд очиж байсан жуулчин, аялагч, шашны номлогч нарын гараар дамжиж орж ирсэн нь тэдний бичиж үлдээсэн тайлбар сэлтээс тодорхой байх бөгөөд хэзээ, хаанаас, хэнээс авсан, хэдэн он хүртэл хаана хадгалж байсан зэргээ тов тодорхой бичээд номын хамт номын санд өгсөн нь тодорхой байна.
Ийнхүү олон зуун жилийн өмнөх хуучины ном судар нэлээд байхын зэрэгцээ социализмын үед манай улсын номын сантай сайн харилцаа холбоотой байж тухайн үед хэвлэгдсэн номын ихэнхийг авдаг байсан нь эндэхийн каталогоос ил байна. Харин 1990 ээд оноос хойш тус номын сантай харилцаа холбоо үгүй болж тогтмол хэвлэл болон ном, судрын солилцоо байхгүй болж, тасарсан байна. Энэ нь нэг талаас мөнгө зоостой холбоотой байж болох ч ерөөсөө номын сангийн бодлого алдарсантай холбоотой гэж үзэх нь үнэнд илүү нийцнэ. Хувь хүмүүсийн өгсөн болон барууны орнуудад хэвлэгдсэн гагц нэг номыг эс тооцвол сүүлийн 15 жилд энд монгол номын сураг тасарсан байна гэж үзэж болохоор байна. Эдний албаны хүмүүсийн ярих нь бид ядаж англи хэлээр гардаг өдөр тутмын сонин авах гэж үзсэн гэвч холбоо харилцаа тогтоох боломж гараагүй гэж ярьж байна. Нээрээ ядаж англи хэлээр гардаг цөөхөн сонины бүтэн дугаар ч энд алга. Энэ харамсалтай байдал бусад томоохон номын санд ч адилхан байгаа нь ойлгомжтой.
Бүхэл бүтэн 15 жил гэдэг хэдий ядуу буурай боловч оюуны ухааны ертөнцөд чамлахааргүй юм хийж бүтээсэн он жилүүд байсан, гагцхүү тэр ном бүтээл энд ирээгүй л байна.
Нэгэнт номын сангуудын хооронд болон бусад байгууллага, компаний хооронд харилцан мэдээлэл, албан ёсны солилцоо ч юм уу, худалдааны шугам байхгүй тул эднийх төсөвт мөнгө тусгадаггүй юм байна. Монголоос найдвартай холбоо тогтоох байгууллага байвал Монголд гарч байгаа ном хэвлэлийг, шууд худалдан авах хамгийн зөв зам гэж эд үзэж байна. Өөрөөр хэлбэл номын солилцооноос илүү зах зээлийн жам ёсны дагуу худалдааны аргаар харилцаа хөгжүүлэхэд бэлэн байгаа юм байна.
Монгол хэлээр уншдаг хүн байх биш энүүгээр яахав гэж соёлтой хүмүүс хэзээ ч үзэхгүй, гадны соёлын хүндэтгэж сурсан ард түмэн гэдэг агуу байдаг ажээ. Англичууд гадаад улс үндэстний түүх, соёл, иргэншлийг дээдлэн бишрэн хүндэлж, хадгалан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай улсаа. Ном ямар хэлээр байхдаа сонин биш дотор нь юу байгаадаа хамгийн сонин байдгийн утга учир энд оршино. Гэхдээ харьцангуй цөөн боловч монгол судлалын судалгаа хийдэг хүмүүс, судлаач нар ажилласаар байна, тэд номоо Монголоос дамаар, сургаар эрж хайж, таньдаг мэддэг хүн дээ захиж байж олж авч байна, номын санд нь байдаг бол юу гэж тэгэж үйлээ үзэр билээ.
Монголд нэг үеэ бодвол ном хэвлэл, худалдааэны зах зээл харьцангуй сайн хөгжиж эхлэж байгаа гэж хэлж болно. Дан номын бизнесээр хөл дээрээ босож, зах зээлд замаа олсон компани, хувь хүн би олныг мэднэ. Гагцхүү жижигхэн зах зээлтэй манайх шиг оронд 500-1000 ном арайхийж зарагдана. Энд тэндэхийн номын санд тав арваар нь шахах гэж үйлээ үздэг. Ингэж үйлээ үзэж жижиг зах зээлээ мэрж байхын оронд гадагшаа харж, гадаад талруугаа борлуулах аргаа хайвал бидэнд их боломж байгааг ашигламаар байна. Хамгийн их тоогоор хэвлэдэг гэх сурагчийн сурах бичгээ хэвлэх гэж алаан болдог улс тэрнээс хэдэн хувь илүү хийж болох дэлхийн зах зээл рүү хандах цаг болсон байна. Манай зохиогч бичигч, уран бүтээлч нар ч энэ талаар санаачлага гаргах цаг нь болжээ.
Монгол хүний гараар бүтсэн өмд цамц, хувцас хунар баруунд гаргаж зарах борлуулах тухай ярих, сэтгэхийн хажуугаар монгол хүний оюун ухаанаар бүтсэн бүтээл, ном судрыг дэлхийн болон барууны зах зээлд гаргах борлуулах тухай холбогдох байгууллагууд, хувь хүн, компаниуд анхаарах нь олон талын ач холбогдолтой болохыг ойлгуулах санааны үүднээс олныг нуршин чилээв.
Энэ бол гагц энэ Их Британы номын санд биш дэлхийн томоохон номын сангуудад номоо илгээх арга зам хайх тухай санаа юм шүү. Ном бол үеийн үед мөнхрөх, хүнийг гэгээрүүлэх ариун утга чанартай, хүний оюун ухааны бүтээл билээ. Таны ном энд байвал найдвартай хамгаалагдаж, үеийн үед уншигдах болно. Дэлхийн томоохон номын сангууд бол номыг хэлээр нь ялгадаггүй юм. Хамгийн гол нь Таны ном, бүтээл энд байх ёстой. Номын мэргэн зохиогч, бичигч та бүхнийг хүнээ төрөлхтөний оюуны сан хөмрөг болсон дэлхийн алдартай номын сангуудад номоо илгээхийг уриалж байна. Ном дор мөргөм үү.
Д-р. Ж.Бат-Ирээдүй (Британий номын сан,
Лондон хот, Сан Панкрас)
“Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн эхээс авав

