10/31/2010

Дэндэвийн Пүрэвдоржийн дэндүү цэцэн ухаан


Дэндэвийн Пүрэвдоржийн дэндүү цэцэн үгс
  • "Бурхан анх хүнийг тэнгэрлиг ариунаар бүтээсэн атал, нөгөө гайхал нь орчлонгийн бурангуйд сэтгэл үйлийн бузар буглахуйд арга буюу эгүүлэн татах болсон буй за."
  • "Амьдрал гэж юу вэ, үхэлд хөөгдсөн хүмүүн сүргийн гэнэхэн хүсэл, үл гүйцэлдэх мөрөөдлийн зэрэглээ."
  • "Амьдрал гэдэг орчлонгийн зүүдэнд аз жаргалын солонгыг харан хууртах нь юутай мунхаг үнэмшил вэ."
  • "... тэдний сэтгэл гэдэг цадахыг мэдэхгүй мангасын ходоод тул нэг нь нөгөөгийнхөө эд агуурс, эр эм, эрх дарх, алдар нэрд атаархан сувьдах учир амар заяа үл үзнэ..."
  • "Хайр дурлал гэдэг хүний сэрэхүйн цочролд үүсдэг дотоод сэтгэлийн алдуурал, сэтгэгч адгуусны дур удамшлын туйлшрал гэж болно. Гоо сайхныг дангаар эзэгнэх сувьдалд нэг нь нөгөөгөө өмчлөн мөнхийн орооныхоо гагсааг тайлах, хязгааргүй тэчияалыг юүлэхийн тулд түүнийг тэнгэрлэгийн сууд өргөмжлөнө."
  • "Эр хүний бие нь эс тайвширах сэхлүүн санаагаа гүйцэхгүй явгарах цагт, мөнөөх дурлалын сүг сүүдэр гаслангийн үүдийг нээж түүнийг амьдын тамд түлхдэг ч байж болох юм."
  • "Хүний орчлон гэдэг санамсаргүй тохиолдлын хоормог байдгаараа тайлж ядсан гайхшралыг өдөөж, чухамхүү түүнийг мөшгих нь амьдралыг ад мөрийн сонин болгодог байж болох юм."
  • "Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шалдар горьдол мэтээс ангижирч сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за."
  • "Хүн ариун цагаан төрөөд орчлонгийн хүнгэрт дэлсүүлсээр эцэст дороосоо ялзран мөхдөг хойно доо."
  • "Ерөөс сүнс хэмээгч нь орших биенээс ойн гарсан оюун сэтгэлийн бичил цөм буюу."
  • "Хүн гэдэг чивэлт адгуус өөрийн шижээргүй нөхцөлдөөнийг булахын тулд хорвоог эрээн тоост нүгэлт гэх мэт хочилдог нь зөвхөн амьд ахуйд зэмийн гогцооноос хүзүү мултлах гэсэн нохой заль төдийхөн агаад "үнэнч хайр" гэдэг нь урлагаар хөллөсөн тэнэмэл цуурхал төдий гэлтэй."
  • "... адраас дүүжлээстэй чийдэнгийн цонхир цагаан галт бөмбөлгийг тэврэн үхэх гэж буй золгүй эрвээхэйг би харж байна. Үйлийн үрдээ хөтлөгдөн үдэшжин удгалж үнгэлдсэн далавчаа хумхалж бараад улайдсан зуухан дээр тэр унаж үнс ч үгүй болов. Хүн гэмээн үүнээс ялгагдах нь өчүүхэн бээр үгүй агаад мөнөөх аз жаргал хэмээх сэтгэлийн сэвээ барьж авах гэж насаараа гал руу дайрлан хярвас болох бөлгөө. Тэд үүнийгээ тэмцэл гэнэ. Тэр ч байтугай үнэний төлөө агуу их эрэл гэж ойврон өөрийгөө ховсдож чадна. Магадгүй ийм мунхагтаа ч гэх үү, үнэг мэт үхлийг гүвээ даван мартдагтаа амьд явдаг биз."
  • “Өнгөндөө бусдын төлөө амьд яваа гэж хүмүүс домоглох дуртай чиг дотроо явган хонжоо тооцож, яаж нэгийгээ араар нь тавих тухайгаа л бодож явдаг. Энэ бол тэдний дон, бурхан, чөтгөр хоёрын аль алинаас өмчилж авсан араншин. Үүгээрээ тэд бусад бүх адгууснаас долоон дор.”
  • "Театр бол  гоо сайхны эрхэм дээд таашаал хайрлаж, хүний бие сэтгэлийг тэгшитгэн яруусгадаг, тэнгэрлэг урлагийн орчлон."
  • "Театрын уран бүтээл найруулагчийн жанжлалд бүтдэг."
  • "Дэлхийд цор ганц эзэнтэй соёлын гайхамшигт өв монгол бичгийг булшилсан нь монголыг оросчлох холын бодолтой холбоотой гэж бодно."
  • "Эцгээ золиослож чаддаг улаан чарлабуудад эхийн нулимс гэдэг ус байдаг бизээ."
  • "Түүх бол өнгөрсөн мэт боловч өнөө маргааш мартаж үл болох ургаал ажаам."
  • "Итгэл гэж юу вэ? Хүний амьдралын тулах цэг. Хүн энэ цэг дээрээс тэнгэрт тэргүүн өргөж амьд явдаг агаад мөнөөх тулгуур үгүй бол толгой нь хөл болж годройтно."
  • "Ерөөсөө алив төр өөрөөсөө өтөж бурангуйд идэгдэн мөхдөг нь жам буюу."
  • "Үнэхээр анхны шүлэг анхны хайр шиг гэнэн байдаг."
  • "Мөнгөтэй хүн зальтан байхаас суутан байдаггүй."
  • "Их гүрэний дээрэнгүй үзэл улаан, цагаан, шар ямар ч өнгөтэй байсан дотор нь хар болохоор адилхан гутамшиг мөн."
  • "Ерөөсөө уран зохиол бол сэтгэлээс сэтгэлд хүрэх хамгийн дөт бөгөөд алс зам буюу."
  • "Ном бүтээх гэдэг дээд буян"
  • "Нам гэдэг нь төрөөс ангид үгүй бөгөөд төрийг эзэгнэхийн төлөө буян амлана."
  • "Төрд итгэхээр төрөл арилжиж зовохгүй, намд итгэхээр навтас нөмөр даарахгүй."
  • "Төрд 

10/26/2010

АЖИА ГЭГЭЭНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Токио, 2010.10.22

АЖИА ГЭГЭЭНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Хөх нуурын Долоон нуурын оронд Бар жилийн бар өдрийн бар цагт төрсөн Юндэндорж хэмээх хөвүүн, 1950-иад оны эхээр Гүмбүм хийдийн Ажаа Гэгээний наймдугаар дүрээр тодорсон Монгол хүн билээ. Одоо тэрбээр АНУ-ийн Индиана мужийн Блүүмингтонд “Монгол-Төвдийн Соёлын төвийн тэргүүнээр морилон суугаа билээ. Түүнийг Япон Улсад түр ажлаар саатахуй дор хүрэлцэн очиж энэхүү ярилцлагыг авсанаа өргөн түмэнд толилуулж байна.

