СУРТАЛЧИЛГАА

12/16/2010

ИЧИННОРОВЫН ЭРХ ШАР


Пунцагийн Бадарч гуайг Дэндэвийн Пүрэвдорж гуай

Ичинноровын эрх шар
Эрдэнэсантын бэрх шар
Цэнхэр дэлгэцийн сэвдэг шар
Цэргийн чуулгын савдаг шар гэсэн бөгөөд  сүүлд

Хан уулын шанага шар
Хатан туулын халбага шар
Баян сумын хул шар
Баруун хорооллын хундага шар
Торгон хилийн дэлдэн шар
Тоодон миссийн шалдан шар
Яруу найргийн зальхай шар
Янжинлхамын задгай шар  гэж нэмжээ.

Харин Бадарч гуай  өөрийгөө:

Навчин чихэнд тохсон нарны шил минь улаан
Найргийн дэвжээнд зүүдэг гоёлын зангиа минь улаан
Нанчидын дугараанд ноцсон навшин хамар минь улаан
Наснаас эрт цайсан үсний минь сам улаан
Би шүрэн эрдэнийн билээ

гэж явуулсан байна.

"Бадарч зөвхөн жин өгсдөггүй бас хасдаг гайхал. Хулан, Ичинхорлоо, Мөнхцэцэг гуравтай үеийн юм шиг үзэлцэхээс сийхгүй. Ганц гэм нь гадуур шилэрч яваад харихдаа эхнэрийнхээ эрүүний шөлийг уухгүй ов зохиож энэ гурвын хэн нэгнийд байсан гэж жанжин молиго үмхүүлнэ. Шүлэгч охид адтай болохоор "манайд наргиж байгаад явсан" гэж гэрчийн мэдүүлэг хэнэггүй өгч цагаан толгойноос нь цаазын цалам мултлана." (Дэндэвийн Пүрэвдорж)

Эхний хууч:
Арми сурталчлах ажлаар Дашдооров, Батын Нямаа, Бадарч нар цэргийн чуулгын болон армийн томчуудтай Алтайд очжээ. Очсон оройгоо зуух яндан угсарцгааж, өглөө хөдөө сум руу явах гэтэл Дооровын яндан хөрөөгүй байсан тул орхиод явжээ. Хөдөөнөөс иртэл, зочид буудлын жижүүр "Нямаа, Бадарч нарт Бигэр, Чулуунаас" гэсэн зурвас бүхий тус бүр нэжгээд гожин юм өгч гэнэ. Бигэрийн Чулуун бол алдартай нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар хүн. Тэднийхэн хармагаар архи нэрж шарз, хорз хийдэг, бас зохиолчдын их анд байсан болохоор хишиг хүртээж хэмээн баярлахаас яахав. Үдэш нь Бадарч чуулгынхаа ганц нэг бүсгүйг "Бигэрийн Чулууны хишиг амс" гэж өрөөндөө сэм уриад лац ломбоо ховхолж аягалаад амсвал ус байж. "Араараа модтой Биндэряа" романы эзэн Батын Нямаагийнх ч бас ус байж. Орхиод явсаны хариу авахын тул Дооров ажил тарин тарин аймгийн хүнсний  үйлдвэрээр ус савлуулж, лацдуулсан юмсанжээ. (Д.Пүрэвдорж)

Хоёр дах хууч:
Зах зээлийн үерээс хулширч үлдсэн манай зохиолчдын хорооны буурин дээр Долгорын Нямаа нь дарга, Бадарч нь уран бүтээл эрхэлсэн зөвлөх гэх боловч орлогч дарга гэж оодогонох дуртай байж л дээ. Дашдооров, Долгорын Нямаа хоёр хэн нэгэн хар юмтай зоогийн газарт буу халж байтал Бадарч ороод очиж гэнэ. Дашдооров, - Яасан сайн юм, танилц. Буриадын зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хинганов. Чамтай нэг зиндааны дарга гээд сахалтай ч билүү, нөгөө хар юмыг зааж гэнэ. Бадарч "хоёр улсын хорооны удирдлага" хэмээн ихсийн  зэрэгт шадарлаж халаасаа эргүүлж гөвөөд халамцсандаа нөгөө хар юмны нүүрийг дэлэн болтол үлгээд маргааш өглөө нь ажил дээрээ хүлээн авахаар юм болоод найр таржээ. Бадарч өглөө нь хүндэт зочноо хүлээж авах санаатай улаан самаар цагаан хялгасаа мяндаслаад л суугаад байж гэнэ. Гэтэл нөгөө Хинганов нь ирсэнгүй. Дашдооров гуайгаас асуувал, хэ хэ тэр чинь жолооч л доо, Нямаа бид хоёрыг дааж байсан чинь чи урдуур нь ороод төлчих чинь билээ гэжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

No comments:

Post a Comment