СУРТАЛЧИЛГАА

7/01/2010

БААБАР: "ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААН УУ, ДАЙН УУ?"




БААБАР

Цэргийн шинжлэх ухаанд дайн, байлдаан, тулалдаан, будилаан[1], мөргөлдөөн, өдөөн хатгалга[2] зэрэг нь өөр өөр утгатай байдаг бололтой.
Халх голын явдал нь эхнээсээ дуусах хүртлээ хилийн маргаанаас үүдсэн мөргөлдөөн[3] байсан. Зөвхөн Монголд л үзэл суртлын зорилгоор[4] үүнийг дайн байсан гэж нэг биш удаа тэмдэглэжээ. Энэ мөргөлдөөний гол оролцогчийн нэг Орос Зөвлөлтийн түүхэн тэмдэглэлд нэг ч удаа “война” гэж нэрлэж байгаагүй, “бои” гэдэг нь байлдаан, тулалдаан гэсэн үг юм.
Монголчууд Номонхаан хүртэл байлдаж Манжгогийн нутаг дэвсгэрт халдсан гэдэг логикоор[5] “Номонхааны будилаан” (incident) гэж япончууд нэрлэдэг бол, япончууд Монгол улсын нутаг Халх гол руу довтолсон гэсэн утгаар зөвлөлт монголын түүх бичлэгт “Халх голын байлдаан” гэж нэрлэх болжээ.
1934 онд япончууд Зүүн хойд Хятадад Манжго хэмээх тоглоомын улс[6] байгуулснаар Монгол улс Манжгогийн хооронд хилийн маргаан[7] үүсчээ. Энэ маргааныг зохицуулахаар Манжуул өртөөнд Монгол, Манжгогийн төлөөлөгчдийн хэлэлцээ хэд хэдэн удаа болж ямар ч амжилтанд хүрсэнгүй. Манжго болохоор өөрийн хилийг Халх голоор байх ёстой гэж үзэж байхад монголчууд угаас Халхын хил түүхээрээ Халх найман сүмээр[8] байсаар ирсэн гэж үзэж байлаа.
Шинэ байгуулагдсан улсын хилийн наана цаана барга монголчууд, халх монголчууд зэрэгцэн амьдардаг тул димаркаци[9] хилийн тухай урьд нь ойлголт огт байгаагүй газрын тухай маргаан байлаа.  Юутай ч[10] энэ удаа япончуудад Монголын эзэлж авах, дайн зарлах, шатлан өргөжүүлэх[11] ямар ч төлөвлөгөө зорилт байгаагүй. Квантуны арми хэчнээн дураараа загнадаг[12] ч гэсэн тэдэнд Монгол Зөвлөлтийн чиглэлээр дайн явуулах эрх байгаагүй.

