СУРТАЛЧИЛГАА

10/26/2010

АЖИА ГЭГЭЭНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Токио, 2010.10.22

АЖИА ГЭГЭЭНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Хөх нуурын Долоон нуурын оронд Бар жилийн бар өдрийн бар цагт төрсөн Юндэндорж хэмээх хөвүүн, 1950-иад оны эхээр Гүмбүм хийдийн Ажаа Гэгээний наймдугаар дүрээр тодорсон Монгол хүн билээ. Одоо тэрбээр АНУ-ийн Индиана мужийн Блүүмингтонд “Монгол-Төвдийн Соёлын төвийн тэргүүнээр морилон суугаа билээ. Түүнийг Япон Улсад түр ажлаар саатахуй дор хүрэлцэн очиж энэхүү ярилцлагыг авсанаа өргөн түмэнд толилуулж байна.

Та юуны өмнө өөрийнхөө тухай Япон оронд суугаа Монголчуудад танилцуулна уу?
Ажиа Гэгээн: Би бол бидний мэдэхээр Хөх нуурын дээд монголчуудаас гаралтaй монгол хүн байна. Би 1950 онд төрсөн хүн. Хөх нуурыг тойрсон Монголын 24 хошуу байсан, би бол Бэйсийн хошууны хүн байна. Гүмбум хийд гэж Хөх нуурын бараг захад шахам бий, том нуурыг тойроод хэдэн багавтар нуур бий. Ийм газар оронд төрж өссөн хүн билээ би. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд сайн явбал эцэг эх нь баярладаг монгол ёс. Тиймээс гэгээнээр тодорсон явдал бол манай гэрийн хувьд хамгийн баяртай үйл явдал байсан. Хэдийгээр бага насандаа гэгээнээр тодорсон ч гэсэн манай нутаг бол Гүмбүм хийдээс тийм хол биш учраас эцэг эхтэйгээ ирж очоод ойрхон байсан. Эхний үед аав ээж минь бүр хамт байсан юм билээ.

1958 онд Таныг найман настай байхад Хятадын Соёлын хувьсгал гэж гарсан юм байна. Тэр үеийн нийгэм ямаршуухан байсан бэ?

Ажиа Гэгээн: Хүндхэн хэцүү байсан шүү, жишээ нь 1937 онд Монголд бас тийм явдал болсон тэрэнтэй эгээ адилхан шүү дээ. Шашныг бол шууд хаасан юм. Тэр үед хоёроос гурван мянган лам байсан шүү. Үүнээс эрдэмтэй номтой лам, гэвш олон байсан. Монгол лам 600-700 лам байсан гэж ярьдаг. Алдартай сайхан лам нарыг бүгдийг барьж шоронд хорьсон. Ламын хувцас орхимж өмсөж болохгүй, энгийн хувцас өмсөх хэрэгтэй, ном шажин уншиж болохгүй, энэ бол хар хор гэж үзсэн. Би өөрөө бага байсан учраас хятад сургуульд сурч, дашрамд харин хятад үсэг хэл бичиг сураад авсан шүү.

 
Одоогоор амьд мэнд лам нар байна уу?

Ажиа Гэгээн: Одоогоор бараг байхгүй байлгүй дээ. Бага байсан болохоор тод сайн мэдэхгүй байна. Бүгдийг баридагийг нь бариад бусдыг нь буцааж нутагт явуулсан байх. Тоог нь хэлж мэдэхгүй байна. Наяад онд шажин сэргэхэд бас нэлээд хэсэг лам нар буцаж ирсэн юм. Гэхдээ лам гэдгээрээ биш зурхайч ч юм уу, эм эмнэлгийн, урлагийн эрдэм, багшаараа буцаж ирж, хичээл ном зааж байсан шүү. Энэ үеэс дахиж сэргэлээ шүү дээ азаар.

 
Наяад он хүртэл та нутагтаа байсан уу, Далай багш бол дүрвэж гарсан танд тийм зүйл тохиолдож байв уу?