ИЖИЙ МИНИ

ИЖИЙ МИНИ

Хавар хаврын хахирган шуурганаас
Хаацайлж хамгаалсэн ижий минь дээ
Хайр харын дуу бүхэнд
Хайлж, хатуужсан ижий минь ээ

Нарт орчлонд буянаа хурааж
Намбайж жаргасан ижий минь ээ

Зун зуны халуун нарнаас
Зулайг минь халхалсан ижий минь дээ
Замбуулин хорвоогийн ааш аягыг
Зааж л залбирсан ижий минь дээ

Нарт орчлонд буянаа хурааж
Намбайж жаргасан ижий минь ээ

Намар намрын нойтон борооноос
Намайг нөмөрлөсөн ижий минь дээ
Нарт орчлонд буянаа хурааж
Намбайж жаргасан ижий минь ээ

Нарт орчлонд буянаа хурааж
Намбайж жаргасан ижий минь ээ

Өвөл өвлийн хүйтэн жавраас
Өмөөрч тойруулсан ижий минь дээ
Өнчирч хагацахын хатуу тавиланд
Өндийж тэмцсэн ижий минь ээ

Нарт орчлонд буянаа хурааж
Намбайж жаргасан ижий минь ээ

ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ЭМНЭЛГИЙГ ХҮС

“ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЭС ЭМНЭЛГИЙГ ХҮС” Д.Нацагдорж, (1935)
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж аль 1935 онд ингэж бичиж байж. Энэ уриа хүмүүсийн мөнхийн уриа. Өнөөдөр ч утга чанар алдаагүй л байна. Эрүүл байя, өвчин зовлонгоосоо салая гэвэл эмнэлэг бараадахаас өөр арга үнэхээр үгүй. Өчигдөр манай сургуулийн бүх багш нарыг Японы хуулийн дагуу жил тутмын эрүүл мэндийн үзлэгт хамрагдана уу гэсэн бичиг иржээ. Японы улсын болон хувийн компаниуд бүгд бүтэн орон тоонд ажиллаж байгаа өөрийн харьяаны бүх хүмүүсийг жилд нэг удаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамруулах хуультай юм байна. Энэ шинжилгээгээр цээжний зураг авна, жин, өндөр хэмжинэ, цусны даралт үзнэ, зүрхний бичлэг хийнэ, зүрхийг чагнаж зөвлөгөө өгнө, нүдний хараа, сонсгол шалгана, шээс, цусны шинжилгээ авна. Хэрэв хүсвэл хавдарын шинжилгээ хийнэ. Эрүүл мэндийн үзлэг гэдэг ийм учиртай аж. Манай сургууль лав жил бүрийн 6 сарын эхээр ийм үзлэгт бүх багш, ажилтан нараа хамруулж байна. Монголд би ийм тогтолцоо бий болгож хууль гаргаасай гэж бодох юм. Япончуудын дундаж нас өндөр, хүмүүс их урт насладагийн нэг учир нь энэ жил тутмын эмнэлгийн бүрэн үзлэг байх шиг байна. Жилд хүн өөрөө давхиж очоод биш юмаа гэхэд “хуулийн хүчээр” нэг шалгуулаад байхад учиртай даа. Ялангуяа эрчүүд бол эмнэлэгт үзүүлэхгүй явсаар байгаад л янз бүрийн муу юм болохыг аль тэр гэхэв. Мэдээж дундуур нь өвдөж зовбол үзүүлэлгүй яахав. Японы даатгалын тогтолцоо их уян хатан бөгөөд даатгал нь Японы улс, хувьсгалын аль ч эмнэлэгт, хэдэн ч эмнэлэгт хүчинтэй байдаг юм байна. Лоббид автаж хэрэгтэй хэрэггүй хууль санаачилаж байхаар бүх албан газар, компани, аймаг, сум өөрсдийн хүнийг жилд нэг удаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд заавал хамруулахыг хуульчлаж өгвөл монголчуудад мөн их тус болно доо. Хуульчлахгүй болохоор зугтаагаад ирдэггүй гэж байгаа юм. Манай их хурлын гишүүд ийм юм санаачлаасай, хамгийн гол нь энэ үзлэгийн мөнгийг улс хариуцдаг байх хэрэгтэй. Тэгээд орчин үеийн нүүдлийн сайн чанарын эмнэлэг, тоног төхөөрөмжийг монголд оруулах хэрэгтэй байна, тодорхой хуваариар улс орон даяар явуулж хөдөөний малчдыг сумын төвд ч юмуу үздэг ийм журамд орвол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урт наслаж, удаан жаргахад ээ мөн буян болно доо. Үүнийг манайхан нэг бодоосой. Шинэ ерөнхийлөгч эрүүл мэндийн даатгалын мөнгийг жаахан нэмнэ гэж яриад байна билээ. Тийм хоёрын хооронд юм бараг хэрэггүй дээ.
Б.Ирээдүй, 30.05.2009, Токио

ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛАН...