Та юуны өмнө өөрийнхөө тухай Япон оронд суугаа Монголчуудад танилцуулна уу?
Ажиа Гэгээн: Би бол бидний мэдэхээр Хөх нуурын дээд монголчуудаас гаралтaй монгол хүн байна. Би 1950 онд төрсөн хүн. Хөх нуурыг тойрсон Монголын 24 хошуу байсан, би бол Бэйсийн хошууны хүн байна. Гүмбум хийд гэж Хөх нуурын бараг захад шахам бий, том нуурыг тойроод хэдэн багавтар нуур бий. Ийм газар оронд төрж өссөн хүн билээ би. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд сайн явбал эцэг эх нь баярладаг монгол ёс. Тиймээс гэгээнээр тодорсон явдал бол манай гэрийн хувьд хамгийн баяртай үйл явдал байсан. Хэдийгээр бага насандаа гэгээнээр тодорсон ч гэсэн манай нутаг бол Гүмбүм хийдээс тийм хол биш учраас эцэг эхтэйгээ ирж очоод ойрхон байсан. Эхний үед аав ээж минь бүр хамт байсан юм билээ.

1958 онд Таныг найман настай байхад Хятадын Соёлын хувьсгал гэж гарсан юм байна. Тэр үеийн нийгэм ямаршуухан байсан бэ?

Ажиа Гэгээн: Хүндхэн хэцүү байсан шүү, жишээ нь 1937 онд Монголд бас тийм явдал болсон тэрэнтэй эгээ адилхан шүү дээ. Шашныг бол шууд хаасан юм. Тэр үед хоёроос гурван мянган лам байсан шүү. Үүнээс эрдэмтэй номтой лам, гэвш олон байсан. Монгол лам 600-700 лам байсан гэж ярьдаг. Алдартай сайхан лам нарыг бүгдийг барьж шоронд хорьсон. Ламын хувцас орхимж өмсөж болохгүй, энгийн хувцас өмсөх хэрэгтэй, ном шажин уншиж болохгүй, энэ бол хар хор гэж үзсэн. Би өөрөө бага байсан учраас хятад сургуульд сурч, дашрамд харин хятад үсэг хэл бичиг сураад авсан шүү.

 
Одоогоор амьд мэнд лам нар байна уу?

Ажиа Гэгээн: Одоогоор бараг байхгүй байлгүй дээ. Бага байсан болохоор тод сайн мэдэхгүй байна. Бүгдийг баридагийг нь бариад бусдыг нь буцааж нутагт явуулсан байх. Тоог нь хэлж мэдэхгүй байна. Наяад онд шажин сэргэхэд бас нэлээд хэсэг лам нар буцаж ирсэн юм. Гэхдээ лам гэдгээрээ биш зурхайч ч юм уу, эм эмнэлгийн, урлагийн эрдэм, багшаараа буцаж ирж, хичээл ном зааж байсан шүү. Энэ үеэс дахиж сэргэлээ шүү дээ азаар.

 
Наяад он хүртэл та нутагтаа байсан уу, Далай багш бол дүрвэж гарсан танд тийм зүйл тохиолдож байв уу?

Ажиа Гэгээн: Үгүй, үгүй. Далай богд бол 1959 оноос Хятадтай Төвдийн асуудлаас болж дүрвэн гарсан шүү дээ. Үүний дараа Ванчинбогд Төвдөд байсан. Гэвч бид нутагтаа хариагүй. Гүнбүм хийд дээрээ сууж байсан. Гүмбумийг чинь музей маягтай болгочихсон юм шүү дээ. Жаахан муу утгаар сурталчилгаанд ашиглаж байсан юм. 1976 онд Хятадын удирдагч Мао Зэ Дунь нас барсан. Үүний дараа шашин сайхан сэргэж, 1980 оноос Дэн Сё Пэн дарга сэргээсэн шүү дээ.

 
Таныг АНУ-д амьдарч, бурхан шашныхаа талаар үйл ажиллагаа явуулдаг гэж одоо манайхан мэддэг болж байна. Харин хэзээ хэрхэн яаж очсон тухайгаа ярихгүй юу?

Ажиа Гэгээн: Энэ бас сонин шүү. Би Гүмбум хийдэд Хөх нуурын мужид шашны дарга болж байлаа, Хятадад 1980-98 хүртэл шашны том ноён төлөөлөгч маягтай байлаа. 1989 онд Ванчинбогд таалал боллоо. Таалал болсны дараа монголууд, төвдүүд, шашин шүтэгч нарын бодсоноор Ванчинбогдын хойд дүрийг Далай багш тодруулах ёстой байтал тэгсэнгүй. Хятадын засгийн газраас хойд дүрийг тодруулсан юм. Тэгээд би тэр Банчин богдын хойд дүрээр тодорсон хүүгийн багш болох хэцүү асуудал миний толгой дээр буусан юм. Ийм учраас Хятадын нутгаас гарч 1998 онд АНУ-д хүрч улс төрийн асуудлаар цагаачилж гарсан.

Анх таныг очиход АНУ-ын нөхдүүд хэрхэн угтаж авсан бэ?

Ажиа Гэгээн: Нэгэнт Хятадын засгаас зугтааж гарсан болохоор нэг их чимээ гаргаад яахав гэж нэлээд хэсэг нам жим суусан. Эхлээд Калифорни мужийн Сан Францискод хоёр жил шахам болоод сүүлдээ Монголчуудтай сүрхий дотно холбоотой боллоо. Яваандаа улам өргөжсөөр Монгол-Төвдийн жижиг сүм босгоод жаал суусан. 2006 онд Далай богдоос захиа бууж “Та Индиана мужид морилоно уу, түүний төрсөн ахынхаа байгуулсан Төвдийн төвд соёлын төвд Индиана мужид очно уу? хэмээн асуусан. Ахынх нь бие жаахан чилээрхээд намайг очино уу хэмээн хүссэн юм. Тэгээд тэр сүмийг Төвд, Монголын соёлын төв болгож өөрчилсөн. Далай багш хоёр удаа морилж ирсэн. Монголчууд энэ сүмдээ хайртай. Далай богдыг буухад монголчууд бүгд хүрээлэн ирдэг юм даа.

2006 оноос өмнө Төвдийн соёлын төв гэж байсан юм байна. Таныг очсоноос хойш Төвд, Монголын соёлын төв гэж өөрчлөгдсөн юм байна, тийм үү?

