СУРТАЛЧИЛГАА

7/26/2009

ХАРИУЦЛАГА


ХАРИУЦЛАГА 

Хариуцлага гэхээр нэг их том болчихов уу даа гарчиг маань. Ийм юмны тухай бичие гэж нэг их боддоггүй байлаа. Гэхдээ сая нэг жижигхэн, жижигхэн ч гэж дээ жижиг юм шиг боловч том юмнаас болж энэ тухай нэг санаа бичие гэж шийдсэн юмаа. Зарим нь за энэ нэг их хариуцлагатай болчихож гэж шуумалзах вий. Учир нь блог дээр юм бичихээр сэтгэгдэл дээр нэр, алдар нь гардаггүй болохоор зарим нь за чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд хүн доромжлоод байх юм. Гэхдээ бичсэн хэв маяг, найруулга, үг хэллэгээс нь бараг хэн нь мэдэгдэнэ. Өөр аргаар ч мэдэж болно. Хүмүүс хэзээ ч мэдэхгүй гэж андуурдаг юм шиг байгаа юм. Баабар интернетийг орчин үеийн боловсон жорлон гэсэн юм. Тэр сайхан онож хэлсэн шүү. За үүнийг түр орхиод гол зүйлдээ ороё. Учир нь саяхан Халх голын байлдааны 70 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатарт болж манай энэ сургуулийн монгол судлаач, профессор хуралд явлаа. Хурлын цаг богино, хугацаа давчуу, ном мом цуглуулах гээд ажил ихтэй, бас хурал мурал даргалана гэсэн ч багштаныг нэгэнт Монголд очсоных ганц хоёр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзуулая гэж бодсон юм. Танидаг мэддэг рүүгээ яриад аминдаа нэг ярилцлага ч юм уу авахуулчих гээд “хор найруулаад” байгаа юм шүү дээ. Тэгсэн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч нэр үл мэдэх нэг хүн очиж ярилцлага авсан байна. Ярилцлага нь багштаныг эргээд Токиод буугаагүй байхад www.olloo.mn дээр гарсныг хүн дуулгав. Сайн анзааралгүй ирсэн орой нь таны ярилцлага сайтад гарсан байна гэж дуулгавал аа за гээд утсаа тавилаа. Юу л гаргасан бол доо гэж санаа нь зовох шиг санагдлаа. Япон хүн бол бид нар шиг өө тийм үү үзэе харая гэж хөөрч давхихгүй л дээ. Удалгүй ярилцлага гарсан сонинг Дорнод аймгийн төвөөс хамт ажилладаг профессор нь чиний ярилцлага гарч гээд аваад ирж. Багштан маань нөгөө сонин чинь ирсэн байна харин нэлээд алдаатай, буруу бичсэн юм их байна аа, ялангуяа хүний овог, нэр ийг гээд жаахан тиймхэн сэтгэгдэлтэй байгаа янзтай. Ярилцлагыг нь уншаад үзтэл нэлээд алдаа байна. Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн профессорыг дэлхийн монгол судлалын томоохон төвийн нэг Токиогийн Их Сургуулийн эрдэмтэн гэж бичиж. Энэ бол энэ хүний хувьд маш муухай зүйл ажээ. Хүн бол Токиогийн Гадаад судлалын Их Сургуулийн багш байж, Токиогийн Их Сургуулийн багш гэж яриж явдаг юм байна гэж бодох аж. Яагаад гэвэл энэ бол ярилцлага учраас олон улсын сэтгүүл зүйн зарчимаар тухайн хүний өөрийнх нь ярисан, мэдээлсэн зүйл гэж ойлгогдоно. Мэдээж нэрийн хуудсаа өгсөн байж таараа. Мань хүн япон, англи хоёр өөр нэрийн хуудастай. Тэгээд сэтгүүлч анзааргагүй хайнга учраас ийм алдаа хийж. Мөн тэнд нэр дурдсан хэд хэдэн эрдэмтдийн овог, заримынх нь нэрийг ч хүртэл буруу бичсэн нь тэр хүмүүсийн өмнө номын эрхэм нөхдийн овог нэрийг нь ч мэддэггүй юм шиг багшийг хүнд байдалд оруулжээ. Эрдэмтэн Балдан гэдэг хүнийг Балсан гэжээ. Эрдэмтэн Балдан гуай бол олон жил хамт ажилласан бие биеэ сайн мэдэх судалгааны чиг онол нэгтэй эрдэмтэн билээ. Мөн олны сайн мэдэх Загдын Түмэнжаргалыг Э овогтой болгосон байх жишээтэй. Энэ бол жижигхэн юм шиг боловч том алдаа, том хариуцлага аж. Манайхан за яахав сэтгүүлч нь андуураа л биз, алдаа л биз гээд тоохгүй байсаар бүр ийм юм дасчихаж, дөжрүүлчихэж. Би бүр үүнийг нь мэдсэн юм шиг хэдэн долоо хоногийн өмнө багштаны түрүү түрүүчийн ярилцлага, танилцуулгыг шуудангаар явуулсаныг яана. Уг ярилцлагыг уншиж үзвэл түүнийг жаахан унших нь уншсан юм шиг байна гэхдээ хам хум, халит мулит уншиж. Үүнийг бичиж суухад тээр жил МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн захирал болсны дараахан нэг сонинд Ж.Бат-Ирээдүй уг сургуулийн захирлаар томилогдлоо, авгай Оюунчимэг нь мөн адил мэргэжилтэй гэсэн утгатай мэдээ гарч “бөөн хэрэг мандаж” байсан санаанд орлоо. Мэдэхгүй байж санаан зоргоороо таамгаар бичих хүмүүсийг эвгүй байдалд оруулах тийм аюултай бус уу. Ийнхүү бид хариуцлагыг том зүйлээс биш нэг үсэг, нэг үгээр хэмжих ёстой бус уу. Ялангуяа сэтгүүл зүйд. 
2009.07.20, Токио

No comments:

Post a Comment