Мөргөлдөөн үүсэх шалтаг
Японы цэргийнхний дунд Азийг тэр чигээр нь[13] эзлэн улс орны нөлөөг томсгож Нармай Ази[14] байгуулах тал дээр хоорондын маргаан байгаагүй аж.
Харин тактикийн хувьд[15] Өмнөд бүлэглэлийнхэн Номхон далай, Австрали, Энэтхэгийн чиглэлээр дайн хийн хүчирхэг нармай Япон байгуулах хүсэлтэй бол Умартын гэх бүлэглэлийнхэн Сибирь, Алс Дорнодын чиглэлээр довтлон болбол Ураал хүртэл улс орноо тэлэх бодолтой байв.
1937 онд эхэлсэн Хятад-Японы дайныг гардан хөтөлж[16] байсан Квантуны арми нь Манжго улсад байрладаг, умартын бодлогыг[17] дэмждэг, дайны явцад Токиогоос нэлээд бие даасан дураараа бодлого явуулдаг төв болсон байлаа. 
1939 оны хавар Токиод болсон хурлаар Хятад-Японы дайны асуудлыг авч хэлэлцээд Зөвлөлт-Манжгогийн болон Гадаад Монгол-Манжгогийн хилийн асуудлыг[18] бататган тогтоох шийдвэр гаргажээ. Квантуны арми үүнийг нь шууд шүүрэн авч[19] Бүрд овооны чиглэлээр 10 мянга орчим хүнтэй цэргийн хүч илгээн Халх гол хүртэл давшин[20] Манжго-Монголын хилийн шинэ шугамыг “бататган тогтоов”. 1936 оны Монгол Зөвлөлтийн хамтран ажиллах протокол гэрээ ёсоор “БНМАУ-д алив гуравдахь хүчин халдан довтолбол ЗХУ шууд өмгөөлнө” гэсэн заалт буй тул Халх гол хүртэл довтолж хилийн өдөөн хатгалга хийснээр хэнтэй тулалдах гэж байгаагаа Квантуны армийнхан сайн мэдэж байлаа. Хэрэв энэ районд Зөвлөлтийг дийлэх юм бол Японы цэргийн эрхтнүүдийн[21] тактикийн маргаанд квантунчууд ялалт байгуулж Умартын бодлогын зөвийг батлах байлаа. Хоёрдугаар Хятад-Японы дайнд Хятадын талд хамгийн их тусламж үзүүлж, ингэснээр дайныг сунжруулж[22] буйн бурууг хүлээх учиртай оросуудыг хашрааж[23] дөнгөнө гэж тэд боджээ.
Мөргөлдөөний явц
Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 17-р корпус Халх голын орчимд ирж 5-р сарын 29-нд давшилтад орон япoнчуудыг эргүүлж[24] Халх найман сүм хүртэл ухраажээ.
Ингээд Япон, Зөвлөлт хоёр дараагийн тулалдаанд бэлтгэв. 6-р сарын эхээр Халх голд генерал Жуков ирж тулалдааны явцтай танилцав. Байгаа корпусыг[25] хангалтгүй гэж үзээд моторжуулсан[26] 9 дүгээр хуягт бригад[27], 150 танк бүхий 11 дүгээр бригад, 154 хуягт бүхий моторжуулсан 7 дугаар бригад, буудлагын 24 дүгээр хороог Халх голын районд татан авчрав.  Хоёр дахь тулаан Баянцагаан орчимд болж япончууд дахин хиар цохиулав[28].
Ингээд бараг дайны хэмжээнд тулж очихуйц гурав дахь их тулаанд хоёр талаас бэлдэж эхэллээ.
Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз[29], танк, агаарын десант[30], их бууны хороо тус бүрийг ЗХУ-аас шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1,5 дахин их цэрэг, 1,7 дахин их пулемет, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1,6 дахин их онгоц хуралдуулж[31] чадав. Онгоцны тоо 515 хүрчээ.
Мөргөлдөөн зарлаагүй болохоос[32] дайны хэмжээнд хүрлээ. 8 дугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн[33] 70 км өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд[34] 7 хоногийн дотор яйр цохив. Гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархадсан байна.
Мөргөлдөөний цаад шалтгаан: сталины логик
Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг онцгойлон дотночилж тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч[35] гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад онцгой энэрэнгүй хандаж, өөрийн бие даасан байдлыг нь хөхиүлж[36], соёлжиж гэгээрэхэд нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас[37] Сталин ихэд болгоомжилсон байна.
Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд[38], сэхээтнүүдийг[39] устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна.
Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам[40] гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага[41] өөрөө зохион байгуулсан байна.
Монголын удирдагч нарын логик
Манжго улс буй болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуул өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн[42] төвшинд[43] идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ[44] монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ.
Иймээс Монголын удирдагчид хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой[45] байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.  
Сталины авсан арга хэмжээ
Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын аядуу бодлого [46]нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно.
Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуулын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн[47] татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж[48] Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан[49] устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй[50] боллоо.
Халх голын асуудал шийдвэрлэгдсэн нь
Номунханы мөргөлдөөн нь Японы ирээдүйн довтолгоонд улаан арми[51] бэлтгэлтэй байна гэдгийг Токиод тод томруун[52] ойлгуулав. 1939 оны 9 дүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн элчин сайд Тоготой Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн боловч хилийн асуудал бүр сүүлд 1941 онд шувтарсан юм.
Юу гэвэл 1939 онд 11 дүгээр сард БНМАУ - Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы холимог комисс[53] байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй. Харин Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож[54], Номунханы тулалдааны дараахи статус-квог улсын хил мөн гэж үзжээ.  Холимог комисс 1941 оны 10 дугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манж-Го, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу.

