СУРТАЛЧИЛГАА

2/16/2010

Бавуугийн Лхагвасүрэн, "ЦЭЦГЭН ЭРХИ"



Ээжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхний хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ би уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг олж түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Ээжээ, би Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл

No comments:

Post a Comment