СУРТАЛЧИЛГАА

2/27/2010

Сургуулийн амидрал




Сургуулийн амидрал

Я
поны боловсролын жилүүд 6 наснаас эхлэдэг. Бага сургуульд 6 жил сураад гурван жил дунд сургуульд шилжин сурна. Ихэнхи хүүхдүүд ахлах сургуульд гурван жил сурдаг. Үүний дараа арван найман нас хүрээд мөн ихэнхи хүүхэд хоёр жилийн коллеж, юм уу дөрвөн жил их сургуульд сурч төгсөнө. Сургуульд хамгийн чухал нь сургуулийн хувцас буюу формын хувцас болно. Бага сургуулийн хүүхдүүд ихэнхи нь шар малгай өмсөж, рандосэрү хэмээх ширэн цүнх үүрч явна. Рандосэрү бол сургуульд орсоны бэлгэ тэмдэг болдог. Хөвгүүд ихэнхи нь хар, хар хөхийг, охидууд улаан юм уу ягааныг үүрдэг. Дунд болон ахлах сургуулийнхан мөн өөрийн гэсэн тогтсон хувцас өмсөнө. Зарим сургуулийн хувцас нь заавал богино банзал, хар хөх, саарал өнгийн урт түрийтэй оймс, нэг загварын цүнх барина гэсэн нэлээд нарийн дэг журамтай байдаг. Сургууль бүр мөн биеийн тамирын хичээлд өмсдөг тусгай хувцастай. Хүүхдүүд сургуулийн хувцасаа худалдаж авах бөгөөд харин хичээл сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй байдаг. Харин сургуулийн үдийн хоол гэх мэтэд жаахан мөнгө  зарах бөгөөд энэ нь өдрийн 200 йэнээс хэтрэхгүй.  Мөн аялал зугаалгаар явах болбол мэдээж мөнгөө төлнө. Японы хичээлийн жил жил бүрийн дөрөвдүгээр сард эхлэж гуравдугаар сард дуусна. Нийтдээ зун, өвөл, хавар гэсэн гурван улиралтай бөгөөд улирал бүхэнд богино хугацааны амралттай. Зуны болон өвлийн амралтаар хүүхдүүд  зарим тусгай гэрийн даалгавар хийдэг. Жишээлбэл, уран бичлэгийн даалгаврыг өвлийн амралтаар өгөх нь элбэг байдаг. Мөн уншсан номын тэмдэглэл, өдрийн тэмдэглэлийг амралтаар хийхийг шаарддаг аж. Улиралын эхэн болон эцэст сургуулийн ёслол дээр захирал үг хэлнэ. Шинэ хичээлийн жилийн ёслолоор шинэ оюутан, сурагчид элсдэг бол хичээлийн жилийн төгсгөл гуравдугаар сард төгсөгчид диплом, гэрчилгээгээ гардан авдаг. Ихэнхи сургуулиуд жил тутам дор хаяж нэг удаа ойрын болон холын аялал зохион байгуулах бөгөөд тухайлбал Киото, Нара гэх мэт Японы нэртэй газрууд байдаг. Зарим сургуулиуд гадаад орон руу аялал хийдэг. Дунд болон ахлах сургуульд улирал тутам явцын болон жилийн эцсийн шалгалт гэж байгаа. Японы хүүхдүүд болон эцэг эх элсэлтийн шалгалтанд хамгийн их санаа зовдог. Учир их сургууль, ахлах сургуулиуд элсэлтийн шалгалттай бөгөөд тэр битгий хэл зарим бага сургууль, цэцэрлэг хүртэл элсэх шалгалт авч байдаг. Сайн сургууль төгсөж чадвал сайн ажилтай, сайн амидралтай болно гэдэг бол сурагчдын хувьд бичигдээгүй хууль байдаг. Шалгалтанд бэлтгэхийн тул олон хүүхдүүд жүкү буюу боловсролын чиглэлийн хувийн сургуулиудад нэмэлт хичээлд сууж, тусгай багш авч хичээл заалгадаг байна.

Халуун рашаан



Халуун рашаан

Я
пончууд бүгдээрээ халуун рашаанд дуртай улс. Олон хүн рашаан ус нь хүний биед шим тэжээл өгдөг хэрэгтэй зүйл гэж итгэдэг. Японд галт уул  олон  учраас халуун рашаан ихтэй байдаг. Халуун рашаан тус бүр өөр өөрийн онцлогтой гэж үздэг. Халуун рашааны газрууд болон зочид буудлууд рашааныг байгалийнхаар нь эсвэл минерал усыг буцалгаж  хэрэглэдэг. Халуун рашааны газрууд жилийн турш ажиллах бөгөөд олон зочид буудлууд байгалийн сайханд гадаа халуун рашаантай байдаг. Нийтийн халуун ус Японд мөн их дэлгэрсэн. Ихэнхи нь нийтийн том ванн болон цэцэрлэг, саунатай байдаг. Халуун рашаан, нийтийн устай газар хүмүүс юуны өмнө биеэ угааж ариулаад рашаан усанд ордог. Усанд орохдоо алчуур болон саван хэрэглэж болдоггүй журамтай.

Сэцүбүн



У
Сэцүбүн
лирал солигдох бүрийд тэмдэглэдэг тусгай өдрүүд гэж байж. Харин түүнээс одоо ганц үлдсэн нь сэцүбүн ажээ. Энэ өдөр бол хоёрдугаар сарын гурван бөгөөд өвлийн улирал дуусаж хаврын улирал эхэлснийг бэлгэдэнэ. Сэцүбүний үед хийх ёс бол шош хаях. Шошийг гэрийн хаалгаар гаргаж хаяхдаа “Они ва сото” хэмээн хашхирах бөгөөд энэ нь “Сүнс, чөтгөр зайлаг” гэсэн шиг утгатай аж. Мөн гаргаж хаяхдаа “Фүкү ва үчи” буюу Аз хийморь морилотугай” хэмээн хэлдэг аж. Они гэдэг бол нэг төрлийн мангас аж. Аймаар нүүртэй, эвэртэй, улаан хөх аристай байдаг аж. Барын арисан хэвнэг эсвэл богино өмд өмсөж төмөр саваа барисан байдаг аж. Жил бүр өөр өөрөөр багийг хийх бөгөөд сэцүбүний ёсоор Кансай орчмоор маки-зүши хэмээх хоол иддэг аж. Энэ нь аз жаргал авчирах утга учиртай ажээ.

Савх


САВХ
Я
пон савхыг мод, хулс, хуванцараар хийсэн байдаг. Япон савх бол хятад савхыг бодвол арай богино. Гэр бүлийн бүх гишүүд тус бүрдээ савхтай байдаг. Ресторануудад нэг удаагийн модон савх хэрэглэдэг бөгөөд дэлгүүр, хоолны газар хоол авсан тохиолдолд үнэгүй савх өгдөг юм. Ихэнхи хүмүүс ажил, сургуульдаа гэрийн хоол авч явж иддэг бөгөөд өөрийн гэсэн савхтай байдаг. Хүүхдүүд гурав орчим настайгаасаа савх бариж сурах дасгал хийдэг. Энэ хүртэл тэд халбага, сэрээ хэрэглэдэг аж.
Савх хэрэглэхдээ ёс алдаж мэдэх анхаарах хэдэн зүйл:
  • Маёои-баши буюу хоолоо сонгохдоо зааж болохгүй
  • Саши-баши буюу аяга, тавагтай хоолоо хутгаж болохгүй
  • Сагури-баши буюу хоол шалгаж үзэхдээ хэрэглэж болохгүй
  • Нэбүри-баши буюу савхаа долоож болохгүй.
  • Ёосэ-баши буюу савхаараа аяга, тавгаа түлхэж ойртуулж болохгүй.