Ажиа Гэгээн: Тэгсэн, тэр бол Далай богдын шийдвэр, хүсэл байсан юм аа. Далай багш юу гэж бодсон гэхээр АНУ-д байгаа хорин мянга орчим төвдүүдэд зориулсан сүм хийд нэлээд байна, харин шинээр сууришиж эхлэж байгаа монголчуудад зориулсан сүм хийд байхгүй учир үүнийг энэ чиглэлээр өөрчлөе гэж шийдсэн юм. Индиана бол АНУ-даа нутаг дэвсгэрийн хувьд нэлээд дунд хавьд байгаа учираас тэгж бодсон байх, бас монгол судлалын төв байдаг хуучны уламжлалтай энэ тэр гээд давхар бодсон зүйл бий байх аа. Халимагууд болохоор Нью Жерсид дөрвөн сүм байгуулсан байсан.

Халимагуудын байгуулсан дөрвөн сүм гэж та ярилаа, та тэнд айлчилж очиж байсан уу, ямаршуухан лам нар суудаг юм бэ?

Ажиа Гэгээн: Айлчилж байсан. Нью Жерсид байсан дөрвөн сүмд бол хүрч очсон. Түүхийг нь бас сайн мэдэхгүй ээ. Тэнд 50-иад оноос Оросоос голдуу суурьшсан халимаг хүмүүс тэнд нэлээд бий. Настангууд нь нэлээд шүтнэ шүү, Нью Жэрсийн монгол залуучууд нь ажил, амьдралын эрхээр нүүгээд явчихдаг. Энэ сүмүүд цагаан сар, бурхан багшийн дүйцэн өдрөөр ч юм уу янз бүрийн үйл явдлын үеэр үйл ажиллагаа явуулж ном уншина. Нэлээд хэдэн монгол лам бий. Нэг лам нь 102 настай Жамбалдорж гуай, 92 настай өвөр монгол Ёндонжамц гэвш гэж хүн бий. Өөр нэг залуу монгол лам сууж байгаа. Өөр хоёр ч төвд лам бий. Монголчууддаа ном уншиж, тус үйл хийдэг л юм билээ.

 
Одоо таны байгаа Төвд-Монголын соёлын төвд ямар үйл ажиллагаа явуулж байна, монголчууд их очиж байна уу?

Ажиа Гэгээн: Манай яг тэр Индиана Блүүмингтонд бол монголчууд тийм олон биш ээ. 20-30 айл байна уу, үгүй юу. Ер нь бол гучаад мянган ар монголчууд байгаа шүү дээ, Америкийн хэмжээнд. Өвөр Монголчууд бол бүр цөөхөн байхаа. Холбоо харилцаа багатай. Харин Чикагод байдаг байсан айлууд их ирнэ шүү. Тэнд 6-7 мянган монголчууд бий. Хүний амьдралын янз бүрийн асуудал, өвчин тахал, саад барцад, жаргал зовлонгийн асуудлаар бидэн дээр ирнэ. Мөн Далай богдыг айлчлахад бол монголчууд маш өргөнөөр ирнэ. Мөн Монголчуудын баяр наадам, бурхан шашны өдрүүд гэх мэт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн үйл ажиллагаа явуулж, ном уншиж, соёлын арга хэмжээ явуулна. Монгол хүүхдүүдэд зориулсан зуны сургуулийг Америкид байгаа хүүхдүүдэд зориулан зохион байгуулаад 4 жил болж байна. Анхнаасаа Вашингтог ди си-д зохион байгуулж байсан боловч сүүлийн жилүүдэд манай тэр сүмийг түшиглэн зохион байгуулж байгаа. Жил бүр 30 шахам хүүхэд ирж байна. Одоо үүнээс илүү хүлээж авч чадахгүй болох нь. Зуны сургуулиар бол монгол хэл, соёл заадаг юмаа. Монгол хэл бичгээ үзнэ, монгол дуу хуураа сурна, монгол хоол ундаа хийж сурна, идэж ууна, үлгэр домог сонсоно, хоорондоо монгол хэлээрээ ярина, монгол найз нөхөдтэй болно, хамгийн наад зах нь монгол хэл бичгээрээ нэрээ бичиж сурах жишээтэй. Хүмүүс их сонирхож байгаа, хүүхдүүдийн тоог нэмэхийг хүсэж байгаа гэвч манай хүчин чадал хүрэхгүй болж байна шүү. Гэхдээ цааш боломж гарсан үедээ улам өргөжүүлэх бодолтой л байна.

Би танай сүмийн талаар олон нэвтрүүлэг, бичлэг зураг үзэж байсан, өөрөө очиж байсангүй, тэнд байгаа суваргыг босгох ч гэдэг юм уу, ийм шашны үйл явдал зохион байгуулж хийхэд АНУ-д төвөг учир байна уу?

Ажиа Гэгээн: Та манай тэнд даруйхан ирээ. Америк бол чөлөөтэй, ардчилсан орон байна. Гүмбум, Чанчилан гээд хоёр төрийн бус байгууллага байгаа. Хоёр суварга барьсан. Энэ бол Далай багшийн төрсөн ах Норбу гуай амьд сэрүүндээ босгосон юм. Бид нэмээд өмнөх жил Монголчуудын хандиваар маанийн хүрд байгууллаа. Зуны цагт хүмүүсийн түр суух байр бий шүү. Америкчуудад зориулсан бурхан шашны Ням гарагийн хичээл байгаа, түүнд ирсэн хүмүүс түр хоноод явах боломжтой. Монголчууд, төвдүүд өөрийн цагтаа цугладаг юм.

 
Та нутгаасаа гараад олон жил болжээ. Та зүүдэндээ та нутагтаа очиж байна уу? Анх Монголд хэдийд анх очсон юм бэ? Улаанбаатарт очиход нутагтаа очсон шиг санагдах уу?