Ажиа Гэгээн: Үгүй, үгүй. Далай богд бол 1959 оноос Хятадтай Төвдийн асуудлаас болж дүрвэн гарсан шүү дээ. Үүний дараа Ванчинбогд Төвдөд байсан. Гэвч бид нутагтаа хариагүй. Гүнбүм хийд дээрээ сууж байсан. Гүмбумийг чинь музей маягтай болгочихсон юм шүү дээ. Жаахан муу утгаар сурталчилгаанд ашиглаж байсан юм. 1976 онд Хятадын удирдагч Мао Зэ Дунь нас барсан. Үүний дараа шашин сайхан сэргэж, 1980 оноос Дэн Сё Пэн дарга сэргээсэн шүү дээ.

 
Таныг АНУ-д амьдарч, бурхан шашныхаа талаар үйл ажиллагаа явуулдаг гэж одоо манайхан мэддэг болж байна. Харин хэзээ хэрхэн яаж очсон тухайгаа ярихгүй юу?

Ажиа Гэгээн: Энэ бас сонин шүү. Би Гүмбум хийдэд Хөх нуурын мужид шашны дарга болж байлаа, Хятадад 1980-98 хүртэл шашны том ноён төлөөлөгч маягтай байлаа. 1989 онд Ванчинбогд таалал боллоо. Таалал болсны дараа монголууд, төвдүүд, шашин шүтэгч нарын бодсоноор Ванчинбогдын хойд дүрийг Далай багш тодруулах ёстой байтал тэгсэнгүй. Хятадын засгийн газраас хойд дүрийг тодруулсан юм. Тэгээд би тэр Банчин богдын хойд дүрээр тодорсон хүүгийн багш болох хэцүү асуудал миний толгой дээр буусан юм. Ийм учраас Хятадын нутгаас гарч 1998 онд АНУ-д хүрч улс төрийн асуудлаар цагаачилж гарсан.

Анх таныг очиход АНУ-ын нөхдүүд хэрхэн угтаж авсан бэ?

Ажиа Гэгээн: Нэгэнт Хятадын засгаас зугтааж гарсан болохоор нэг их чимээ гаргаад яахав гэж нэлээд хэсэг нам жим суусан. Эхлээд Калифорни мужийн Сан Францискод хоёр жил шахам болоод сүүлдээ Монголчуудтай сүрхий дотно холбоотой боллоо. Яваандаа улам өргөжсөөр Монгол-Төвдийн жижиг сүм босгоод жаал суусан. 2006 онд Далай богдоос захиа бууж “Та Индиана мужид морилоно уу, түүний төрсөн ахынхаа байгуулсан Төвдийн төвд соёлын төвд Индиана мужид очно уу? хэмээн асуусан. Ахынх нь бие жаахан чилээрхээд намайг очино уу хэмээн хүссэн юм. Тэгээд тэр сүмийг Төвд, Монголын соёлын төв болгож өөрчилсөн. Далай багш хоёр удаа морилж ирсэн. Монголчууд энэ сүмдээ хайртай. Далай богдыг буухад монголчууд бүгд хүрээлэн ирдэг юм даа.

2006 оноос өмнө Төвдийн соёлын төв гэж байсан юм байна. Таныг очсоноос хойш Төвд, Монголын соёлын төв гэж өөрчлөгдсөн юм байна, тийм үү?

Ажиа Гэгээн: Тэгсэн, тэр бол Далай богдын шийдвэр, хүсэл байсан юм аа. Далай багш юу гэж бодсон гэхээр АНУ-д байгаа хорин мянга орчим төвдүүдэд зориулсан сүм хийд нэлээд байна, харин шинээр сууришиж эхлэж байгаа монголчуудад зориулсан сүм хийд байхгүй учир үүнийг энэ чиглэлээр өөрчлөе гэж шийдсэн юм. Индиана бол АНУ-даа нутаг дэвсгэрийн хувьд нэлээд дунд хавьд байгаа учираас тэгж бодсон байх, бас монгол судлалын төв байдаг хуучны уламжлалтай энэ тэр гээд давхар бодсон зүйл бий байх аа. Халимагууд болохоор Нью Жерсид дөрвөн сүм байгуулсан байсан.

Халимагуудын байгуулсан дөрвөн сүм гэж та ярилаа, та тэнд айлчилж очиж байсан уу, ямаршуухан лам нар суудаг юм бэ?