2/26/2010

Гейша


ГЕИША
Геиша гэдэг (Кансай хавиар Геиги гэдэг) бол энгийн ойлголтоор хүлээн авалт, баяр цэнгүүн дээр үзүүлбэр үзүүлэгч жүжигчин юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ядуу айлын охидууд геиша-гийн гэрт зарагдаж байж, харин одоо бол геиша болох нь сайн дурын хэрэг болжээ. Ирээдүйн геиша нар геишагийн албатай окияа хэмээх гэрээ байгуулж гарын үсэг зураад гэрээний дагуу байранд нь нүүж ордог.  Тэд тэнд бусад геишагийн гишүүдтэй хамт суух бөгөөд өдөр тутмын зам мөр, үйл ажиллагаа нь хатуу чанд хяналтанд байдаг аж. Тэд хөгжим болоод бүжгийн сургуульд сурч, намба төрх, арга маяг суралцана. Сургалтын хөтөлбөр маш хатуу шахуу учраас олон охид геиша болж чаддаггүй байна. Харин давсан охидууд хангёокү буюу мэргэжлийн геиша болно. Мөн Кансай хавиар майко ч гэж дууддаг аж. Энэ үеэр дадлагажих явцдаа итгэлтэй дасгалжуулагч буюу зөвлөх болох учиртай бөгөөд хангёокү бол хорь орчим настай жинхэнэ геиша болно. Тэрбээр гоё ганган зураг чимэглэлтэй уламжлалт хар кимоно өмсөж, үсээ геиша маягаар засах учиртай гэнэ.
GEISHA
Geisha (Geigi in the Kansai area) are essentially entertainers at parties. Prior to World War II, girls from poor families were sold into geisha houses, but these days becoming a geisha is voluntary. Prospective geisha sign a contract with a geisha house, called an okiya,  and move into that okiy’s dormitory. They live there with other members of the same okiya and their routines are strictly controlled. They learn manners and attend dance or music school. The training program is quite tough and many of the girls fail to become geisha. Those girls who pass, become hangyoku (probationary giesha), also called maiko  in the Kansai area. During this period of on-the-job training, a full geisha acts as a mentor. Once a hangyoku  is around twenty years old, she becomes a full geisha. She can then wear the traditional black kimono covered with exquisite paintings and have hair in the unique geisha style.

Ханаби



ХАНАБИ
Ханаби бол Японы зуны бас нэгэн утга учир болдог. Япон даяар ард нийтийг хамарсан үзүүлбэр болохоос гадна гэр бүлийн хэмжээнд тэмдэглэдэг. Галын баяр нь Эдо-гийн (1603-1867) үеэс эхлэн маш хурдан дэлгэрч олон нийтийнх болжээ. Өнөөгийн хамгийн том үзүүлбэр бол 1733 оноос эхтэй Токиогийн Сумида голын баяр юм.
Ер нь бол гурван зүйлийн ханаби буюу галын баяр байна. Тэнгэрийн буудлага хэмээх нь тэнгэр лүү буудаж  том том цэцэгнүүд дэлгэрүүлэх үзүүлбэр юм. Газрын галын баяр нь газар дээр лаа болон усан оргилуур маягийн төрөл бүрийн хэлбэртэй байна. Хамгийн их дэлгэрсэн нь Нийгарагийн хүрхрээ шиг харагдах нь. Гарын гал нь дуусталаа цацарна, харин дэлбэрдэггүй. Хүүхдүүд түүнийг бариж өнгө бүрийн дүрс гарахыг нь харах их дуртай.
HANABI
Hanabi are an essential part of the Japanese summer. Large public displays are held all across Japan, and small family parties are also popular. Fireworks displays began in the Edo period (1603-1867) and quickly became popular. One of the most famous public displays today, at Sumida River in Tokyo, dates back to 1733.
There are three different types of hanabi. Skyrockets shoot into the sky and explode to look like large flowers. Ground fireworks are fixed on the ground and form differeny shapes and candles or fountains. The most popular one looks like Niigara Falls. Handheld fireworks shoot sparks from one end, but don’t explode. Children love holding them and watching the multi-colored sparks fly out.

2/25/2010

Хина Мацури


ХИНА МАЦУРИ
Хина Мацури буюу олны мэдэхээр Тоор модны баяр гуравдугаар сарын гурванд болох бөгөөд охидын эрүүл энх, сайн сайхан, аз жаргалтай гэр бүлтэй болохын төлөө бэлгэдсэн ёслол аж. Охинтой айлууд хина хэмээх хүүхэлдэй дэлгэж тавина. Тэд хоёрдугаар сарын дундаас дэлгэн үзүүлэх бөгөөд гуравдугаар сарын гурванд хураадаг. Хэрэв хино хүүхэлдэйнүүдийг хураахгүй удвал охидын гэрлэлт ч бас оройтдог гэж үздэг аж. Бага хэмжээний хино хүүхэлдэй гурван үетэй байдаг бол томоохон нь долоон үе давхаргатай байж болдог аж. Дайрибина буюу хаан эзэн, охина сама буюу хатан хамгийн дээр залрах бөгөөд дараа нь саннин канжо буюу гурван бүсгүй, гонин баяаши буюу таван хөгжимчин, удайжин, садайжин буюу хоёр алдартай түшмэл, гурван зарцын хамт барална. Дэнлүүг нь бонбори гэх бөгөөд тавцанг улаан өнгийн сакурагаар чимнэ. Хишимочи буюу алмаасан хэлбэрт мочи болон широзаке хэмээх цагаан төмсний сакэг хүүхэлдэйнүүдэд зориулан тавина.

  Kozutsumi (小鼓) - гар бөмбөр Hand drum

Fue (笛) - лимбэ Flute

Utaikata (謡い方) - A singer
* He has a folding fan (sensu).

Zuishiin (随身) - Two Ministers
Udaijin (右大臣) - The Minister of the Right
  Sadaijin (左大臣) - The Minister of the Left
* The left was considered superior in the old Japanese court, therefore an elder man known of his wisdom was often chosen for this position. This is why a sadaijin doll has a long white beard, and looks older than a udaijin doll.
Бусад зүйл
Ukon no tachibana (右近の橘) - A mandarin orange tree.
* It was always planted to the right in the old Japanese court.






Сасакава Энх тайвны сан ба Монгол



САСАКАВА ЭНХ ТАЙВНЫ САН БА МОНГОЛ

Япон Сасакава Энх тайвны сангийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн тэргүүн Даваажавын Ганхуяг тэргүүтэй таван эрхэм гишүүн 2 дугаар сарын 17-25 нд Японд танилцах, судлах  аялал хийлээ. Аялалын хүрээнд Японы парламентын тогтолцоо, засгийн газрын байгууллагуудтай танилцаж, засгийн газрын зарим сайд болон Ерөнхий сайд Хатояаматай уулзсан байна.
Энэ аялал бол тус сангийн шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь үйл ажиллагаа юм. Аялалын бүрэлдэхүүнд эрхэм гишүүн Сундуйн Батболд, Цэрэнбатын Сэдваанчиг, Гаридхүүгийн Баярсайхан, Догсомжавын Балдан-Очир, тусгай үүргийн элчин сайд Бадамдоржийн Батхишиг нар оролцож байна. 


Өчигдөр Японы нийслэл Токио хотын “Нью Отани” зочид буудалд тус аялалыг зохион байгуулж байгаа Сасакава сангаас хүлээн авалт зохион байгууллаа. Японы талаас  Япон Сангийн Ерөнхийлөгч Ёохей Сасакава гуай ёслолыг нээж үг хэлсэн бол Монголын талаас төлөөлөгчдийн тэргүүн эрхэм гишүүн Даваажавын Ганхуяг хэлсэн үгэндээ, “Монгол Японы харилцаа сүүлийн хорин жилд урд өмнө байгаагүйгээр эрчимтай хөгжиж байна. Харин Япон-Монголын  хамтын ажиллагаа, харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх учиртай. Үүнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад  хоёр тал тохироод одоогоор судалгаа, бэлтгэл ажил явагдаж байна.
Монгол Улсыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгмийг байгуулахад хамгийн их тусласан орон бол Япон улс, Японы засгийн газар, Японы ард түмэн билээ. Даяаршлын энэ зуунд мэдээллийн технологи, улс төрийн харилцаа бүх юм их эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын засгийн газар Хатояамагийн Японы Засгийн газрын “Зүүн Азийн санаачлага”-ыг дэмжиж байгаагаа бас илэрхийлэхээр ирсэн. Монгол улсыг та бүхэн мэдэж байгаа ашигт малтмалын баялаг ихтэй орон гэж.  Энд хоёр хөрш түүнээс гадна гурав дахь хөрш, тэр дотроо Япон улсын оролцоо маш чухал болохыг та бүхнийг ойлгосон гэж үзэж байгаа. Цаашид Япон Монгол улсын харилцааг иргэд, хувийн хэвшилийн харилцаа түлхүү болгох, эдийн засгийн харилцааг эрчимтэй болгох зорилт тавигдаж байна. Өнөөгийн энэ хоёр орны харилцааг энэ төвшинд хүргэхэд  энд хуран цугларсан та бүхний хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр их байсныг  үнэлэхэд таатай байна. Ингээд энэ аялал, хөтөлбөрийг зохион байгуулж байгаа Сасагава сангийн нөхдүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн энэ шинэ Япон засгийн газартай хийх уулзалтыг, зохион байгуулсан Когэтэ сэнсэй болон Японы Ерөнхий Сайд, Парламентын дарга, Улсын их хурлын гишүүд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа.” гэж хэллээ. 