Ажиа Гэгээн: Би нутгаасаа гараад арван гурав дөрвөн жил болж байна. Нутгаа санадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Нэгэнт улс төр, шашны учир шалтгаанаар гарсан болохоор буцаж нутагтаа очих боломжгүй л дээ. 2006 онд Монголд анх айлчилсан юмаа. Анхны миний сэтгэгдэл их өндөр байсан. Онгоцонд суухад монголоор манай Монголын онгоцонд ороод л сайхан монгол хэлээр яриад тэгээд “Улаанбаатарын Буянт Ухаа онгоцны буудалд буулаа” гэхэд миний сэтгэл маш их хөдлөж билээ. Тэндээс эхлээд л хаа сайгүй монголоор ярьж их сайхан байсан. Хөдөө жаахан гарсан. Монголчуудын зочдыг угтах, дайлах, хүндлэх, зочлох, үдэх энэ бүх зан үйл хэвээрээ байсан. Манийг бага байхад манай эцэг эх яг л ингэж ёсолдог байсан, тэр бүр хэв хэвээр байгаа нь эрхгүй санагдаж надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн юм. Ээж аавтай минь эгээ адилхан байна. Түүний дараа хоёр гурав очлоо. Монголчууд ардчилсан нийгэмд ороод 20 жил бол байгаа шүү дээ. Монгол сайхан хөгжиж байна. Анх удаа 2006 онд Гандийн гудамжинд хүрсэн, маньтай явж байсан төвд хүн их гайхсан, тэр үед тэр газар бараг хоосон байсан, хоёр жилийн дараа очихноо тэнд сайхан байшин барилга дүүрэн барьжээ. Баянтай, ядуутай юм юм л байна. Баянаасаа ядуугийн амьдрал их хүнд байна. Бид бол тэр ядуучуудад яаж туслах, буян хийх тухай их бодож байна. Тэгээд манай шавь нар надад бусад шашныхан их туслаж байна, та эмнэлэг байгуулж болохгүй юу гэсэн санал тавьсан, ингээд өөрийн сайн дураар нэг хүүхдийн хавдарын эмнэлэг байгуулах санаа төрж, Улаанбаатарын ноёдууд үүнийг ойлгож Яармагт шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн хавьд нэг сайхан газар өгсөн. Харамсалтай нь яг одоо барихад нэгэнт ус, дулаан хараахан очоогүй болохоор хоёр жилийн дараанаас барьж болох юм шиг байна. Харин бид Улаанбаатарын төв рүү нэг оношилгооны эмнэлэг барьдаг юм уу даа гэж бодож байна. Энэ удаа бид бурхан шашны хуралд очих далимаар сая Улаанбаатарт олон улсын лам нартай очоод ирлээ. Тэр үеэр энэ тухай бас нэлээд ярилцлаа. Энэ асуудлаа Японуудтай бас ярилцаж, хэд хэдэн эмчтэй уулзлаа. Та нар Японд амьдарч байгаа болохоор япон хүний зан чанарыг мэдэж байгаа, тэр асуудлыг судлая л гэж ярьж дэмжиж байна.

 
Тэгэхээр та Монголд гурван удаа айлчилж байгаа юм байна.

Ажиа Гэгээн: Би гурван удаа айлчиллаа, за ингээд бид ном бичсэн. Энэ номыг эхлээд би үнэгүй тарааж байсан юм. Одоо бол би зарж байгаа, үүний зардалыг эмнэлэгийн төсөвтөө оруулая гэж бодож байна. Сая би Англи яваад замдаа Улаанбаатараар ороод энд ирлээ. Англид Кембрижийн Их Сургууль болон Оксфордын их сургуулийн нөхдүүдтэй англи хэлээрхийг хэвлэх тухай яриа хийлээ. Би би си дээр ярилцлага өглөө. Учир зорилгоо ярилаа, эмнэлэг байгуулах тухайгаа ч ярьсан.


Монгол бурханы шашнаас гадна христийн шашин, мөн ойрын үеэс бөөгийн шашин их хүчтэй дэлгэрэх шинжтэй болчихлоо, та үүнийг юу гэж бодож байна даа?
Ажиа Гэгээн: Би энэ тухай дуулж байсан. Шашин хөгжиж байна. Гэхдээ энэ бол гагц Монголын асуудал биш байна. Америкад асуудал хэвээр байна. Манай нутагт бол улааны хувьсгал гээд юу ч үгүй болгосон. Шашин ард түмэн ямар холбоотой болох асуудлаар би Монголд болсон хурал дээр ч хэлсэн. Монгол хэлээр л ном уншмаар байна. Харийн хэлээр төвд хэлээр яриад байгаа зүйлийг өөрөө шууд мэдэхгүй нь хэцүү байна. Би эмч хүн биш, би баян хүн биш, гэхдээ яагаад эмнэлэг байгуулах тухай санаа төрсөн гэхээр ерөөсөө шашныг нинжин сэтгэлээр хүмүүстэй холбохын үүднээс л санаачилсан хэрэг юм. Бөөгийн хувьд бол манай төвдөд ч байсан. Ер нь ямар ч шашин боловч адилхан шүү дээ, ер нь шашныг мухар сүсгээр бодож болохгүй л гэж бодож байна.

 
Орчин үеийн манай Монголын сүм хийдүүд мөнгө хурааж, ном уншихаас өөр ажилгүй, хүмүүсийн төлөө үүнээс өөр онцын ажил хийхгүй байна, энэ орчин үеийн сүм хийд одоо ер нь юу хийвэл зохилтой юм бэ?
Ажиа гэгээн: Өнөөдрийн шашин шүтэгч, хуучны шашин шүтэгч хоёр нэлээд ялгаатай юм аа. Хуучин үеийнхэн бол аав ээжийн зааснаар л явдаг шүү дээ. Монголчууд ер нь бие хаа ямар байна, ийм юм бүтээх гэсэн юм яах вэ гэж голдуу явдаг тэгээд ийм ном уншуул гэвэл очоод л уншуулчихна. Иймэрхүү замаар явдаг байна шүү. Миний бодоход шашныг шинжлэх ухаантай л холбож тэр талаас нь илүү тайлбарламаар байна, хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй байна. Шашныг далимдуулах хүмүүс ч нэлээд байх шиг байна. Шашны жинхэнэ ёсонд л лам болоод бусад хүмүүсийг сургах хэрэгтэй байна даа. Ер нь бол бидэнд сурах юм бол урлаг, түүх, зан үйл, барилгын урлаг, гэх мэт хэд хэдэн зүйл байна. Өөрөөр хэлбэл Монголын шашин сүм хийд лам нар бүгдээрээ л нэг ном уншдаг түүгээрээ мөнгө олдог хэрэгсэл болгочихож болохгүй юм өөр өөрсдөө хоорондоо ялгарах зүйлийг ард олны төлөө хиймээр юм аа. Хүмүүст сайн сэтгэлээр л хандах тусмаа тэр сайн үйл бүтнэ гэж бодож байна даа. Би ч гэсэн хүмүүсийн тусын тулд өглөө бүхэн л ном уншиж суудаг.

Бэлэн юм өгснөөс нийгмийг хүүхдийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллавал сайн байх аа
Ажиа Гэгээн: Тийм ээ, тэгээд аль алийг нь л хиймээр юм шиг байна. Хүн болгоны зовлон дор дороо өөр шүү дээ. Тийм учраас төрөл бүрээр хүний сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй байх.

Дараа хэдийд дахин Монголд ирэх вэ? Таны ярьж байгаа эмнэлэг хэдийд босох бол?
Ажиа Гэгээн: Дараагийн хавартаа биш гэхэд зундаа очих болов уу? Бодож байгаа юмаа аль болох түргэн шуурхай биелүүлэхийн төлөө ажиллана. Ялангуяа Япон дах монголчуудтай байнгын холбоо хэлхээтэй байхын төлөө бодож байна, би дахин дахин ирнэ ээ.

