СУРТАЛЧИЛГАА

2/18/2010

ХЭРЭЭ



ХЭРЭЭ

Жинхэнэ хэрээний тухай

Хэрээ гэж амьтны тухай хааяа нэг шонгийн орой, хогийн цэг дээр суухыг харж муу өөдгүй ёрын амьтан л гэж хааяахан бодож явсанаас биш ингэж өдөр бүр толгой дээр гуагачиж хашгичиж байхыг санадаггүй ээ. Токиогийн их хэрээтэйг яана. Ядаж байхад манай гэрийн хавьд цэцэрлэгтэй, цэцэрлэгийн модоор дүүрэн хар хэрээ. Энэ олон хэрээнээс болж энд ирсэнээс хойш хэрээний тухай бодол толгойноос салахаа байлаа. Саяхан сургуульдаа явж байсан хүүхэд рүү бараг дайрсан учраас сургуулийн захиргаа дүүрэгт хэлж байж үүрийг нь өөр газар зөөлгөсөн сураг дууллаа. Бүр бодохгүй байя гэхэд л хажууд гуагачаад, өглөө үүрээр орилоод унтуулахгүй болохоор нь монгол, япон хүмүүс хэрээний тухай ер нь юу гэж үздэгийг нэлээд сонирхож янз бүрийн юмнаас ухаж төнхөж  үзэх санаа төрөв. Гэхдээ энэ бол бараг нэг жилийн өмнө төрж байсан бодол. Яагаад ч юм энэ тухай мартаад өнөөдөр зав гарсан дээрээ дахин бичиж сууна.
Хэрээг гуагчих тоолонд нь за энэ муу хар хэрээ ямар муу ёрын юм зөгнөж гуагачиж байгаа бол доо гэж дахин дахин муу юм л бодогдоно. Үнэхээр монгол хүн хэрээг муу муухай зүйл ёрлож байна гэж хардан боддог. Харин Япончууд бол хэрээг бүдүүн хошуут, нарийн хошуут хэмээн хоёр ялгаад үхэл хагацал болохын өмнө олноороо орилдог гэж бидэнтэй адил муу муухайгаар бодох боловч тэртэй тэргүй өдөржин хамт байдаг хэрээгээ хөөрхөн шувуу гэх хүмүүс олон таарах аж. Тэр байтугай “Хэрээ яагаад дуугардаг вэ” хэмээх хэрээг магтан дуулсан хүүхдийн хөөрхөн дуу ч байх. Энэ дуунд “Хэрээ гэдэг чинь ууланд байдаг долоон настай хүүхэд шүү, Хэрээ хөөрхөн,  хөөрхөн гэж дуугардаг, уулын үүрийг үзээрэй, бөөрөнхий нүдтэй хөөрхөн хүү бий шүү, хэрээ хөөрхөн, хөөрхөн гэж дуулдаг шүү” гэж дуулдаг ажээ. Учир нь хэрээг япон хэлээр карасү гэдэг бөгөөд, хэрээ бас ка ка гэж дуугардаг нь япон хэлний каваий буюу хөөрхөн гэдэг үгтэй ижил дуудлагатай учир тийн хэлэлцдэг ажээ. Эмэгтэй хүнийг үсийг хэрээ хар гэх буюу, удаан усанд ордоггүй хүнийг хэрээ шиг усанд орох гэх, архи их уудаг хүнийг хэрээ дуугардаггүй өдөр байхад чамд архи уудаггүй өдөр байхгүй шүү гэж загнах зэргээр сайн, муугаар жишин хэлэлцдэг ажээ. Мөн эртний япон домогт ята карасү буюу нэгэн зүйл хар хэрээний тухай үгүүлдэг аж. Энэ хэрээ нь Японы эзэн хааны өвөг дээдэс нийслэлд орж ирэхэд замч болж явсан гэрэлт сайн шувуу байсан аж. Японы заим шашин тухайлбал Жинжа (Шинто шашины сүм)-гийн зөн билэг нь наран дотор суугаа гурван хөлтэй хэрээ болох ажээ. Хэрээ анх цагаан өнгөтэй байжээ. Харин дан цагаан байх нь уйтгартай тул гоё сайхан шувуу бүхнээс төрөл бүрийн өд гуйж гоёдог байж. Шувуунууд ч дуртайяа өгдөг байсан боловч хэрээ хулгайгаар аваад байгааг тэнгэр бурхан мэдэж түүний дээрээс хар өнгийн бэх цацсанаар хар болсон гэж япон домогт үгүүлдэг байна.