Их хурлын эрхэм гишүүн Д.Ганхуяг

Тус аялалыг зохион байгуулж байгаа Сасакава Энхтайваны сан бол 1986 онд байгуулагдсан бөгөөд Япон сангийн дэргэд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм байна. Энэ сан бол олон улсын хэмжээнд дэлхийн энх тайвны төлөө, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энх тайван, аюулгүй байдлыг сахих, хамгаалах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, хүний нөөцийг хөгжүүлэх, олон улсын хурал, симпозиум зохион байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдаг сан ажээ.
Тус сангийн үүсгэн байгуулсан мөнгө 50 сая йэн, үйл ажиллагааны фонд 29 тэрбум, 500 сая йэн ажээ. 2008 оны байдлаар 52 төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү манайхны оролцож байгаа Пан Азийн бүсийн хамтын ажиллагаа, солилцоо хэмээх төсөл ажээ. Үүнд 487 сая 843 мянган йэн зарцуулж байгаа юм байна. Энэ сан маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олон төсөл хэрэгжүүлдэг боловч үүнээс өөрөөр манайхан хамтарч ажиллаж байгаа төсөл одоогоор байхгүй байна. Тийм учраас энэ их мөнгө хөрөнгөтэй сан руу манайхан янз бүрийн төсөл бичиж хэрэгжүүлбэл зүйтэй юм болов уу хэмээн энэхүү сангийн талаар товч боловч мэдээлэхээр үүнийг бичлээ. Та сангийн үйл ажиллагаатай танилцая гэвэл http://www.spf.org/ вэб сайтаар зочилж болно. 

Эрхэм гишүүн Су.Батболдын хамт

Мөн төрөл бүрийн төсөл санал болгож болох юм. Ялангуяа төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус байгууллагууд илүү зохимжтой гэнэ. Төслийн төсөвт дээд хязгаар гэж байхгүй бөгөөд жил тутам ойролцоогоор 20-иос 100 мянган ам. долларын төсөвтэй байж болох нь. Таны төслийг гурав, зургаа, ес, арван хоёр сард хуралдах Сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гарна. Төсөл хэрэв зөвшөөрөгдвөл хурлын дараагийн сараас эхлэж болдог юм байна. Төсөл бол 1-3 жилийн хугацаатай байж болно. Японы санхүүгийн жил жил бүрийн 4 сарын 1 нд эхлэж 3 сарын 31 нээр дуусдаг тул үүнийг анхаарах хэрэгтэй юм. Төслийн өргөдөлд мөн тодорхой хугацаа заадаггүй нь онцлогтой гэнэ. Ер нь төсөл эхлүүлэх хугацаанаас дор хаяж гурван сарын өмнө өргөдөл өгөх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Хэрэв та хүсвэл төслийн өргөдөл өгөхөөс өмнө сангийн хүмүүстэй харилцан зөвшилцөж болох сайн талтай юм байна. За ингээд Танд амжилт хүсэе.

2/22/2010

ХАВРЫН БАЯР - ХАМТЫН БАЯР


ХАВРЫН БАЯР - ХАМТЫН БАЯР
Япон дахь Монголын Оюутны Холбооноос эрхлэн зохион байгуулдаг “Хаврын баяр”-ын 2009 оных 5 дугаар сарын 3-4 нд Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд амжилттай сайхан болж өнгөрлөө. Хаврын баяр "Таны мэдэхгүй Монгол, Боловсрол ирээдүйн түлхүүр" уриан дор боллоо. Энэ жилийн хаврын баярт олон хүн цуглажээ. Залуучууд сайхан зохион байгуулсан байна. Энэ хоёр өдөр тэнгэр хангай ивээж бороо хургүй, нар салхи нь налайсан сайхан өдрүүд байлаа. Монгол орныг, монголчуудыг Япон хүмүүст таниулахад маш том алхам боллоо. Хаврын баярыг Монгол Улсаа Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Жигжид, Япон дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн Ц.Гэрэлт нар албан ёсоор нээж үг хэллээ. Энэ хоёр өдөр олон төрлийн арга хэмжээ зохиогдсоны дотор монголын соёл, түүх, орчин үеийн байдлыг сурталчлах үйл ажиллагаа голлох байртай байлаа. Монгол дээл хувцас, япон кимоно өмсөх, монголын тухай фото зураг үзүүлэх, монгол уламжлалт тоглоом шагай, наадгайгаар тоглох, монгол гэр барих буулгах, монгол хоол ундаар үйлчлэх, үзүүлэх, монгол дуу хуур, хөөмий, морин хуурын тоглолт, Монгол урлаг үсгээр бичих, Монгол Япон хувцасны үзүүлбэр, гараа зэрэг олон төрлийн арга хэмжээ нэг дор цогцолжээ. Энэ баяр бас ар, өвөрийн монголчууд нэгэн дор нэгдэж нийлэн баярлах таатай сайхан завшаан болдогийг энд дурдахгүй байж болохгүй.
Баярын үеэр болсон томоохон арга хэмжээнээс дурдвал Япон, Монголын монголч эрдэмтэд монголын түүх, соёл, хэл, уламжлалын талаар илтгэл хэлэлцүүлэн Монголыг сурталчиллаа. Монгол, болон Япон хэлээр хэн сайн ярих вэ уралдаант speech contest болж Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн аспирант К.Аоки түрүүллээ. Тэрбээр монголын ардын урлагийн нэгэн сонин хөгжмийн зэмсэг болох эвэр бүрээний тухай Япончуудад тайлбарлаж өгсөн юм. Монголчууд Япон хэлээр маш чадамгай сайхан ярьж байна. Өдөр нь Монгол 32 бөхийн барилдаан болж аймгийн арслан Б.Дамба түрүүлж, сумын заан Д.Төмөрбаатар үзүүрлэлээ. Барилдааныг Японд барилдаж байгаа ёокозуна Д.Дагвадорж, М.Даваажаргал, озеки А. Амаа нар өөрсдийн биеэр үзэж, спонсордон байлсан нь олны талархал хүлээв. Орой нь “Ай эМ Эй” театрт Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрийн баяраар тавьсан шинэ концертоо Япон улсад суугаа Монгол түмэндээ толилууллаа. Тэрбээр Япон улсад анх удаа тоглолт хийж байгаа юм байна. Мөн оюутан Энхзаяа, Хандаа нар монгол ардын дуу, бүжгээр үзэгчдийн сонор мэлмийг мялааж, Япон дуучин Аяака Саегуса, Ито Майко нар монгол ардын уртын дуугаар ая дуугаа өргөлөө. Тэд бүгд Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль төгссөн монгол судлаачид ажээ. Мөн Монгол, япон сурагчдын дунд явуулсан “Миний мөрөөдлийн ажил” зохион бичлэгийн уралдааныг дүгнэж байр эзлүүллээ. Баярын хаалтыг сумогийн их аваргууд хийж Монголчууд "олноороо" ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ дуугаа дуулж баяр өндөрлөлөө. Хаврын баяр Монгол, япончуудын хамтын баяр боллоо.
Токио, 2009 оны 5 сарын 22