Жич: Хөх нуураас тодорсон Монгол гэгээн Ажиа Гэгээнтний
Цагийг бэлгэдэгч НАРАН ЧӨЛӨӨ
хэмээх түүний туулсан амьдралын тухай ном
манай номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгааг энэ дашрамд сонордуулая.

Ярилцлага хийж тэмдэглэн сийрүүлсэн Ж.Дамдинцэрэн, Ж.Ирээдүй

Токио, 22.10.2010









10/25/2010

МОНГОЛ ГАРАЛТ ЯРУУ НАЙРАГЧ ШИ МӨРӨН



МОНГОЛ ГАРАЛТ ЯРУУ НАЙРАГЧ  ШИ МӨРӨН



Өчигдөр манай сургуулийн монгол судлалын салбар дээр Тайваны монгол гаралт нэрт яруу найрагч Ши Мөрөн хатагтай хүрэлцэн ирж өөрийнхөө амьдрал болоод уран бүтээлийн тухай манай оюутан, аспирант, докторант нарт ярьж танилцуулж өглөө. Тэрбээр "1981 оны 7 дугаар сард "Хүж өвс" хэмээх анхны шүлгийн түүврээ Тайванд хэвлүүлж нэрд гарчээ. Тэр үеэс бараг "Ши Мөрөн гэгч шинэ үзэгдэл "гэх нь холгүй болж билээ, үүнээс өмнө миний амьдрал тун эгэл байсан юм, харин азаар шүүмжлэлийн цөм нь зөв халуун байсан нь надад сайн болсон" гэж тэр дурсав.  Энэ хүн бол уг нь зураач хүн юм. Түүний аав нь Өвөр Монголын Цахарын Чуулганы мянган хошууны  гаралтай Рашдонров гэдэг хүн Бонны их сургуулийн Азийн салбарт монгол хэлний багшаар ажиллаж байгаад  1998 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр 88 насандаа таалал болжээ. Тэрбээр зураач охиныгоо гэнэтхэн шүлэгч болсонд их гайхаж, бас их баярладаг байжээ.  Аавтайгаа хамтарч Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг хятад хэлээр орчуулж, ааваараа соронзон бичлэг хийлгэж байсанаа дурслаа. Тэр үеэс өөрийнхөө шүлгийг монгол уншигч нартаа эх сайхан хэлээр нь хүргэх юм сан гэж бодож явжээ. Тэрбээр энэ удаа ааваа дурсах үгүүлбэр хэлэх болгондоо нулимс унагаж байлаа. Түүний ээж Өвөр Монголын Зуу Уд аймгийн Хишигтэн хошууны Баянбилиг гэдэг хүн байгаад 1985 оны 5 дугаар сарын 1 нд өөд болжээ.
Ши Мөрөн хатагтай бээр, "Хайрын хязгаар дах гэрэл сүүдэр", "Монголын өндөрлөг", "Эрин зууны шүлгийн сонгодог", "Харанхуй мөрөн дээр", "Зүүдний говь" зэрэг шүлгийн түүврүүд хэвлүүлж бүтээл нь хятад, япон, испани, англи, монгол хэлээр хэвлэгджээ.Үүнээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нь монгол хэлээр орчуулагдсан нь гэнэ. Өөрөө тэрбээр ойр зуурын монгол хэлтэй юм байна. Нялх багаасаа хятад газар өсөөд эх хэл, бичгээ сайн сурч чадаагүйдээ харамсдаг бөгөөд анх дөчин зургаан насандаа Монгол нутгийн алтан шороонд хөл тавьж аав ээжээсээ хайрлаж хүртээсэн угсаа яс, цусан удмаа хайрлаж явдаг гэнэ.
Түүний уран бүтээл, шүлгийг монголчууд 1990-ээд оны эхнээс унших болсон билээ. Харин түүний номыг Хятад судлаач, зохиолч Ц.Базаррагчаа багш түүний шүлэг уран бүтээлээс “Цагаан хэрэмний чанад нутгийн дуу" (Тайвань Монгол Ши Мөрөн-гийн нийтлэл, шүлэг УБ. 2006. 10хх); ном бичиж Монгол уншигч нарт өргөн барьжээ. Ингээд та бүхэнд Монгол яруу найрагч Ши Мөрөн хатагтайн зарим шүлгийн орчуулгыг нэтээс олсоноо толилуулж байна.Тэрбээр "өндөр хөх тэнгэр минь элгэн халуун нутгийг минь өршөөн ивээх болтугай" хэмээн ерөөж байна.

Нутгийн зүүд
Элэнц дээдсийн минь уугуул нутаг энэ мөн үү?
Эрхэсийн буман од тоонон дээр нь яралзсаар байна уу?
Энхрий хүү зүүдэндээ эргэн эргэн давхиж хүрдэг
Элгэн хайртай нутаг энэ мөн үү?

Алаг зүрхэндээ аав минь өвөрлөсөөр ирсэн
Амин хайртан зүүдэн нутаг минь
Одоо л таныгаа би эргэж үзэх сэн

Хэний дуу зүүдэн нутагт минь ариухан билээ
Хөөрхий аавын минь зүүдний нутаг
Хөвч уул нь хөхөөрөө, хөдөө тал нь ногооноороо
Бичигч бээр үүнийг  монгол бичгээс хөрвүүлэв

Харгуй зам
Алсад байх үзэсгэлэнт уулын
Анир намуун харгуй замаар
Амраг чамтайгаа алхана аа гэж
Амлаж байсан санагдана.
Харгуй жимийнх нь дэргэдүүр
Хайрын хуайс, шинэхэн цайны модод
Хаа сайгүй ургасан байдаг гэж
Хэлж байсан чинь санагдана.
Тэртээд үлдсэн хаврын нэг үдшээр
Тийн амласан нь санагдана.
Харин энэ л орой, дэнгийн гэрэл дор
Хяруу сууж буй үсээ самнан суухад минь
Бүтээгүй учралууд гэнэт бодогдон
Биелүүлж чадaагүй амлалтуудын өмнө
Битүүхэн гунигт эрхгүй дарагдлаа.
Өнөөх уулын харгуй зам дээр
Өлчир залуухан чи минь
Өнөөг хүртэл намайг хүлээн
Өвсний ёзоор нэгжин
хараачилсаар буй болов уу?