Монголчуудын оролцоо

Цар хүрээний[55] хувьд бараг дайны хэмжээнд хүрсэн энэ том мөргөлдөөнд Монгол улс эх орноо хамгаалахаар өөрийн бүхий л хүчээр оролцсон юм. Гэвч дэлхийн хоёр хүчирхэг гүрний хийж буй орчин үеийн дайн тулаанд Монголын цэрэг зэвсэг, хүн хүч тун ч өчүүхэндэж[56] байлаа. 45 мм-ийн их буугаар зэвсэглэсэн Монголын армийн 8 дугаар морьт дивиз Зөвлөлт-Монголын армийн хамтарсан хүчийн нэг талыг төлөөлөв.
Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн нь энэ үед шувтарч байсан үндэсний их хядлагатай[57] харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гай болоход байлдааны явцад Зөвлөлтийн онгоц эндүүрч[58] бөмбөгдсөнөөс[59] болж олон монгол цэрэг бас үрэгджээ. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан[60]. Гээд дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн[61] хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд[62] Монголын 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахуу зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй[63] нь ойгомжтой. Япончууд 12 000 дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл монгол нь монголтойгоо[64] алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ.
Байлдаан хилийн маргааны хүрээндээ явагдаж байсан боловч мөргөлдөөний төгсгөлд дүрмээс гажсан[65] үйлдэл болжээ.
Гурав дахь цохилтоо авсны дараа япончууд 9 дүгээр сарын 12-нд Нөмрөгийн голын орчимд нэлээд хүчээр довтлон голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ[66] яг таг[67] зогсон дайны ажиллагааг зогсоох шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад[68] алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго - Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунхааны асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ[69]
Халх голын түүхт байлдааны 70 жилийн ой болж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө хийсэн монголчуудын хувьд шудрага энэ байлдаан Монголын ард түмний хувьд түүхэн баатарлаг бахархам[70] үйл явдал билээ.

