СУРТАЛЧИЛГАА

5/06/2010

БААБАР: ТӨСВӨӨС ЯАЖ ХУЛГАЙЛДАГ ВЭ?


Шинэ хичээлийн учир начирыг тайлбарлах нь:

Сүүлийн жилүүдэд монгол улс хар санаж, муу бодох нь улам улам багасаж хаяа хатавч, хаалга үүд, газар нутаг, хил хязгаарын хувьд улам илүү нээлттэй болгохоос гадна оюун санаа, хэвлэлийн эрх чөлөөний хувьд ч дэлхий даяар хил хязгааргүй тэлж байгаа. Шар сонинтой болох болох хүүхэд нохойн наадам,  эхний ээлжинд их хурлын гишүүд бүгд телевиз радио, веб сайттай болж хөгжиж байх шиг байна.  Энэ бол ардчилалын бас нэг сайхан үр дүн юм даа зайлуул.
Мэдээллийн технологи эрчимтэй хөгжсөний дүнд өнөөдөр Монголын интернетийн веб сайтуудад тавигдсан мэдээллийг хэдхэн секундын дараа хилийн чанадад уншиж байна. Үүнийг уншигч нь гагц дэлхий даяарт тархан суугаа монголчууд биш монголыг сонирхогч, судлагч гадаадынхан байдаг. Монгол, монголын нийгмийг сонирхох, судлах, монгол хэлээ сайжруулах гээд төрөл бүрийн зорилгоор уншигч ийм хүмүүсийн тоо улам бүр олширч нэмэгдэж байгаа нь мэдээж. Миний суугаа Япон оронд гэхэд л ийм зорилгоор сурах хүмүүс зуу зуугаараа л байна.
Гагцхүү ийм зүйл уншиж, судлахад тэдэнд ойлгомжгүй үг хэллэг,  яриа хөөрөө их бий. Тийм учраас бид ийм хэмжээнд уншдаг, судладаг монгол хэл сурч байгаа гадаадынханд зориулан Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа вэб сайтуудаар гарч байгаа нэр нөлөө бүхий нийтлэлчдийн бичсэн бичлэгүүдийг уншихад ойлгомжтой, хялбар болгох үүднээс интернетийн нийтлэл унших хичээлийг нээж байна. Ингээд саяхан манай олонд алдартай, нэрт нийтлэлч Баабар буюу Б.Бат-Эрдэнэ-ийн бичсэн “Төсвөөс яаж хулгайлдаг вэ?” хэмээх нийтлэлийг та бүхэнд уншихад дөхөм байдлаар танилцуулж хичээлээ нээж байгааг маань хүлээн авна уу?
Энэхүү нийтлэлд орсон хэлц үг хэллэг, зарим хэлзүйн сонин содон бүтэц, ярианы хэлний үг хэллэг, гадаад буюу монголжсон харь үг хэллэг, зохиогчийн үг, хэллэг зэргийг түүвэрлан тайлбарлаж үзүүлэв.  Үүнийг уншсан ч  ойлгомжгүй зүйл байвал над руу и-мэйл илгээж хамтран сурч болохыг уншигч, сонирхогч түмэнд сонордуулсу. 

Харин шинэ үг, хэллэгийн тайлбарт ашигласан доорх товчлолуудыг анхаарна уу?

баймж. - баймж утга, баймж үг хэллэг
гад. - гадаад үг.
зүйр. - зүйр үг, зүйр цэцэ үг, сургаал үг.
мууш. - муушаасан утгатай
нэр. - нэр томьёо
товч. - товчилсон үг хэллэг, нэр.
төл. - төлөөний үг 
хорш. - хоршоо үг, хэллэг
хэл зүй. - хэлзүйн бүтэц, нийлмэл хэлбэрүүд.
хэлц. - хэлц үг, хэллэг
этг. - этгээд үг хэллэг.
ярь. - ярианы үг хэллэг.



ТӨСВӨӨС ЯАЖ ХУЛГАЙЛДАГ ВЭ?


