СУРТАЛЧИЛГАА

10/24/2010

ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА


ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА




Япон Улсын Их Сургуулиудаар хамтын ажиллагааны хүрээнд ажлын айлчлал хийсэн МУИС-ийн Захирал доктор, профессор Санжбэгзийн Төмөр-Очир, болон гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхлэсэн захирал А.Галтбаяр, Биологи, био технологийн Факультетийн профессор Ж.Батхүү нар Япон Улсад сурч байгаа оюутны төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтыг Япон дах Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) Монгол Улсын Элчин Сайдын Яамны байранд зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид болон элчин сайдын яамны атташе, ажилтнууд, МУИС-аас Японы их сургуулиудад ажиллаж, сурч байгаа мэргэжилтан багш, судлаачид оролцов.


МУИС-ийн захирал, профессор С.Төмөр-Очир МУИС-ийг товчхон танилцуулж, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, “Та бүхэн манай Монгол Улсын Их Сургууль буюу Монголын анхны их сургуулийнхаа түүхийг бараг бүгдээрээ мэдэж байгаа байх. МУИС 1942 онд байгуулагдсан 2012 онд 70 жилийн ойгоо хийнэ. Манай их сургууль бүрэлдэхүүний 14 сургуультай байсан 7 сараас хуучин Худалдаа Үйлдвэрийн сургууль, Улаанбаатарын их сургууль манай харьяанд орж одоо 16 сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймагт Эдийн засгийн сургууль, Орхон аймаг Гадаад хэлний хоёр салбартай. 21 мянга орчим оюутан, 1200 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтантай.


Сургалтын үйл ажиллагаа үндэсдээ их тогтвортой. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, баримт бичгийн хувьд дэлхийн сургуулиудын хэмжээнд хүрчихсэн гэж үзэж байна. Багш нарын бүтцийг ажиглахад шинэ үеийн залуу эрдэмтэд нэлээд түрж орж ирж байгаа, залуучуудаа урамшуулж ажиллах бодолтой байгаа. Гадаад оронд байгаа залуучуудаар эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм учраас та нарт их сургуулийг сурталчлах, хойч үеэ татах зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Та бүхний сурч байгаа чиглэлийг бид сонирхож байна. Их сургууль цаашлаад яам тамгын газар дамжуулах уламжлах зүйл бас байж болно.


Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд байгуулагдсан үеэсээ л хийж ирсэн, ганц жишээ хэлэхэд сүүлийн арваад жилийн дэлхийн мэргэжлийн томоохон сэтгүүлүүдэд гарсан бичсэн үгүүлэлд судалгаа хийж үзэхэд нийт үгүүлэлийн 50 орчим хувь ШУА-ийн эрдэмтэд, бичсэн бол 28 хувь нь МУИС-ийн багш эрдэмтэд дангаараа болон гадаадын эрдэмтэдтэй хамтран бичсэн, бусад нь ЭМШУИС, ШУТИС-ийн эрдэмтэдийнх долоо, долоон хувьтай байдаг юм билээ, үүнээс үзэхэд бага биш амжилттай, монголдоо дээгүүр орно, харин бусад дэлхийн их сургуультай харьцуулахад чамлалттай тоо гэж хэлж болно.


Манай боловсролын хуулинд “Их сургууль бол эрдэм шинжилгээний ажил голлосон, сургалтын байгууллага гэж тодорхойлсон. Эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнгээр сургалт явуулдаг, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үйлдвэрлэл шинжилгээний байгууллага байх ёстой гэсэн тодорхойололттой. Энэ дагуу авч үзэх юм бол эрдэм мэдлэгээ үйлдвэрлэл болгох нь харьцангуй багатай одооны хэлээр бол иновацийн чиглэлд нэлээд доогуур орж байгаа. Их Сургуулийн багш нар шинэ мэдлэг бий болгоод байгаа боловч шинэ мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг болгодог чиглэлээр тааруухан ажиллаж байгаа.


Ойрын үед эрдэм шинжилгээний ажил голлосон, эрдэм шинжилгээний үр дүнгээр эрдэмжсэн сургалт явуулдаг, үүгээрээ үйлдвэрлэл технологи бий болгодог чиглэлээр дэлхийн их сургуулиуд руу ойртож ажиллах зорилготой байна. Их сургуулийн багш нар ийм юм хийж болдог юм байна гэдгийг ард түмэнд, энэ мөнгө хуваарилдаг, төсөв захиран зарцуулдаг улсад үзүүлэх цаг болсон гэж ойлгож байгаа.


За харин эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй байгаа, хөрөнгө оруулалт бараг алга. Улсаас дулаан, цахилгааны мөнгөд төсвийн 6,8 хувийг улсаас өгч байна, 96.2 хувийг бид өөрсдөө олж байна. Өөрсдөө олдог гол арга нь сургалтын төлбөр. Хувийн төлбөр нэмэе гэхээр ард түмний амьдрал муу байна нэмж болохгүй гэдэг. Тэгэхээр өөр мөнгө олдог суваг бид хайж эрж олох ёстой юм байна билээ. Олсон мөнгөнийхөө бараг 70 орчим хувийг багш нарынхаа цалинд өгчихөөд байна. Судалгааны ажилд шинжлэх ухаан технологийн сангаас хөрөнгө оруулалт өгдөг гэхдээ хангалттай биш байгаа. Багш нарын цалин пүнлүүний хувьд харин харьцангуй боломжийн байгаа.