2009.8.18



[1] будилаан – будилах аан
[2] өдөөн хатгалга – өдөх хатгах
[3] мөргөлдөөн – мөргө лд өөн
[4] үзэл суртлын зорилгоор – үзэл санааны зорилгоор, оюун санааны учир
[5] гэдэг логикоор – гэдэг ойлголтын дагуу, гэдэг учраар
[6] тоглоомын улс – түр зуурын улс, түр оршин тогтох улс, албан ёсны бус,
[7] хилийн маргаан – хил хязгаарын талаарх маргаан, зөрчил,
[8] халх найман сүм – газрын нэр
[9] димаркаци – гад. үг.
[10] юутай ч – холбоос үг. Юу ч болсон, ямар ч байсан,
[11] шатлан өргөжүүлэх – ахиулах, улам лавшруулах,
[12] дураараа загнах – дур зоргоороо аашлах, дураараа хийх, үйлдэх
[13] тэр чигээр нь – байгаагаар нь,
[14] Нармай ази – пан ази, улс гүрэнийг хамарсан ази,
[15] тактикийн хувьд – бодлогын хувьд,
[16] гардан хөтлөх – хариуцах,
[17] умартын бодлого – барууны бодлого, хойд улсуудын бодлого,
[18] хилийн асуудал -  хилийн хэрэг явдал,
[19] шүүрэн авах – олз болгон авах, дуртай авч ашиглах,
[20] давших – дайрах, давших, атак хийх,
[21] цэргийн эрхтнүүд – цэргийн албан тушаалтан,
[22] сунжруулах – удаах, удаашруулах,
[23] хашраах – айлгах, зовоох,
[24] эргүүлэх – буцаах,
[25] корпус – гад. нэр. цэргийн нэр томьёо,
[26] морторжуулах – мотортой техникээр зэвсэглэх
[27] хуягт бригад – хуягт машинаар зэвсэглэсэн хэсэг,
[28] хиар цохиулах – бут ниргүүлэх, ялагдах,
[29] дивиз – гад. нэр. цэргийн нэг төрөл анги салбар
[30] десант – гад. нэр. мөн цэргийн байлдааны зохион байгуулалтын нэгж
[31] хуралдуулах – бөөгнүүлэх, хуримтлуулах
[32] -аагүй болохоос – аагүй учраас,
[33] гэнэдүүлэх – гэнэ сэрэггүй байхад нь, анхааралгүй байхад нь дайрах, цочирдуулах
[34] бүслэх – тойрох маягаар хориглох,
[35] ивээн тэтгэгч -  хамгаалагч, тэтгэгч,
[36] хөхиүлэх – дэмжих,
[37] халдварлах – тарах, тархах,
[38] язгууртнууд – язгууртан хүмүүс, баячууд, хөрөнгөтнүүд,
[39] сэхээтнүүд – сэхээтэн хүмүүс, боловсролтой хүмүүс
[40] арга саам – хорш. арга чарга, саад тотгор, саад түлхээ,
[41] их хядлага – алан хядах үйл ажиллагаа
[42] ерөнхий сайдын орлогч – дэд ерөнхий сайд, орлох ерөнхий сайд
[43] төвшинд -  хэмжээнд,
[44] хэрэвзээ – хэрэв,
[45] чухам ийм бодолтой – яг иймэрхүү бодлоор
[46] аядуу бодлого – зөөлөн, харсан, түрэмгий биш, зөөлөн бодлого,
[47] эгүүлэх – эргүүлэх, буцаах,
[48] огцруулах – буулгах,
[49] цаазлах – цаазаар авах, алах, хороох,
[50] гарц -  арга ухаан, арга чарга, арга байдал,
[51] улаан арми -  зөвлөлтийн цэргийн хүч, цэргийн анги, оросын цэргийн анги, арми
[52] тод томруун – тодорхой, томруун,
[53] холимог комисс -  янз бүрийн бүрэлдэхүүнтэй,
[54] хэлээ олох – учраа олох, ойлголцох,
[55] цар хүрээ – цар хэмжээ, хүрээ хэмжээ, байдал,
[56] өчүүхэндэх – багадах, юу ч биш болох,
[57] үндэсний их хядлага – үндэсний хэмжээний аллага, улс үндэстний хэмжээний алаан,
[58] эндүүрэх – андуурах, андуурах эндүүрэх
[59] бөмбөгдөх – онгоцоор бөмбөг хаях
[60] шавхан дайчлах – шавхах, дайчлах, хамаг хүчээ дайчлах
[61] хүчээ үзэх – хүч тэнхээгээ үзэх,
[62] томхон зодоон -  шог. том байлдаан,
[63] сэлмээр цавчих -  сэлмээр байлдах
[64] монгол нь монголтойгоо -  монголчууд хоорондоо
[65] дүрмээс гажих – дүрмээс гадуур, дүрэм зөрчих, дүрэм баримтлахгүй
[66] байр байран дээрээ – байгаа байгаа газраа, байсан газраа, яг тэр газраа,
[67] яг таг – яг, яс,
[68] хожмын хятад – сүүлд,
[69] үйлдэх – хийх, хийх  үйлдэх
[70] бахархам - бахархах

No comments:

Post a Comment