5/26/2012

ХАНГУК ГАДААД СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧИЛЛАА




МУИС-ийн захирал профессор С.Төмөр-Очирын урилгаар 2012 оны 5 дугаар сарын 22-26 нд БНСУ-ын Хангук Гадаад Судлалын Их Сургуулийн Ерөнхийлөгч Парк Чүл МУИС-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд дотоод ажлын албаны дарга, профессор Тае-Еоб Жанг, монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Д.Отгонцэцэг, хатагтай Парк Чүл нар багтжээ.
1954 онд байгуулагдсан гадаад судлалаар улсдаа тэргүүлэх зэргийн энэ их сургууль Сөүл, Ёнгин, Сонгдо зэрэг гурван кампусд, 10 коллеж, 42 тэнхим, 8 эрдмийн сургууль, 3 төв, 27 хүрээлэн, 620 багш, 200 орчим гадаадын мэргэжилтэн багштайгаар 24 мянга шахам баклаварын, 4000 шахам мастер, докторын,  1000 гаруй гадаадын оюутанд  дэлхийн 45 орны хэл соёл зааж, даяаршлын зууны Солонгосын болон гадаад орнуудын дипломат, гадаад харилцааны ажилтан нарыг бэлтгэдэг томоохон их сургууль болоод байна. Дэлхийн 76 орны 400 шахам их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд төгсөгчдийн тоо нь 100 мянга хол давжээ.
Тус их сургууль англи хэл, өрнөдийн болон дорны хэлнүүд, хятад хэл, япон хэл, нийгмийн ухаан, бизнес эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, хүмүүнлиг, аман ба бичгийн орчуулга, төв ба зүүн европ судлал, хэл утга зохиол судлал, эдийн засаг бизнес, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, олон улсын спорт, чөлөөт цаг зэрэг чиглэлээр сургалт явуулдаг байна.
Ерөнхийлөгч Парк Чүл 2006 онд 8 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2010 оны 3 дугаар сараас 9 дэх ерөнхийлөгчөөр дахин сонгогдож тус их сургуулийг 2016 хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлаж Солонгосын топ глобаль их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тус их сургууль 2011 оны Азийн Их сургуулиудын зэрэглэлээр Солонгосдоо 1-р байр, Азид 11 дүгээр байранд ордог байна.
Тэрбээр гадаад орны хэл соёлын судалгааг өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоогоос 4 жилийн өмнө тус их сургуульд Монгол хэлний тэнхимийг санаачлан байгуулсан нь БНСУ-д монгол судлалын салбар байгуулсан хоёр дахь их сургууль болсон бөгөөд    ирэх жил анхны төгсөлтөө хийх гэж байна. Энэ их сургуулийн өөр нэг онцлог бол монгол судлалын салбараа монгол эрдэмтнээр удирдуулдаг бөгөөд МУИС, Сөүлийн Их Сургуулийн төгсөгч д-р профессор Дамдинсүрэнгийн Отгонцэцэг сүүлийн гурван жил тус салбарыг удирдаж байна.
МУИС-тай 2006 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж энэ хүрээнд багш оюутны солилцоог хөгжүүлж олон арван оюутан ялангуяа солонгос хэл соёлын чиглэлээр суралцсан бол МУИС-ийн эрдэмтэн багш нараас тус сургуульд уригдан ажиллаж байна. Одоо тус их сургуульд МХСС-ийн багш д-р Г.Галбаяр, Ц.Сувд нар урилгын профессороор ажиллаж буй.
Ерөнхийлөгч Парк Чүлийн айлчлалын явцад тэрбээр захирал С.Төмөр-Очир, МХСС, ГХСС, Монгол судлалын хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн багш нартай уулзаж, сургуулийн орчин, нөхцөл байдалтай танилцаж цаашид монгол судлалын салбараа өргөтгөх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мастер докторын сургалт нээхэд туслалцаа авах, солонгос хэл соёлын сургалтын нөхцөл байдлыг сайжруулахад дэмжин туслалцах чиглэлээр санал солилцлоо.
Айлчлалын явцад ерөнхийлөгч Парк Чүл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, их сургуулиудын хамтын ажиллагаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар санал солилцов.
Мэдээ бэлтгэсэн Ж.Бат-Ирээдүй (МСХүрээлэн)

1 comment:

Enkhtaivan BuBu said...

би уг нь энэ сургуульд өнгөрсөн жил солилцооны хөтөлбөрөөр МУИС-ийн шугамаар сурчаад ирсэн юм сан. гэтэл хожим хойно нь эндээс олж ха рж байх гэж. Энэ сургуульд сураад ирсэн хүмүүсийг үйл ажиллагаанд нь урьж болоогүй л юм байх даа гэж бодогдохын. Их сайн сургууль байгаамаа, Монголоос олон хүн явах хэрэгтэй дээ.