Ажиа Гэгээн: Айлчилж байсан. Нью Жерсид байсан дөрвөн сүмд бол хүрч очсон. Түүхийг нь бас сайн мэдэхгүй ээ. Тэнд 50-иад оноос Оросоос голдуу суурьшсан халимаг хүмүүс тэнд нэлээд бий. Настангууд нь нэлээд шүтнэ шүү, Нью Жэрсийн монгол залуучууд нь ажил, амьдралын эрхээр нүүгээд явчихдаг. Энэ сүмүүд цагаан сар, бурхан багшийн дүйцэн өдрөөр ч юм уу янз бүрийн үйл явдлын үеэр үйл ажиллагаа явуулж ном уншина. Нэлээд хэдэн монгол лам бий. Нэг лам нь 102 настай Жамбалдорж гуай, 92 настай өвөр монгол Ёндонжамц гэвш гэж хүн бий. Өөр нэг залуу монгол лам сууж байгаа. Өөр хоёр ч төвд лам бий. Монголчууддаа ном уншиж, тус үйл хийдэг л юм билээ.

 
Одоо таны байгаа Төвд-Монголын соёлын төвд ямар үйл ажиллагаа явуулж байна, монголчууд их очиж байна уу?

Ажиа Гэгээн: Манай яг тэр Индиана Блүүмингтонд бол монголчууд тийм олон биш ээ. 20-30 айл байна уу, үгүй юу. Ер нь бол гучаад мянган ар монголчууд байгаа шүү дээ, Америкийн хэмжээнд. Өвөр Монголчууд бол бүр цөөхөн байхаа. Холбоо харилцаа багатай. Харин Чикагод байдаг байсан айлууд их ирнэ шүү. Тэнд 6-7 мянган монголчууд бий. Хүний амьдралын янз бүрийн асуудал, өвчин тахал, саад барцад, жаргал зовлонгийн асуудлаар бидэн дээр ирнэ. Мөн Далай богдыг айлчлахад бол монголчууд маш өргөнөөр ирнэ. Мөн Монголчуудын баяр наадам, бурхан шашны өдрүүд гэх мэт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн үйл ажиллагаа явуулж, ном уншиж, соёлын арга хэмжээ явуулна. Монгол хүүхдүүдэд зориулсан зуны сургуулийг Америкид байгаа хүүхдүүдэд зориулан зохион байгуулаад 4 жил болж байна. Анхнаасаа Вашингтог ди си-д зохион байгуулж байсан боловч сүүлийн жилүүдэд манай тэр сүмийг түшиглэн зохион байгуулж байгаа. Жил бүр 30 шахам хүүхэд ирж байна. Одоо үүнээс илүү хүлээж авч чадахгүй болох нь. Зуны сургуулиар бол монгол хэл, соёл заадаг юмаа. Монгол хэл бичгээ үзнэ, монгол дуу хуураа сурна, монгол хоол ундаа хийж сурна, идэж ууна, үлгэр домог сонсоно, хоорондоо монгол хэлээрээ ярина, монгол найз нөхөдтэй болно, хамгийн наад зах нь монгол хэл бичгээрээ нэрээ бичиж сурах жишээтэй. Хүмүүс их сонирхож байгаа, хүүхдүүдийн тоог нэмэхийг хүсэж байгаа гэвч манай хүчин чадал хүрэхгүй болж байна шүү. Гэхдээ цааш боломж гарсан үедээ улам өргөжүүлэх бодолтой л байна.

Би танай сүмийн талаар олон нэвтрүүлэг, бичлэг зураг үзэж байсан, өөрөө очиж байсангүй, тэнд байгаа суваргыг босгох ч гэдэг юм уу, ийм шашны үйл явдал зохион байгуулж хийхэд АНУ-д төвөг учир байна уу?

Ажиа Гэгээн: Та манай тэнд даруйхан ирээ. Америк бол чөлөөтэй, ардчилсан орон байна. Гүмбум, Чанчилан гээд хоёр төрийн бус байгууллага байгаа. Хоёр суварга барьсан. Энэ бол Далай багшийн төрсөн ах Норбу гуай амьд сэрүүндээ босгосон юм. Бид нэмээд өмнөх жил Монголчуудын хандиваар маанийн хүрд байгууллаа. Зуны цагт хүмүүсийн түр суух байр бий шүү. Америкчуудад зориулсан бурхан шашны Ням гарагийн хичээл байгаа, түүнд ирсэн хүмүүс түр хоноод явах боломжтой. Монголчууд, төвдүүд өөрийн цагтаа цугладаг юм.

