СУРТАЛЧИЛГАА

2/15/2010

Дарамын БАТБАЯР

 Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Дарамын БАТБАЯР


АСУУЛТ
Хэн?, Хэзээ?, хэмээнэ. Хэсэгхэн болоод хэн гэдэг ч хэзээ гэдэг ч огт хэрэггүй болж, гагцхүү яагаад? Яах гэж  ... хэмээнэ. Ялигүй бас жаахан таг хийсний хойно яагаад ч яах ч огт хэрэггүй болж, гагцхүү яана даа хэмээхүй зүрх рүү мөлхөнө.

БАГА НАС
Цас лавсана. 
Шагайгаа хумиж бай гэж аав сургана. Хясахад орхисон шагай дандаа тэмээ бууна. 
Ногоо ургана.
Чулуу хормойллоо гэж ээж загнана. Хэлээгүй юу гэж эгч нэмэрлэнэ. Би эс дуугарна. Чулуун тоглоом минь улам олон болно.
Бороо шаагина.
Миний хүүгийн хээр даага хойтон түрүүлнэ гэж өвөө аргадна. Өөрсдөө буруу уячихаад гэж би уурсан бодно. Тоостой нүүрийг минь нулимс угаана.
Шувуу буцна.
Аргал түү гэж эмээ үглэнэ. Эгчийг байхад түүлгэхгүй яасан юм бэ гэж би урваганана. Хомоолтой үнгүүштэй нь цуг хамт түүнэ.
Цас лавсана.
Ногоо ургана.
Бороо шаагина.
Шувуу буцна.
Сургах, загнах, аргадах, үглэх дөрөв зодохыг тойрон эргэлдэнэ.

ДӨРВӨН БЭРХ 


Морь, тэмээ, хонь, үхэр дөрөв алганд минь яагаад багтахгүй байв хэмээн санаангдаа шившин дөрвөн шагайг орхихуйяа морь буулгах гэхэд буудаг тэмээ эс бууна. Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолно. Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун хясна. Өвөл, хавар, зун, намрыг нэгэн мөчид үзэе гэсэн юм шиг ори залуугийн хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүүгээдээ эдэлэе хэмээсэн мэт дөрвөн шагай намайг зовооно.

МАНАН
Хойно, өмнө, зүүнтээ, баруунтаа, дээр, дооргүй битүү манан. Бурхан ч хаа билээ. Чөтгөр ч хаа билээ. Там диваажин хоёр ч нийлчихсэн мэт. Төөрсөн мэргэдийн мөрөн дээр ад зэтгэр шавааралдана. Хаашаа юуны зүг явах билээ. Ухаан сэтгэл хоёр ч мөн нэгэн биеийн дотор төөрөлдсөн мэт.
Сэтгэлийн гүнд өнө холын дурсамж бүдгэрч, нэг тодорч, нэг үзэгдэвч, тийш одох зам үл харагдана.

ХОЖИМДОЛ
Саасан сүүгээ гашилгаж яваагүй юмсан. Одоо л болохоо болиж байгаа юм байх даа гээд санаа алдахад нь дэмий л юу гэж дэргэд бүлтэгнэж зогсов доо, ядаж: - Дэлэндээ гашлаа биз дээ, ээж минь гэж хэлэх минь яав.

ХОНИНЫ ХЭЭР
Хонины моринд сундалсан хоёрын толгойд ойр яваа нь амыг нь татаж, сүүлэнд ойр яваа нь ташуурдахад аргаа барсан морь хий дороо оцгононо.

САР
Өвгөн: - Салхигүй шөнө нуурын уснаа тусах сар ямар вэ?
Залуу: - Тэнгэрт байгаагаасаа ч сайхан.
Өвгөн: - Салхитайд?
Залуу: - Хумхисан цаас хөвөх мэт.
Өвгөн: - Ер нь сар ямар вэ?
Залуу: - Ерөөсөө бол ч сайхан л даа.
Өвгөн: - Сайхнаар барах уу. Гагцхүү эгшин зуурын салхийг хэзээ ч намдахгүй юм шиг цухалдан явдагт л хүний хамаг зовлон оршдог юм.

СИЙРИЙМАА
Зун ... Өдөр ... Чулуут гол ... шувуудын жиргээ... Сийриймаа бид хоёр ... Устай хувин ... Зөөлөн үгс ... Инээд ...
Намар ... Үдэш ... Чулуут гол ... Сийриймаа бидэн хоёр ... Тэргэл саран ... Шаргал анир ... Уруул ... Балын амт ...
Өвөл ... Үдэш ... Би ... Чулуут гол ... Цагаан уйтгар ...
Хавар ... Үдэш ... Чулуут гол ... Хавирган саран ... Би ... Сийриймаа  тэр хоёрын сүүдэр ... Нулимс

ҮГ
"Нэгэн бутны өргөс бие биеэ хатгадаггүй байтал, нэг эхийн хоёр үр та хоёр юунд цаг үргэлж нэг нэгийгээ хэмлэж байдаг юм" гэсэн эхийн үг санаанд орох бүр уурын мунхгаар харанхуй шөнө ахыгаа "Зайл" гэж омогдсон миний үг залгисан зүү шиг он жил удах тусам зүрх рүү яваад байх шиг санагдана.

ЦЭЦЭГ
Улаан юм болоод навчсын дунд тодоос тод. Содноос содон. Цөм л ганцхан тэр улаан цэцгийг харж, түрүүлж очиж, өрсөж авахыг эрмэлзэн, ягаан, цагаан, шар, хөх, цэнхэр цэцгийн хажуугаар тэр зүг уралдан гүйж очицгоон, өвс налартал булаацалдан ноцолдож явахад миний цэцэг үндсэндээ хагдарсан байж билээ.

ЭД АГУУРС
Түүнийг амьсгал хураамагц бурхан нэрт, чөтгөр нэрт хоёр зөв буруу хоёр үүдээр нь зэрэг орж очин, новш ноохойг нь онгичиж гарав. Буян нь минийх хэмээн бурхан нэр үгүүлнэ. Нүгэл нь минийх хэмээн чөтгөр нэрт үгүүлнэ. Авдарных нь ёроолоос ганц зоос гарч ирмэгц, тэд хоёр талаас нь зэрэг зуурав. 
- Минийх. Худал аа гэвэл сүлд нь энэ хэмээн бурхан нэрт мэтгэнэ.
- Минийх. Худал аа гэвэл нүглийнх нь тоо энэ байна хэмээн чөтгөр нэрт мэтгэнэ. Хоёул хоёр тийш нь чангаана.
 











No comments:

Post a Comment