Нууцхан хайр (Удамбар цэцгийн нууц)

Зөвхөн
Хагдарч унасны минь дараах үүрээр
Хажуугаар чи явж өнгөрөхдөө л
Уртын урт урьд шөнө
цонхны чинь гадаа би
Ямархан үзэсгэлэнтэй бас ганцаардсан
Ялгуухан нэг цэцэг байсныг
Олж харах болно.
Чиний анзааралгүй өнгөрүүлсэн
Урьд шөнө
Тэнгэрт ямархан тунгалаг сар өлгөөтэй байсныг
Зөвхөн би л мэднэ.
Хайрт минь!

Шүлгүүдийг enbosing.blogspot.com-ooс авлаа.

Ж.Ирээдүй, Токио, 25.10.2010












10/24/2010

ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА


ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА




Япон Улсын Их Сургуулиудаар хамтын ажиллагааны хүрээнд ажлын айлчлал хийсэн МУИС-ийн Захирал доктор, профессор Санжбэгзийн Төмөр-Очир, болон гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхлэсэн захирал А.Галтбаяр, Биологи, био технологийн Факультетийн профессор Ж.Батхүү нар Япон Улсад сурч байгаа оюутны төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтыг Япон дах Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) Монгол Улсын Элчин Сайдын Яамны байранд зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид болон элчин сайдын яамны атташе, ажилтнууд, МУИС-аас Японы их сургуулиудад ажиллаж, сурч байгаа мэргэжилтан багш, судлаачид оролцов.


МУИС-ийн захирал, профессор С.Төмөр-Очир МУИС-ийг товчхон танилцуулж, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, “Та бүхэн манай Монгол Улсын Их Сургууль буюу Монголын анхны их сургуулийнхаа түүхийг бараг бүгдээрээ мэдэж байгаа байх. МУИС 1942 онд байгуулагдсан 2012 онд 70 жилийн ойгоо хийнэ. Манай их сургууль бүрэлдэхүүний 14 сургуультай байсан 7 сараас хуучин Худалдаа Үйлдвэрийн сургууль, Улаанбаатарын их сургууль манай харьяанд орж одоо 16 сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймагт Эдийн засгийн сургууль, Орхон аймаг Гадаад хэлний хоёр салбартай. 21 мянга орчим оюутан, 1200 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтантай.


Сургалтын үйл ажиллагаа үндэсдээ их тогтвортой. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, баримт бичгийн хувьд дэлхийн сургуулиудын хэмжээнд хүрчихсэн гэж үзэж байна. Багш нарын бүтцийг ажиглахад шинэ үеийн залуу эрдэмтэд нэлээд түрж орж ирж байгаа, залуучуудаа урамшуулж ажиллах бодолтой байгаа. Гадаад оронд байгаа залуучуудаар эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм учраас та нарт их сургуулийг сурталчлах, хойч үеэ татах зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Та бүхний сурч байгаа чиглэлийг бид сонирхож байна. Их сургууль цаашлаад яам тамгын газар дамжуулах уламжлах зүйл бас байж болно.


Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд байгуулагдсан үеэсээ л хийж ирсэн, ганц жишээ хэлэхэд сүүлийн арваад жилийн дэлхийн мэргэжлийн томоохон сэтгүүлүүдэд гарсан бичсэн үгүүлэлд судалгаа хийж үзэхэд нийт үгүүлэлийн 50 орчим хувь ШУА-ийн эрдэмтэд, бичсэн бол 28 хувь нь МУИС-ийн багш эрдэмтэд дангаараа болон гадаадын эрдэмтэдтэй хамтран бичсэн, бусад нь ЭМШУИС, ШУТИС-ийн эрдэмтэдийнх долоо, долоон хувьтай байдаг юм билээ, үүнээс үзэхэд бага биш амжилттай, монголдоо дээгүүр орно, харин бусад дэлхийн их сургуультай харьцуулахад чамлалттай тоо гэж хэлж болно.


Манай боловсролын хуулинд “Их сургууль бол эрдэм шинжилгээний ажил голлосон, сургалтын байгууллага гэж тодорхойлсон. Эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнгээр сургалт явуулдаг, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үйлдвэрлэл шинжилгээний байгууллага байх ёстой гэсэн тодорхойололттой. Энэ дагуу авч үзэх юм бол эрдэм мэдлэгээ үйлдвэрлэл болгох нь харьцангуй багатай одооны хэлээр бол иновацийн чиглэлд нэлээд доогуур орж байгаа. Их Сургуулийн багш нар шинэ мэдлэг бий болгоод байгаа боловч шинэ мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг болгодог чиглэлээр тааруухан ажиллаж байгаа.


Ойрын үед эрдэм шинжилгээний ажил голлосон, эрдэм шинжилгээний үр дүнгээр эрдэмжсэн сургалт явуулдаг, үүгээрээ үйлдвэрлэл технологи бий болгодог чиглэлээр дэлхийн их сургуулиуд руу ойртож ажиллах зорилготой байна. Их сургуулийн багш нар ийм юм хийж болдог юм байна гэдгийг ард түмэнд, энэ мөнгө хуваарилдаг, төсөв захиран зарцуулдаг улсад үзүүлэх цаг болсон гэж ойлгож байгаа.


За харин эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй байгаа, хөрөнгө оруулалт бараг алга. Улсаас дулаан, цахилгааны мөнгөд төсвийн 6,8 хувийг улсаас өгч байна, 96.2 хувийг бид өөрсдөө олж байна. Өөрсдөө олдог гол арга нь сургалтын төлбөр. Хувийн төлбөр нэмэе гэхээр ард түмний амьдрал муу байна нэмж болохгүй гэдэг. Тэгэхээр өөр мөнгө олдог суваг бид хайж эрж олох ёстой юм байна билээ. Олсон мөнгөнийхөө бараг 70 орчим хувийг багш нарынхаа цалинд өгчихөөд байна. Судалгааны ажилд шинжлэх ухаан технологийн сангаас хөрөнгө оруулалт өгдөг гэхдээ хангалттай биш байгаа. Багш нарын цалин пүнлүүний хувьд харин харьцангуй боломжийн байгаа.


Гадаад харилцааны хувьд дэлхийн улс орнуудын 200 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдтэй харилцаа холбоотой байдгаас Тухайлбал энэ Японы 20 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Оюутан, мэргэжилтэн, багш, магистрант, докторант солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээтэй харилцаатай. Үүн дээр нэмэгдэж сая Мэй Их Сургууль болон Тохокугийн Их Сургуультай хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Хуучин харилцаатай сургуулиудтайгаа үйл ажиллагаа сэргээх, амьд үйл ажиллагаа бий болгох, шинэ төвшинд, шинэ нөхцөл байдалд гаргах сонирхолтой байгаа.