Дэлхий дээр хэрээ байдаггүй газар байдаггүй юм гэнээ. Тэрбээр ямар ч газар зохицон амьдрах чадвартай амьтан аж. Харин Антарктид, Шинэ Зеландад л байдаггүй юм гэнэ. Энэ бөөрөнхий дэлхий дээр нийтдээ хэрээний 20 төрлийн 100 зүйлийн шувуу байдгаас манайд дөнгөж 10-аадхан нь бий гэнэ. Үүнд алаг шаазгай, самарч шаазгай, ятга шаазгай, улаан хошуут, алагтуу, турлиах, хар хэрээ, хон хэрээ гээд бүгд багтдаг юм байна. Хэрээ бусад шувуудыг бодвол юугаар ч хоол хийдгээрээ онцлогтой гэнээ. Амьтны сэг зэм, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үрээр хооллодог бөгөөд бусад шувуунаас эртлэн гурваас есөн ширхэг хөхвөр ногоон өнгийн хүрэн толботой өндөгөөр өндөглөдөг байна. Ангаахай нь дөч орчим хоноод л нисч чаддаг гэнэ. Хэрээ мөн гялгар цалгар юм цуглуулж үүрийнхээ ойролцоо нуудаг аж. Үүнийг одоо хүртэл эрдэмтэд учрыг нь тайлаагүй байна.
За хээрийн хар хэрээ бол чоно даган нисч хоол зааж өгөх бөгөөд тэндээсээ амархаан хооллочихдог юм байна. Тийм учраас зарим хүмүүс хэрээг нисдэг чоно гэж нэрлэдэг аж. Хэрээ дуугарвал чоно ирнэ гэдэгчлэн анчинд чоныг зааж өгч чононд гай болох нь ч энүүхэнд аж.
 Энэ төрлийн амьтад их ухаалаг гэнэ. Тийм учир нэрт зохиолч Сеттон Томпсон ухаалаг амьтдын тоонд оруулсаныг сэтгүүлч Б.Буд тэмдэглэжээ.
Харин ухаан сэтгэлгээнд жаахан муухан утгатай хэрээ маань монголчуудын хэлдэг зүйр үгэнд мөн дандаа л муу муухай утгаар хэлэгдсэн байх бөгөөд хэрээний найз чоно, болон галуу, ноёд баядтай холбон утгалсан нь их юм. Тухайлбал, "Галуу дуугарвал ган болдог, хэрээ дуугарвал чоно ирдэг." "Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөх.""Галуу сахисан хэрээ усанд унадаг", "Зовлого болбол хэрээ баясна, зовлон болбол наймаачид баясна.", "Муу хүн хэрэлдэхгүй хүнгүй, хар хэрээ суухгүй модгүй.", "Хар хэрээ цагаан болохгүй, хамаг амьтан бурхан болохгүй.", "Хар хэрээ улай дээр, хаад ноёд хахууль дээр", "Xар хэрээ маханд дуртай, харгис ноён жинсэнд дуртай.", "Хон хэрээ дуугарвал ховдог чоно ирдэг", "Хон хэрээ хоосон хашхирдаггүй, хонь мал хоосон үргэдэггүй" гэх мэт.
Ингээд ер нь хэрээний тухай манай монгол хүнээс хэн юу гэж бичсэн юм бол гэж шүүрдэн үзвэл Дарамын Батбаяр соёлын гавьяат "Хэрээ" гэж нэг бичил хэлхэц бичжээ. Хэрээ гуагалахад хэн хүнгүй сэжиглэн сэрдхийж "Сайн хэлээ нааш нь, муу хэлээ цааш нь" гэж шивнэж нулимдаг тухай энд үгүүлдэг. Хэдий тэгэж хэлсэн ч хэрээ харин ч нэг тоосон шинжгүй гуагчин хашгирч бүр зэвүү хүргэнэ. Тэгээд гурван зуун жил хүний дэргэд насладаг хэрээ нэг өдөр хүний хэлээр ярьвал яана” гэж хашир хүн нэг өдөр сэжиглэн бичсэн байна.