Шинэ ректорын сонорт


ШИНЭ РЕКТОРЫН СОНОРТ
Хэдийгээр би одоохон зуураа гадаадад ажиллаж байгаа ч МУИС-аа гэдэг сэтгэл маань хэзээ ямагт хамт байдаг, төрөлх сургуулиа аятайхан сайхан байлгахын төлөө санаа зовж явдагийн хувиар шинэ захиралын интернетэд тавьсан “МУИС-ийг 2009-2014 онд хөгжүүлэх хөтөлбөр”-тэй танилцаж өөрийн санал бодолоо хүргэе гэж бодлоо.
Энд захирал хэн болсон тухай ярих бол нэгэнт утгагүй зүйл болжээ. Утгагүй гэхийн учир нь манай Монголд дээрээсээ доошоо, дороосоо дээшээ ажлын хариуцлга, хууль ёс, зарчим, үнэнч шударга байх, гэдэг нэгэнт уланд гишгэгдэж, үнсэнд хаягдсан тул энэ тухай ярих нь шал балай хэрэг. Үүнийг хамгийн наад зах нь өнгөрсөн хэдэн сард болж өнгөрсөн манай их сургуультай холбоо бүхий хэн бүхний мэдэх үйл явдлууд гэрчилээд өгнө. Харин нэгэнт хамт олны саналаар биш ч яам тамгаас томилогдсон захиралыг энэ сургуулийг, хамт олныг хэрхвэл аятайхан сайхан болох, болгох талаас нь яривал ажилд нь хэрэг болох болов уу гэж бодож байна.
Хөтөлбөр ерөнхийдөө аятайхан болсон байна. Энд би хөтөлбөрийг нэг бүрчлэн ярихыг хүссэнгүй, харин өөрийн бодож явдаг зарим зүйлтэй уялдуулан саналаа хүргэхийг бодлоо. Шинэ захирал ажлын төлөвлөгөөг хэтийн, ойрын гэж хоёр хуваасан бөгөөд энэ хүрээнд гол гол зүйлүүдийг багтаажээ. Миний бодлоор хамгийн ойрын, хамгийн чухал зүйл бол МУИС-ийн бүтцийн тогтолцоо юм. Өнөөгийн нөхцөлд хамгийн зөв тохирсон бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог МУИС-ийн өөрийн эрх мэдэл, нөөцийн түвшинд өөрчлөх нь  МУИС- д юун түрүүнд хийх ажлын нэг яах аргагүй мөн. Энэ бол хөндлөнгийн хэний ч дур зорго, гар хөлөөс хол харин удирдлага тэр тусмаа захиралын хувьд хууль дүрмээр олггогдсон хууль ёсны зөвшөөрөлтэй ажил. Манай сургуулийн салбар сургуулиудыг хувийн сургууль шиг олон жилээр “өмчлөн” түүгээрээ бахархаж, баярлаж явдаг хүмүүс ч  бий. Хамгийн гол нь олон жил өмчлөөд орчин үеийн их сургуулийн төвшин хэмжээнд нь хүргэж чадахгүй үлгэн салган авч яваад энэ хүмүүсийн гол буруу оршиж байгаа юм. Харин Эрдмийн зөвлөл бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхэд хуучинсаг байдлаар хандахгүйгээр сайн туслах хэрэгтэй болов уу. Хэдий чинээ бүтэц, зохион байгуулалтын зөв өөрчлөлт хийх тусмаа эдийн засгийн болоод удирдлага менежментийн хувьд  үр ашигтай байх үндэстэй. Энэ өөрчлөлтөөр гол хийх ажлынхаа үндэс суурийг бий болгож цааш цааш янз бүрийн ажил зохион байгуулах аятай боломж бий болох ёстой. Мэдээж энэ хүрээнд ажил, сургалтын давхардал, эзэнгүй, цоорхойг арилгах, ижил төрлийн сургалт, судалгаа явуулж байгаа сургуулиудыг нэгтгэх, нийлүүлэх, томсгох, анги, мэргэжлийг ахин авч үзэж базах, эрэлт хэрэгцээг харгалзан задлах, нийлүүлэх гэх мэт үйл ажиллагаа хийгдэх байхаа. Бүтцийн өөрчлөлтийг хэдий чинээ хурдан хийнэ, төдий чинээ сайн. Удах тусмаа ужиграна. Магадгүй сүүлдээ хийж чадахгүй болох магадлалтай.Ер нь аливаа юм шинэ дээрээ сийрэг байдаг ч гэлцдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн зохистой бүтцийг олж тогтоож бүтэц, зохион байгуулалтын зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.
Хөтөлбөрт “МУИС нь олон улсын монгол судлалын төв байж, гадаадын монгол судлаачдыг сургах, хамтын судалгаа хийх зэргээр Монгол судлалыг хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх” гэж дурдсан байна. За энэ бол шинэ зүйл биш олон жил ярьж байгаа уриа лоозун. Яг хэрэг дээрээ худлаа болдог ийм зүйл болохыг Монгол судлалын сургуулийн захиралаар хэдэн жил ажилласан хүний хувьд би сайн мэднэ. Гоё юм ярьдаг харин дэмжихээ болохоор хойрго ханддаг. Миний бие салбар сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Монгол Судлалын Сургуулийг Монгол хэл, соёлын сургууль болгон өөрчилсөн. Энэ нь нэрэндээ агуулга, хэлбэр нь зохиж таарахгүй гадаад, дотоодын хүмүүсийн инээд хүргэсэн том нэртэй, “тахир дутуу” сургууль байсантай холбоотой. Монгол судлал гэдэг маш өргөн ойлголт, шинжлэх ухааны олон салбарыг багтаасан шинжлэх ухаан. Харин одоо дээрх “лоозон”-гийн хүрээнд  МУИС-д монгол судлалын бүхий гол салбаруудыг багтаасан Монгол Судлалын Сургуулийг байгуулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар манай сургуульд Монгол судлалын төв хэмээх байгууллага захиралын аврал ивгээл дор нэртэйгээр ажиллаж байгаа ч хаа ч үгүй болсон байгууллага болоод байна. Тийм учраас бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог боловсруулахдаа энэ талаар бодож аль болох бүрэн хэмжээний салбаруудыг багтаасан Монгол судлалын салбар сургуулийг байгуулан бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нь МУИС үндэсний хэмжээний монгол судлалын хүчтэй тэргүүлэх төв байх цаашдаа олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий дэлхийн хэмжээний төв болохын үндэс болно.
МУИС хотхон буюу их сургуулийн кампус байгуулах төсөл маш зүйтэй санал байна. Энэ бол бас л хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг.  Энэ нь цаг хугацааны хувьд хоцорч байгаа асуудал бөгөөд үндэснийхээ ганц их сургуульд аятайхан сайхан газар өгөх асуудлыг ярихад хэнээс ч шийрэгнэж, зай барих ёсгүй гэж боддог. Хувьдаа, хувийн компанидаа газар авах гэж байгаа биш. Тийм учраас маш хурдан асуудлыг оруулж хэлэлцүүлж газрыг товлож, бичиг баримтыг зохих ёсоор гаргуулан баталгаажуулах нь энэ удаагийн захирлын магадгүй хамгийн чухал бөгөөд ирээдүйтэй ажил ч байж болох юм. Учир нь зах зээлийн ороо бусгаа цаг мөчид хэн түрүүлж хөдлөнө тэр хожиж байгаа учраас цаг алдахгүй асуудлыг шийдэх тусмаа эцсийн сайн үр дүн нь МУИС-д буян болж үлдэх учиртай.
МУИС-ийн хувьд миний өөр нэг сэтгэл дундуур явдаг ажил бол тус сургуулийн гадаад харилцааны үйл ажиллагаа. Өнөөдрийн гадаад харилцааны хэлтэс бол гаднаас санал ирвэл түүнийг гүйцэтгэсэн болоод сууж байдаг идэвхигүй  гүйцэтгэгч субьект болчихоод байна. Гэтэл өнөөдрийн бидний нөхцөл байдалд  гадаад харилцааны байгууллага нь хамгийн санаачлагатай, идэвхитай байр сууринаас хандах санаачлагч байгууллага байхыг шаардаж байна. Тэгж байж хөтөлбөрт дурдсан шиг “багшлах боловсон хүчнийг чадваржуулж, оюуны болон биет хөрөнгө оруулалтыг татаж”, “МУИС-ийг үнэлэмжийг дээшлүүлж”, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулж чадна. Гадаадын тэр тусмаа хөгжилтэй орнуудын их дээд сургуулиуд, хөрөнгө чинээтэй компани, хүмүүнлигийн байгууллагуудад хэн надад хандах нь вэ гэж суухаас биш хэнийг гуйж ажилаа бүтээх вэ гэдэг ойлголт бараг алга. Тийм учраас гадаад харилцааны байгууллага тэр тусмаа үндэсний тэргүүлэх их сургуулийн гадаад харилцаа бол тэр их боломжийг хэр зэрэг бүрэн  ашиглаж чаднам төдий чинээ их сургуульд хэрэгтэй ажлыг бүтээж мөнгө хөрөнгө оруулалтаар хахаж цацтал бялхуулж, цалгиулах бүрэн боломжтой. Тухайлбал, Японы их сургуулиудын судалгааны төсөл, жилийн төсөв, мөнгийг ажиглаж байхад ийм зүйл илэрхий байна. Тийм учраас гадаад харилцааны байгууллагын ажилтнуудыг чадваржуулж, дөнгөж сургууль төгссөн юугаа ч мэдэхгүй годгор охидууд биш юм үзэж, нүд тайлж, боловсорч цэгцэрсэн, чадвар чадалтай боловсон хүчнээр багийг бүрдүүлэх хэрэгтэй. Сайн залуучуудыг их сургуулийн багш болох замдаа дамждаг нэг байгууллага ч болгож болно. Харин гадаад харилцааны байгууллага маань хэрхэн ажиллах вэ гэдгийг тусад нь ярих асуудал тул энд үл нуршив.
Хувь хүний хувьд өнөөгийн их сургуулийн тэр тусмаа тэргүүлэх сургуулийн захирал бол орчин үеийн их дээд сургуулийн менежментийн баримжаатай мэддэг, аливаа хүнтэй эвтэй найртай, ихэс дээдэсийн эв донжийг тааруулж харьцаж чаддаг, ажилдаа хариуцлагатай, цаг минутыг нарийн баримталдаг хувь хүний сайн чанаруудтай байх нь их сургуулийн хамт олныг тэргүүлж байгаа хүний наад захын ёс байх. Үд болтол унтчихаад, өдөр ирж нэг харагдчихаад өөр юм хийгээд яваад байвал энэ сургууль нэг өдөр дуусна. Их сургуулийн нэр хүндийг хаана ч хамгаалах, “тулалдах”, хэлэх үгээ цагийг нь олж хэлэх, олон нийтэд хийж байгаа ажлаа мэдүүлэх, ойлгуулах зорилгоор сурталчлах, нээлттэй, мэдрэмжтэй байх нь анхаармаар чанарууд юм шиг санагддаг. Хэтэрхий хүлцэнгүй буюу нам жим байх нь өнөөгийн цаг нартай уралдсан зах зээлийн уралдаант нийгмийн үед байж болохгүй л асуудал шиг бодогддог. Тийм учраас сургуулийн ректор төр засгийн удирдлага болон яам тамгын газрын сайдаас аваад түшмэлүүдтэй учир начираа ойлгуулж ойлголцож, түргэн шуурхай олж чаддаг, нээлттэй, ил тод, шуурхай дайчин  байх чадвар нь МУИС-ийн ажил бүтэх бас нэг чухал үзүүлэлт байхаа.
Өнөөгийн эдийн засгийн хямрал хүнд хэцүү байдал, төр засгийн нэмэр тусыг үглэн дуулж суулгүйгээр гадаад тал руугаа хандлагаа идэвхжүүлэн, олон төрлийн санаачлага гаргаж, маш их хүч хөдөлмөр гаргаж чадвал энэхүү хөтөлбөрт заасан зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой гэж төсөөлж байна.
МУИС-ийн дэд профессор,
Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн
зочин профессор, Ж.Бат-Ирээдүй
2008 он