Сүүлийн жилүүдэд МУИС-иас гадаадын их сургуулиудад нэлээд залуучууд хамгаалсан, тухайлбал хөгжингүй орнууд Герман, Япон, АНУ, Өмнөд Солонгост сурч төгссөн залуучууд зонхилж байна. Ерөөсөө цаашид Монголыг эрдэм боловсролтой залуучууд авч явах зайлшгүй шаардлага тулгарчихлаа. Хорин нэгдүгээр зуун бол өөрөө мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэгт суурилсан хөгжлийн гарц руу явж байгаа учраас бидэнд эрдэм мэдлэгтэй залуучууд маш их хэрэгтэй байна. Монголчууд эрдэм боловсролыг их дээдэлдэг, бусад орныхонтой харьцуулахад оюуны чадамж маш сайтай байдаг. Та нар их чухал мэргэжилүүдээр сурч байгаа юм байна. Их сайн суралцах хэрэгтэй, мастер хамгаалж байгаа, доктор хамгаалж байгаа нөхдүүд монгол руу санаагаа чиглүүлээрэй. Та бүхнээр бид эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм ч учраас өнөөдөр энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм.


Хоёр улсын харилцаа гэдэг, хоёр байгууллагын харилцаа гэдэг, хоёр сургуулийн харилцаа гэдэг гэтэл энэ нь явж явж хоёр хүний харилцаанаас их шалтгаалдаг. Та нар бол Монгол Япон орны хоорондын харилцааг авч явах гүүр болох ёстой тийм учраас энэ талаар их бодолтой байх ёстой гэж бодож байна.


Үүний дараа оюутнууд өөрсдийгөө танилцуулж, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Энд ирсэн оюутнуудын бараг тал хувь нь МУИС-иар ямар нэг хэмжээгээр дамжсан, МУИС-ийн хаалгаар түр боловч орж гарсан оюутан, магистрант, докторантууд байсан бөгөөд ХААИС, ШУТИС-д сурч байсан оюутнууд үлдсэн хувийг эзлэж байлаа. Энд сурч байгаа чиглэлийг авч үзвэл урлаг судлал, хууль эрхзүй, биохими, олон улсын хууль, боловсрол судлал, зочид буудлын менежмент, аялал жуулчлалын менежмент, эдийн засаг, авто зам гүүрийн барилга, барилгын менежмент, олон улсын гео физик, бизнес менежмент, бизнес санхүү, мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, удирлага холбооны технологи, электроникийн инженер, олон улсын биобизнес, автомашины инженер, цөмийн физик, нийгмийн сэтгэлзүй гээд төрөл бүрийн чиглэлээр сурч байгаа оюутнууд байлаа.


Эх орондоо их сургуульд сурч байсан оюутнууд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, бусад үйл ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа. Үүнд сургалтын технологи, сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, багш нараас сурах бичиг оюутандаа шахдаг тухай, орчуулга хийлгүүлээд дараа нь ном болгож гаргадаг тухай, мөн гадаадад оюутан мэргэжилтэн сургах бэлтгэх тогтолцооны талаар, урлагийн чиглэлээр ямар бодлого баридаг талаар, сургалтын болон судалгааны давхардлын талаар, зах зээлийн цэвэр өрсөлдөөний талаар, мөн гадаадад сурах сонирхолтой, потенциалтай залуучуудыг төр, яам, их сургуулиас хэрхэн дэмжих талаар, эрдэм шинжилгээний ажил, төслийн сэдвийг зөв сонгох, магистар докторын хүчийг ашиглах, иновацийн чиглэлээр хэрхэн ажиллах, их сургуулийн багш нарыг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар, технологи дамжуулах төв байгуулах талаар, ажлын орон тооны статистик, ажилд орох нөхцөл, сэндвич докторуудын тухай, гадаад харилцааны их хүнд сурталын талаар тус тус санал бодол солилцлоо.


Японд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, ялангуяа Японы улсын болон бусад компани, төрийн болон төрийн бус байгууллагын зардлаар сургах, Японд ажлын байртай болгох, тэр тусмаа дэлхийн нэр нөлөө бүхий компаниудад монгол хүн байр суурь эзлэх талаар элчин сайдын яам байнга анхаарч байдаг тухай элчин сайд Р.Жигжид цохон тэмдэглэв.


Та бүхнийг их сургуульд очиж ажилласан тохиолдолд цалин мөнгө, байр саваар хангаад бялхуулж, цалгиулахгүй ч гэсэн өөрийнхөө санаснаар ажиллах боломжийг нээж өгөх, тэр нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа их сургуулийн захирал, дэд захиралууд амлаж, мастер, доктороо дүүргэж байгаа нөхдийг МУИС-д очиж ажиллахыг уриаллаа.


Ж.Бат-Ирээдүй, Токио, 2010.10.20





10/17/2010

ЗУРААС

ЗУРААС
(-)
Намтар түүх нь он цагаар хэмжигддэг. Хүмүн нэгэн цагт эхлэж нэгэн цагт бээр дуусна. Эхлэсэн цаг нь тодорхой ч дуусах цаг тодорхой биш юм шиг хэрнээ тодорхой. Хүмүүс он цагийг бүгдээрээ дамжлан авч авч явах бөгөөд зарим нэг нь замын дундаас нэгэндээ ачааны хүндийг үүрүүлээд буцаад явчих. Бэлгэдэл гэгч их том зузаан зүйлээс бус өчүүхэн зурааснаас эхлэмүй. Нэг жижигхээн зураас л нэг юм хэлээд байх. Европын жаяг ёсоор хүний төрсөн оныг бичээд ард нь зураас тавидаг бол (1934- иймэрхүү маягаар) монгол хүнд ингээд тавихаар дуусах өдөр тосоод, дуудаад, хүлээгээд байгаа юм шиг сэтгэл сэрхийж, ёр татах шиг санагддаг аж. Монгол хүн эхлэл нь тодорхой ч төгсөхгүй юм шиг бодож сэтгэдэг аж. Манай нэртэй нэгэн уран зохиолчийн намтар бичихдээ төрсөн оных нь ард зураас тавичихсан чинь түүнийг үзээд аймаар муухай сэжиглэж байгааг бас харлаа. Ажиглахнээ төрсөн оныхоо хойно зураас тависан монгол хүн нэгийг ч харсангүй. Ёрлож биш бэлгэдэж бэлгэшээж амьдардаг монгол зангийн өчүүхэн жишээ энэ буй за.



