СУРТАЛЧИЛГАА

7/26/2009

САЛХИЙГ НЬ ХАГАЛЖ...

Ойрд нэг монгол хэлний хэлцийн толь бичиг нухаж байгаа ухаантай энд тэндээс хэлц түүжээ суугаа юм. Тэгсэн чинь Төрийн соёрхолт, соёлын гавияат Балжирын Догмидын “Оосор бүсгүй орчлон” үгүүллэгээс салхи хагалах гэдэг хэлц олж эрж явсан эрдэнээ олсон адил баярлаж толиндоо хийгээдэхлээ. Уг үгүүлбэр нь “Ирсэн улсын хүсэлтээр гар бөмбөгийн тоглолтоор наадмынхаа салхи хагалж, хот хөдөөгийн хоёр баг хэн юу чаддагаа үзүүлж эхлэх тэрхэн агшинд говь нутгийн хаврын хавсарга салхи хөдөллөө.” гэж байгаа юм. Энэхэн зуурт яг энэ үгтэй холбоотой инээдтэй боловч болсон, болсон боловч сургамжтай нэг юм санаанд бууж ирлээ.
...Нэлээд хэдэн жилийн өмнөсөн. Тэр үеийн Төрийн ёслолын албаны дарга Жамц (нэрийг өөрчлөв) гэж хүн байлаа. Бараг анхных ч байсан байж магадгүй. Би ч мундаг хүн л ийм том алба хашдаг байлгүй яахав гэж дотроо хүндэлж л байлаа. Нэг өдөр хашир хоринтавдугаар телевизээр ярилцлага өгч байнаа. Тэр үед 25-аас өөр хувийн зурагт радио бараг байгаагүй болохоор гарсан болгоныг үздэг байв шүү. Тэгэхнээ “энэ ардчилсан засгийн эхний жилүүдэд хууль мууль нь боловсроогүй хэцүү байсан. Бид нар цоо шинэ юмнууд хийж байгаа. Жишээ нь хэнийг гэнээ гэнэт нас барсан чинь яаж оршуулахаа мэддэггүй бүгдээрээ сандараад, тэгээд нэг төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрэв муу юм болвол зохицуулах хууль зохиож батлуулсан гэж ирээд л ярилаа. Тэгснээ тэр хуулийг батлуулчихаад байж байсан чинь хувьсгалт намын нэг их хурлын гишүүн Зуун ч гэнэ үү Мянган ч гэнүү нэг гишүүн нас барж салхийг нь хагалаад гэж авдагийн. Анх тэр хүн оршуулгын хуулийн салхийг хагалсан юм гэнэ. Ээ чааваас даа ийм ч ёслолын дарга байх гэж хайран сайхан сэтгэл минь яйран болтлоо шалчийж билээ. Төрийн ёслолын том хүн тэгж төөрч самуурахаар яах вэ дээ, хөөрхий зайлуул гэхээс өөр таарах ч үг олдохгүй юм билээ.
2009.06.18

No comments:

Post a Comment