СУРТАЛЧИЛГАА

5/12/2010

Япон оронд тавтай морилоно уу?



Япон оронд тавтай морилоно уу?

Арын Монголын Монголчууд (дэлхийгээр нэг монголчууд сууж байгаа учир ингэж хэллээ. Саяхны Токиод болсон хаврын баяр дээр ирсэн Чаапий гэдэг жүжигчин хүн Халхын монголчууд мундаг гэж  микрофон бариж баахан хашгичаад тэнд байсан Өвөр Монголчуудыг муухай гомдоолоо. Энд тэнд явж гадаадад байгаа монголчууддаа тоглолт хийдэг иймэрхүү улс дэлхийн бусад улс оронд өөр монголчууд биднээс олон суудаг гэдгийг мартмааргүй байна. Тэр тусмаа Японд шүү.) дэлхийн гайгүй орнуудаар таран суудаг эрхтэй болсоор нэгэнт хорин жилийг ардаа хийжээ. Хараад байхад монголчууд дорой буурай бус, болж өгвөл хэр таарсан хөгжил дэвшилтэй орон газар хөл тавиж, амидарч, ажиллаж, сурах сонирхолтой байх нь анзаарагддаг. Энэ бол зөвхөн хувиа хичээсэн хар бор амидралын төлөө бус монгол хүний сайн сайханд тэмүүлдэг, ирээдүйг гэгээлэг харах дуртай, өөрийн болон үр хүүхэд, аав, ээжийн ачийг хариулахын төлөө зүтгэдэг сайхан сэтгэлтэй ч бас холбоотой болов уу? Маниустайгаа таарсан газар монгол хүн хэчнээн удах аж.  
Бараг бүгдээрээ л дэлхийн даяарт хөгжлөөрөө тэргүүлж буй гэх Америк, Герман, Англи, Япон, Солонгос, Канад, Ирланд, Австрали, гээд мундаг орнуудад одоогоор 200 мянга орчим монголчууд таран суужээ. Үүнээс цагаан, хар нийлсэн 5000 орчим нь  энэ арлын оронд амидран сууж, ажиллаж хөдөлмөрлөж, сурч хөгжиж байна.  Эдний хууль хяналт, хатуу, хил дээс чанга, бас ч арлын орон учир хараар  байгаа хүмүүс бусад орноос харицангуй бага байдаг шиг байна. За ямар ч байсан элдэв төрлийн ажил хэрэг, сургууль номын ажлаар энэ газар “цаашдаа ч зөндөө ирнэ шүү дээ, сууршина шүү дээ, амидрана шүү дээ, ажиллана шүү дээ” гэж өөдрөгөөр бодож байна.
Харин Японд удаан хугацаагаар амидрахаар ирж байгаа хүмүүст зориулсан тэднийг ядаж эхлээд хөл гараа олоход нь зүг чиг болчихоор гарын авлага ховор шиг байна. Ийм учраас энэ нийгмийн дотор  гурван дөрвөн жил хоолыг нь хороож, хоног өдөр сунгаж яваагийнх нэг мэдээллийн гарын авлагархуу юм бичвэл амитан хүнд хэрэг болох юм болов уу гэж гэнэт бодогдоод явчихлаа. Япон хэлний гарын авлага, ярианы дэвтэр мэвтэрхэнд товч боловч дурдсанаас биш зориуд Япон оронд ирж суурших хүмүүст зориулсан юм ер нь алга шиг. Энэхүү хөгжингүй оронд очоод монголчууд эх орондоо байгаа шиг танил талаар ажил амжуулна гэх биш, аав ээж, ах дүүгээрээ хоноод өнжөөд явна гэх биш, найз нөхдөөсөө зээлж хуйлаад авчихна гэх биш, албан хаагчтай нь ярьж хөөрөөд тохирно ч гэх биш, авлига өгөөд аргална гэх биш. Бүх л зүйл ном журмаараа, хууль ёсоороо явах учиртай. Хамгийн сайхан нь  ёс журмыг дагаад явахад ямар ч хүн алзахгүй. Тийм учраас ядаж дөнгөж ирж буй хүн юм болгон дээр хүний царай хараад байлгүй нэг учир начираа олтол энэ номыг уншаад зам чигээ олж, баримжаа авч байвал үүний төлөө цагаа үрж, ажлаа алдсан би хувьдаа баярлах буй за.