Энэ завшааныг ашиглан хайрт аав, ээждээ баярын мэнд хүргэе. Энэ завшаанд хайрт аав, ээждээ баярын мэнд дэвшүүлэн, сайн сайхныг хүсэн мэндчилье. Энэ хоёр үгүүлбэрийн аль нь аятайхан найруулгатай харагдаж, сонсогдож байна? Мэдээж хоёр дахь нь. Сайн мэдрэмжтэй хүн бодвол завшаан ашиглаж дэвшүүлсэн мэндчилгээнд дуртай байхгүй л болов уу? Манайхан радио, телевизээр ярилцлага өгөхдөө энэ завшааныг ашиглан ... хэмээх нэг ийм хэллэг хэлдэг болоод удчихлаа. Би нэг удаа сонинд бичсэн, уншсан хүн цөөхөн байх шиг. Завшааныг ашиглах гэдэг үгийг хэлж, хэрэглэж баймааргүй л байх юм. Учир нь завшаан гэдэг нь аз завшаан, азтай үе, гэсэн утгат хүндэтгэлийн утгатай үг. Ашиглах гэдэг нь хэрэглэх, завших, хожих гэсэн утгат доод найруулгын бараг бүдүүлэг үг. Энэ хоёр яагаад ч нийлж найрахгүй хоёр өөр найруулгын үг л дээ. Харин энэ завшаанд, энэ завшаанаар, гэх мэтээр дангаар нь хэрэглэж болно. Харамсалтай нь бүр дээгүүр албаны хүмүүсийн хэл, ярианд хүртэл маш их байна шүү. Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргын албан ёсны үгнүүдэд ч энэ үг маш их харагдаж, сонсогдож байна билээ. Тэгээд үүнийгээ зурагт, радио, сонин хэвлэлээр цацаад тэрийг нь хүмүүс дагаж дууриагаад бүгдээрээ завшааныг ашигладаг завшаанч, ашигч хүмүүс болоод байна. Үгийг нь бэлддэг, найруулдаг хүний чадал тэнхээг л харуулаад байгаа хэрэг л дээ. Мэдэхгүй бол толь бичиг үзэж, ёстой ашиглаж сурмаар байна, манайхан. Энэ завшааныг ашиглах гэдэг үгийн утгад дүйх ойролцоо утгатай хэлц, хэллэг монгол хэлэнд олон бийг бүгдээрээ мэддэг бас хэрэглэдэг болмоор байна. Жишээлбэл, энэ дашрамд, энэ ялдамд, энэ ялдар, энэ зуур, үүний далимд, энэ завсар, энэ янтал, энэ завшаанд, гэх мэтээр ойролцоо утгат үгс буюу синонимы олон буй үүнийг хэрэглэж сурагтун. 
 02.02.09, Tokyo