 
Та нутгаасаа гараад олон жил болжээ. Та зүүдэндээ та нутагтаа очиж байна уу? Анх Монголд хэдийд анх очсон юм бэ? Улаанбаатарт очиход нутагтаа очсон шиг санагдах уу?

Ажиа Гэгээн: Би нутгаасаа гараад арван гурав дөрвөн жил болж байна. Нутгаа санадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Нэгэнт улс төр, шашны учир шалтгаанаар гарсан болохоор буцаж нутагтаа очих боломжгүй л дээ. 2006 онд Монголд анх айлчилсан юмаа. Анхны миний сэтгэгдэл их өндөр байсан. Онгоцонд суухад монголоор манай Монголын онгоцонд ороод л сайхан монгол хэлээр яриад тэгээд “Улаанбаатарын Буянт Ухаа онгоцны буудалд буулаа” гэхэд миний сэтгэл маш их хөдлөж билээ. Тэндээс эхлээд л хаа сайгүй монголоор ярьж их сайхан байсан. Хөдөө жаахан гарсан. Монголчуудын зочдыг угтах, дайлах, хүндлэх, зочлох, үдэх энэ бүх зан үйл хэвээрээ байсан. Манийг бага байхад манай эцэг эх яг л ингэж ёсолдог байсан, тэр бүр хэв хэвээр байгаа нь эрхгүй санагдаж надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн юм. Ээж аавтай минь эгээ адилхан байна. Түүний дараа хоёр гурав очлоо. Монголчууд ардчилсан нийгэмд ороод 20 жил бол байгаа шүү дээ. Монгол сайхан хөгжиж байна. Анх удаа 2006 онд Гандийн гудамжинд хүрсэн, маньтай явж байсан төвд хүн их гайхсан, тэр үед тэр газар бараг хоосон байсан, хоёр жилийн дараа очихноо тэнд сайхан байшин барилга дүүрэн барьжээ. Баянтай, ядуутай юм юм л байна. Баянаасаа ядуугийн амьдрал их хүнд байна. Бид бол тэр ядуучуудад яаж туслах, буян хийх тухай их бодож байна. Тэгээд манай шавь нар надад бусад шашныхан их туслаж байна, та эмнэлэг байгуулж болохгүй юу гэсэн санал тавьсан, ингээд өөрийн сайн дураар нэг хүүхдийн хавдарын эмнэлэг байгуулах санаа төрж, Улаанбаатарын ноёдууд үүнийг ойлгож Яармагт шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн хавьд нэг сайхан газар өгсөн. Харамсалтай нь яг одоо барихад нэгэнт ус, дулаан хараахан очоогүй болохоор хоёр жилийн дараанаас барьж болох юм шиг байна. Харин бид Улаанбаатарын төв рүү нэг оношилгооны эмнэлэг барьдаг юм уу даа гэж бодож байна. Энэ удаа бид бурхан шашны хуралд очих далимаар сая Улаанбаатарт олон улсын лам нартай очоод ирлээ. Тэр үеэр энэ тухай бас нэлээд ярилцлаа. Энэ асуудлаа Японуудтай бас ярилцаж, хэд хэдэн эмчтэй уулзлаа. Та нар Японд амьдарч байгаа болохоор япон хүний зан чанарыг мэдэж байгаа, тэр асуудлыг судлая л гэж ярьж дэмжиж байна.

 
Тэгэхээр та Монголд гурван удаа айлчилж байгаа юм байна.

Ажиа Гэгээн: Би гурван удаа айлчиллаа, за ингээд бид ном бичсэн. Энэ номыг эхлээд би үнэгүй тарааж байсан юм. Одоо бол би зарж байгаа, үүний зардалыг эмнэлэгийн төсөвтөө оруулая гэж бодож байна. Сая би Англи яваад замдаа Улаанбаатараар ороод энд ирлээ. Англид Кембрижийн Их Сургууль болон Оксфордын их сургуулийн нөхдүүдтэй англи хэлээрхийг хэвлэх тухай яриа хийлээ. Би би си дээр ярилцлага өглөө. Учир зорилгоо ярилаа, эмнэлэг байгуулах тухайгаа ч ярьсан.