1. Хэрхэн Японд түр оршин суух эрхтэй болох вэ?
Өнөөдрөөс эхлэн та Япон нийгмийн гишүүн боллоо гэж бодоё. Нэгэнт энэ нийгмийн гишүүн болсон та монгол ардын зүйр үгээр усыг нь уувал ёсыг нь дагахаас өөр замгүй. Тэр тусмаа Япон оронд эдний ёс жаяг, хууль дүрмээс ганц ч алхам гадна гишгэх эрх байхгүй. Хэчнээн дургүй байсан ч аяндаа нийгмийн энэхүү дэг журамд татагдаад л орно. Японы нийгэм бол өөрийн гэсэн дэг жаягтай, ёс журамтай, хэв хэвшилтэй, япончууд нь ёстой өөрсдийнхөө улаан гараар энэ капиталист нийгмийн байгуулж байгаа бидний мэддэг юм шиг мөртлөө ерөөсөө мэддэгүй хөрөнгөтөн орон болой.
Япон улсад ирсэн хүний хамгийн түрүүнд хийх зүйл гадаад иргэний хууль ёсны бүртгэл юм. Энэ бол хийхэд маш амархан зүйл.  Өөрөөр хэлбэл хүнд суртал маш багатай. Энэ бүртгэл бол үндсэндээ хоёр зүйл юм. Нэг нь өөрийн хамаарагдах орон нутгийн захиргаанд бүртгүүлж гадаад иргэний үнэмлэх буюу торгшо авах, нөгөө нь гадаадын иргэн харьяат, цагаачлалын албанд бүртгүүлж олон удаагийн виз авах хоёр зүйл болой. Ер нь бол бүртгэл, тодорхойлолт авах энэ тэр гээд олон  ажил орон нутгийн захиргаатай холбоотой байдаг юм. Нэг хүн гаднаас урилаа гэхэд л заавал хот, дүүргийн захиргаанаас тодорхойлолт авах жишээтэй тийшээ очих хэрэг олон гарна.
Та Японд орж ирсэнээсээ хойш 90 хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Гэхдээ 90 хоногоо хүлээгээд суугаад байж болохгүй. Та оршин суугаа дүүргийнхээ гадаад иргэний албанд бүртгүүлэхгүй бол Японы нутаг дэвсгэр дээрх түр визтэй жуулчин л гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ бүртгэл хийлгээгүй бол та юу ч хийж чадахгүй гэсэн үг. Нэг үгээр хэлбэл нийгмийн жинхэнэ амьдралтай нь харьцаж болохгүй. Адгийн наад зах нь оршин суух картгүй хүн байр түрээслэх тухай ч яриад ч хэрэггүй. Ийм учраас Alien registration гэдэг зүйлийг аль болох яаралтай хийлгэж, alien registration-ийн карт буюу оршин суух үнэмлэх торг-шоо буюу (англиар бол Alien Registration Card, японоор бол Gaikokujin Torokushoo) гэгчийг даруй авч баталгаатай оршин суугч нь болoх учиртай.
Энэ бүртгэлийг хийлгэхэд таны визтэй паспорт, албан газар юм уу, сургуулиас чинь таныг хэн болох, хаана ямар хугацааагар юу хийхийг тодорхойлсон албан бичиг л хэрэгтэй. Оршин суух виз хугацааг таны Хууль зүйн яамнаас өгсөн гэрчилгээг үндслэн хил дээр тависан байх ёстой. Эхний удаа бүртгээд 7-14 хоногийн дотор ирж торгшоогоо авахыг сануулна. Мөн энэ картыг сунгуулах, статусаа өөрчлөх зэрэг ажлаар оршин суугаа орон нутгийн захиргаанд очно.
Оршин суугаа дүүргийн талаарх мэдээллийг бол интернетээс хайж олж болно. Хэрэв та япон хэл мэдэхгүй бол тухайн сайтаас foreigners, foreign nationals, эсвэл person with foreign citizinship гэсэн үгээр хайвал олдоно.
Харин оршин суух хугацаагаа сунгуулах (extension of period of stay), олон удаагийн гарч орох виз (re-entry permit) авах, оршин суух нөхцөл буюу статусаа солих (for change of status of residence) зэрэгт та гадаадын иргэний харьяат, цагаачлалын албанд (Immigration Bureau) очих учиртай. Японы Гадаад Иргэн харьяатын алба бол Токио хотод гэхэд л гадаад иргэний асуудал хариуцсан арван хоёр салбартай  ч хүмүүсийн хамгийн их очдог нь  Шинагава буюу хотын төвд байдаг салбар юм. Токио хотын баруун талаар оршин суугчид Тачикава руу, зүүн талаар суугчид Чибагийн салбар дээр, төвөөр оршин суугчид Шинагава руу очвол зардал чирэгдэлийнхээ хувьд арай дээр, гэхдээ хаанаа ч гэсэн хүн ихтэй, жаахан удаан хүлээх вий. Юу боловч хамгийн том хоёр салбар болох Шинагава болон Тачикавагийн салбар луу хэрхэн очих тухай энд жаахан тайлбарлая. Шинагавагийн хаяг, утас нь: Tokyo Regional Immigration Bureau Office (5-5-30, Konan, Minato-ku, Tokyo) Telephone : (03) 5796-7112; Шинагава Фүто Жүнкан гэдэг автобус Шинагавагийн Жей Ар буудлын Конан гүчи буюу зүүн гарцнаас явна. Автобусны буудлын нэр нь Токио нюкокү канрү-кёкү мае гэж байгаа.  Машинаар очсон үед тавих газар хязгаартай тул жаахан хэцүү юм гэнэлээ. Даваагаас Баасан гарагт 9:00-12:00, 13:00-16:00 цагийн хооронд ажиллана. Үдийн цайгаар нэг цаг завсарлана. Зөвхөн ажлын цагаар утсаар ярьж болно. Ер нь иймэрхүү ажил хөөцөлдөхөд өглөө эртхэн очих нь урамтай бөгөөд бүтэмжтэй байдаг шүү дээ.
За ингээд гадаад иргэний үнэмлэх авснаар Та Японд амар тайван алхах эрхтэй боллоо гэсэн үг.

