УС ХҮН ХОЁР ХЭЦҮҮ АЧАА
Өнөө өглөө хоёр литрийн савтай дөрвөн ус аваад дугуйнхаа урд хайрцагт хийгээд явсан чинь савлаад замын хажуу руу орчих гээд хэцүү гэж юухэв. Манай Хонгорынхон “тэгээд, ингээд хэцүү гэж юүхэв” гэж их ярьдаг юм. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Ус хүн хоёр хэцүү ачаа шүү гэж дандаа ярьдаг сан. Нээрээ л ус бага ч гэсэн савлаад хэцүүг нь дугуйн дээр ч мэдэрч болно. Үүнийг бичигч бээр арван дөрвөн настай зургаадугаар ангид байхдаа 6 тонн устай цистерн үл мэдэг өөд газар анх удаа хөдөлгөж машин барьж сурахдаа хоёр унтрааж, ааваараа нуруу руугаа нэг цохиулаад л дажгүй хөдөлгөж, сурч билээ. “Наад машины хамаг бөгс араа хэмхчээд хаячихлаа” гэх аавынхаа чангахан дуунаас их л айсан санагдана. Аав маань анх тийм том ачаа тэр тусмаа ус, тэгээд газрын өөд, юу ч чадахгүй хүүхдэд бариулж сургасан нь учиртай гэж би дандаа боддог юм. Амьдрал зургаан тонн устай цистерн барихаас хэцүү. Үүнээс хойш аавтайгаа өвлийн хүйтэнд голын харзнаас ус соруулан сум, бригадын усан санд ус зөөж, хүн, малыг ундны усаар хангаж мөн “их буян болсон” доо. Хүн бас устай яг адилхан. Жолооч хаашаа эргэнэ тийшээ налж унаад барьж яваа хүнээс их анхаарал болгоомж, мэдрэмж, бүхнийг шаардана. Сангийн аж ахуй явж буй оюутнууд бид л яадаг билээ дээ. Хөгжилдөн баясахын зэрэгцээ машин дээр орилолдон эргэлтийг нь дагаж хуйлраад жолоочоос үнэхээр анхааралтай, аюул болоход аврах ур дүйтэй явахыг шаарддаг ажил. Нийгэмд ч гэсэн хүн гэдэг ачаа маш хэцүү ачаа. Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гээд нэг гоё толгой холбоход л төв хөдөөгүй дагаж улайраад л, хүүхдэд арван мянган төгрөг өгнө гэхэд хүн бүр цэнхэр болоод л, ноолуурын чинь үнийг нэмнэ гэж худлаа ярихад аймгаараа дагаж хуйлраад, сургуулийг чинь үнэгүй болгоно гэхэд сум сумаараа саналаа өгөөд л, ардчилсан ерөнхийлөгч л аварна шүү гэхэд л нээрээ тэгэе гээд хот, дүүргээрээ хошуурах жишээтэй. Гагцхүү ачсан ачаагаа дааж, хөл дээрээ босож, савласан хүмүүсийн санааг таньж, улс орныг мэргэн ухаанаар зөв залж жолоодох л үлдлээ дээ шинэ ерөнхийлөгчид. Аавын минь хэлдэг ус, хүн хоёр хэцүү ачаа гэдэг энэ үг ээ мөн амьдралыг таньсан хүний айхтар ухаантай үг дээ. Хүн гэдэг уснаас хэцүү ачаа шүү.
Токио, 01.06.2009
No comments:
Post a Comment