Гадаад харилцааны хувьд дэлхийн улс орнуудын 200 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдтэй харилцаа холбоотой байдгаас Тухайлбал энэ Японы 20 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Оюутан, мэргэжилтэн, багш, магистрант, докторант солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээтэй харилцаатай. Үүн дээр нэмэгдэж сая Мэй Их Сургууль болон Тохокугийн Их Сургуультай хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Хуучин харилцаатай сургуулиудтайгаа үйл ажиллагаа сэргээх, амьд үйл ажиллагаа бий болгох, шинэ төвшинд, шинэ нөхцөл байдалд гаргах сонирхолтой байгаа.


Сүүлийн жилүүдэд МУИС-иас гадаадын их сургуулиудад нэлээд залуучууд хамгаалсан, тухайлбал хөгжингүй орнууд Герман, Япон, АНУ, Өмнөд Солонгост сурч төгссөн залуучууд зонхилж байна. Ерөөсөө цаашид Монголыг эрдэм боловсролтой залуучууд авч явах зайлшгүй шаардлага тулгарчихлаа. Хорин нэгдүгээр зуун бол өөрөө мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэгт суурилсан хөгжлийн гарц руу явж байгаа учраас бидэнд эрдэм мэдлэгтэй залуучууд маш их хэрэгтэй байна. Монголчууд эрдэм боловсролыг их дээдэлдэг, бусад орныхонтой харьцуулахад оюуны чадамж маш сайтай байдаг. Та нар их чухал мэргэжилүүдээр сурч байгаа юм байна. Их сайн суралцах хэрэгтэй, мастер хамгаалж байгаа, доктор хамгаалж байгаа нөхдүүд монгол руу санаагаа чиглүүлээрэй. Та бүхнээр бид эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм ч учраас өнөөдөр энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм.


Хоёр улсын харилцаа гэдэг, хоёр байгууллагын харилцаа гэдэг, хоёр сургуулийн харилцаа гэдэг гэтэл энэ нь явж явж хоёр хүний харилцаанаас их шалтгаалдаг. Та нар бол Монгол Япон орны хоорондын харилцааг авч явах гүүр болох ёстой тийм учраас энэ талаар их бодолтой байх ёстой гэж бодож байна.


Үүний дараа оюутнууд өөрсдийгөө танилцуулж, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Энд ирсэн оюутнуудын бараг тал хувь нь МУИС-иар ямар нэг хэмжээгээр дамжсан, МУИС-ийн хаалгаар түр боловч орж гарсан оюутан, магистрант, докторантууд байсан бөгөөд ХААИС, ШУТИС-д сурч байсан оюутнууд үлдсэн хувийг эзлэж байлаа. Энд сурч байгаа чиглэлийг авч үзвэл урлаг судлал, хууль эрхзүй, биохими, олон улсын хууль, боловсрол судлал, зочид буудлын менежмент, аялал жуулчлалын менежмент, эдийн засаг, авто зам гүүрийн барилга, барилгын менежмент, олон улсын гео физик, бизнес менежмент, бизнес санхүү, мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, удирлага холбооны технологи, электроникийн инженер, олон улсын биобизнес, автомашины инженер, цөмийн физик, нийгмийн сэтгэлзүй гээд төрөл бүрийн чиглэлээр сурч байгаа оюутнууд байлаа.


Эх орондоо их сургуульд сурч байсан оюутнууд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, бусад үйл ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа. Үүнд сургалтын технологи, сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, багш нараас сурах бичиг оюутандаа шахдаг тухай, орчуулга хийлгүүлээд дараа нь ном болгож гаргадаг тухай, мөн гадаадад оюутан мэргэжилтэн сургах бэлтгэх тогтолцооны талаар, урлагийн чиглэлээр ямар бодлого баридаг талаар, сургалтын болон судалгааны давхардлын талаар, зах зээлийн цэвэр өрсөлдөөний талаар, мөн гадаадад сурах сонирхолтой, потенциалтай залуучуудыг төр, яам, их сургуулиас хэрхэн дэмжих талаар, эрдэм шинжилгээний ажил, төслийн сэдвийг зөв сонгох, магистар докторын хүчийг ашиглах, иновацийн чиглэлээр хэрхэн ажиллах, их сургуулийн багш нарыг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар, технологи дамжуулах төв байгуулах талаар, ажлын орон тооны статистик, ажилд орох нөхцөл, сэндвич докторуудын тухай, гадаад харилцааны их хүнд сурталын талаар тус тус санал бодол солилцлоо.


Японд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, ялангуяа Японы улсын болон бусад компани, төрийн болон төрийн бус байгууллагын зардлаар сургах, Японд ажлын байртай болгох, тэр тусмаа дэлхийн нэр нөлөө бүхий компаниудад монгол хүн байр суурь эзлэх талаар элчин сайдын яам байнга анхаарч байдаг тухай элчин сайд Р.Жигжид цохон тэмдэглэв.


Та бүхнийг их сургуульд очиж ажилласан тохиолдолд цалин мөнгө, байр саваар хангаад бялхуулж, цалгиулахгүй ч гэсэн өөрийнхөө санаснаар ажиллах боломжийг нээж өгөх, тэр нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа их сургуулийн захирал, дэд захиралууд амлаж, мастер, доктороо дүүргэж байгаа нөхдийг МУИС-д очиж ажиллахыг уриаллаа.


Ж.Бат-Ирээдүй, Токио, 2010.10.20





No comments:

Post a Comment