 Баабар


Жишээ 1. Ой хээрийн хортон шавьж устгах хоронд[1] зориулж улсын төсөвт[2] 700 орчим сая төгрөг тусдаг[3] юм байна. Лоббидоно[4] гэж нэг яриа бий, энэ нь Сангийн яам улсын нэгдсэн төсвийн ноорог гаргаад ирүүт төсөв захиран зарцуулагч[5] нар УИХ-ын гишүүд рүү гүйлддэг[6] юм. Ноогдож буй төсвийг тус болгондоо[7] чамлан бүхий л аргаа хэрэглэнэ дээ. Хортон шавьж устгагчид ч мөн ялгаагүй төсвөө голон УИХ-ын нэг чанга нөхөр[8] рүү үүнийгээ тэрбум болгож өгөөч гэж очижээ. Өнөөх нь давхиж орж баруун солгойгүй[9] шүлс үсэргэж[10] байгаад бүүр[11] гурван тэрбум болгочихоод ороод ирэх нь тэр[12]. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ ингэж хоорондоо наймаалцдаг юм. Миний чирж орсныг[13] чи, чиний авчирсныг би дэмжинэ гээд л.
            Гаднаас хор зөөдөг наймаачдын хувьд энэ бол тэнгэрийн гэнэтийн бэлэг [14] байлаа. Гишүүн маань одоо хор олж ирэх 5-6 компанитай яриад цаадуулынхаа[15] болоод өөрийн хэргийг амжилттай бүтээв. Цаадуул нь ч цаадуул[16], хомхой[17] гэж жигтэйхэн. Дэлхий даяар хорьчихсон, байгаль орчинд гэмтэй, хүн мал болон өөр амьтан шувуу хордуулдаг сумицидин, дэцис, кинмикс [18]гэх мэтийн бодис авчиржээ. Олон улсын байгууллагын шахалтаар[19] арваад жилийн өмнөөс эдгээр бодисыг Хятадад хүртэл хэрэглэхийг нь хуулиар хорьсон аж. Хятад бол аль болох олон улсын стандартад бүх юмаа ойртуулж яваа хөгжиж буй орон билээ. Иймээс хориглогдсон эдгээр бодисыг манай нөгөө гарууд[20] хувийн жижиг компаниудад захиалан тамга тэмдэгийг нь өөрчилж хуурч хулхидаж [21]оруулж ирж таараа[22]. Ашигт үйлийн илтгэцүүрийг[23] тооцох бололцоо одоохондоо алга, учир нь токсик[24] хортой эдгээр хориотой барааг хэдээр авсан нь мэдэгдэхгүй байна. Гишүүнийх ч бас мэдэгдэхгүй байна, компаниудтай хэдээр  тохирсон нь тодорхойгүй. Хортой хор цацдаг нь ч бидэндээ дасал болчихсон зүйл. 700-г миллиард болгоод өгөөч гэхээр гурван тэрбум болгодог нь сонин байгаа биз. Гэвч энд сонин юм юу ч байхгүй. Төсөвт ахиу мөнгө суулгаад[25] түүндээ юм шахдаг луйвар[26] ер нь тун дэлгэрсэн бизнес. Энхболдын засгийн газрын үед Батлан хамгаалах яаманд дайн байлдаантай ямар ч хамаагүй асар их шахаан[27] явж байсан. 
Ер нь хятад хүнснээс болж хордлоо гэх яриа их байдаг, байсхийгээд л бөөн шуугиан дэгддэг боловч үнэндээ эдгээр стандарт бус[28] бараа нь хулгайн замаар[29] манайхны оруулж ирсэн зүйл байдаг. Хүнсний аюулгүй байдлын[30] талаар хоёр талын уулзалт болоход Хятадын гааль стандартад тохирохгүй бараа нэвтрүүлсэн байвал хариуцлагаа хүлээе гэж ам бардам[31] хэлсэн гэдэг. Харин нөгөө хордуулаад сүйд болоод байгаанууд[32] нь ямар ч бичиг баримтгүй учир аль ч гаальд огт бүртгэлгүй байжээ.