Мэнд эрлээ гээд зам ирэхгүй



МЭНД ЭРЛЭЭ ГЭМ ЗЭМ ИРЭХГҮЙ

Бидний монголчууд угаасаа хэдүүлхэнээ билээ л.  Харь газар суугаа нь энэ олон сая хүн дотор бас л юухан болохов. Өнөөдөр дэлхийн томоохон улсууд тэр дундаа Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Хятад, Орос,  зэрэг орнуудаар бардаагаар 100 гаруй мянган монголчууд таран суужээ. Бид дор бүрнээ алба ажлаа амжуулж, ном эрдмээ зузаалж, мөнгө зоосоо арвижуулж, зорьж ирсэн ажил хэргээ бүтээж байгаа улс.  Жишээ нь Лондон хот 7 сая оршин суугчтай. Долоон сая Лондончуудын дунд гурван мянган Монгол хаана яваа нь мэдэгдэхгүй. Гэхдээ ямар ч үндэстэн өөр өөрийнхөө үндэс угсааг бараадаж төвхнөдөг жам ёстой ажгуу. Жишээ нь Солонгосууд л гэхэд Сауд Лондонгоор дүүрэн байдаг нь тэр хавьд байх Элчин сайдынхаа өргөөг бараадаж эхлэж төвхөнөсөн учиртай, арабууд Эдгров, Паадингтон хавиар дүүрсэн нь анх суурьшсан арабын баян шахын орон байртай холбоотой байх жишээтэй.
Тэгэхээр Монголчууд ч гэсэн Элчин сайдынхаа яамны байгаа зүгт буюу түүний ойр орчмоор Лондон хотын төвийн бүсийн баруун, баруун хойд чигт Кензингтон, Вест Кензингтон, Нотинг хилл, Кюнз вэй хавиар төвлөрөн суудаг нь ийнхүү гагц монголчуудын ч ёс биш юм. 1991 онд намайг Лондоны Их Сургуульд багшлахаар ирж байхад элчингийн хэд айлаас өөр өрх тусгаар голомтгүй, Лондоны их сургуульд мэргэжил дээлшүүлэгч хоёр оюутнаас өөр залуучуудгүй л байсан цаг саяхан. Англид сүүлийн 15 жилд монголчууд 5000 уулаа болтол өнөр өтгөн үндэстэн болж тэлээд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Энэ бидний хувьд бас тийм ч бага биш тоо.
Ингээд нэг газар, нэг чигт төвлөрөөд дүүрээд ирэхээр бид биетэйгээ гудамж, дэлгүүр хоршоонд таарах, учрах, нэг автобусанд сууж буух тохиолдол бишгүй. Яагаад ч юм Монгол хүнийг хаанаас нь ч харсан нэг л нүдэнд дулаан, сэтгэлд өег, ерөөсөө Монгол хүн гэдэг нь мэдэгдээд байдаг.
Миний уриалах нэг зүйл монголчууд минь хаа таарсан газраа  таних, танихгүй нь хамаагүй сайн байна уу гэж төв сайхан, хараа дээгүүр мэндлэж сурцгаамаар байна. Монгол гэдэг нь илэрхий байтал “гөлийж” өнгөрөх монгол хүн олныг харсаны дараа би сануулах цаг нь болжээ хэмээн бодсон юм. Сайн байна уу, гэж мэндлэж сурцгаая гэхээр хүмүүс энэ одоо юу яриад байна гэж бодож магадгүй. Яг үнэндээ энэ жижигхэн юм шиг боловч чухал зүйл шүү.
Бие биенээ Монгол хүний хувиар хүндлэн дээдлэж, таньдаг ч бай, таньдаггүй ч бай хүнтэй мэнд устай явдаг сайхан уламжлалаа өөрсдөө хэвшүүлж, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн зааж сургацгаая. Харийн газар хүний нутаг, гүний хушуунд зовхи нь өөдөө монголчууд минь нүүр дүүрэн баясаж, шүд дүүрэн инээж, бие биеэ хүндэтгэж явцгаая. Мэнд эрлээ гээд зэм ирэхгүй.
2006, Английн Монголчуудын "Монгол Мэдээ" сонинд гарсан товч нийтлэл

Британий монгол судлал, монголч эрдэмтэд

Зураг дээр: Dr. B.Enkhmandah (Embassy of Mongolia), A J Sanders (University of London), John Guant (University of Cambridge), Judith Nordby (University of Leeds, David Sneath (Oxford University), Өргөнгөө Онон, (University of Leeds), Caroline Humphrey (University of Cambridge), J.Bat-Ireedui (University of Leipzig) Foreign Office, London, Nov. 2003, 
Кембрижийн Их Сургуулийн Профессор Каролина Хамприд МУИС-ийн Хүндэт доктор цол гардуулах ёслолын үеэр