Монгол бурханы шашнаас гадна христийн шашин, мөн ойрын үеэс бөөгийн шашин их хүчтэй дэлгэрэх шинжтэй болчихлоо, та үүнийг юу гэж бодож байна даа?
Ажиа Гэгээн: Би энэ тухай дуулж байсан. Шашин хөгжиж байна. Гэхдээ энэ бол гагц Монголын асуудал биш байна. Америкад асуудал хэвээр байна. Манай нутагт бол улааны хувьсгал гээд юу ч үгүй болгосон. Шашин ард түмэн ямар холбоотой болох асуудлаар би Монголд болсон хурал дээр ч хэлсэн. Монгол хэлээр л ном уншмаар байна. Харийн хэлээр төвд хэлээр яриад байгаа зүйлийг өөрөө шууд мэдэхгүй нь хэцүү байна. Би эмч хүн биш, би баян хүн биш, гэхдээ яагаад эмнэлэг байгуулах тухай санаа төрсөн гэхээр ерөөсөө шашныг нинжин сэтгэлээр хүмүүстэй холбохын үүднээс л санаачилсан хэрэг юм. Бөөгийн хувьд бол манай төвдөд ч байсан. Ер нь ямар ч шашин боловч адилхан шүү дээ, ер нь шашныг мухар сүсгээр бодож болохгүй л гэж бодож байна.

 
Орчин үеийн манай Монголын сүм хийдүүд мөнгө хурааж, ном уншихаас өөр ажилгүй, хүмүүсийн төлөө үүнээс өөр онцын ажил хийхгүй байна, энэ орчин үеийн сүм хийд одоо ер нь юу хийвэл зохилтой юм бэ?
Ажиа гэгээн: Өнөөдрийн шашин шүтэгч, хуучны шашин шүтэгч хоёр нэлээд ялгаатай юм аа. Хуучин үеийнхэн бол аав ээжийн зааснаар л явдаг шүү дээ. Монголчууд ер нь бие хаа ямар байна, ийм юм бүтээх гэсэн юм яах вэ гэж голдуу явдаг тэгээд ийм ном уншуул гэвэл очоод л уншуулчихна. Иймэрхүү замаар явдаг байна шүү. Миний бодоход шашныг шинжлэх ухаантай л холбож тэр талаас нь илүү тайлбарламаар байна, хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй байна. Шашныг далимдуулах хүмүүс ч нэлээд байх шиг байна. Шашны жинхэнэ ёсонд л лам болоод бусад хүмүүсийг сургах хэрэгтэй байна даа. Ер нь бол бидэнд сурах юм бол урлаг, түүх, зан үйл, барилгын урлаг, гэх мэт хэд хэдэн зүйл байна. Өөрөөр хэлбэл Монголын шашин сүм хийд лам нар бүгдээрээ л нэг ном уншдаг түүгээрээ мөнгө олдог хэрэгсэл болгочихож болохгүй юм өөр өөрсдөө хоорондоо ялгарах зүйлийг ард олны төлөө хиймээр юм аа. Хүмүүст сайн сэтгэлээр л хандах тусмаа тэр сайн үйл бүтнэ гэж бодож байна даа. Би ч гэсэн хүмүүсийн тусын тулд өглөө бүхэн л ном уншиж суудаг.

Бэлэн юм өгснөөс нийгмийг хүүхдийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллавал сайн байх аа
Ажиа Гэгээн: Тийм ээ, тэгээд аль алийг нь л хиймээр юм шиг байна. Хүн болгоны зовлон дор дороо өөр шүү дээ. Тийм учраас төрөл бүрээр хүний сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй байх.

Дараа хэдийд дахин Монголд ирэх вэ? Таны ярьж байгаа эмнэлэг хэдийд босох бол?
Ажиа Гэгээн: Дараагийн хавартаа биш гэхэд зундаа очих болов уу? Бодож байгаа юмаа аль болох түргэн шуурхай биелүүлэхийн төлөө ажиллана. Ялангуяа Япон дах монголчуудтай байнгын холбоо хэлхээтэй байхын төлөө бодож байна, би дахин дахин ирнэ ээ.

Жич: Хөх нуураас тодорсон Монгол гэгээн Ажиа Гэгээнтний
Цагийг бэлгэдэгч НАРАН ЧӨЛӨӨ
хэмээх түүний туулсан амьдралын тухай ном
манай номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгааг энэ дашрамд сонордуулая.

Ярилцлага хийж тэмдэглэн сийрүүлсэн Ж.Дамдинцэрэн, Ж.Ирээдүй

Токио, 22.10.2010









No comments:

Post a Comment