Шинавагийн салбар луу очих зураг



Тачикавагийн салбар луу очих хаяг.

Tachikawa Legal Affairs Joint Government Bldg., 3-31-2 Kita, Kunitachi City, Tokyo Pref, Шуудангийн код нь 186-0001, Ажиллах цаг адилхан. Хагас, бүтэн сайнд ажилладаггүй. Утас нь 042-528-7179.

Тачикава (JR) Жей Аарын буудал дээр буугаад хойд гарцаар нь гарч доошоо буугаад 17 дугаар автобусны зогсоолоос явна. Автобус нь 15 минут тутамд явах бөгөөд дотроо япон англи, хятад, солонгос хэлээр ярьж бүх зүйлийг тайлбарлан таныг хаана буухыг хүртэл хэлээд өгнө. 

Тачикава буудлын хойд хаалгаар гарч явах зураг


  "Daily Yamazaki" гэдэг 24 цагийн дэлгүүр байгаа. Эндээс болон замын нөгөө талын мухлагаас олон удаа орж гарах визний төлбөрийн маркыг авч болно. Нэг удаагийнх 4000 йэн, олон удаагийнх 6000 йэн байдаг.


Тачикавагийн хойд гарцаар гараад автобусаар хэрхэн явах вэ?


1. Хойд гарцаар гарсны дараа 10, 11, 12, 13 гэсэн тэмдэгтэй шатаар уруудаад буу.





2.
Kitamachi () руу явах12 номерын автобусаар яваад
Tama-shakenjo () гэдэг буудал дээр буу.
Буухдаа 170 йэн төлнө. Автобусны хуваарийг
одоогийн  цагийн хуваарийг
Bus Timetable эндээс харж болно.

3.(Tama-Shakenjo) автобусны буудлаас хойшоо чигээрээ яваад тэмдэг харагдана. Тэгээд баруун гар тийшээ эргэж гэрлээр зам гараад булан дээр мөн зүүн гар тийшээ эргэж чигээрээ явна.