БРИТАНИЙН МОНГОЛ СУДЛАЛ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭД

Английн монгол судлал бол ерөнхийдөө их сургуулиуд дээрээ төвлөрч, түшиглэж хөгжсөн уламжлалтай.
Английн монгол судлал 19 дүгээр зууны үеийн нэрт эрдэмтэн, тухайн үеийн парламентын гишүүн Хэнри Новортын оролдлоготой салшгүй холбоотой. Тэр 1876-1888 оны хооронд “9 дүгээр зуунаас 19 дүгээр зуун хүртэлх монголчуудын түүх” хэмээх 4 боть, таван дэвтэр ном бичиж английн монгол судлалын түүхийг эхлүүлжээ.
Энэ номдоо монгол угсаатны түүх, тухайлбал, халимаг, буриад, хошууд, хэрэйд, халх, цахар зэрэг монгол аймаг, улсуудын түүхийг нэлээд бүрэн бүтэн системтэй бичиж монголчуудын шашин шүтлэг, соёл, амьдрал, зан заншил зэрэг олон талыг гүйцэд харуулсанаар тухайн үеийн эрдэмтдэд монголчуудын тухай гүнзгий ойлголтыг өгч чадсан байна.  Тэр энэ номоо бичихдээ өрнө дахины хэлээр бичигдсэн материал болон перс, араб хэлээрх материалыг их ашигласнаас биш монгол хэлээрх материал ашиглаж чадаагүй гэж үздэг. Тухайлбал, ХIII зууны монголын алдарт зохиол “Монголын нууц товчоо”-г ашиглаагүй аж.
Энэ хүний дараа английн шашны болон шинжлэх ухааны тэргүүтэн хэсэг хүмүүс байгалийн шинжлэх ухааныхан монгол нутгаар аялж жуулчлан, шинжилгээ хийжээ. Энэ хүмүүсийн хийсэн ажил бүтээл, тэмдэглэл тэргүүтэн нь английн монгол судлалын түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Английн шашны тэргүүлэгч Жеймс Хилмор 1870-1871 онд Монгол оронд сууж тэр дундаа Өвөр Монголд амьдарч Монголчуудын тухай гурван ном бичиж үлдээжээ. Энэ ном нь “Монголчуудын дунд” 1883, “Монголд хийсэн судалгааны ажлын тэмдэглэл” 1886, “Монгол хүний тухай дахин үгүүлэх нь” 1893,  зэрэг болно. Эхний хоёр номд голдуу 19 дүгээр зууны сүүлчийн монголчуудын амьдрал ахуй, шашин шүтлэг, соёлын талаар нэлээд зүйлийг тэмдэглэн үлдээсэн бол сүүлийн номдоо 1870 оны Чуулалт хаалга – Хиагт – Чуулалт хаалга”-ын хооронд хийсэн аялал, халхчуудын тухай ойлголтоо бичиж тэмдэглэжээ.
Мөн Английн шашин сурталч Ж.Хедли ХХ зууны эхээр монгол оронд ирж аялан, жуулчилж монголчуудтай уулзаж учирч явжээ. Тэрбээр аялалаасаа буцаж очоод “Монголчуудын дунд жуулчилсан минь” Шанхай, 1906, “Балар харанхуй монгол дахь жуулчлалын тэмдэглэл” Лондон, 1910 гэдэг хоёр ном бичжээ. Энэ номд тухайн үеийн монголчуудын амьдрал, нийгмийн байдлыг шинжлэн “Монголчууд шарын шашны номлолд хэтэрхий нөлөөнд орж, түүхийн гутрангуй үедээ ороод байна” гэж тэмдэглэж байжээ.
Эрдэмтэн Д.А.Карроцес хэдийгээр байгалийн ухааны хүн байсан ч Монголын талаар аялж, 20 дугаар зууны эхээр баруун монголд сууж, урианхай, зүүн гарын монголчуудыг сурвалжлан тойрч, “Хэнд ч үл анзаарагдам Монголчууд” Лондон, 1913-1914, гэдэг зохиол туурвин хэвлүүлжээ. Энэ ном бол баруун монголчуудын амьдрал байдлыг европынханд танилцуулсан ном байлаа.
Английн монгол судлал энэ хүний дараа нэг хэсэг зогсонги байдалд орсон байна. ХХ зууны жараад оны эхээр Овен Латтимор болон Онон Өргөнгөө хоёул Америкаас Англид очсон нь Английн монгол судлал сэргэн мандахад ихээхэн тус хүргэсэн байна. 1963 онд Англид “Англи-Монголын нийгэмлэг” хэмээх төрийн бус байгууллагын статустай байгууллага байгуулагдсан нь английн монголч эрдэмтэд  үйл ажиллагаагаа сэргээх бас нэг аян шалтаг болсон юм. Тус нийгэмлэгийн анхны дарга нь  Жон А.Бойле гэдэг хүн болж Овен Латтимор гишүүнээр элсэн, дараа нь нийгэмлэгийн ерөнхийлөгч болжээ. 1965 оны 5 дугаар сарын 19 нд нийгэмлэгийн анхны хуралдаан болж С.Волиб нийгэмлэгийн орлогч даргаар томилогджээ. Мөн оны 11 дүгээр сард тус нийгэмлэгийн дарга Монгол Улсад айлчилжээ. Тус нийгэмлэг нь тухайн үеийн энх тайван, найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны хороотой хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байсан байна.
1967 онд Англи монголын нийгэмлэгийн сэтгүүлийн анхны дугаар хэвлэгджээ. Энэ сэтгүүл нь жилд нэг удаа хэвлэгдэж үүнд монгол хэл, соёл, түүх, орчин үеийн байдлын талаар хийсэн судалгааны болон бусад хэрэглэгдэхүүн хэвлэгдэж байжээ. Англи монголын нийгэмлэгийн гишүүдийн ихэнх нь монголч эрдэмтэд байсан бөгөөд тэд  монголын судлалаар хийсэн бүтээлээ тус сэтгүүлд хэвлүүлж олны хүртээл болгож байсан байна. Нийгэмлэгийн анхны дарга Манчестерийн их сургуулийн Перс судлалын тэнхимийн эрхлэгч асан профессор Жон Бойле судалгааны чиглэлээ их хаадын үеийн болон түүнээс өмнөх үеийн уламжлал болон персийн түүх рүү чиглүүлж байжээ. Тэр Жувенийн “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” номд тайлбар зүүлт хийж 1958 онд хэвлүүлсэн ба “Бага Армяны Ван Хетүм нэгдүгээрийн аялалын тэмдэглэл”, “Их хаан Мөнхийн оронд хүрсэн нь” 1964, “Монгол түүхэн сурвалж бичиг болон Раш ид Ад Дины чухал чанар” 1970, “Дундад зууны үеийн турк болон монголын бөөгийн шашин” 1972, “ХIII зууны үеийн монголчуудын сүнсний тухай ойлголт”, “тэдний оршуулгын тухай зан үйлийн үлдэгдэл” 1974, “Хэрэйд аймгийн өвөлжөө, зуслангийн тухай” 1978, “Их хаан Өгэдэйн улирлын ордон” 1974, “Сорчин үндэстний түүхэн дэх монгол нэрийн тухай зарим нөхвөр, тэмдэглэл” 1975, “Чингис хаанаас өмнөх Монголчууд, тэдний уламжлал” 1975, “Монгол - дэлхийн хаант улс 1206-1370” 1977, зэрэг бүтээлүүдийг туурвин нийтлүүлжээ. Проф. Бойлегийн шавь доктор Петр Жаксон Д.Морганы хамт “Фриар Вилиам Рубрукийн аялал” 1990, гэдэг номыг орчуулан тайлбар сэлтийн хамт баяжуулан хэвлүүлсэн байна. Нийгэмлэгийн өөр нэг үүсгэн байгуулагч нь нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч асан  Серге Волф бөгөөд тэрээр 1926-29 онд 13-17 насны монгол хүүхдүүдийг Германд сургахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Мөн дараагийн орлогч дарга Айвр Г.С.Монтагу 1954 онд Зохиолчдын хорооны шугамаар Монгол Улсад айлчлан хүрсэнийхээ дараа “Хөх тэнгэрийн орон - өнөөгийн монголын дүр зураг” Лондон, 1956, гэдэг ном хэвлүүлжээ.
Англи Монголын нийгэмлэгийн гишүүн Кембрижийн их сургуулийн багш байсан доктор Этел Юухан Линдгрен Уци монгол ба манжийн талаар судалгаа хийж нэлээд бүтээлүүдийг гаргасанаас хамгийн том нь “Зүүн хойд манжийн дагуур, солон ба бөөгийн хувцас” 1935, “Нийгмийн сэтгэл зүй, ба хээрийн судалгаа” 1934 зэрэг болно.
