СУРТАЛЧИЛГАА

7/26/2009

СУМЫН НААДАМ

Маргааш наадам. Манай сумын наадам. Сумын наадам гэхээр хүн бүрийн санаанд Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсаны “Сумын наадам” гэдэг хайрын шүлэг хамгийн түрүүнд санаанд буудаг юм. “Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох моридноос суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гээд л ... Манай сумын наадам миний нүдэнд харагдах шиг боллоо... Арван нэгэн. Нээрээ л сумын наадмын талбайг өдөржин тойрох морид. Түүний дээр наадам гэж нааш цааш давхилдахын нэр гэх шиг хүүхэд багачууд голдуу морины хар хурдаар пижигнэн давхилдаж өнжинө. Моридоос унах шинэхэн ногооны хомоолын үнэр. Хөлөөр нь босох тоос шороо. Гэхдээ найтааж байснаа санахгүй юм. Урдуур хойгуур гүйж хөл рүү нь орчих гэсэн хүмүүсийн хөдөлгөөн. Гэхдээ өшиглөж тангараад сүйд хийж байсныг нь хараагүй. Наадмын морид олны хөлд их л тогтуун сайхан. Сумын аж ахуйн сайн муу болгонд шахуу баридаг хэмхэрхий унь ханатай, яйжгий тоонотой хэдэн муу гэр наадмын талбайн араар бараадна. Наадмаар нурж унаж гэнэ гэж сонсоогүй. Тооноор нь ханхлах хуушуурын үнэр содон сайхан. Хуушуур олдохгүй байна гэж дуулаагүй. Үүнээс өөр сайхан юмгүй юм шиг л сонин боосон хуушуур барисан улс энд тэндгүй. Яриад байгаа, дуулаад байгаа хоёр нь ялгарахгүй шахуу холбооны үзель. Уртын дуу нэг тасран, нэг залган наадмын талбайд паржигнана. Бухимдаж байснаа санахгүй байна. Болж л байсан даа. Эр эмгүй багтаж ядсан хөлийн майхан. Өмсгөлтэй өмсгөлгүй, өмд гуталтай бөхчүүд. Нэгийн даваанд уначихаад уйлж суугаа банди, аманд гарсандаа аархаж суугаа залуу. Цэргээс ирсэнээсээ хойш тувт түрүүлсэн сумын заан. Амны бөхөд гарсан арван хэдтэй банди. Арай гэж жаран дөрвөн бөх барилдуулна. Тавын даваанаас хойш хөгшид байраа эзлэж буурь заан сууна. Олдохтой үгүйтэй айраг харин төв асрын ширээн дээр дарга нарын урд далбилзан цалгиж, асгаж харагдана. Их насны морид эргэх таамгаар энд тэндгүй машин дүүрэн хүмүүс, жолоочийнх нь зүрхийг хөөргөж хөөрхөн уралдуулна. Моритой, мотоциклтой , машинтай улсын уралдаан болж байна уу гэж андуурмаар хөндий дүүрэн улаан тоос. Осол гарч гэнэ гэж би дуулаагүй. Шавгийн толгойдоо сумаараа шаваж моридоо хүлээнэ. Хөгшид өвгөд энд тэндгүй золгож харагдана. Дэлгэр зуны цаг ирж сумынхан цагаан сараас хойш уулзаж байгаа нь энээ. Наадам ч яах вэ оройн бүжиг хурдан болоосой гэж хөл нь хөнгөрч, хөлсөө ханхлуулсан охидууд, банди нар энд тэндгүй хөшилдөнө. Орой болоход улаан буланд киноны авсаархан мотор тачигнаж, гэрэл гаргаад, баян хуур хөгжимд хөлсөө садарч, хөлөө эцтэл валис эргэнэ. Өөр үзээд өгөе гэхнээ ямар ч хөгжим байхгүй юм чинь. Бүжиг тарна. Тас харанхуй. Дээд доод гудамж руу дэжигнэтэл давхилдах моридын төвөргөөн. Хэрэг гарч гэнэ гэж би лав дуулаагүй. Арван хоёрон. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж бүгд цуглана. Үзүүр түрүү заан Баасан, Оргодол, Мандах хэн хэн билээ нутгийн сайхан бөхчүүд. Тэнд очиж бэлтгэл хийж байна гэж би дуулаагүй. Бэлтгэлгүй ч бэлтгэлтэй юм хүдэр чийрэг сайхан биетэй харчуул ханхалзан зогсоно. Түмний эх Батгайн хээр, Дондивын алаг. Түрүүлсэн бөх, түмний эх, баян ходоод. Төрийн далбаа, төв асар. Холбооны Содов гуай цангинатал цээлхэн цоллодог сон. Хүүхэд байхад холбоочин хүн морь цоллох ёстой, эмч хүн дагаж давхих ёстой юм байна гэж боддогсон. Бай мөрий, бариа шагнал. Бүгдээрээ бариж үзэх гэж байгаа юм шиг асрын өмнө сумаараа овоорчихно. Хөөрхөн даага хөтөлсөн адуучин асрын өмнө ирлээ. Дарга үгээ хэлж цулбуураа гардуулна. Хөөрхөн ш тээ сумын наадам. Хөөрхөн нь юундаа байна гэхээр бүх юм нь ориг, наадам наадамч хоёр нь бие биедээ ойр байдагтаа байдаг гэж би боддог. Маргааш наадмын өдөр өө.
10.07.2009, Токио

No comments:

Post a Comment