4.Тэгээд хашаа хүртэл чигээрээ явбал замын төгсгөлд баруун гар талд чинь зураг дээр байгаа
хоёр давхар саарал байшин бий. Автобусны буудлаас энэ байшин хүртэл 3 минут орчим алхана. 

Таксигаар яаж явах вэ?
Таксийн жолоочид доорхи үгийг хэл. "Nyukoku-kanrikyoku Tachikawa shucchoujo made onegaishimasu."
Үнэ ойролцоогоор Тачикава буудлын хойд гарцнаас явбал 800-100 йэн болно.



 
Имигрэшн рүү явах зам.






2. Юмыг яаж мэдэхэв нийгмийн даатгалд заавал хамаарагдсан нь дээр.
Нийгмийн даатгал бол хаа ч газар таныг муу юмнаас хамгаалах нэг хаалт бамбай болох учиртай. Энэ бол таныг болон танай гэр бүлийг төрөл бүрийн болзошгүй аюул, осол гэмтэл зэргээс болж ажлаа хийхгүй юм уу , сургуульдаа явж чадахгүй болоход ч хамгаалах үүрэгтэй.
Таны нас сүүдэр, ажил төрлөөс шалтгаалаад нэлээд хэдэн төрлийн даатгал байгаа. Гадаад хүн бол үүнд заавал багтах ёстой. Гэхдээ бидэн хоёр төрлийн даатгал заавал баймаар юм билээ. Үүнд эхнийх нь мэдээж эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал бол ямар нэгэн учраар эмнэлэгт хандлаа гэхэд үнэ төлбөрийг тодорхой хувиар бууруулна. Нөгөөх нь тэтгэврийн даатгал.
Эрүүл мэндийн даатгалаар 1 жилээс дээш хугацаатай амидарч байгаа бүх даатгуулах ёстой юм байна билээ. Эрүүл мэндийн даатгалыг оршин суугаа дүүргийн захиргаан дээр хийнэ. Харин эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг таны ажиллаж байгаа байгууллага болон сургуулиас өгнө. Эрүүл мэндийн Даатгалын төлбөрийн хувьд та бүрэн төлж явах боловч ихэнхи тохиолдолд 50 хувийг танай байгууллага төлөх ёстой.
Ихэнхи тохиолдолд эрүүл мэндийн даатгалд даатгуулагч төлбөрийн эмнэлгийн тусламж, эм тарианы нийт үнийн 30 хувийг төлдөг. Ажиллах явцад өвдөх, бэртэх гэмтэх зэрэг асуудал үүсвэл байгууллага цалинг бүтэн олгоно. Гурваас доош насны хүүхдүүд 20 хувийн төлнө. 70-аас дээш насны настан 10 хувийг төлнө. Японд төрсөн хүүхэд бол 6 нас хүртэл эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ болон эм, эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авна.
Тэтгэврийн даатгал бол түр амьдраад буцах хүнд бараг хэрэггүй. Харин цаашид энэ оронд оршин суун, байнга байна гэж бодож байгаа хүн бол төлсөн нь дээр. Энэ даатгалд 20-иос дээш, 60-аас доош насны бүх хүн хамаарагдах учиртай. Мөн хотын захиргаан дээр тэтгэврийн даатгал хариуцсан хүн хийнэ. Төлбөрийг цалингаас бүрэн төлнө. 50 хувийг байгууллага төлнө. Тэтгэвэрийн нас болонгуут улсаас байнгын тэтгэвэр авч эхлэнэ. Богино хугацаагаар суугаад буцаж байгаа хүн тэтгэврийн даатгалд даатгуулсан мөнгөө буцааж авах эрхтэй. Та явахаасаа өмнө орон нутгийн захиргаанд хандаж өргөдөл гаргах юм байна.

2 comments:

  1. Багш хүн гэдэг бол багш хүн л байдаг юм байна. Маш их баярлалаа. Өдий болтол Япон оронд сурсан, амьдарсан олон хүний блогийг уншиж байсан боловч таных шиг ийм өгөөжтэй асар хэрэгтэй мэдээллийг уншсан нь үгүй.

    ReplyDelete