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НОМ


Би сүүлийн үед "Эх хэл эрдэнэсийн сан" хэмээх Монгол хэлний цогц бүтээл хийж байгаа учир шинэ содон үг, хэллэгийн эрэлд хатаж гарч байгаа монголын уран зохиол бараг бүгдийг дээр нь өдөр тутмын сонинд гарч байгаа үгүүлэл, шүлэг бүрийг алгасахгүй уншиж байна. Шинэ үеийнхнээс үнэхээр сайн бичиж байгаа хүн ховор л байх шиг санагдана. Уншаад ч нэмэр алга. Санаа муутай, үг хэл болхи модон, зүгээр л нэг нойр хүргэсэн дардан цагаан зам. Машин барьж явахад зам ч гэсэн тийм байдаг шүү дээ. Цагаан замд орохоор л нойр хүрдэг гэж жолооч нар ярьдаг даа. Харин энхэл донхолтой, овон товонтой, даваатай гүвээтэй, бас гэрэлтэй сүүдэртэй зам бол сонирхолтой.
Уран зохиол үүнтэй эгээ адил. Харин хуучны уран зохиолуудаа дахин дахин "мөлжиж суухад" мөлжүүртэй гэж юухэв. Миний дахин дахин уншдаг зохиолууд гэвэл Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Бааст, С.Дашдооров, С.Эрдэнэ, Б.Догмид, Д.Батбаяр, Д.Норов, Д.Урианхай, Ж.Лхагва, Ц.Түмэнбаяр, Д.Төрбат, Н.Өлзийбат, Б.Лхагвасүрэнгийн үгүүлэл, тууж, шүлэг, найраг гээд хөвөрч өгнө дөө. Харин С.Анударь, Г.Аюурзана, Г.Бадамсамбуу гээд залуучуудын зохиолыг сайн ойлгохгүй юм. Толгойд нэг л буухгүй, үлдэцгүй. Аваад ашиглачихмаар сонин содон дүрслэл, монгол гэчихээр үг хэллэг хомс. Нэг түг таг, хэг ёг гэсэн үгүүлбэр, найруулгатай, санаа нь тасраад тасраад хийсээд явчих шиг. Тэр нь миний тэнэгийнх ч байж болох. Бичдэг арга найруулга нь өөр, бас уншиж ойлгодог нь ч өөр бололтой дог оо. Ойлгодог нэг нь ойлгодог л байлгүй дээ.
Харин саяхан зохиолч Шүүдэрцэцэгийн “Сэтгэлийн анир” шилмэл үгүүллэгийн номыг зориуд нэгд нэгэнгүй уншиж, бүр улаан балаар засаж үзлээ. Номыг уншихын учир нь Шүүдэрцэцэг буюу Тогтохбаярыг би шавиа гэж хэлэх үндэстэй юм. Одоогоос 20-иод жилийн өмнө Лувсанжав багш маань нэг өдөр тэр үеийн Техникийн Их Сургуулийн геологийн нэг багшийг танилцуулж байсан нь Тогтохбаярын ээж байсан юм. Тэрбээр охиноо конкурсдүүлэх санаатай бэлтгэж өгөх багш олж өгөөч гэж багштанаас гуйсан нь надад тохоогдож билээ. Тэр үеэс Тогтохбаярыг Эрхүү, Улаанбаатарт оюутан, магистрант байхыг мэдэх