СУРТАЛЧИЛГАА

12/28/2010

ЭРЭЭВЭР ХУРААВАР САНААНУУД

ИРЭХ ЖИЛ ХИЙЧИХМЭЭР 
ЭРЭЭВЭР ХУРААВАР САНААНУУД


2010 он ч шувтарч байна. Оны төгсгөлд энэ онд бодож явсан 2011 онд Монголчуудын зүгээр өөрсдөө ямар ч зардалгүйгээр хийчмээр хэдэн ажлын санаагаа  эмхлэн толилуулваас доорх мэт буюу.

  • Монголын парламент утааны асуудлаа ес эхлэсэн хойно биш хавраас ярьж зун, намар хийгээд Улаанбаатартаа өвөл утаагүй амьдардаг болмоор байна. Утааны асуудал бол зөвхөн Улаанбаатарын асуудал учраас.
  • Монголын ямар ч их дээд сургуульд элсэгчээс монгол хэл бичгийн чадварын шалгалт авдаг болох журмыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд хиймээр бий болгомоор байна. Яагаад гэвэл бид монгол эх хэлээрээ ажил төрөл, амьдрал тэмцлээ амжуулах учраас. Монголоо гэх сэтгэлтэй болоход нь ч нөлөөлнө.
  • Монголд хүүхдийг машины урд суудалд ганцаар суулгах юм уу өвөр дээрээ тэвэрч явдагыг хуулиар хоригломоор байна. 8-аас доош насны хүүхдийг арын суудалд тусгай хүүхдийн суудалд суулгадаг байхаар замын дүрэмд яаралтай тусгаж, зөрчлийг хатуу торгож баймаар байна.
  • Машины дугаарыг арын хаалгаар танил талдаа өгдөгийг больж, дуудлага худалдаагаар нээлттэй худалддаг болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Замын цагдаагийн газар тэр азын дугаар энэ тэр гээд байгаа тоотой дугааруудыг шууд хүссэн хүнд нь үнэ хүргэж худалдаж мөнгө олох хэрэгтэй. Ийм туршлага барууны зарим орон, арабын орнуудад байдаг юм билээ.
  • Хувь хүмүүсийн чанартай машины дугаарыг тэдний хүсэлтээр тусгай үнээр худалдаж бас мөнгө олмоор байна. Жишээ нь би өөрийн төрсөн он, авгайн төрсөн оноо нийлүүлээд авмаар байна гэхэд тэрийг нь мөнгөөр өгдөг тогтолцоонд шилжүүштэй. Ийм жишээ бас Германд байгаа.
  • Их хурлын хуралдааны танхимыг ширээгүй болгомоор байна. Ингэхгүй бол энэ хэд ажил хийхгүй, архи дарс, авгай хүүхэд, хөөрөг мөөрөг ярьсаар насыг авах нь. Англи, Японы парламент шиг зүгээр ороод сандал дээр домбойн суудаг болгох хэрэгтэй. Шар сонин унших, цагаан хөөрөгөөр тамхилах, худлаа ярих, хууч хөөрөх, интернэт хэсэх, хов ярих, мессеж бичих, хэн нэгний товчийг төлөөлөн дарах зэргийг их хурлын хуралдааны дэгийн тухай хуулиар хоригловол таарна.
  • Монгол гэрт амьдардаг айл болгоныг тоононд нь галын дохиололтой болгох хөдөлгөөн өрнүүлмээр байна. Монголчууд гэртэйгээ шатаж үхсээр байгааг зогсоох хэрэгтэй.
  • Албан газрууд  ялангуяа эмнэлэг, сургууль, банк, номын сан, сүм хийд, хурлын танхим зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй, үйлчилгээний газруудад гар утсаар ярихыг нэн даруй хоригломоор байна.
  • Төрийн албан хаагч нарыг ажлаа хийж байхдаа хувийн гар утсаар ярих, мессеж бичих, yahoo messengert oрж ажлын цагийг хувийн хэрэгт ашигладагийг байгууллагууд дор дороо шууд хориглох хэрэгтэй байна.
  • Монголчууд хотын гудамжинд  машинд явахдаа цонхоор тамхины хайрцаг, бананы хальс, чихрийн цаас, тамхины иш зэрэг хувийн хогоо шиддэг балайр зангаа ирэх жил бүрмөсөн болимоор юм.
  • Монголчууд хэрэв монгол хүн мөн юм бол ядаж өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж, уншиж чаддаг болмоор санагдана.
  • Монголчууд хүүхдээ хятад руу явуулж хятад хэлээр сургах биш Монголд нь байлгаж монгол хэлээр сургаж, монгол сэтгэхүй суулгаж, Монгол эх орноо хайрладаг, монгол ахуйгаа мэддэг, монгол хүүхэдтэй зодолддог, монгол хүүхэд зоддог,  монголоор сэтгэдэг, монголоор ярьдаг, монголоор бичдэг болгож монгол эх оронд нь сургаж, хүмүүжүүлмээр байна.
  • Монголын бүх цагдаад иргэнийг цагдаж сэргийлэхээс гадна тээврийн хэрэгслийн жолооч нарыг цагддаг давхар эрх өгмөөр байна. Ингэвэл жолооч нар зөвхөн замын цагдаа хараад бүсээ хийдгээ болино, айдгаа болино.
  • Гадаадын элчин сайдын яаманд ажиллаж байгаа монголчууд виз хүссэн монголчуудаа түлхэх биш татахын төлөө, ганц боловч монгол хүнийг хилийн дээс гатлуулж, юм үзүүлж, нүд тайлуулах, явуулахын төлөө сэтгэл гаргамаар байна.
  • Монголын засаг төр дээд боловсролын үнийг нэн даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Дээд боловсролоос бусад бүх юмны үнэ үнэндээ зах зээлийнхээ голдиролд орчихлоо. Хүчээр ингэж барисанаар монголын дээд боловсрол улам дампуурал руу явж байна. 
  • Монголчууд бие биедээ гайхуулахын төлөө, хий хоосон хийрхэлийн төлөө биш өөрөө болон гэр бүл, аав ээж, ах дүүгээ тав тухтай, амгалан тайван сайхан амьдруулахын төлөө үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж зүтгэдэг сэтгэлтэй болмоор байна.
  •  Монголчууд бүгдээрээ дор бүрнээ зөвхөн хэрэглэхийн төлөө биш дор хаяж нэг бодит үйлс бүтээхийн төлөө ажилламаар байна.

No comments:

Post a Comment