СУРТАЛЧИЛГАА

5/26/2012

ЯПОНЫ МОНГОЛ СУДЛАЛЫН ТОКИОГИЙН БАГА ХУРАЛ



Японы Монгол судлалын холбоо (ЯМСХ) бол Японы монголч эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэдэг, идэвхитэй байнгын үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага билээ. Тус холбооноос жилд хоёр удаа монгол судлалын хаврын ба намрын монгол судлалын бага хурлыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай юм. Энэ удаагийн хаврын бага хурал Токио хотноо Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуульд боллоо. Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуульд монгол хэл шинжллэл судлаач профессор Хөхбаатар олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
Уг хуралдааныг Чингис хааны мэндэлсний 850 жил, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан бөгөөд хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Дараа нь тус холбооны нарийн бичгийн дарга Осакагийн Их Сургуулийн профессор Ш.Шиотани өнгөрсөн оны санхүүгийн тайлан тавьж танилцууллаа.
Тус холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгчид өөрсдийн ажилладаг их сургуульд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг энэ бага хурал өөрийн гэсэн дэг жаяг, үйл ажиллагааны бодлого чиглэлтэй билээ. Үүнд тус бага хуралд монгол судлалын залуу, дунд, ахмад үеийн эрдэмтэдийг оролцуулах, тэдний хамгийн сүүлийн үеийн шинэхэн судалгааг сонсохыг хүсдэг бол мөн монгол судлалын салбар бүрийг хамаарахыг хичээж, мөн гадаадын монголч эрдэмтэн, судлаачдаас оролцуулах сонирхолтой байдаг юм.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс тус их сургуулийн монгол судлаач эрдэмтдийг гадаад орнуудад болж байгаа эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинар, зөвлөгөөнд оролцуулахыг дэмжиж, туслах, танилцуулах бодлого барьж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд тус их сургуулийн түүхийн тэнхимийн багш д-р С.Отгонжаргал оролцож, “Японы монголч эрдэмтдийн дэвшүүлж буй шинэ шинэлэг санаа ХХ зууны Монголын түүхийн зангилаа асуудалд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тус бага хуралд японы монголч эрдэмтэдээс гадна Япон улсад түр хугацаагаар ажиллаж байгаа монголын болон гадаадын монгол судлаач эрдэмтэд  О.Батсайхан (Япон сангийн зочин профессор), Ч.Дашдаваа (Тохокугийн Их Сургуулийн зочин профессор), С.Чулуун (Осакагийн Угсаатны зүйн музейн зочин профессор), Д.Заяабаатар (Осакагийн Их Сургуулийн зочин профессор), Т.Мөнхцэцэг (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин профессор), Чойралжав (Өвөр Монгол), Мэнг Сонг-Лин (Солонгос), Ольга А Шагланова (ОХУ, Япон сангийн зочин судлаач), Д.Хишигжаргал (Нихонмацүгийн сургалтын төв), Х.Дэлгэрмаа (Японы гадаад харилцааны яамны хэлний төв) Ж.Бат-Ирээдүй (МУИС) нарын зэрэг олон эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо.
Японы Монгол Судлалын Холбооны ирэх намрын хуралдаан 11 дүгээр сарын 17 ны хагас сайн өдөр Шикокү арлын Эхимэ Их Сургуульд болно.

Мэдээ бэлтгэсэн Ж.Бат-Ирээдүй (МСХүрээлэн)

No comments:

Post a Comment