юм. Харин зохиол үгүүллэг бичдэг болсныг нь сүүлд мэдэж билээ. Саяханаас Лондонд англи хэлээр хэвлүүлэх гэж байгаа Монголын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс эмхэтгэсэн “Элбэрэл” номд оруулах ажлаар бид овоо холбоо харьцаатай байгаа юм. Үүний ялдар надад й-мэйл бичихдээ “Та миний зохиолыг нэг сайн уншиж өгөөрэй. Би дөрөв таван тууж, хорь гаруй үгүүллэг биччихлээ. Бас нэг кино, бас нэг ди ви ди, өөр нэг сонсдог ном хийчихлээ, би одоо шүүмж л сонсмоор байна” гэсний дагуу эрхбиш монгол хэл, уран зохиолын багш, судлаач нэр зүүсний хувиар уншиж суугаа нь тэр. Харин тэр зохиолыг уншиж байсан чинь манай бага охин, - Ааваа та яагаад эмэгтэй хүний ном уншаад байгаа юм бэ? гэж байна. Юун эмэгтэй хүний ном билээ гэж гайхсан миний царайг харангуутаа наад номыг чинь эмэгтэй хүн л унших ёстой биз дээ гэж “Сэтгэлийн анир”-ыг заалаа. “Үгүй энэ чинь эр, эм хүмүүс хамаагүй уншиж болно шүү дээ, миний охин” гэсэн чинь итгэдэггүй. Худлаа яриад л гэж байна. Нээрээ харахнээ нүүрэн дээрээ зохиогчийн сайхан зурагтай үнэхээр л эмэгтэй хүний гоо сайхны ном байж ч болохоор хавтастай байгааг нь би анзаарав. Нээрээ бас энэ чинь эмэгтэй хүний л бичсэн ном доо гэж би давхар бодлоо. Охин минь сонин талаас нь харж байна шүү. Номоо уншиж дууслаа. Хэд хэдэн аятайхан үгүүллэг байна, санаа нь хөөрхөн юм. Хэл нь бас муугүй. Гэхдээ цаашаа бодмоор, үзмээр юм байна билээ. Тэрийг өөрт нь жич хэлье. Эмэгтэй хүний ертөнцийг үзэх үзэл, бодол санаа, бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, ээж, аав, эмээ, өвөө, эр нөхрөө, үр хүүхдээ гэсэн сайхан халуун сэтгэл, хүний мөс, хүн чанарыг дээдэлсэн санал бодлууд энэ бүхэн энд нэг дор хуржээ.
Эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний хараагүйг харж, хэлээгүйг хэлж, бичээгүйг бичиж, арга билгээр энэ ертөнцийг адил тэнцүү бүтээх ёстой ажээ. Миний охины хэлсэн шиг “эмэгтэй хүний ном” гээд ганцхан эмэгтэй хүн унших учиргүй ээ. Эмэгтэй хүний ном гэдэг үгийг эмэгтэй хүн бичсэн юм ч гэж ойлгож болно, эмэгтэйчүүдэд зориулсан ном ч гэж ойлгож болно. Харин энэ бол эмэгтэй хүний бичсэн эрчүүдэд хэрэгтэй ном шүү. Эрчүүд минь бас уншаарай.