Жишээ 2. Хорь гаруй жилийн өмнө социалист Монгол улс Японоор төмрийн үйлдвэр бариулжээ. Бүх үнэ мөнгийг нь төлөөд асуудал дуусчихсан[33] юм. Монголчууд шинэ үйлдвэрээ ажиллуулж чаддаггүй ээ. Ингээд үйлдвэр барьсан япончууд мэргэжилтэн болон техникийн туслалцаа нэмж үзүүлсэн байна. Арваад жилийн дараа тусламжийн өртөг 3 сая доллар болжээ. Үүнийг Монголын засгийн газраас удаа дараа нэхсэн боловч нэгэнт компани хоорондын хэлцэл[34] учир Сангийн яам мөн удаа дараа татгалзсан хариу өгчээ. Японы компани хоёр удаа шүүхдсэн боловч шүүхийн дүгнэлт Монголын засгийн газарт гарч. Ингээд япон компани монголын төмрийн үйлдвэр харилцан хэлцэл хийсний дүнд үйлдвэр 3 сая долларын өртэйгээ хүлээн зөвшөөрч, энэ өрөнд бүтээгдэхүүнээ 20 жилийн турш бага багаар өгөхөөр тохиролцжээ.
            Японы компани хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ өрийг хямдруулж зарахаар шийдэв. Монголын талаас ч нэлээд сонирхож хэд хэдэн компани явж уулзсаны дараа 3 сая долларын өр 250 мянган бэлэн доллароор[35] зарагдахаар боллоо. Эцэст нь үүнийг УИХ-ын нэгэн гишүүнээр ахлуулсан хэдэн гар[36] худалдаж авав. Харин 2005 оны улсын төсөвт төмрийн үйлдвэрийн өр барагдуулах гэдэг заалтаар 3 сая доллар гараад явжээ[37]. Ашигт үйлийн илтгэцүүр 1200 хувь.
Жишээ 3. Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрийг нэгэн гишүүн [38]51 хувийг нь дуудлагаар[39] худалдан авчээ. Үүндээ 600 сая төгрөг төлөхөөр болсон байна. Тэгснээ 85 мянган тонн багтаамжтай элеватораасаа[40] 15 мянга буюу хорь хүрэхгүй хувийг нь эргүүлж улсад нэг тэрбум төгрөгөөр “худалджээ”. Энэ сайхан жишээ цааш халдварлав[41]. Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийг өөр нэг гишүүн 400 саяар худалдаж аваад төдөлгүй 90 мянган тонн багтаамжтай элеваторынхаа 15 мянга буюу ердөө 15 хувийг нь эргүүлж улсад 1.3 тэрбум төгрөгөөр “тохиролцон заржээ[42]”. Үүний дараа бас нэг гишүүн Булганы гурил тэжээлийн 32 мянган тонн багтаамж бүхий элеватортай үйлдвэрийг 200 саяар аваад “Атрын – 3” гэдгээр далимдуулан улсад 4 тэрбум төгрөгөөр буцааж худалдан мөнгөө хорь дахин өсгөж[43] авсан байна. Ашигт үйлийн илтгэцүүр гурван үйлдвэрийн нийлбэрээр зөвхөн мөнгөн дүнгээррээ 1500 хувь. Нэг талд нь хувьчлал яваад байгаа юм шиг мөртөө [44]нөгөө талд нь улс хувийнхнаас үйлдвэр завод [45]худалдан авдаг бизнес сүүлийн үед их моодонд ороод[46] байгаа. Телевизийн цацалтын тендэр[47] авсан компани үүнийгээ улсад худалдах гээд хөөцөлдөж явна гэж сонссон. Улс маань баян юм чинь үнэ цохиж авах[48] л байх л даа. Үүнийг нь дэмждэг туршлагатай гишүүдийн чих нь соотойн [49]төсвийн тодотгол яриад унаж[50] байгаа бололтой.
            Дээр дурдсан эдгээр жишээ бол хүн мэдэхгүй зүйл ч биш, шинэ ч юм биш, онцгой содон ч юм биш. Зүгээр л жишээ авсан юм шүү. Хуулиар далдсагдсан хулгай[51]! Үйлдэгчид нь хуульчлагдсан хулгайч[52] нар. Хулгай биш гэх үү? Төсөв хусдаг [53]олон мэргэн аргаас ихэд дэлгэрч моодонд ороод байгаагаас ердөө гурван төрлийнхийг нь онцолж нэг нэг сонгодог жишээг[54] нь хэлэв. Үүнийг цагдаа, тагнуул, прокурор, авилгатай тэмцэх газар бүгд мэдэж байгаа. Гэхдээ хуваагаад гөвдөг[55] болохоор хэн нь хэнийгээ ч гэх[56] юм билээ дээ.
            Далимд хэлэхэд ашигт үйлийн илтгэцүүр физикт хэзээ ч 100 хүрдэггүй юм. Угаасаа байгалийн хууль нь тийм юм билээ.  
2010.5.3