Английн монголын судлал нь ихэнхидээ тус сургуулийн томоохон их сургуулиудийг түшиж хөгжиж ирсэн гэж өмнө дурдсан бөгөөд үүнд Лийдсийн Их Сургууль, Лондоны их Сургууль, Кембрижийн Их Сургууль зэрэг болно. Үүнээс дэлхийд алдартай Кембрижийн их сургуульд монгол судлалын салбарыг тасралтгүй ажиллуулан дэмжиж байдагыг монгол судлаачид бахархан тэмдэглэж байдаг билээ.
Монгол судлалын хуучин уламжлалтай одоо ч хүчтэй хэвээр байгаа нэг их сургууль бол Лийдсийн их сургууль билээ. 1968 онд Лийдсийн их сургуулийн хятад судлалын тэнхимд профессор О.Латтимор, Онон Өргөнгөөгийн хамт монгол судлалын тасгийг байгуулж , монгол судлаач мэргэжилтэн нарыг бэлтгэж эхэлсэнээс гадна 1969 онд тус салбартаа монгол судлалын тусгай хөтөлбөр зохиож монголын түүх болон монгол хэл зааж 1970 онд анхны төгсөлтөө хийжээ.
О.Латтимор чөлөөнд гарсан тул 1972 онд Онон Өргөнгөө тасгийн эрхлэгч болж,  монголын түүхийг Евинг залгаж заажээ. Онон Өргөнгөө Лийдсийн их сургуульд он удаан жил ажиллаж монгол судлаач, эрдэмтэн бэлтгэхэд их анхаарал тавьсан бөгөөд монголын түүхийн чиглэлээр олон ном бичиж, бас монголоос англи руу орчуулж л байлаа. Тухайлбал “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх”-ийн гуравдугаар дэвтэрийг 1975 онд орчуулан хэвлүүлж, монголын амьдрал, зан үйл, ёс заншил, соёлын харьцуулсан дуртгалын ном бичиж хэвлүүлжээ. Монголын алдарт зохиол “Монголын нууц товчоог “Чингис хааны түүх, амьдрал” гэдэг нэрээр тайлбар сэлтийн хамт англи хэлээр хэвлүүлсэн нь Англид төдийгүй англи хэлээр хэлэлцэгч орнуудад одоо ч эрэлт хэрэгцээтэй байна. Тэрбээр Д.Притцадтай хамтран “Ази тивийн хамгийн анхны орчин үеийн хувьсгал”, К.Хамфритэй хамтран “Бөө ба удган” ном бичсэн. Алтан гадас одонт өвгөн профессор одоо ч тэндээ энх тунх амьдарсаар байна.
Английн монгол судлаачдын олон бүтээл Лийдсийн болон Лондон, Кембрижийн их сургуулиудын хэвлэлээр хэвлэгдэж гарчээ. Тухайлбал, профессор Латтиморийн “Нүүдэлчин ба хувьсгалчид” 1962, “Зах хязгаарын түүх судлал” 1962, Онон Өргөнгөөгийн “Монгол дахь хүүхэд ахуй нас минь” 1972, “Хорьдугаар зууны монголын баатарууд” 1976, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, д-р М.Санждоржийн “Ар монгол дахь манж хятадын колончилолын дэглэм” 1979, “Азийн анхны орчин үеийн хувьсгал, 1911-1914”, д-р Евингийн “Индианы их сургуульд хамгаалсан сэдвээрээ бичсэн “Алх, дөшийн хооронд” 1980  зэрэг бүтээлүүд, олон тооны эрдэм шинжилгээний үгүүлэлүүд хэвлэгджээ.
Лийдсийн их сургууль бол монгол судлалаар эрдэмтэн бэлтгэж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан их сургууль. Энд одоогийн Кембрижийн их сургуулийн профессор, МУИС-ийн хүндэт доктор Кембрижийн монгол судлалын төвийн тэргүүн хатагтай Каролаин Хамфри мастерийн зэргээ хамгаалж, төгсөж байж.
Лийдсийн их сургуулийн орос, герман, араб хэл, соёл судалдаг хүмүүс ч монгол хэлшинжлэлийг их сонирхож байжээ.
Одоо тус их сургуулийн монгол судлалын багшаар тус сургуулийн үндсэн төгсөгч хатагтай, д-р Жүдит Нордбай ажиллаж байна. Тэрбээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1924-1928  сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба монголын орчин үеийн түүх, соёлын чиглэлийн олон үгүүлэл бичиж, монгол ном зохиол нэлээдийг орчуулжээ.  Мөн Англи Монгол нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, Англи Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн билээ.
Доктор Дерек Притцат Лийдсийн их сургуулийн монгол судлалын ангийг 1968 онд төгссөн бөгөөд 1969 онд эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1970 оны Монголч эрдэмтдийн II их хуралд оролцож, 1977 онд хоёр орны соёлын хэлэлцээрийн дагуу Монголд ирж судалгаа хийж байжээ. Тэрбээр манай боловсролын тогтолцоог нарийвчлан судалсан хүн билээ.
Лийдсийн их сургуулийн эрдэмтэн, мэргэжилтэн нар гадаад хэргийн яам, хамтын нөхөрлөлийн байгууллагуудад монгол хэл заах, монголын тухай мэдээлэлээр хангах, сурталчилгаа, тайлбар хийх, зөвлөгөө өгөх, баримтат кино бүтээх, музей, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажил хариуцдаг ажээ.
Мөн Лийдсийн их сургуульд 1960 оноос эхлэн монгол оюутан, мэргэжил дээшлүүлэгч нар суралцаж англи хэл, соёл сурч байснаас одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр, их хурлын гишүүн Д.Амаржаргал нарын зэрэг маш олон сэхээтэнүүд тэнд сурч хүмүүжиж байлаа.
Наяад онд дээрх монголч эрдэмтэд Лийдсээс хаяа тэлж дэлхийд алдартай Кембрижийн их сургуульд монгол судлалын төв нээхэд анхаарлаа хандуулжээ.
2. Кембрижийн их сургууль бол Английн хоёр дахь том их сургууль, дэлхийд нэртэй их сургууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Анх 1248 онд бичиг үсгийн хүрээлэн маягаар анх байгуулагдаж байжээ. Дараа нь 1318 онд Ромын шашны хаанд их сургууль хэмээн өргөмжлөгдсөн түүхтэй. Энэ алдартай их  сургуульд монгол судлалын төв байгуулагдан ажиллаж байгаагаар бид бахархах ёстой юм.
1948 онд Денис Синор гэдэг хүн Парисаас ирж Кембрижийн Их Сургуулийн Дорно дахины факультетэд Алтай судлалаар лекц уншингаа сонгодог монгол бичиг зааж эхэлсэн бөгөөд  тэрээр 1962 онд АНУ-ын Индианы их сургуульд шилжин Урал Алтай судлалын тэнхим байгуулжээ.  Тэрбээр Кембрижийн их сургуульд сонгодог монгол бичиг, алтай хэлшинжлэл, монголын түүх, төв азийн этнограф зааж байжээ. Сүүлд Германы Мюнхэний их сургуулийн хятад судлалын профессор болсон Херберт Франк, АНУ-ын Пренцтоны их сургуулийн профессор болсон Денис Твитчетт, Кембрижийн их сургуулийн хятад хэлний профессор болсон Едвин Г.Пуллеибланк, Британы академийн жинхэнэ гишүүн болсон Чарльз Бауден нар түүний шавь байжээ. Профессор Синор гуай Ч.Баудены “Алтан товчийн судалгаа” докторын зохиолын зөвлөх, удирдагч нь байсан байна. 
Тус их сургуулийн дэргэд 1986 оны 3 дугаар сард “Монгол ба төв азийн судлалын төв”-ийг анх д-р Онон Өргөнгөө, К.Хамфри нар санаачлан байгуулжээ. Үүнийг тухайн үед монголч О.Латтимор гуай уухайлан дэмжиж шинэ тутам байгуулах бүх зардал сүйтгэлийг гаргаж байсан төдийгүй өөрийн хувийн номын санг тус төвийн мэдэлд шилжүүлсэн байна. Энэ төв Монгол болон төв азийн судалгааны болон сургалтын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн олон орноос монгол судлаачид очиж суралцаж байгаа томоохон салбарын нэг болно. Одоо энэ төв Дорно дахины салбарт харьяалагдаж, Д-р Дэвид Снийт эрхлэгчээр, Онон Өргөнгөө ерөнхий менежрээр ажиллаж байна.
