СУРТАЛЧИЛГАА

6/26/2010

ДАЛАЙ ЛАМ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛАН НОМ АЙЛДЛАА



Дээрхийн гэгээнтэн Далай Лам энэ сарын 17-28 ны өдрүүдэд 11 хоног Япон Улсад шашины зорилгоор зочилж байна. Тэрбээр энэ тухайгаа “Энэ удаагийн айлчлал бол ямар нэгэн улс төрийн зорилгогүй, би Японы засгийн газрын хүмүүстэй уулзахгүй, надад улс төрөөс гадна сүсэгтэн олон түмэн гэж бий, би тэдэнтэйгээ уулзаж номоо айлдах юм аа. Гэхдээ Төвдийн улс төрийн болоод оюун санааны ирээдүй нь ардчилсан маягаар л шийдэгдэхээс өөр аргагүй”  хэмээн айлчлалын эхэнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэж байлаа.  
Энэ удаад тэрбээр Японы Нагано, Каназава, Ёокохама хотуудад сүсэгтэн олонд зориулсан лекц уншсан юм. Нагано хотноо айлчлах үеэр Зэнкожи хэмээх Буддийн шашины Япон сүмд зочиллоо. Учир нь 2008 оны арван нэгдүгээр сард тус сүмд нэгэн бурханы баримал бэлэглэсэн бөгөөд тэр үеэр тус сүмийн урилга хүлээж авчээ.
Далай багшийг Токио хотноо морилох энэ сайхан завшаанд Тѳвд Монголын Буддын шашины соёлын тѳвийн Япон дахь салбараас  Япон Улсад суугаа сүсэгтэн олон монголчуудад зориулан тухайлан нэг өдрийг олж айлтгал хийлгэсэн нь тун чухал ажил боллоо. Тэрбээр энгийн амьдралын эгэл зүйлээс авахуулаад буддийн шашины гүн ухааны цогц ойлголтуудын талаар болон ерөөсөө хүний амьдралын мөн чанарын талаар дэлгэрэнгүй ярилаа.
Дээрхийн Гэгээн Арвандөрөвдүгээр Далай Лам Данзанжамц нь бурханы шашны мөн чанар болон амьдралын утга учир, үнэн мөнийг тунгааж гэгээрсэн бөгөөд аугаа их эерэг энергийн бодисадва билээ.  Түүний ариун сургааль, айлдварыг сонсох  нь энэ насанд тохиолдох нэгэн цагийн хувь ерѳѳл хэмээн сүслэм.  Далай багшаас Япон дахь Монголчуудад айлдах энхүү сургааль, айлдвар нь бид бүгдэд амьдралын утга учир, сайн сайхан, авах гээхийн ухааныг хэлж өгөх буяны болон сэтгэлийн ариун бэлэг боллоо.
Энэ ѳдрийн сургааль, айлдварыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны Доктор, Профессор Н.Жанцанноров нээн хөтлөж “Эрхэм та бүхний өдрийн амгаланг айлтгая. Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай лам дахин Японд морилж, Монгол үндэстэнүүддээ айлдвараа хайрлах ариун сайхан цаг дахин тохиолоо. Энэ сайхан цагийг хүндэтгэн  миний бие Монголын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын дурсгалд зориулсан “Цагаан Суварга” гэдэг бүтээлээ Япон Улсад суралцаж байгаа шавь нарынхаа хамт  Гэгээн танд өргөн барья.” хэмээн  алдарт “Цагаан суварга”-гаа тоглоход Далай лам чих тавин, сэтгэл уяран сонсож баяр хүргэлээ. 
Тэрбээр яриагаа "Хоосон цагийн магтаал" хэмээх номын шадаар эхлэж ном уншаад айлтгалдаа “Монгол, Төвдийн ард түмний эртний холбоо сүлбээ, Бурханы шашин түгэн дэлгэрсэн түүх, Монгол Улсад морилж байсан түүх, Өвөр Монголчуудын тухай, монгол сайхан айргийн тухай,  Далай лам хэмээх алдарыг хүртсэн тухай, багш нарынхаа тухай, монгол хэл сурч байсан тухайгаа, Ардчилсан Монгол үндэстний бурхан шашны талаар явуулж буй бодлого, Энэтхэгт сурч буй монгол лам нарын тухай, Төвд орны талаар, оюутнуудын хичээнгүйлэн сурч боловсрох тухай, Чингис хаан, түүний залгамжлагчид, орчин үеийн Монголчуудын эрхэмлэх зүйлийн талаар, бусад шашны харилцан нөлөөлөлийн тухай зэрэг олон сэдвээр ярьж буддийн шашны лам нарыг Дармасалд очиж сурахыг уриаллаа.
Монголчуудад зориулсан энэ уулзалт Интерконтинентал Ёокохама Гранд Зочид Буудлын Дугуй танхимд болж 200 орчим монголчууд цугласан юм. Уулзалт айлтгалын төгсгөлд Н.Жанцанноров гуай Япон дах монголчуудыг төлөөлөн  “Гэгээнтэн тандаа маш их баяралалаа. Таны бие мах бод сэрүүн тунгалаг, оюун билэг ариун баян байх болтугай. Монголчууд, монгол үндэстэн бид энэ жил Монгол Улсад болсон Олон улсын морин хуурчдын чуулганы шилдэг гурван морин хуурын нэгийг Японд ажиллаж сурч, амидарч байгаа бүх монгол үндэстнүүдийнхээ өмнөөс өргөн барьж байна.”  гэж хэллээ.
Монголчууд асуулт тавьж, хариултыг сонсож зарим нь адис хүртэж, Далай багшийн цаг нэлээд шахуу болсон тул айлдварын дараа Далив хутагт Жамсранжавын хойд дүр Халимаг лам болон Гандан хийдийн бусад лам нар Далай багшийн улаан зангиа, маанийн үрэлийг багштаныг төлөөлөн түмэн олонд хүртээж, адис хүртээлээ.
Энэ айлтгалын өргөлийн хураамж 1500 иен буюу 22500 орчим төгрөгийн тасалбартай байлаа. Харин 26-нд Пасифик Ёкохамад зохиогдох арга хэмжээний тасалбарыг авсан хүнийг үнэгүй оруулж байв.  
Гандантэгчинлэн хийдийн лам С.Ганболд Далай багшийн яриаг төвд хэлнээс түүртэлгүй сайхан орчуулж түмэн олноо хүргэлээ.
Далай ламын айлчлалыг зохион байгуулах хорооноос Далай Ламын аюулгүй байдлыг хангахаар  хамгаалалт нарийн чанд, байж ороход биеийг нь шалгаж зургийн аппарат  сэлтийг хураан авч байсан хүн болгон утасаа асааж зураг дарлаа.
Далай Ламын монголчуудад зориулсан айлдварын бичлэгийг удахгүй Монгол Улсад “Монгол Телевиз”-ээр түмэн олонд хүргэх болно.

Бичлэг болон гэрэл зургийг Жанцангийн
БАТ-ИРЭЭДҮЙ,
Токио хот, 2010.06.25



No comments:

Post a Comment