Нийтлэлийн эхийг www.baabar.mn сайтаас авлаа.




[1] хор – хортон шавжийг устгах химийн бодис
[2] улсын төсөв – улс орны хэмжээнд тооцоолж байгаа нэгдсэн зардал
[3] тусах – бичигдэх, төсөвлөгдөх, эхний байдлаар тооцоолох
[4] лоббидох – гад. хүнийг талдаа татахаар нөлөөлөх, өөрчлөх арга
[5] төсөв захиран зарцуулагч – мөнгө хөрөнгийг зарцуулах мэдэл бүхий хүн
[6] гүйлдэх – хэлц. (гүйх-лд-х)  ажиллах, идэвхийлэх, гэсэн утгаар
[7] тус болгон –хүн бүр, хувь хувьдаа, дор бүрнээ, тус бүрдээ,
[8] нэг чанга нөхөр – хатуу хүн, хэрүүлч, захирангуй, бүдүүлэг хүн
[9] баруун солгойгүй – хэлц. хамаа намаагүй, соёлгүй бүдүүлгээр
[10] шүлс үсэргэх – этг. хэлц. ярих, ярих хөөрөх,
[11] бүүр – бүр гэдэг үгийн ярианд сунжирсан хэлбэр
[12] -х нь тэр -  хэлзүй. хэлзүй.баймж,  гэнэт санамсаргүй болох утга.
[13] чирж орж ирэх – хэлц. авч ирэх, оруулах, оруулан авчрах.
[14]  тэнгэрийн гэнэтийн бэлэг – хэлц. аз, завшаантай хэрэг явдал
[15] цаадуул – төл. тэр хүмүүс, цаад хүмүүс, цаана байгаа хүмүүс
[16] цаадуул нь ч цаадуул. – хэлц үгүүлбэр. таарсан улс, хэр тааруу улс.
[17] хомхой – шуналтай, шуналын бузар болсон, улам их шунасан.
[18] сумицидин, дэцис, кинмикс – гад. бодисын нэрс
[19] шахалтаар – хүчээр, өөрийн саналаар биш, бусдын эрхээр,
[20] нөгөө гарууд – этг. хэлц. нөгөө хүмүүс, нөгөөдүүл,
[21] хуурч хулхидах – хорш. хэлц. хуурах мэхлэх,
[22] -ж таараа – хэлзүй.үйл.үг. –на4, тэгэх ёстой, ингэх ёстой, мэдээж.
[23] ашигт үйлийн илтгэцүүр – ашигт үйлийн коэфициент буюу алгебрийн илэрхийлэл дэх тооны буюу үсгийн үржүүлэгч, итгэлцүүр.
[24] токсик – гад.үг. хортой, хордуулах, хорт чанартай
[25] мөнгө суулгах – хэлц. мөнгө төсөвлөх, уридчлан тооцоолж хийх.
[26] луйвар – булхай, заль, мэх,  хууль бус үйлдэл, зүйл,
[27] шахаан – хэлц. хүчээр шахаж хийсэн зүйл.
[28] стандарт бус – хэм хэмжээ, хэр чинээнээс хэтэрсэн буюу дутсан зүйл
[29] хулгайн замаар – хэлц.  хулгайгаар, нууцаар, далдуур,
[30] хүнсний аюулгүй байдал – алба. хүнсийг
[31] ам бардам – зоригтой, нүүр бардам, хүчтэй, айлгүй, санаа зоволгүй
[32] байгаанууд нь – яриа. төл. байгаа юм нь, байгаа  хүн, юм
[33] асуудал дуусах – ажил дуусах, төгсөх, болох, гүйцэх
[34] хэлцэл – хэлэлцээр, яриа хөөрөө, хэлэлцээн, гэрээ
[35] бэлэн доллароор – бэлэн америк мөнгөөр,
[36] хэдэн гар – этг. хэлц. мууш. хэдэн хүн, хэдэн нөхөр,
[37] гараад явах – хэлц. зарцуулах, зарлагадах, зарах үрэх.
[38] нэгэн гишүүн – энд их хурлын гишүүн гэсэн утгаар хэрэглэж.
[39] дуудлагаар – үнэ хаялцуулах дуудлага худалдаа
[40] элеватор – гад. тариа агуулах сав,
[41] халдварлах – мууш. тарах, тархах,
[42] тохиролцон зарах – эхнээс нь хууль бусаар хуйвалдах.
[43] өсгөх – үржүүлэх, нэмэх, нэмэгдүүлэх, ахиулах, их болгох
[44] яваад байгаа юм шиг мөртлөө – болоод байгаа юм шиг боловч,
[45] үйлдвэр завод – хорш. гад. үйлдвэр, аж үйлдвэрүүд
[46] моодонд орох – хэлц. моод болох, хэвших, тарах, нийтийн болох
[47] тендэр – гад. уралдаан, шалгаруулалт, сонгох үйл явц
[48] үнэ цохиж авах – хэлц. өндөр үнээр авах, илүү мөнгөөр авах.
[49] чих нь соотойх – хэлц. мэдэх, мэдрэх, соргогоор мэдрэх, анхаарах.
[50] -аад унах – хэлзүй. баймж. –ж эхлэх, болох,
[51] хуулиар далдлагдсан хулгай – хуулийн дагуу хийсэн хулгайн хэрэг.
[52] хуульчлагдсан хулгайч – хуулийн дагуу хулгай хийх хүн.
[53] төсөв хусах – хэлц. төсөвлөсөн  мөнгөнөөс хулгайлах, авах.
[54] сонгодог жишээ – хамгийн сайн жишээ, үлгэр жишээ, гоц жишээ
[55] хуваагаад гөвөх – хэлц. адил тэнцүү хувааж авах, хүртэх.
[56] хэн нь хэнийгээ гэх – хэн нь ч хэнийгээ хэлж чадахгүй, адилхан.

No comments:

Post a Comment