Кембрижийн их сургуульд монгол судлалын төв байгуулсан нь монголч эрдэмтэн О.Латтимор, О.Өргөнгөө нарын хичээл зүтгэлээр бий болсон бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа проф. К.Хамфрийн сэтгэл зүтгэлтэй холбож үзэх ёстой. К.Хамфри 1962 онд Кембрижийн их сургууль төгсөж, ОХУ-ын буриад, Монгол Улсын МУИС, ШУА-д сурч, дадлага хийж, Д-р Чой.Лувсанжав багш болон бусад хүмүүсээс ном сурч, төв болон баруун монголоор аялж шинжилгээ судалгаа хийж, материал цуглуулжээ. Түүний монгол судлалаар бичсэн бүтээлээс дурдвал “Бөө болон түүний хүртэх” 1971, “Сэлэнгийн буриадын ураг барилдах уламжлал” 1973, “Монголчуудын морины тамга – нүүдлийн соёлын бэлгэдэлийн тогтолцоо” 1974, “Бэлгэ тэмдэг болон түүний тухай тайлбар” 1976, “Монгол үндэстний аж ахуй, нэгдлийн байр суурь” 1978, “Эмэгтэйчүүд ба цээр хорионы зүйл” 1978, “Умард азийн бөө мөргөлийн үзэл” 1980, “Нүүдлийн үзэл ба улс, өмнөл сибирийн нүүдэлчид хэмээх номын удиртгал” 1980, “Монголын тариалан” 1986, “Дагуур бөө мөргөл дэх өөр биеийн тухай ухагдахуун” 1978, “Нийгэм журмын бурханы шашин, ламын шашныг өөрчлөх хөдөлгөөн” 1983 зэрэг бүтээлүүд болно.
Кембрижийн их сургуулийн монгол, төв азийн судлалын төвд манай монгол судлаачид уригдан очиж багшилж байсанаас Б.Дамдин, Л.Чулуунбаатар, Г.Жамбалсүрэн, Ж.Бат-Ирээдүй нар багшилж байсан байна. Одоо судлаач Л.Баярмандах монгол хэл, соёлын хичээл зааж байна.
3. Лондоны их сургууль нь мөн монгол судлалын талаар шилдэг уламжлалтай сургууль юм. Анх 1955 онд эрдэмтэн Чарльз Бауден Лондоны Их Сургуулийн Дорно дахин, африкийн судлалын сургуульд монголын судлалыг сонгодог хичээлийг маягаар зааж эхэлжээ. Түүнийг Лондоны их сургуульд монгол судлалыг бий болгоход Германы эрдэмтэн Хайссиг гуай их нөлөөлсөн аж. 1963 онд тус сургуульд Бонны их сургуулиас Халтод гэдэг хүн уригдан ирж, гурван сар ажиллаад буцсаны дараа Жагчид Сэцэн Тайванаас ирж бас хэсэг хугацаанд ажиллажээ.
Эрдэмтэн, академич Чарьлз Бауден Лондоны их сургуулийн Дорно дахин, африкийн судлалын сургуульд (ДДАСС) олон жил ажилласан хүн. Тэрбээр багшаас эхлээд проректор хүртэл албан тушаалд амжилттай ажиллаж байсан юм. Тэрбээр 1967-1968 онд БНМАУ-д зургаан сар сураад улстаа буцсаны дараа Лондоны их сургуульд монгол хэл сурах анги нээж, Лондоны их сургуулийг Европ дахь Монгол судлалын томоохон төв болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүн. Тэрбээр монголын түүх, уран зохиол, эх бичгийн талаар судалгаа хийж “Алтан товч” 1955, “Бигармижид хаан ба гучин хоёр модон хүний үлгэр” 1962, “Хүрээний Жавзандамба хутагт” 1962, “Монголын шинэхэн түүх” 1968 зэрэг олон бүтээлийг орчуулж, хянан тохиолдуулах бэрх хэцүү ажлыг гүйцээжээ. Германы монголч эрдэмтэн В.Хайссигтай хамтран “Монголын Боржигин овгийн түүх” хэмээх номоо хэвлүүлж, “Монголын эрт ба эдүгээ” 1959, “Сүнс дуудах ёс” 1962, “Дундад улс ба Монгол орны хоорондох харилцааны тухай ажиглалт” 1974,  зэрэг үгүүлэл туурвин нийтлүүлсэн байна. Мөн 1963 оноос эхэлсэн “Монгол англи толь бичиг”-ээ 1995 онд хэвлүүлж, 2003 онд “Монголын эртний уран зохиолын дээж”-ээс орчуулан хэвлүүлжээ.
Тэрбээр английн монгол судлалын халааг бэлтгэхэд их анхаарсан хүн. Түүний шавь Лондоны Викториа Алберт музейн алс дорнодын тасгийн орлогч захирал Крайг Клунас монгол судлалаар нэлээд бүтээл туурвижээ. Тэрбээр 1978-1980 онд “Эрдэнийн товч” зэрэг сурвалж бичгээс гадна 20 дугаар зууны гучаад оны монголчуудын нийгмийн амьдрал, өвөр монголын хүн амыг шинжилсэн орчин үеийн сэдвээр хэд хэдэн үгүүлэл бичиж “Англи-Монголын мэдээ” сэтгүүлд хэвлүүлжээ. Тэрбээр Кембрижийн их сургуульд хятад хэл сурч монгол ба хятад бичгийн дурсгалт зүйлийн сонирхон судлаж, улмаар “Инжинашийн нэгэн давхар асар буюу XIX зууны үеийн хятад монгол роман” сэдвээр 1982 онд дорно дахин, африкийн судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалжээ.
1984 оноос профессор Ч.Бауденыг чөлөөнд гарсаны дараа түүний ажлыг д-р Дэвид Моорган, Алан Сандерс нар залгамжлан авчээ.
Д.Моорган бол Монголын түүхийг судлаж “Монголчууд” 1987 гэдэг номыг Оксфордын их сургуулийн хэвлэхээр хэвлүүлсэн эрдэмтэн.
Монгол судлаач Алан Сандерс бол монголын улс төр, нийгмийн байдлыг нарийн судалдаг  бөгөөд тэрбээр урд нь ВВС-гийн хэвлэлийн хороонд сэтгүүлчээр  ажиллаж байсан бөгөөд Улаанбаатарт хэд хэдэн удаа ирж МУИС-д сурч, монголч эрдэмтдийн хуралд оролцож байжээ. Тэрбээр монголын улс төр, эдийн засаг, нийгэм, байдлыг судлан “Монгол Улс, Улс төр, эдийн засаг, нийгэм” 1987, “Бүгд Найрамдах Монгол Ард улс, Ерөнхий гарын авлага” 1986, “Монголын түүхэн толь бичиг” 1999, 2004, “Mongolian Phrasebook” 1995, “Colloquial Mongolian” 1999, "Dictionary of Mongolian-English, English-Mongolian Abbreviations" 2006 зэрэг ном туурвижээ.
1991 онд Лондоны их сургуульд монгол хэлийг албан ёсоор заах хөтөлбөртэй болсноор тэрээр монгол хэлний багшаар томилогдож, тогтмол хичээл зааж, мөн Монгол Улсаас мэргэжилтэн багш урин хамтран ажиллаж МУИС-ийн багш Л.Чулуунбаатар, мөн миний бие хамтран ажиллаж байлаа. Бид одоо ч номын сайхан андууд байж хамтран ном бичсээр байгаа.
Мөн тус сургуулийн хэлшинжлэлийн тэнхимд Моник Шагайт хэмээх хэлшинжлэлийн ухааны доктор бүсгүй монгол гадаад зэрэгцүүлсэн бол харьцуулсан хэлшинжлэлээр ажилладаг бөгөөд халх авиа, монгол хэлний нутгийн аялгуу, хэлний зүйг турк зэрэг бусад хэлтэй харьцуулан судалж, монгол хэлшинжлэлийн эрдэмтдийг бэлтгэн гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна. 
Лондоны Их Сургуулийн ДДАСС-иас 1980, 1987, 1991 онд “Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилт”,  “Монголын соёл урлаг” , “Монголын эзэнт гүрэн, түүний өв залгамжлал” сэдвээр  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж дэлхийн монголч эрдэмтэд уригдан оролцсон байна.
ДДАСС-ийн номын сан бол Англи дахь монгол судлалын номоор хамгийн арвин номтой нь билээ. Энд англи, герман, орос, франц, хятад, япон, монгол хэлээр бичсэн 3000 шахам ховор болон гар бичмэл, эх зохиол бусад номын хөмрөг хадгалагдаж мөн байнга баяжиж байдаг юм. 

2008 оны 4 дүгээр сард "Өнөөгийн Монгол" сонинд хэвлэгдсэн үгүүлэл