10/13/2010

ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН




ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН

Өнгөрсөн нэгдэхийн өглөө Улаанбаатараас Токио руу нисэхээр нисэх дээр ирлээ. Хэвлүүлсэн хэдэн номоо цүнхэндээ хийчихсэн чинь ачаа бараа жаахан ихдүү. Ачаа багатай танидаг мэддэг хүн хайсан маягтай түүгээр жаахан явлаа. Токио, Москва, Бээжингийн онгоцны хүн нь холилдоод хэн нь хаашаа явах гэж байгаа нь ч мэдэгдэх юм алга, танил царай ч харагдсангүй. Бас л ачаагаа болж өгвөл аргалах л юм бодоод байгаа юм шүү дээ, монгол сэтгэлгээгээрээ хөөрхий. Намайг ингэж мунгинаж явах хооронд манай нэг сэргэлэн дүүхүү ачаа хийдэг  хүн олоодхож. Яадгийн гэсэн чинь Токио руу 1 кг ачаа 10,000 төгрөг байдаг юм, талаар нь буюу 50 хувиар хийх гэнэ. Үгүй арван мянгыг төлж байснаас аштай юу хө, талаар нь ч болтугай хийлгэе, баараагүй л юм хийнэ шүү гэлээ. Ачаагаа өгөөд буцаж гарч ирээд тооцоо хийнэ ээ хө гэж нэг нэлээд зүс үзсэн хижээл нөхөр хэлж байна. Тэр нөхөр байнга нисэх дээр байдаг болов уу гэмээр нэг л танил царай, таксины жолооч ч бил үү гэж бодлоо. За ингээд 50 хувийг зөвшөөрч хийлгэхээр боллоо. Мань эр ч гялс мессеж бичээдэхсэн чинь дотогшоо ороод А5 дээр оч л гэж байна.(нэр усыг нь нууцлаж аюулгүй байдлыг хангаж байгаа бололтой хэхэ)

Билетээ барисаар бүртгүүлэх танхимд ортол хажуугийн А6 хүнгүй байсан болохоор намайг дуудаад болдоггүй. Харсан чинь хоёулаа Бээжингийн ачаа хиллэж байхын. Жаахан гайхаад хүлээзнэж нөгөө А5 дээрээ очих гээд л, нөгөө намайг дуудаад байгаа хүн рүү тэгж ингэж татаа тунгаа хийж, дохио зангаа хэрэглэж байж А5- дээр очих учиртай гэдгээ арай гэж ойлгуулж, нөгөө хүн дуусуут нь нөхөр дээр очлоо, нэг залуу байна. Намайг өөр дээр чинь оч гэлээ гэтэл ойлгосон, ойлгоогүй нь мэдэгдэхгүй таг чиг. За хө би Токио явах хүн шүү, мэдэж байгаа биз гэсэн чинь – Тиймээ, мэдэж байна гэж байна. Аминдаа Бээжин рүү ачаагаа явуулчих вий гэж санаа зовж байгаа нь тэр. Ачаагаа тавилаа 35 кг болж байна. 15 кило илүүджээ. Харахад овор багатай ч дан ном учир их л хүнд байна аа. - За боллоо боллоо яв л гэж байна. Ямар нэгэн мөнгө цаас төлсөнгүй, бичиг хачиг өгсөнгүй.

Гайхаад жаахан харж байгаад эргэсэн чинь нөгөө “танил нөхөр” гадна цонхоор над руу утсаараа даллаж байна. Утсаа аваад ярь гээд байгаа бололтой юм аа. Би энэ нөхөрт утсаа өгөөгүй миний утсыг яаж мэддэг байнаа гэж бүр гайхлаа. Айх гайхах зэрэгцсэн царайгаар утсаа авсан чинь 4 дуудлага ороод тасарч. Том цонхоор байн байна даллаад буцаж гарахаас өөр гарцгүй боллоо бүр. Гараад очсон чинь таны ачаа 15 кг илүүдсэн байна. 150 мянгын 75,000 төгрөг өгнө өө хө гэж байна. Үгүй мөнгө цаас өгч авах яах вэ, чи яаж миний утсыг мэдэв ээ гэж тохирсон ёсоор мөнгөө өгөнгөө гайхан асуутал таны билет дээр байгаа шүү дээ гэж байна. Аа за за мэдлээ. Аймаар сүлжээтэй, аан. Хөөрхий муу МИАТ-ын халаасанд орох ёстой мөнгийг ингээд хуваагаад туучихдаг байх нь. Манайхан нээрээ ийм юман дээр бас толгой ажиллана шүү. 
Цагаасаа хоцрон хүлээж хүлээж нэг юм “Хувилай” Боингдоо орлоо, олигтой ч хүн алга бараг хэдэн япон жуулчин, баахан монгол хөгшчүүл, хүүхэд шуухад голдуу нэг эгнээнд нэг хүн хэвтээд явсан ч цөөдөхөөр байна. Хөөрхий ийм байхад яаж энэ МИАТ гэгч компани олигтой бэлжхэв дээ зайлуул, онгоцны билетээс олсон хэдийг нь дарга нар хуваагаад туучихана, орлого болох ачааны мөнгийг нь доодуул нь хуйвалдаад хусчина ингээд дуусаа. Ингээд л мест местэн дээрээ "ажлаа гялалзтал хийгээд" байгаа юм даа, манайхан сэргэлэн шүү. Аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав, маний хэдэн цаас МИАТ-д орсон ч яалаа, ороогүй ч яалаа. Дээгүүрээ идэж уудаг мөнгөний хажууд хөөрхий ачааны хэдэн цаас юу болох вэ дээ тууж л байхаас. Аавын хүүхдүүд адилхан.









10/05/2010

САЙН САЙД


САЙН САЙД



Энэ зуны амралтаар нутагтаа очингуутаа Загийн голдоо суугаа аав, ээж дээрээ очихоор нутгийн зүг хүлгийн жолоо яаран заллаа. Яарсан сэтгэлээр Изнис эйрвэйз-ийн Баянхонгор, Говь-Алтайн нислэгээр аймаг орсон юм. Тэр онгоцонд Эрдэс баялагийн сайд Зоригт тэргүүтэй засгийн газар төлөөлөгчид, Ерөнхий сайдын зөвлөх Энхбаяр дараалан Говь-Алтай аймагт ирэх Ерөнхий сайдаа угтан хамт нисэж билээ. Мөн тэр онгоцны хойд талын хэсэг (угаасаа 30 хан хүн суудаг Сааб гээч жижиг онгоц л доо) –т нэлээд хэдэн хужаа нар шаагилдан хашгичана. Говь-Алтай руу алт мөнгө, уул уурхайн бизнесээр яваа гэж би таалаа. Нэг цаг гучин минут нисээд Баянхонгор хотын (уг нь сум гээд байгаа юм) онгоцны буудалд буухад Эрдэс баялагын сайд эрүү толгойгоо барьсаар “Энэ нэг хэдэн хужаа чинь яасан муухай хашхичдаг хогнууд вэ, замын турш шан пан гээд дуугүй болдоггүй бүр толгой өвдчихлөө” гэж бүр нэг тээр шааж, үзэн ядсан царайтай бууж ирж билээ. Эх орны минь эрдэс баялагыг барьж байгаа сайд энэ муусайн хужаа нарт их л дургүй байгаад баярлаж дотроо овоо доо “сайн сайд” юм даа гэж дүгнэж билээ. Үнэн бол сайхан л байна. Тийм үү?