Харин уран зохиолд хэд хэдэн газар дурдсан нь бий. Уран зохиолч Бөхийн Бааст гуай "Бэлтрэг Дорж" гэдэг тууждаа чоно Доржийг хэрхэн ан хийдэг тэр дундаа хэрээг агнах гэж хэрхэн зүдсэн тухай дурдсан байдаг юм. Энэ тухай үгүүлбэл, Бэлтрэг Доржийн нутагт Адьяабазар хэмээх баян хүн байх. Тэр баян нэгэн удаа модон дотор явж байгаад огт санамсаргүй бургасны мөчирт өрөөсөн нүдээ ширвүүлээд тэр нүд нь өвдсөөр сүүлдээ цагаа унажээ. Нүдэнд унасан цагааг анагаах гэж элдэв эмч домч нар аргалаад огт арга авсангүй. Ингээд баяны нүд эдгэрэхээс өнгөрөөд байтал газрын холоос гарсан нэгэн алдартай оточ хүрч ирэв гэнэ. Тэр оточ Адьяабазар ноёны нүдийг үзээд "Энэ нүд эдгэрч мэдэх ганцхан эм дом байна. Тэр юу вэ гэвэл хон хэрээг урхи тороор биш улаан гараараа амьдаар нь бариад бархируулан зовоож халуун нулимсы нь дусаавал л нэг эдгэрч мэднэ. Өөр ямар ч арга мэх байхгүй" гэжээ. Энэ үгийг сонссон Адьяабазар баян нутгийн олон анч гөрөөч, аргатай чаргатай хүмүүст зар гаргажээ. Хон хэрээ шувууг улаан гараараа барьж өгсөн хүнд хурдан гэвэл хурдан, жороо гэвэл жороо аль хүссэн нэг сайн морий нь тугалтай үнээ, унагатай гүү, ботготой ингэ, хургатай хонь, ишигтэй ямааны хамт өгнө гэлээ. За ингээд олон хүн хон хэрээний араас явлаа. Тэгсэн чинь цагтаа тулахаар баригддаг шувуу бас биш юмаа тэр чинь. Сайхан дөхөж очоод л алдчих юм. Заримдаа ч бүр дөнгөж далавчинд нь хурууны үзүүр шүргэх шахам ойртож очоод л алдчих юм. Хон хэрээний араас явсан хүмүүсийн ихэнхи нь цуцлаа, буцлаа. Би ч мөн их үзлээ. Мөн ч буцвал буцахаар, цуцвал цуцахаар боллоо. Сүүлд нь арга ухаан сийлэхээр шийдлээ. Хор хэрээ суух аятай газар олж, тэнд элдэв улай мах хаях хэрэгтэй. Тэгэхдээ шүүрээд аваад явчих биш, газар дээр нь тоншоод ноцолдоод байхаар тийм мах улай хаях. Тэр газар маань аль нэг талаасаа хүн мөлхөөд хүрэхэд хон хэрээнд харагдахгүй байх. Ингэж л нэг аргалж болбол болохоор санагдаад газраа эрж оллоо. Өвлийн хүйтэн цагт анир чимээ ихтэй хэцүү юм. Өөрийнхөө мөлхөж очих талынхаа газрыг анир чимээгүй болгох гэж цасы нь цэвэрлэж үзэв. Өвс мөвс элдэв эсгий навтас ч хаяж үзэв. Өтөг бууц, үнс ч асгаж үзэв. Хон хэрээ даахгүй улай мах хаяад түүн дээрээ хар хэрээ суулгаж туршиж үзэв. Барьж болж байна. Хар хэрээ ч хон хэрээг бодвол маанаг боольхой гайхал юм. Хон хэрээ гэдэг жигтэйхэн сонор сэргэг шувуу юм. Хэдий үед дээр вэ гэвэл өглөө эртээр зүгээр юм шиг... Хэд хэдэн өглөө туршаад үзэв. Шөнө өлөн ховдог хоносон амьтан өглөө бэлэн зуушин дээр буух суух дуртай байх юм. Өөрийнхөө мууд эхлээд бас ч шууд бариад авч чадахгүй хэд хэд алдаж баларч байгаад нэг өглөө бариад авлаа даа. Адьяабазар баяныхаас манайх тийм ч хол бус байв. Хон хэрээ барихаар явахдаа унах морь бэлдүүлчихсэн байдаг байв. Тэгээд хэрээрээ торшуу юманд хийж аваад л давхичхав. За тэгээд өнөө хэрээгээ уурлуулан бархируулж халуун нулимсы нь баяныхаа нүдэн дусаахаасаа өмнө тэр хүнийхээ нүдий нь сох тоншуулчих гээд болдоггүй ээ. Ёстой барихаас бэрхтэй юм тэгэхэд гарлаа. Үгүй яах юм бэ, хүн гэдэг ухаантай юм чинь арга оллоо. Хон хэрээ ч уурлаж бархирах ч гэх үү зовж шаналахаараа барагдахгүй ч их нулимстай, халуун ч нулимстай байдаг юм санж. Нэг биш хэд хэдэн хэрээ барьж халуун нулимсы нь дусаалаа. Санаа ч юм уу, заяа ч юм уу бүү мэд. Баяны нүдний цагаа ариллаа. Хэдэн жилдээ л зүгээр байснаа сүүлд нэг жил тэр нүд нь зүв зүгээр байж байгаад гэнэтхэн юм харахаа байчихсан шүү. За тэр чөтгөр гэдэг нэрийг ингэж олсон хүн байжээ. Ингэж хэрээний нулимс нүдэнд дусаасан тухай үгүүлдэг аж. Энэ бол нэг талаас монгол анчин хүний бодит дурсамж юм шиг боловч нөгөө талаас уран зохиолын жаахан "давсласан" хэтрүүлэг байж мэдэх учраас би сайн итгэхгүй байдаг юм, гэхдээ бас сонин санаа. Төрийн соёрхолт, нэрт зохиолч Далхаагийн Норов "Хулчгар" хэмээх үгүүлэлдээ "Энэ муу хэрээ нүдэнд дуртай амьтан даа. Гурван зуу наслахдаа хэчнээн нүд иддэг бол? Уйлж, инээж, уйтгарлаж хилэгнэн ертөнцийн гэрэл сүүдэрт нүгэл буяныг нэвтэлсэн хар, ногоон, хялар сөлөр, сайхан, жигшим хэчнээн олон нүдийг тоншоо бол? Нүдэнд хайртай дуртайдаа тоншдог хэрэг үү, эсвэл үзэн ядахдаа тоншдог гэх үү? Эс бөгөөс нүд идэхийн тулд амьдардаг уу? гурван зуун жил амьдрахын тулд нүд иддэг үү? гэмээр ч юм уу? Уг ёс нь хүн л гурван зуун жил наслууштай юм гэсхийсэн бодлоор өөрийгөө аргадав. Хар шувууны тухай хар бодол л төрөх юм даа." гэж бичсэн юм.
Хэрээнд хамгийн онцлох юм бол наснаас гадна хэрээний нүд юм байна. Хэрээ үнэхээр сайн хардаг гэдэг нь үнэн бололтой. Баргийн юмыг гаднаас нь нэвт хардаг юм байхаа. Үүнийг хэрээний тухай кино хийсэн Японы телевизийнхэн бүр зориуд туршиж үзсэн байна. Өнгөгүй уутанд хийсэн идээ будааг хэдэн ч километрийн цаанаас нэвт харж чадна. Харин шар өнгийн саванд хийвэл хардаггүй гэнэ. Тийм учраас япончууд хогоо шар уутанд хийж хаях болсоор удаагүй байна. Өнгөгүй уутанд хийсэн хогийг онгичоод хаячихсан байх нь одоо ч элбэг тааралдана.
Хэрээ сүрэг сүргээрээ амьдран бархирч заримдаа гай дагуулах нь ч бий аж. Тухайлбал онгоцны буудлын ойрхон чанга яригчаар махчин амьтны дуу хоолойн бичлэг тавьж зайлуулан зугтаалгадаг байна.  Ямар ч байсан хэрээг цөөлөх нь хаа ч зөв байх утгатай аж.
Ийнхүү сайн, муу мэдээ цуглуулж, энэ тэрийг эрэгцүүлэн суухуй дор хэрээний тухай сэжиглэн хардах сэтгэлийн сэвийг арилган хэтийлгэж хэрээ хэмээх амьтныг сайнаар бодож  "Хэрээний нууц"-д бичсэнээр хэрээ гуаг гуаг хэмээн дуугарч байхуй дор "хан төр бат байг" хэмээн санаж энэхүү товч эсээг түр төгсгөв.

Ашигласан эх сурвалж
Д.Батбаяр, “Хэрээ”
Б.Бааст, “Бэлтрэг Дорж”
Б.Буд, “Хээрийн хэрээ” “Өдрийн сонин”-ы 2008.01.07-ны №004
О.Цэрэндаш, "Хэрээ, хэрээнийхээ харыг гайхдаггүй" Дал сонин
Мэдээч, "Хэрээний нууц" Дал сонин
Д.Норов, "Хулчгар" уран сайхны  үгүүлэл

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн докторант Хироюүки Нагаяама-гйин хамт бичив, Фүчү, Токио, Япон
2009 оны 1 дүгээр сарын 28

No comments:

Post a Comment